Cryptocurrency гэж юу вэ?

Цувралаар криптотой холбоотой суурь мэдлэгийн хичээл хүргэх гээд үзье. Хэр олон нийтлэл бичигдэх нь уншигчдын сонирхлыг хэр их татахаас хамаарах тул, хэрэв Та хэрэгтэй мэдээллээ олж авч чадсан бол бусдад түгээгээрэй.

Яг л Таны түрийвчинд байгаа цаасан (зарим тохиолдолд зоосон) мөнгө шиг, гэхдээ дижитал валютийг Крипто гэнэ. Цахим учир хэзээ ч, хаана ч байгаа, хэнрүү ч шилжүүлэх боломжтой. Сүүлийн үед үүгээр худалдаа, наймаа хийж, үйлчилгээ үзүүлэх газрууд нэмэгдсээр байгаа.

Гэхдээ крипто маань банкны шилжүүлэгээс илүү сонирхолтой эд л дээ. Яагаад вэ гэдгийг доор тайлбарлая:

Энгийн цаасан дэвсгэртийг тухайн валютийг гаргагч улсын Төв банк гэх 1 байгууллага эзэмшиж байдаг. Харин Таны хадгаламж, дансанд байгаа мөнгийг Таны сонгон үйлчлүүлж байгаа арилжааны банк Таны нэрийн өмнөөс эзэмшиж, хадгалж байгаа нэр дээр эргэлдүүлж, ашиг хийнгээ, өгөөжийг нь өөрсдөө хүртэж байдаг юм. Таныг мөнгөө гадагш шилжүүлэхийг хүсэх үед тэд тэрхүү шилжүүлгийг Таньд хийж өгдөг гэсэн үг.

Харин криптод "банк" гэж байхгүй.

Үнэгүй програм хангамжыг хэрэглэхдээ крипто эзэмшигчид, өөрсдөө өөрсдийнхөө хөрөнгөний жинхэнэ эзэмшигч байж, мөнгөө өөрсдөө захиран зарцуулж, өмчилж байдаг гэж ойлгож болно. 1 ёсондоо хэрэглэгчид нь өөрсдөө банк гэсэн үг. Тэгэхдээ Таны төхөөрөмж (гар утас, компьютер, таблет, г.м.) бусдын төхөөрөмжтэй интернэт сүлжээгээр холбогдож, дундын зуучлагчгүйгээр солилцоо хийнэ гэсэн үг.

Криптогийн бас нэгэн давуу тал нь криптогоо хүлээн авч, илгээхийн тулд заавал ц-шуудан (e-mail) хаягаар ямар 1 веб дээр бүртгэл үүсгэж, нэвтэрч ороод байх шаардлага байдаггүй. Ухаалаг утас дээрээ олон мянган аппуудаас өөрийн сонирхолд нийцсэнийг нь татаж суулгаад шууд ашиглах боломжтой.

Яагаад "крипто" гэж нэрлэдэг юм бол?

Англи нэршил болох CryptoCurrency нь Cryptography болон Currency гэсэн 2 үгнээс гаралтай. Үгчлэн орчуулвал Cryptography (криптограф) гэдэг нь код бичих урлаг, харин Currency гэдэг нь мөнгө, валют гэсэн үг юм.

Криптограф нь бидний мөнгийг хамгаалж байгаа асар нарийн тооцоолол дээр суурилсан боловсруулалт байдаг. Түүнийг бүүр дэлгэрүүлж 1 бүрчлэн тайлбарлах нь илүүц биз. Уг нарийн тооцооллыг тэртээ тэргүй Таны өмнөөс апп чинь гүйцэтгээд өгчих учраас, ерөнхий сэдвээ үргэлжлүүлэн судлацгаая.

Мэдээж суурь мэдлэг гэсэн учраас дэлгэрэнгүй мэдээллийг оруулсангүй, гэхдээ алсдаа арай илүү дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээллүүдийг нэмж оруулах боломж гарахыг үгүйсгэх боломжгүй шүү дээ.

Сүрхий тооцооллоор хамгаалагдсан, дундын зуучлагчгүй, интернэт энэ валют бусад бодит дэвсгэртийг шилжүүлэх апп, үйлчилгээнээс юугаараа илүү юм бэ? гэж Та магад гайхаж байгаа байх.

