Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Энгийн нэгэн өнчин охины тухай түүх
Эргүүлээд үзэхэд эрхгүй уярам тэр нэгэн түүх
Элдэв чимэггүй энгийн хирнээ чухам үнэн түүх
Эцэст нь таньд ухаарал төрүүлэх төрүүлэх чухал нэгэн түүх


Өөрийнхөө 2 -дахь өгүүллэгийг бүрэн хэмжээгээр доор нийтэлж байна. Санал болон сэтгэгдлээ үлдээхээ битгий мартаарай.
Шинэ хуудас эргэлээ. Шинэ өглөө эхэлсэн бололтой. Хэзээний танил тэр нэгэн балаар үргэлж л эхэлдэг тэр нэгэн үгээр эхэлсэн шинэ нэгэн түүх бичигдэнэ.
“Сайн байна уу? Амьдрал минь... Нар арай л мандаагүй байна. Гэхдээ гэгээ хэдийнэ оржээ. Миний ажилдаа гарах цаг удахгүй болно, ус урьдныхаараа л хүйтэн гэхдээ тунгалаг бас цэвэрхэн байна. Өнөөдөр өглөөний цай байхгүй, учир нь өнгөрсөн долоо хоногт мөнгө нэг их олж чадаагүй, гэсэн ч эрч хүчтэй байнаа... Одоохондоо байхгүй ч удахгүй байдаг болноо, үүний тулд хичээх л хэрэгтэй...” гэж эхэлсэн шинэ хуудсанд түр завсарлага аван дэвтэр хаагдлаа. Үнэн хэрэгтээ иймэрхүү өгүүлбэр энэ дэвтэрний шинээр эхэлсэн хуудас бүхэнд бичигдэнэ. Хэдэн цаг танил үзэгтэйгээ уулзах гэж тоосонд дарагдан хэвтсэн дэвтэр харанхуй бас битүү, битүү ч гэж дээ, ар талаасаа бас нэг нугасаараа ангайсан авдар дотроос сая л нэг юм гарч ширээн дээр дэлгэгдлээ. Эзний гар нөгөө л байдгаараа мөс шиг хүйтэн бас хатуу, харин үзэг яг л янзаараа дурайна.
“Амьдрал хүнийг хүн шиг хүн болгож байхад, хүн өөрийгөө юу гээч болгох нь энэ вэ?” Яасан хатуу бас, гомдлоор дүүрсэн үгээр энэ өдрийн тэмдэглэлийг үргэлжлүүлнэ вэ? “Адилхан ядарсан нэгнээ яах гэж...?” хэсэгхэн завсарласны дараа сэдэв гэнэт өөрчлөгдөх нь тэр ээ.
“За энэ талаар одоо яриад ч яахав, нэгэнт өнгөрсөн юм..., юу болсныг дараа ярьж өгнөө... Өглөө гараад зах дээгүүр явж энэ долоо хоногийн эхний дугаарыг авч тараалаа. Наймаа сайн болсоон. Хэдийгээр нэг ах мөнгөө өгөөгүй ч бүгдийг нь зарчихсан учир маргаашдаа хоолтой л гэсэн үг. Энэ долоо хоногт өглөөдөө хийх ажил л хайх хэрэгтэй болсон... Яасан гэхээр сонин тараалгадаг Буд ах өөр хүүхдүүд аваад биднээс хэдийг нь халсан гэсэн... Тэгээд би тэр хасагдаж байгаа хэдийнх нь нэгд яг таараад... Уур хүрсэн шүү, уур ч гэж дээ, үнэндээ муу зарж, мөнгийг нь удаадаг байсандаа л жаахан гомдсон. Гэхдээ сүүлчийн өдрөө сайн тараасан болохоор эргүүлээд авна гэж магадгүй, хэд хоногоос эргэж очиноо... Нээрээ өдөр Түмэн ахтай таарсан. Түмэн ах намайг хоолонд оруулна гээд зүтгээд байхаар нь зөрүүдлээд байж чадсангүй ээ... Тэр газрын хоол нь үнэхээр амттай байсан... Жинхэнэ цадталаа идсэн. Гэхдээ л бүтэн таваг хоол надад дэндүү ихдэнэ гээд уутанд хийлгээд авчихая гэсэн чинь ид ид гэсээр байгаад бүгдийг нь идүүлчихсэн. Тэгээд гэртээ хариад иднэ биз гээд баахан юм худалдаж авч өгсөн. Авахгүй