Тэнгэрийн элч (өгүүллэг)

Миний анхны ӨГҮҮЛЛЭГ... Таалагдана гэдэгт итгэлтэй байнаа... Мэдээж энэ өгүүллэгийг бичээд багагүй хугацаа өнгөрсөн ч БЛОГ -ын зочид та нар бараг анхны уншигчид учираас сэтгэгдлээ үлдээцгээгээрэй... Миний энэ бяцхан зохиол ЗОХИОГЧЫН ЭРХИЙН ХУУЛИАР БАТАЛГААЖИЖ, ХАМГААЛАГДСАН болно...
Уртаас урт харанхуй хонгилоор алхана
Уйтгартай бөгөөд хүйтэн санагдана
Хонгилын голоор үзүүр нь үл харагдах урт шат дурайна
Хүн болгон түүгээр алхана, зарим нь зогсоно
Хүмүүсийг дагаж өөд гэлдэрч явахад
Хүмүүсийн дундуур зөрж, бууж яваа хүмүүс ч харагдана
Хүнийг дагаж биш, хүслээ дагаж дээш явлаа
Харж мэндлэсэн газар маань өгсөх зам байсан болохоор
Хонгил дундуур өгсөн алхахад ганц хоёрхон хүн дугарна
Хонгилын хананд хаалганууд үзэгдэнэ
Харъя гэж бодоод дөхвөл хойноос явсан нэгэн хэлнэ
"Хүү минь ороод хэрэггүй! Орсон хүн гардаггүй юм" гэв
Хэн ингээд хэлчихэв ээ? гээд баярлаад харвал
Хоёр өвдөг нь чичирч, унах шахсан өвгөн байв
"Ингэж явахаар та энэ хаалгаар ороод амарвал яасан юм?" гэхэд
Инээмсэглэсэн царайгаар надруу нэг харснаа
"Миний дайн дуусаагүй байна хүү минь
Магад чи залуу юм чинь шатны үзүүрт хүрэх байх" гэж хэллээ
"Яадаг ч байсан дээшээ явах нь зөв бололтой" гэж бодоод
Яагаад өгсөөд байгаа, энд юу гээч нь болоод байгааг асуухад минь
"Хүнд садаа болохыг би хүсэхгүй байна.
Хүү минь хойш ухралгүй л яваарай!" гээд намайг
Өгсүүр шатаар дээш түлхэхээр нь өгсөж гарлаа
Өвөөгөөс хэдий асуултаа дахин асуухыг хүссэн ч
Өмнө нь хариулаагүй юм чинь хариулахгүй л байх гэж бодсоор
Өөрөө ядраад зогсдогийн алдад эргэж харвал
Өндөр настай болсон ч тэр өвөө түрүүчийн салсан газраасаа
Өдий төдийхөн наашилсан харагдах ч урагш тэмүүлсээр байсан юм
Энэ хүртэл өгссөн байж шатны хойд үзүүр л ойрхон харагдана
Эргээд өөдөө өгсөх замаа харвал
Зориг мохож, зүрх өвдөх шиг, бас л үзүүр нь үл харагдана
"Замд буцаж, уруудаж явсан хүмүүс шантарсан юм болов уу?
Эсвэл нөгөө урсгал гэж байдаг юм болов уу?" гэсэн бодол төртөл
Энэ хонгилын үзүүр миний урд харагдаж
"Урагшаа! Хүү минь, бүү шантар!" гэсэн аятай Урт удаан энэ аялалд намайг зоригжуулна
"Дахиад дээшээ хэдэн зуухан шат байгаа байх" гэж бодоод алхах гэтэл
Дааж өргөж үл чадна өөрийнхөө хоёр хөлийг
"Өөдөө өгсөх хэцүү, уруудаж явсан бол амар байхсан,
Өөдөөс минь зөрөөд бууж явсан хүмүүст ч энэ замыг туулах
Амар байсан байх даа" гэж бодоод нүдээ нээн хартал
Апь хэдийн би хоёр болчихсон өөрөө өөрийгөө доош түрэн
Арай гэж туулж ирсэн замаас минь буцааж авч явж байсанд
Айж, бас уурлаж түүнээс холдсонд тэр агаарт уусах мэт алга болов
Гайхан зогсож байхад минь нөгөө өвөө хүрээд ирэв
Ганхаж гунхсаар хажууд минь ирж суугаад надаас
"Ай хүү минь, чамайг бараг тэр хонгилын үзүүрт хүрсэн байх
Араас нь ингээд гэлдэрч л байя" гэж бодсон чинь чи
Арай ч дээ! Буцаад явж байна гэнэ ээ!" гэж уурлангуй хэлснээ
"Алив хэлээд орхи! Яагаад буцаж явсан юм? гэж надаас асуув
Хариулах гээд амаа нээх гэтэл энэ зөрж яваа хүмүүсээс
Хэн нэгэн нь уруу татаа юу? Эсвэл ядраад байна уу?
