Bitcoin-ийн талаар ...


BitCoin гэж юу вэ?
Bitcoin гэдэг нь цахим мөнгөн тэмдэгт (cryptocurrency)-ийн 1 юм. Тэр тусмаа хамгийн анхны, хамгийн том нь бөгөөд өдгөө зах зээл дээр хамгийн хүчирхэг нь болоод байгаа билээ.

АНУ-н Доллар-ыг USD гэж тэмдэглэдэгтэй адил BitCoin-г BTC гэж тэмдэглэдэг.


Satoshi гэж юу вэ?
Satoshi гэдэг нь BTC-н задгай нэгж юм. USD дээр жишээ авбал Satoshi нь BTC-ийн хувьд cent гэсэн үг. Гэхдээ 1 BTC нь 100'000'000 Satoshi-той тэнцэнэ.

Satoshi-гаас өөр хэмжих нэгжүүд бий. Үүнд:
- MilliBitCoin = BTC/1'000 буюу 1 mBTC = 0.001 BTC = 100'000 Satoshi
- MicroBitCoin = BTC/1'000'000 = 0.000001 μBTC = 100 Satoshi

Bitcoin хэр ашигтай вэ?
Үүнийг хэн ч шууд танд хэлж өгөхгүй, чадах ч үгүй. Харин таны бизнесийн алсын хараа, оновчтой төлөвлөлт л танд ашиг авчирна. Та хэрэв BTC ирээдүйгүй, эрсдэлтэй гэж харж байвал, тийм ээ, таны зөв. Та энэ бизнест ороод хэрэггүй. Харин үүнийг ирээдүйн мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, ашгын ундрага гэж харж байвал, мөн л таны зөв. Та хүч сориод үзэх хэрэгтэй. Тэрбумтан болчих ч юм билүү.

Bitcoin-ы үүсэл, хөгжил
Анх 2009 онд гарч ирсэн ба тухайн үедээ үнэгүй шахуу байсан бөгөөд 2010 гэхэд 1 BTC ердөө 8 cent-тэй тэнцсэн. Хэдийгээр маш алгуурхан ч гэсэн өсөлт ажиглагдаж байсан энэ мөнгөн тэмдэгт 2011 гэхэд 1 BTC =  USD болж АНУ $-той тэнцсэн нь том амжилт байлаа. Гэвч өсөлт үүгээр зогссонгүй, 1 BTC = 31 USD хүртэл харвасан сум мэт өсөж чадсан, гэсэн хэдий ч 2011 оны сүүл гэхэд уналтанд орж 1 BTC = 2 USD-тэй тэнцэж түүний үнэ зах зээл дээр тогтворгүй гэдгийг нотлосон байна. Хэдийгээр тийм боловч түүнийг дэлхий нийт хөсөр хаяж, мөхөөсөнгүй. Дэгэн догон өсч буурсаар 2017 оны 09 сард түүхэн дэх хамгийн өндөр буюу 5'000 USD-тэй тэнцэж амжилтыг тогтоосон. Тухайн үед уг мөнгөн тэмдэгт 7'500 хүрэх ч боломжтой гэж тооцсон байсан хэдий ч Хятадын засгийн газрын Cryptocurrency-д тавих хууль эрх зүйн орчин, хяналтын өөрчлөлттэй холбоотой хориг нь BTC сонирхогчид дунд буруу ойлголт өгснөөр үнэ эргэн 3'000 хүртэл унасан ч одоо (2017 оны 10-р сар) эргэн 4'500 болтлоо сэргээд байна. Цаашид улам нэмэгдэж 10'000 давах ч боломжтой байдал ажиглагдаж байгаа.

Bitcoin хэр найдвартай вэ?
Энэ асуултанд мөн л танд хариулт өгөх хүн олдохгүй л болов уу, гэхдээ би өөрийн бодлыг энд дурдая гэж бодлоо. Тэгэхээр BTC бол зах зээл дээр ноёлож байгаа хамгийн хүчтэй, хамгийн том нь, мөн хамгийн удаан зах зээлд оршин тогтнож чадсан цахим мөнгөн тэмдэгт шүү дээ. Тэгэхээр миний хувьд бол найдвартай байдал бусадтай харьцуулахад өндөр.

Гэхдээ та хэдэн зүйлийг анхаарах хэрэгтэй, уг мөнгө ямар ч банкинд хадгалагддаггүй, ямар ч улсын засгийн газар үүнд хяналт тавьж чаддаггүй. Өөрөөр хэлбэл 100% хараат бус, 100% хийсвэр.

Анхаарах шаардлагатай зүйл: Зөвхөн тодорхой албан газарт хамаарах бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөрийг хийх зориулалт бүхий цахим тэмдэгтүүд гэж бий. Тэдгээр нь тухайн байгууллагын тогтоосон үнээр борлуулагдах бөгөөд тухайн байгууллагын заасан үйлчилгээнд л төлбөр хэлбэрээр ашиглагддаг. Иймэрхүү цахим мөнгө нь өөр бусад хаана ч ямар ч эрх, үүрэггүй тул, ашиг өгөхгүй, хэрэггүй зүйлд тооцогдох эрсдэлтэй.