гэж чадаагүй ээ, муу Түмэн ах маань л надад хань болох юм. Өөрийгөө бас эхнэр хүүхдээ яая гэж байж надад бас санаа тавих хэцүү л байдаг байх, тэгж бодоод гэртээ аваачия гэсэн саналд нь дахиад татгалзсан. Дээр бас намайг гэртээ аваачина гээд хөтлөөд очиход нялх хүүхэдтэй эхнэр нь гурвыгаа ч хүчрэхгүй байж яаж дөрөвийг тэжээх гээв гээд бөөн уур болсон  ч одоо гайгүй болоод байгаа юм чинь аваад ир гэсэн гэж Түмэн ахыг хэлж байхад нүүрэн дээр нь ах нь яаж ийжийгаад аргалчихнаа гэсэн бичиг бичээстэй байсан... Муу ахыгаа худлаа хэлж чаддаггүйг мэдэх болохоор дараа болоод ч яах юм билээ, тийм ээ? Тэнд очоогүйн хүчинд л энд хөөрхөн төвхөнөчихөөд байгаа ч юм билүү...? Хэн мэдлээ дээ... Энэ үгийг захын тэнд байсан хэдэн хүмүүсийн ярианаас сонсож сурсан юм... За энэ ч яахав, үдээс хойш Түмэн ахыг явсаны дараа Будмаа эгчийн ресторанд очиж баахан угаалга хийгээд шанд нь хоол өгөхөөр нь аваад ирсэн. Будмаа эгч байнга мөнгө өгөөд байх боломжгүй ч ядаж хүмүүсийн үлдээсэн хоолны үлдэгдлийг нийлүүлээд хэд арван цаастай хамт өгчихдөг болохоор олон хүн тэнд сав суулга, хана шалыг нь угаая гэдэг юм. Гэхдээ Будмаа эгч Сувдаа бид хоёрыг гарах хүртэл өөр хүн авахгүй гэсэн. Тэгэхээр бид азтай гэж бодож байна. Бас хариуцлагатай байх хэрэгтэй”
Авчирсан хоолоо идэхээр бяцхан завсарлага авсан бололтой. “Дараа нь зах очиж жаахан тэрэг түрлээ... оройтож очсон, дээрээс нь Сувдаа ирээгүй байсан болохоор жаахан загнуулсан л даа, гэхдээ багагүй мөнгө олсон... Өө тийм, миний банк ... Овоо болжээ... Байшин авч хүрэхгүй ч боломжын амьдрахад хангалттай хүрэхээр болжээ... Сувдаа ч ороод ирлээ... Тэр яасан юм бол? Надтай дугарах ч үгүй, орж ирээд л орондоо ороод хэвтчих юм... Бие нь муу байгаа харагдсан, зүгээр л байгаа даа... Өөртөө санаа тавихгүй зөвхөн мөнгө л гэсээр ийм болсон муу найз минь, удахгүй хоёулаа сайхан амьдарнаа, жаахан л тэсээрэй гэж хэлэхийг минь сонсдог ч болоосой тэр... Сар ямар үзэсгэлэнтэй харагдаж байнаа... Сайхан амраарай...” дэвтэр дахин харанхуй модон хайрцагт орлоо... гэхдээ тийм ч муугүй ээ... Эзэн нь сэтгэлийн тэнхээтэй, бас зорилготой байна... Гэхдээ өнөөх өгүүлбэрийн учирыг тайлбарлахаа тэр мартжээ...
Дахин 1 шинэ хуудас эргэлээ. “Сайн байна уу? Амьдрал минь... Нар хэдийнэ манджээ... Би арай л их унтчихаж... Өнөөдөр өглөөдөө хийгээд байх ажил хайх ёстой. Сувдаа хэдийнэ явчихжээ... Тэр захиа үлдээсэн байна. Хэд хоногтоо ирэхгүй ажил хийх болохоороо л ингэдэг юм. Ажил ч гэж дээ. Тэрэн шиг сайхан бас хөөрхөн охин мөнгөний төлөө ийм ч болчих гэж...” Охин дэвтрээ хураасан ч үгүй бүр үзгээ дээр нь тавиад гарлаа... Дэлгээстэйгээ тоосонд дарагдан хэвтэх дэвтэр дээр хэдэн цагын дараа аз жаргалаар бялхсан үгс хөвөрч эхлэх нь тэр ээ...