Хэдий эд зөрж яваа ч гэсэн зарим нь нөхөд, зарим нь дайснууд.
Хэн нэгэнд итгэж, найдаад хэрэггүй! өөртөө итгэ!" гэв
Харин би хариуд нь "намайг би өөрөө түрээд байсан
Хаанаас гараад ирсэнийг нь би мэдэхгүй бас
Хаанаас над ихэр бий болоод намайг түрээд байсаныг нь ойлгоогүй
Хэн гэдгийг нь мэдэхгүй ч надтай усны дусал шиг адилхан байсан" гэвэл
Худлаа ярихаа болиод үнэнээ хэлвэл яасан юм гээд надруу харлаа
Хамаг болсон явдал, бодсон санасан бүхнээ ярьтал
"Хүү минь бие чинь ядраад урагш бус хойш явахыг илүү хүсчээ
Хойш явбал хүрэх газар нь ойр харагдах хэдий ч,
Харин чиний сэтгэл овоо өөд явахыг хүссэн учир
Хүний үгнээс зүгээр зөрөөд яваад өгсөнгүй,
Тэр доошоо явсангүй" гээд амьсгаагаа дарж хэсэг суугаад
"Түрүүний ихэр гээд байгаа тэр нөхөр чинь ихэр биш,
Харин чиний ядарч буцахыг хүссэн шантарсан сэтгэл байхгүй юу!?
Хэн ч, тэр тусмаа чи ч сонсохгүй байгаа болохоор" гээд гүнзгий амьсгаа авч
Ядарч бухимдсандаа чамайг тийм юм бодсон дээр нь
Ятгаж чадахгүй болохоороо түрж үзэж байхгүй юу!?" гээд инээмсэглээд
Одоо жаахан амар, тэгээд цааш яваарай мэдэв үү!? гэж хэлээд
Опгхон ч ядраагүй юм шиг алхалж гарлаа
Хэсэг амарчихаад дээш өгсөж, доош уруудсан
Хөл толгой нь ялгагдахгүй үй олон хүмүүс дундуур өгслөө
Мөргөөд дээшээ гүйх, мөрлөөд доош буух хүмүүс дунд
Мөлхөх хүн ч харагдаж байлаа
Түүнийг түлхээд унагах ч хүн үзэгдэх шиг
Түүнд тусалж татах хүн ч харагдах шиг
Гэхдээ хамгийн гол нь тэр хүн дээш мөлхөж байсан юм
Гайхсаар дээш явж байтал өвөө тэнд харагдав
Гүйж хажууд нь очоод асуувал дуугүй явсаар
Ганц асуучихаад дахиж асуух хэрэггүйг ойлгоод хамт явав
Тэр мөчид ямар ч л байсан дээшээ л явах хэрэггэй
Тэр хүн тэгэж зүтгэж байхад би яагаад болохгүй гэж
Түүнээс би юугаараа дутах юм гэсэн сэтгэл төрөхөд
Тийм ээ! Чи чадахгүй бол өөр хэн чадах юм!
Тэсвэр хатуужилтай байж л амжилтанд хүрдэг юм
Тэмүүллээр дүүрэн яв! гэж хэн нэгэн дэмжих шиг болоод
Тэргүүнээ дээш өргөж, алс дурайх замруу нэг хартал
Тэнэг ч бол доо энэ зам төгсгөлгүй шүү дээ,
Тэмүүлнэ гэнэ үү? Юу руу зүтгэх гэж?
Тэглээ гэж юу олж долооно гэж бодоов чи?
Тамир тэнхээгүй, хатсан биетэй хоцорно доо! гэж
Хаанаас ч юм, хэн ч юм надад тэгж хэллээ
Хайгаад олдохгүйг мэдэж байсан болохоор эрсэн ч үгүй
Хамгийн гол нь хэнд нь итгэхээ л мэдсэнгүй,
Хэн ч надад туслахгүйг л би мэдэж байлаа
Гэнэт өвөө хэнд итгэснээс бүх юм шалтгаална
Ганцхан хэнд итгэх нь л чамаас шалтгаална гэж хэллээ
Энд мэндлэсэн цагаас минь хамт байсан өвөөгөө
Эзэн нь олдохгүй дуу хоолойнуудтай нийлүүлээд
ҮРГЭЛЖЛЭЛ зурагны доор бий...
ЭХЛЭЛ зурагны дээр бий...
Эд бүгдийн саналыг тоолж үзвэл
Эргэшгүй, урагш явахыг зааж байсан учир
Итгэж тэдэнд найдаад эргээд замдаа орлоо.
Ирээдүйгээ өөрөө, итгэлтэй урагш алхлаа
Хүмүүсийн зарим нь яаран дээш гүйнэ, сандарсан харагдана
Харин нөгөө зарим нь инээмсэглэсэн царай гаргаад л
Уруудаад гүйнэ, уйлсаар өгсөх хүмүүсийн хажуугаар
Учиргүй зүдэрсэн хүмүүс уруудаж ч байна, өгсөж ч байна
Зарим хүмүүсийг дээш зүтгэж байхад
Зулгаагаад доороос нь татах хүн ч харагдах юм
Өгсөж байсан нэгнийгээ өшиглөж доош нь унагаагаад
Өөрөө өмнөөс нь дээш мацах өөдгүй хүн ч үзэгдэж байх юм
Учирыг нь асуумаар байвч, асуух хүн үл олдоно
Учраад тэднээс асуусан ч хариулах хүн олдохгүй байв
Хэсэг яваад өвөө суухдаа "дээш хардаа хонгилын үзүүр
Хүү минь тийшээ яв, харин биеэ бодоорой!" гэж надад захив
"Баярлалаа!" гэж хэлчихээд нөгөө хүмүүс дундуур
Байс хийгээд л мөргөлдсөөр сүлжин явахдаа
Өгсөж гүйх хүн олон байгаа ч түүнээс олон хүн
Өөд бус уруу газар зүглэнэ, зүтгэнэ
Өөдгүй муу зан гаргаж бусдаа доош нь унагана
Өрөвдөх сэтгэл ч гаргах өөрөө л гарах гэж зүтгэнэ
Ядаж нэг нь ч болтугай дээш гараг гэж бодолгүй
Ядарсан нэгнээ хамт татаж доош бууна
Уруудагсдын ихэнх нь баяртай байх ба зарим нь л
Уруу татагдаж юм уу, уруу татаж яваа хүмүүс байна
Хонгилын үзүүр үзэгдэнэ, сэтгэл хөөрөн баярлана
Хараад байх нээ шат үл дуусна, гайхсаар очвол
Хонгилын дараа гудамжнууд, яг л төөрдөг байшин шиг
Хайсаар байлаа, гэхдээ юуг гэдгээ мэдэхгүй байлаа
Хотын гудамжнууд шиг шатан замтай энэ их гудамжнууд яг л
Хав харанхуй уурхайн хонгилууд шиг санагдана
Хөлөө чилтэл явж байж хайсан юм аа олох шиг боллоо.
Энэ бол хонгил байлаа, түрүүчийн хонгилоос ялгах аргагүй адилхан хонгил байлаа
Энэ хонгилоос өөр хонгилтой таараагүй тул
Эргэлзсэн хэдий ч яваад орчихлоо, энд ч хүмүүс явсаар л байна
Хамгийн сайхан нь энэ хонгил намайг ормогц гэрэлтэй боллоо
Хамаг хүмүүсийн үсийг ч тоолж чадахаар байлаа
Эргэж харвал өвөө ч алга, шатны эхлэл ч алга
Эндээ жаахан амарч суугаад нэг мэдэх нээ унтчихжээ
Сэрээд харвал өвөө тэндээс айсуй харагдана
Сайх өвөөг ирмэгц энэ бүхний талаар хэлж өгөхийг хүслээ
"Сайхан инээмсэглэ хүү минь" гээд "амьдарч л байна шүү дээ!