Тэгвэл крипто валют нь дараах ялгаатай талуудтай байдаг. Үүнд:

  1. Таны криптог хэрэглэх, шилжүүлэх, зарцуулах, хадгалах эрхийг хэн ч, яаж ч боож, хорьж хааж чадахгүй.
  2. Сүлжээний бичигдсэн хэлбэр, зохион байгуулалт, бүтцээс шалтгаалан уг мөнгийг хакдах, хулгайлах, устгаж байхгүй болгох бараг боломжгүй.
  3. Олон улсын гуйвуулгатай харьцуулахад маш бага зардал, шимтгэлтэйгээр, хаана ч байгаа хүнрүү хэдхэн секундийн дотор шилжүүлэг хийх боломжтой.

Биткойн (Bitcoin) гэж дуулж байсан уу?

Биткойн бол хамгийн анхны крипто валют өнөөг хүртэл хамгийн алдартай ц-зоос хэвээр байгаа. Биткойны зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг нь CoinMarketCap (CMC) дээрээс харахыг хүсвэл ЭНД дарна уу.

Биткойнийг хэн бүтээсэн бэ?

Сонирхолтой нь түүний хэн бэ гэдэг нь өдий хүртэл тайлагдаагүй л байгаа. Дэлхий дахин түүнийг Satoshi Nakamoto гэсэн бүртгэлийн нэрээр нь л мэднэ. Сатоши маань 1 хүн эсвэл бүлэг хүмүүс эсвэл бүүр ямар 1 байгууллага, засгийн газрын нэгж бүрэлдэхүүн ч байж болно. Түүнийг хэн бэ гэж хэлэлцэх үед, цаг хугацаагаар аялагч, харийн хүн гэх мэт этгээд таамаглалууд ч гардаг гээд төсөөл дөө.

Тэрээр 2008 онд 9 хуудас бүхий материал нийтлэсэн нь Биткойн системийн ажиллагааг тайлбарласан баримтууд байв. Удалгүй 2009 онд уг систем маань хөгжүүлэгдэн гарсан байдаг.

Өнөөгийн зах зээл дээр эргэлдэж буй энэ бүх цахим зооснуудын үндэс суурь нь Биткойн юм. Зарим нь яг адил систем дээр тулгуурлан бүтээгдсэн байдаг бол, зарим нь тэс өөр байдлаар бичигдсэн байх нь ч бий.

Тэгвэл эдгээр зооснуудын ялгаа юу юм бол?

Бүх зооснуудыг харьцуулж, ялгаа бүрийг бичнэ гэвэл миний амьдрал ч хүрэхгүй биз. Зарим нь бусдаасаа хурдан шилжүүлэгддэг, зарим нь хамгаалалт өндөртэй, зарим нь нууцлал өндөртэй, зарим нь програмчлах боломж ихтэй гээд л түмэн янзын ялгааг жагсаах хэрэг гарна.

Тиймээс крипто ертөнцөд түгээмэл хэрэглэгддэг хэлц, түүний товчлолыг л хэрэглэх нь зүйн хэрэг болов уу. Тэр нь:

Do Your Own Research (DYOR)

Бүдүүлэг загнаж байгаа юм биш шүү, дараа нь ямарваа хохирол учирвал түүний хариуцлагыг хүлээх хүн нь 1 та л байдаг учир, 1 ёсондоо өөрийн чинь төлөө ингэж хэлдэг юм. Ямарваа зүйлд бусдын үгээр бус өөрийн ухамсар, мэдлэгээр оролцох нь зөв юм шүү дээ.

Бүх ц-зооснууд адил биш!

Энэ талаар цуврал нийтлэлдээ цөөн хэдэн зоосыг танилцуулах замаар оруулна аа. Хүсвэл тэд нарыг дараа олж уншаарай.

Харин одоо дийлэнх зоосны суурилж бүтээгдсэн тэрхүү гайхал Блокчэйн технологийн талаар маш товчхон судлацгаая.

BlockChain гэж юу вэ?

Блокчэйн маань зарим хүмүүсийн тайлбарлаад байгаа шиг тийм айхтар ойлгомжгүй, нарийн төвөгтэй, ярвигтай систем биш. Харин ч бараг энгийн 1 өгөгдлийн сантай зүйрлэж болохоор эд байгаа гээд төсөөлчих. Багахан зүтгэл гаргаад л Excel програмын хүснэгт дээр үүсгэчихэж болохоор эд гээд хэлсэн ч бараг буруудахгүй байх.

Гэхдээ уг өгөгдлийн санд өвөрмөц онцлог чанарууд тусгагдсан байдаг. Хамгийн эхний, голлох чанар нь уг өгөгдлийн сан нь зөвхөн шинээр мэдээлэл нэмж оруулж болдог сан гэдэгт оршино. Өөрөөр хэлбэл, уг сангаас хэн ч, юуг ч устгаж чадахгүй бөгөөд, өмнөх мэдээллүүдийг ч засаж, өөрчлөх ямар ч боломж байхгүй.

2 дахь онцлог чанар бол блок гэж нэрлэгдэх тэрхүү шинээр орж буй өгөгдлүүд нь заавал өмнөх өгөгдөлтэйгээ холбогдсон байна. Тодорхойлвол, дараагийн мэдээ нь зайлшгүй өмнөх мэдээллийнхээ хэш гэх дахин-давтагдашгүй агуулгыг өөртөө багтаадаг гэсэн үг. Хэшийг дараа тайлбарлана аа.

Ийм л энгийн юм шүү дээ. Арын мэдээлэл нь урдах мэдээллийнхээ агуулгыг хадгалж байдаг учраас блокуудын гинжин хэлхээ буюу блокчейн гэж нэрлэгдэж байгаа юм.

Англи хэлтэй хүмүүс нь block (блок буюу 1 бүхэл нэгж болон багцлагдсан их хэмжээний эсвэл олон тооны зүйлс), chain (гинж, хэлхээ, цуваа г.м.) 2 үгнээсээ бараг утгыг нь олоод харсан л байлгүй.

За тэгээд тэрхүү асар урт гинжин хэлхээ маань үнэхээр халдлагад өртөж өөрчлөгдлөө гэхэд тэрхүү халдлагад өртсөн блокын агуулгыг хадгалж байгаа дараагийн блок бас дагаж өөрчлөгдөх хэрэгтэй болно, ингэхээр түүний агуулгыг хадгалж байгаа тэрний дараагийн блок ч мөн адил өөрчлөгдөнө гэсэн үг, ингээд цааш бүгд өөрчлөгдөх болж таарч байгаа юм. Тэгэхээр үнэхээр халдлага орвол түүнийг нь бүх хэрэглэгчид шууд мэдчихнэ гэсэн үг. Нууцаар ухаж төнхөх, өөрчилж булхайцах ямар ч боломжгүй байгаа биз?

Ингээд л болоо юм уу?

Төсөөлсөн шиг чинь төгс байж чадсангүй юу? Хангалтгүй санагдаж байж болно л доо, тийм бол крипто зах зээлд орох гээд яарах хэрэггүй ээ гэсэн үг. Харин давгүй санагдаж байвал, цааш үргэлжлүүлээд судлацгаах уу даа?

За, тэгэхээр дээр бичсэн хэн ч, ямар ч апп, програмаар зоос шилжүүлж, авч болно гээд байснаа жаахан тайлбарлая. Апп маань тэрхүү гинжин хэлхээн дэх блокуудаас 1-ийг нь татаж аваад, хувилаад буцааж илгээх зарчмаар ажиллана. Тэгэхдээ жишээгээр тайлбарлая л даа. А найзруугаа Та 5 зоос шилжүүллээ гэж бодъё. Тэгмэгц шилжүүлгийн зааварчилгааг апп чинь бусад хэрэглэгчидрүү илгээнэ. Тэр даруйд мэдээж, найз А-гын дансанд зоос маань орохгүй, яагаад вэ гэхээр, тэр үед Б гээд өөр 1 найз эсвэл танихгүй хүн байж байгаад бас өөрийнхөө найз ч юм уу, хамаатан ч юм уу, эсвэл бүүр танихгүй хүн Д-рүү бас 3 зоос илгээсэн байж таарсан гэж төсөөл. Түүний шилжүүлгийн зааварчилгаа бас бүх хэрэглэгчидрүү шидэгдсэн байж таарна аа даа. Тэгэхээр эхний зааварчилгаа бүх хэрэглэгчдэд тарсны дараа, дараагын зааварчилгааг түгээж эхэлнэ, бүрэн тарсны дараа л шинэ блок үүсч, өнөөх шилжүүлэг хийгдэж, хүлээн авагчийн дансанд зоос нь орно гэсэн үг.

Хэн дуртай нь блок үүсгээд байж болох юм бол, булхай орохгүй байгаа гэдгийг юугаар нотлох юм бэ?

Сардаа сая төгрөгийн цалинтай найз чинь, хурааж хуримтлуулсан зүйлгүй байж байснаа гэнэт тэрбум тэрбумаар нь гүйлгээ хийгээд байна гээд гараад ирэх боломжтой юу? л гэж асуух гээд байна аа даа.

Тэгэх боломжгүй, яагаад гэхлээр зөвшөлцлийн алгоритм гэх тооцооллын боловсруулалт хийгдэж байдаг юм. Тэр нь өөрт байхгүй зүйлийг гаргаж ирээд, гүйлгээнд оролцуулаад байхаас хамгаалдаг систем юм. Энэ талаар дараа бас дэлгэрүүлж танилцуулна аа.

Арилжаа

Крипто буюу зооснууд маань маш олон төрлөөр, маш олон зүйлд хэрэглэгдэж байгаа ч голлох хэрэглээ нь арилжаа болоод байгаа. Ихэвчлэн богино хугацаанд ашиг хийх зорилгоор, таамаглалд тулгуурлан зоос авч, зарах замаар арилжаа хийгддэг.

Тэд яаж хэдийд нь орж, хэдийд нь гарахаа мэдээд байна вэ? гэж үү? Таамаглахад хэрэглэж байгаа гол аргуудын 1 нь Technical Analysis (TA) буюу Дүн шинжилгээ юм. Ханшын түүх, график зэргийг ажиглаж, эрэлтийг тооцоолсноор, ханшийн өсөлт бууралтын ирээдүйг таамаглан, түүнтэйгээ уялдсан арилжааг гүйцэтгэхийг TA гэж нэрлэж байгаа.

Хэдийгээр арилжаа маш ашигтай санагдаж байж болох ч, эрсдэл тэр хэмжээгээр их гэдгийг мартаж болохгүй. Шууд ороод л хүч үзээд эхлэж болох ч, амжилтанд хүрэхийн тулд багагүй хугацаа, их судалгаа шаардана шүү.

Арилжаатай холбоотой мэдээллүүдийг сүүлд нэмж нийтлэхийг бодъё.

Арилжаанд оролцогч "тоглогч" болохыг хүсч байгаа хүмүүст зориулаад би удахгүй хэрхэн эхлүүлэх заавар оруулах болно оо.

Хөрөнгө оруулалт

Урт хугацаандаа буюу алсдаа ашиг хийнэ гэж зорьж байгаа хүмүүс бол хөрөнгө оруулагчид. Байгууллагуудыг хөрөнгө оруулагч нь хэр ашигтай ажиллаж байна, хэр ирээдүйтэй вэ гээд судлаж байгаад хөрөнгө оруулж, түүнийхээ үр өгөөжийг аажимдаа хүртдэг дээ, криптод ч бас яг тийм байдлаар оролцож болно.

Ихэнх хөрөнгө оруулагчид HODL зарчмыг баримталдаг. Тэр нь хөрөнгө оруулагчид тухайн хөрөнгө оруулсан зоосоо ирээдүйд өндөр үнэд хүрч, ихээхэн ашиг өгнө гэж итгээд, урт хугацаагаар хүлээдэг гэсэн үг. Гэхдээ олон хүн итгэж байна аа гээд, үнэхээр ирээдүйд өндөр ашиг өгнө гэсэн үг биш юм шүү! Тухайн зоосныхоо талаар DYOR! Ялангуяа Биткойнруу хөрөнгө оруулах гэж байгаа бол удахгүй нийтлэх мэдээллийг маань уншиж танилцсаныхаа дараа шийдвэрээ гаргаарай гэж зөвлөмөөр байна. Учир нь ханш үргэлж өгсөөд байхгүй. Амьдрал дээр жаргал зовлон ээлжилдгийн адил, үнэ нь өгсөж уруудаж байдаг  жамтай. Их ч олон хүн өндөр үнэтэй байхад нь орж, алдагдал хүлээн, шатсан байдаг юм шүү.

Үнэхээр авахаар шийдсэн бол удахгүй би бас хэрхэн HODL хийгч болохыг зааварласан нийтлэл оруулна аа.

Дэлхийн хамгийн том бирж болох Binance.com (уг биржийн талаар Монгол хэл дээрх танилцуулга нийтлэлийг ЭНД дараад уншаарай.) эсвэл дотоодын анхны бирж болох trade.mn-ийн аль алинд хэрхэн бүртгүүлэх, хэрхэн баталгаажуулалт хийх, хэрхэн арилжаанд оролцох заавруудыг ч бас удахгүй оруулвал ямар вэ? Хариултаа сэтгэгдэлд бичээд үлдээгээрэй.

Дараа дараагийн нийтлэлүүдийг хүлээж үнэхээр тэсэхгүй, яарч байвал гараагаа бага мөнгөөр эхлээрэй гэж зөвлөе.

Тогтмол орлого

Дээрх 2 арга нь тогтмол орлого болохгүй, мөн ихээхэн цаг хугацаа, хичээл зүтгэл шаарддаг тул тэр болгон хүн бүрт тохирохгүй гэдгийг анхаараарай. Гэхдээ өөр нэгэн арга байгаа. Тэр нь ...

Түүхэнд өндөр амжилтанд хүрсэн хөрөнгө оруулагчдын 1 болох Уоррен Баффеттийн хэлснээр:

"Унтаж байхдаа ч мөнгө олж байх арга олохгүй л бол, насаараа зүтгэх хэрэг гарна"

гэж үнэн шүү.

Тогтмол орлого олох арга маань болохоор байгаа зоосоо эргэлдүүлж, олшруулах арга юм аа. Яагаад бүгд энэ аргыг хэрэглэдэггүй юм бэ гэж гайхаж байна уу? Магадгүй тэд мэддэггүй байх, магадгүй тэд шуналтдаг байх, магадгүй тэд арилжааг илүүд үздэг, хангалттай цаг зав, мэдлэг, туршлагатай ч байх.

Энэ арга маань ямар зарчмаар ажилладгыг одоо товч тайлбарлая л даа. Зээл гээд ойлгочихож болно. Байгаа зоосоо эрсдэлгүйгээр бусдад зээлдүүлээд, эргүүлээд ашгын хувиас хүртэх замаар ажилладаг гэсэн үг.

Олборлолт (Mining)

Маш чанга дуутай, өндөр үнэтэй, халдаг төхөөрөмжүүд ажиллуулсныхаа шанд зоос олохыг олборлох гэж нэрлэж байгаа. Тэрнээс биш 12, 24 цагт 1 удаа дардаг ч юм уу, минут тутамд сурталчилгаа үздэг ч юм уу, тэр бол олборлолт биш, манайхан тэрийг олборлолт гэж худал нэрлээд, хайран цагаа гарздаад байгаа их ажиглагддаг шүү.

Олборлолт нь крипто сүлжээний баталгаажуулалт болдог ч түүнээс өөр баталгаажуулалт хийх арга бас байдгыг хүмүүс тэр бараг мэддэгүй. Тэр нь:

Барьцаа (Staking)

Хүмүүс сонирхож байвал дараа дэлгэрэнгүй нийтлэл бичье.

Нууцлал ба Аюулгүй байдал

Маш чухал сэдэв дээ.

Тэгэхээр энд товчхон чихэж байхаар дараа дэлгэрэнгүй, уртааааас урт нийтлэл бичсэн нь дээр байх.


Анхлан сонирхож байх үедээ бичиж байсан нийтлэлийг маань ЭНД-ээс уншаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!