“Би... Өнөөдөр... Ямар сайхан... Би ажил хайж яваад нэг шинэ нйзтай болсон. Одоо нийт “58 найзтай болж байна. Гэхдээ тэр бусдаас нэг л өөр... Эсвэл тэр миний найзууд дундаас намайг өрөвдөж, эсвэл хэн нэгнээр өрөвдүүлэхийг хүсдэггүй ганц нь болохоор надад тэгж санагдаж байж болох юм. Ямартай ч тэр гаднаасаа харагдаж байгаа шигээ хүйтэн хөндий хүн биш юм. Надаас гурав, биш ээ хоёр ах, бас ... бас их эелдэг, жаахан бодлогоширонгуй царайтай, бас жаахан даруухан... өөр олон л зүйл байгаа байх л даа... танилцаад удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Юм яриад суухад ямар гоё байсан гээч... Урьд нь хэзээ ч ийм мэдрэмж мэдэрч байгаагүй. Бас тэр нээрээ, үнэхээр тусч найзын хувиар чадах бүхнээрээ тусална гэсэн... Тэр өөрөө чадах бүхнээрээ тусалдаг ч чадахгүй үед нь шаардаад, дараа нь туслаагүй гэж муулдаг хүмүүстэй найзалдаг гэсэн, өөр гайгүй найзууд байгаа л юм чинь тийм найзууд хэрэггүй баймаар... Яагаад тусалж чадахгүйгээ хэлж чадахгүй байгаа хүнийг найз нь л юм бол ойлгох хэрэгтэй шд. Гайгүй чаддаг болохоор нь ашиглах гээд байгаа хүнийг би л лав найз гэхгүй. Авралт ахын оронд байсан бол би... За энэ ч яахав... Тэр надад эжийгээс минь өөр хэний ч хэлж байгаагүй үгийг хэлсэн...” Бичихээ зогсоочихлоо... Ямар үг хэлсэн юм бол? Тэмдэглэл хөтөлж эхэлсэн үерүүгээ хуудсаа эргүүллээ. Жаахан уншиж байснаа больчихлоо... Ээжийнхээ амьд ахуйдаа тэр үгийг хэлж байсан үед тэр жаахан байсан учир тэмдэглэл хөтөлдөггүй байсан. Энэ үг бол “Амжилт хүсье!” гэсэн үг байсан юм. Хэсэг хугацаа өнгөрсний дараа дэвтэр дахин модон авдарт орлоо. Сар хэдийнэ гарсаны дараа дэвтэр дахин ширээн дээр гарч ирлээ. Сарны гэрэлд бичигдэх тэр үгс аз жаргалтай байдал хэдийнэ буурсаныг илтгэх шиг.
“Зоригоо ах ирээд явлаа... Намайг одоо л хүүхэд асрамжын газар очиж өргүүлэхгүй бол насанд хүрсэн хойноо очих боломжгүй гэж сүүлчийн удаа ирж санууллаа. Гэсэн ч би тийм газар очихгүй. Яасан ч очихгүй... Би чинь ээж аавтай хүн... Надад ээж аав байгаа...”
Бороо юу...? ноорхой ч гэсэн энэ оромж борооны ус нэвтрэхээргүй юмсан. Хөөрхий охин... Тэр уйлж байна... Хорвоо чи юунд ийм хатуу... Байшин хэсэг хугацаанд нам гүм болов. Нохойн боргох, машины сигнал, охины уйлах дуун гурав л сонсогдоно. “Бүдэгхэн ч гэсэн дурсамжинд минь, бүрэн биш ч гэсэн бодолд минь аав ээж хоёр минь надтай үргэлж хамт байдаг.” Ингээд л энэ өдрийн тэмдэглэл дууслаа... хэд хоног дэвтэрийг хэн ч анзаараагүй мэт ширээн дээр дэлгээмтэй хэвтлээ.
“Өнөөдөр ээжийн төрсөн өдөр, бас аав ээж хоёрын дэр нэгтгэсэн өдөр... Би тэдэнд бэлэг өгч чадахгүй ч авсан... Бас хүүхэд, амьтан хооллож буян үйлдсэн... Таньд таалагдаж байна уу...? цуглуулж байсан мөнгөө иймэрхүү зүйлд үрнэ гэж хэзээ ч бодож байгаагүй ч энэ нь үнэхээр сайхан байна. Авралт бас надад тусалж баахан мөнгө зарсан... Энэ хэд хоногт Авралтын ачаар амьдрал овоо дээрдсэн... Би байнга хүнд ажил хийж, энд тэнд олон газар явах шаардлагагүй болсон. Одоо Будмаа эгчийн ресторанд өөр хүүхдүүд ажиллаж байгаа. Сувдаа сүүлийн захидлаа үлдээснийг мэдсэн тэр үед баяртай гэж хэлж чадаагүй дээ, бас баярлалаа гэж хэлж чадаагүйдээ харамсаж баахан уйлсан бас тэр захиаг нь өглөө босоод л уншсан бол салах ёс хийж амжих байсан эсэх талаар үргэлж боддоггүй ч хааяахан дурсаж санаа алддаг. Тэр минь одоо хаана юу хийж, яаж амьдарч байгаа бол? Сайн л байгаа байх даа... миний хувьд би одоо л хүн шиг ажиллаж, амьдарч байна. Сувдаадаа хэлж амжаагүй юм чинь Авралтдаа харин заавал хэлнэ... Баярласан талархасанаа хэлнэ... Түүнгүйгээр одоо ч тэрэг түрээд л, шал угаагаал байж байх байснаа хэлнэ... Хөтлөлцөөд алхахад ямар сайхан байсныг бас Будмаа эгчийн ресторанд хамт ажилласан тэр өдөр ямар сайхан байсныг, орой бүр гэртээ хүргүүлэн хамт алхах мөч ямар сайхан байсныг, надтай хамт бүхэл өдөржин ажиллаж олсон мөнгөө надад цуглуулгандаа хий гэж өгчихөөд гүйгээд явсан тэр үеийг ч бас түүнд сануулж хэлнэ бас хамт байсан цаг хугацаа бүр ямар сайхан байсныг бүгдийг нь хэлнэ.... Бас... Бас хайртайгаа хэлнэ...” Тэр жаахан..., биш ээ их өөр болжээ. Дурласан байх... хэд хоног онцын зүйл болоогүй байж байгаад саяхан болсон сайхан зүйлийн талаар нандигнан энэ дэвтэрт үлдээж байгаа байх...