Сөрөөд яваа хүмүүс харин шантарч байгаа юм
Энэ урт шатны гишгүүр болгон амьдралын чинь нэг хором
Энгийн, хоосон бие чинь инээж баясаад сайхан байгаа
Харин түрүүчийн харанхуй хонгил бол зовлон зүдгүүр
Хэлэхэд хүнд шаналал, ганцаардал, бухимдал
Тэнд чамайг байхад бие чинь хилэгнэж, өвдөж, зүдэрч байсан
Тэгээд харин энд ирэхэд чинь" гээд энэ гэрэлт хонгилыг заагаад
"Хэн ч, юу ч чиний биенд саад болж, муу юм хийхгүй
Хүү минь, чамайг түрээд байсан шантрал, гутрал бол шунал, хорсол
Хэрвээ түрүүн чи дийлж зогсоогүй бол" гэснээ
Хэсэг дуугүй болоод гэнэтхэн
"Хэн нь дийлнэ тийм хүн болно, тийм замыг сонгоно гээд ойлгочих" гэв
"Харин тэр юу вэ? гэвэл" гэж гудамжнуудыг заавал
"Тэр бол байдаг л жирийн үе, ийм юм бас ч үгүй олон бий дээ
Тэрэнрүү орох хоёр, гарах бас хоёр хаалга бий
Хаалга ч гэж дээ, ийм хонгил, гэхдээ анхных ганц орох хаалгатай
Хонгилуудын нэг нь харанхуй, нэг нь гэрэлтэй
Аль хонгилоор явна тийм тавиланг сонгоно доо
Амьдралд жаргал зовлон ээлжилдэг дээ!" гээд инээснээ
"Тэгэхээр туулаад байгаа энэ хонгилуудын талаар цааш явангаа
Тийм юм, ийм учиртай юм гээд нэгд нэгэнгүй ярьж өгье!" гэв
Өвөөгийн яриа үнэн болох нь явах замд мэдэгдсээр байсан бөгөөд
Өвөөгийн хэлснээр энэ хонгилд надад саад болох юу ч байсангүй
Ядарсан ч үгүй, цангасан ч үгүй үнэхээр дардан байв
Ярисан бүхэн нь үнэн гэдэгтэй маргаангүй санал нэг байлаа
Өвөө удаан чимээгүй алхснаа гэв гэнэт яриад эхлэв
Өвөөгийн яриагаар бол энэ хонгилууд бол миний судас бөгөөд
Өөр хүмүүсийн, амьтдын биед ч би ингээд явж байгаа,
Өөр хүний биед гэхдээ одоо энд туулж байгаа шигээ туулаагүй
Харин энд байгаа би л өөрийнхөө биеийг авч явна
Хэдий тийм боловч бүх хүний биед би өөрийнхөөд байгаа шигээ
Өдий төдий замыг туулаагүй шантарсан эсвэл
Өөрийнхөө биед байгаа надаас илүү зоримог урд явж байж болох юм
Хонгилын хананд байх хаалттай хаалганууд бол
Харин сураггүй бологсод, сэхээнд байгаа хүмүүсийн байгаа газар бөгөөд
Хаалттай нь онгойхгүй, нээлттэй нь хүн ортол хаагдахгүй
Хэдий тийм боловч хаалттай нь хэзээ нэг онгойх нь элбэг
Тэр өвөө энэ яриаг дуусгав уу, үгүй юу гэрэл болон одсон юм
Түүний нэрийг нь ч болтугай асуугаагүй дээ харамссан ч
Хамгийн сүүлд над захин хэлсэн сургаалийг нь
Хэзээ ч мартахгүй, санаж явах болно
Тэр бол "итгэж болох хүнд л итгэ, бусад нь чамайг уруу татна!
Тэгэхдээ бусдыг бас өөд нь татаж яв, дараа нь тусална!
Хэнд ч, юунд ч битгий найд, зөвхөн өөртөө л найд!
Хэнд ч хэлж болохгүй гэсэн нууцыг чамд би дэлгэчихлээ
Хэзээ ч чи дахиж намайг харахгүй байх, гэхдээ
Хэзээ нэг цагт тааралдвал чи хараад ч намайг танихгүй байх байх
Над шиг санаа өвөрлөсөн хүн олон ирдэг ч,
Нөхөр бус дайсан болох хүн бүр ч их тааралдана
Таарч тохирохгүй санаа хэлж биш,
Татаж чангааж магадгүй шүү анхаарлыг чинь
Сайхан бүхний цаана бас л сайхан юм байх нь ховор гэдгийг
Сануулж л хэлэх гэсэн юм" гээд замхарсан өвөөд
Баярлалаа гэж ч хэлээгүйгээ бодохоор
Баяртай гэж ч хэлэх эрхгүй хүн шиг санагдана
Өвөөг алга болсоны дараа хэсэг зогсоод
Өөрийнхөө цаашдын аялалыг үргэлжлүүлсэн юм.
ХҮН өөрөө БУРХАН байх уу эсвэл ЧӨТГӨР байх уу гэдгээ шийддэг...
Амьдрахын утга учир нь амийг амьдруулах юм...
ХҮН бүрт зориулав...

Join the conversation