Bitcoin-ы бизнест нэвтрэх
Мөнгөтэй ч бай, мөнгөгүй ч бай BTC эсвэл бусад цахим мөнгийг олох, өсгөх, борлуулах боломжтой. Хэрхэн яаж, ямар боломжууд байгаа талаар доор товч дурдъя:

1. Даалгавар гүйцэтгэх, сурталчилгаа үзэх, баг бүрдүүлж ажиллах (сүлжээний зарчмаар), азаа үзэх зэргээр (гарааны мөнгөгүй байсан ч олох боломжтой, гэхдээ цаг хугацаа, зүтгэл их шаардана)
2. Наймааны арга хэлбэрээр ашиг олох (BTC худалдаж аваад, өндөр үнээр борлуулах нь өргөн тархсан арга. Гол нь үнийн өсөлт/бууралтыг тогтмол хянаж ажиллах шаардлагатай. Наймааны гүйлгээ ухаантай хүнд бол амархан. 8 шарга дээр зогсож байна л гэж өөрийгөө төсөөлөөд ажиллана гэсэн үг)
3. Олборлох (хүний оролцоогүйгээр BTC цуглуулах хамгийн амар арга, өгөөж өндөртэй ч өртөг бас өндөртэй)
А. Програмын тусламжтайгаар дурын интернэт холбогдсон төхөрөмж ашиглан олборлолт хийх (Дотроо хамтрал болон бие даасан гэсэн 2 төрөл байдаг хэдий ч эцсийн үр дүн нь онцын ялгаагүй)
Б. Тусгай төхөөрөмж ашиглан олборлолт хийх (өндөр зардлаар гараагаа эхлэх ч үр ашиг өндөртэй арга хэлбэр гэж тооцогдож байгаа)
В. Үүл технологид суурилсан олборлолт (төлбөр тушааж ашиглаж болох үйлчилгээ, өндөр хурдны олборлолт гүйцэтгэх чадвартай хүчирхэг серверт өөрийн орон зайг түрээслээд тухайн үйлчилгээний хүчинтэй хугацааг дуусан дуустал серверийн олборлолтоос хувь хүртэнэ)

Дээрх аргуудаас нийтлэлийн төгсгөлд дэлгэрэнгүй танилцуулна.

Hash гэж юу вэ?
Hash нь олборлолтын хурдыг хэмжих/илэрхийлэх нэгж юм. Жишээ нь: 100 H/s гэвэл таны компьютер секундэд 100 hash олборлолт гүйцэтгэж байна гэж ойлгоно.

Энэ нэгж нь компьютерийн системийн нэгжүүдийн адилаар KH, MH, GH, TH, ... гэж тэмдэглэгдэнэ. Өөрөөр хэлбэл:
KH : kilo hash = 1'000 hash
MH : mega hash = 1'000 KH = 1'000'000 hash
GH : giga hash = 1'000 MH = 1'000'000 KH = 1'000'000'000 hash
гэх мэт.

Таталт гэж юуг нэрлээд байна вэ?
Цуглуулсан эсвэл олборлосон BTC болон бусад цахим мөнгийг өөрийн дансруу татах, хураахыг ТАТАЛТ ХИЙХ гэж нэрлэж байгаа.

Wallet гэж юу вэ?
Нэгэнт уг мөнгө нь хийсвэр учир, түүнийг хадгалах хамгийн чухал асуудал болж хувирна. Тэгвэл уг асуултын хариулт нь ХЭТЭВЧ буюу цахим мөнгийг хадгалах цахим ТҮРИЙВЧ. ДАНС гэж нэрлэсэн ч болно.

Тусгай сервер дээр байршуулсан уг хэтэвч зөвхөн цахим мөнгийг л хадгалах зориулалттай. Үнэгүй дансаа нээгээд л олсон, цуглуулсан, авсан бүх BTC болон бусад мөнгөө хадгалж болно. Шилжүүлж бас гүйлгээ хийж ч болно. Энгийн данснаас ялгаагүй.

BitCoin-ыг хадгалах бусад аргууд
Хэрэв дээрх цахим хэтэвч мөн танд найдвартай биш санагдвал өөр хадгалах аргууд бас байгаа. Үүнд:
- Цаасан дээр хэвлээд хадгалах (сертификат, чек-тэй төстэй байдлаар хадгална, таны гарт байж байх учраас интернэт болон хакер, серверийн алдаанаас шалтгаалж алга болно гэж байхгүй, гэхдээ урагдаж, сэмэрч, шатаж, норж устах аюултай)
- Flash/SD card (memory)/HDD дээр файлаар хадгалах (мөн л онлайн биш учир интернэтгүй үед ч ашиглах боломжтой, гэхдээ вирус, форматлах, механик гэмтэл, алдаа гаргах зэргээр устах эрсдэлтэй)