Хэдийнэ үд дунд болжээ... Ажилдаа явахгүй юм бах даа... Залхуурсан юм болов уу, амралтын нь өдөр юм болов уу...? Дэвтрээ бүүр эхнээс гүйлгэн харж байхыг бодвол амьдралынхаа бүхий л сайхан дурсамжуудыг сэргээн санаж байгаа бололтой... Нүүрэнд нь бяцхан инээмсэглэл тодорч, аз жаргалтай үеүүддээ эргэн очжээ... Энэ үгс...? Уг нь энэ нулимсыг сайхан дурсамжын сэтгэлийн хөдөлгөөний илрэл гэж бодсон юмсан. Яагаад гэнэтхэн...?
“Уг нь Авралт ахад гэрийнхээ хаягыг нуулгүй хэлсэн бол одоо хажууд минь гарыг минт атгаад сууж байх байсан байх даа... Зоригоо ахыг ч тэр, Түмэн ахыг ч тэр өөрөөсөө болоод зөндөө зовоосон доо... Уучлаарай гэж хэлж зүрхлээгүй намайгаа уучлаарай ах нар минь... Яагаад заавал ийм юм бодогдоо байгаа юм бол оо...? Удахгүй аав ээжтэйгээ уулзах гэж байж яагаад баярлахгүй байгаа юм бол оо...? Авралтаа, үгүй ээ... Авралт ахаа, би таньд хайртай... хэлж амжаагүйд уучлаарай...”
Түүнээс хойш энэ дэвтэрт дахиж нэг ч үг нэмэгдэж бичигдээгүй юм. Өнчин охины бүхий л дурсамж сайхан муухай гэлтгүй энэ л дувтрийн хуудаснаа бичигдсэн юм. Хэдийгээр бараан сэдэвтэй түүх бараг байхгүй юм шиг харагдаж байгаа хэдий ч хүүхэд насны гэрэлт мөрөөдлөөр амьдралын гашуун бас үнэн зовлонгоо дарж бичсэн түүнийг өөр болсоныг нь анзаарсан тэр үеэс л бодит үнэнийг энэ дэвтэртээ бичдэг болсон юм гэж яахан мэдэх билээ. Өвчтэй болоод л хэд хоног тэмдэглэл дээрээ үзгээ дурайлгаагүйг дэвтэр нь яаж мэдэх вэ дээ? Сүүлчийн тэмдэглэлээ ийм хурдан биччихнэ гэж хэн мэдэх билээ? Эргэж ирэхгүйгээр явахынхаа өмнө амьдралынхаа дурсамжыг эргэн харж байсанйыг та яахан мэдэх билээ? Дурсахаа мартсан хүйтэн бас гомдолын тэр өгүүлбэр бичихгүй гэж дарж байсан амьдралын түг түмэн гоморхолуудын санамсаргүй бичсэн нэг алдаа байсныг хэн мэдэх билээ? Өдөр бүрийн тэмдэглэлийн төгсгөл бүрийг өөдрөгөөр төгсгөсөн нь өөртөө өгөх урам байсныг яахан мэдэх билээ... Тэмдэглэл гэсэн нэртэй амьдралын нь алтан дурсамж нь эжий аавдаа бичсэн захидал нь байсныг бид яахан мэдэх билээ?

Зовлон бүрийг давахын тулд зориг байдаг
Зориг гаргахын тулд зорилго байдаг
Зорилгодоо хүрэхийн тулд зүтгэл байдаг
Зүтгэл тэмүүллийн тулд мөрөөдөл байдаг


!!! Attention !!!
Зохиогчын бүх эрх зохиолч Г. Нямжав -д хадгалагдах бөгөөд Монгол Улсын хуулиар хамгаалагдсан болно. Зохиогчын зөвшөөрөлгүй хувилан олшруулах, ашиглахыг хориглоно.

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Diary - Өдрийн тэмдэглэл"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad