Bitcoin гэж юу вэ?
Биткойн бол крипто буюу крипто валютийн 1 төрөл. Биет мөнгөнөөс (Fiat) ялгаатай нь түүнийг хянаж, удирддаг банк гэж байхгүй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байгаа интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдээс уг валютийн санхүүгийн систем нь бүрэлдэн тогтож, ажиллаж байгаа. Нээлттэй эхийн програмыг нь хэн ч татаад, экосистемд нь орох боломжтой.
2008 онд зарлагдаж, 2009 онд гарч ирсэн анхны крипто юм.
Хүмүүс хоорондоо солилцож, шилжүүлэх боломжтой. Гэхдээ бусад мөнгөн шилжүүлгийнхээс ялгаатай нь, уг мөнгийг:
- хорьж, дансыг нь түгжих боломжгүй.
- хувилж, давхар шилжүүлэх боломжгүй.
- хаанаас ч, хэзээ ч шилжүүлж болдог зэрэг давуу талуудтай.
Юунд хэрэглэгддэг вэ?
Юунд ч хэрэглэж болно. Тэр бол өөрийн тань дур шүү дээ.
Биткойнийг юу үнэ цэнэтэй болгодог вэ?
Хил хязгааргүй, аюулгүй, хурдтай, дундын хяналтгүй гэж дээр дурдсан чанарууд нь үнэ цэнийг нь бий болгодог.
Түүнээс гадна үйлчлүүлэгчдийн нэр, дансны дугаар, картын дугаар гэх мэт мэдээллүүдийг бусдад зарлахгүй, алдахгүй байх боломжтой гэдэг нь их том давуу тал болдог. Хэтэвчний дугаарыг, хийж байгаа гүйлгээг нь л харахаас биш, түүний цаана хэн байгаа зэрэг нь мэдэгдэхгүй гэсэн үг.
Цахим алт гэж нэрлэгдээд буй.
Ийнхүү нэрлэгдэх болсон шалтгаан нь хязгаарлагдмал нөөцтэй нь шууд холбоотой. Ихэнх хэрэглэгчид урт хугацаанд өндөр өгөөж хүртэхийн тулд хадгалж байдаг. Өмнө дурдсанчлан HODL буюу манайхаар ДАРЖ байгаа юм. Тэдний зарим нь бүүр Биткойныг байгалийн шавхагддаг нөөц, ховор эрдэнэс мэт үздэг байна. Тийм ч учраас ханш нь өсөөд л байна эсвэл унасан ч заавал эргэж өндийнө гэдэгт итгэдэг.
HODLer-ууд буюу Дарагчид хөрөнгөө дээрх шалтгаануудаас болоод хөрвөх чадвараас нь харгалзан цахим мөнгийг тэр дундаа Биткойнийг урт хугацаатайгаар хадгалж, алсдаа улам их хөрөнгөтэй болж болно гэдэгт итгэлтэй байдаг байна. Тэднийхээр бол цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Биткойны үнэ цэнэ өсдөг.
Биткойны ажиллах зарчим
1 хүн нөгөөд зоос шилжүүлэх нь түүний алган дээр цаасан дэвсгэрт тавихтай огтхон ч адилгүй. Харин мөнгө шилжүүлж байгаагаа бүх нийтэд зарлаад харуулж байгаатай адил юм. Аль хэтэвчнээс аль хэтэвчрүү гарч байгааг бүх хүн харж болж байгаа тэр зарлалын самбар нь блокчейн технологи нь юм.
Блокчэйн технологийг хэрэглэгч бүрийн төхөөрөмж дээр үүний хуулбар нь хадгалагдсан байх ба шинэ мэдээллийг хүлээн авахын тулд тэд бүгд өөр хоорондоо холбогдсон байна.
Хэрэглэгч гүйлгээ хийх үед гүйлгээний мэдээлэл нь P2P буюу Хэрэглэгч хоорондын сүлжээгээр дамжих ба түүнийг нь хянах банк байхгүй учир тэрхүү шинэ гүйлгээний мэдээллийг нь гинжин хэлхээнд шинээр нэмж оруулахын тулд Биткойны блокчейн нь олборлолт гэх тусгай механизмийг хэрэглэнэ. Тэрхүү механизмийн ачаар хэлхээнд шинэ блок нэмэгддэг.
Блокчэйн гэж юу вэ?
Энэ талаар өмнө тайлбарласан байгаа тул зургыг хараад ойлгохгүй бол ЭНД дараад харгалзах нийтлэлийг нь уншаарай.
Биткойн хууль ёсны эд мөн үү?
Ихэнх улсад хуулиар хориглогдоогүй. Манай улсад ч хориглосон хуулийн заалт байхгүй тул санаа зоволтгүй. Гэхдээ хэрэв Та яг одоо гадны улсад байгаа бол тухайн улсынхаа хуультай эхлээд 1 заавал танилцаарай, хориглосон улсад яваа ч юм билүү.
Хэдийгээр хориглоогүй ч бас татвар, татаас, шимтгэл гээд л төрөөс янз бүрийн нөлөө орж ирэх нь дамжиггүй. Хэдийгээр одоохондоо нарийн заалт, тодорхой хууль батлагдаагүй байгаа ч, ойрын ирээдүйд бүгд л ар араасаа толгой залган батлацгаах байлгүй.
Биткойны түүх
Бүтээгч нь хэн бэ?
Satoshi Nakamoto гэх нэр нь л мэдэгдэж байгаа хүн эсвэл хүмүүс, эсвэл бүүр байгууллага байж магадгүй. Хэдийгээр түүний/тэдний энэ нэр нь Япон гаралтай боловч түүний төрөлхийн гэмээр Англи хэлний мэдлэг нь түүнийг Англи хэлтэй улсаас гаралтай байх гэж таамаглахад хүргээд байгаа юм.
Програм хангамж, whitepaper буюу танилцуулга 2-ыг нь гаргасныхаа дараахан буюу 2010 оноос тэрээр өдийг хүртэл ямар ч сураг ажиггүй, усанд хаясан чулуу мэт алга болсон байгаа билээ.
Сатоши гэгч нь тэгээд Блокчэйн технологийг үүсгэсэн юм уу?
Үгүй, Биткойн нь үүсээд багагүй хугацааг үдсэн байсан хэд хэдэн технологийг нэгтгэж гарч ирсэн төдий юм. Өөрчилж болдоггүй гинжин хэлхээг аль 90-ээд оны үед Стюарт Хабер, В.Скотт Сторнетта нар бичиг баримтын дугаар тамгалагч хэлбэрээр анх хөгжүүлэн гаргаж байсан.
Хачирхалтай нь Сатошигийн танилцуулга дээр блокчейн гэсэн үг 1 ч удаа дурсагдаагүй байдаг байна.
Биткойноос өмнөх үеийн цахим мөнгө
Биткойноос өмнө гарч ирж байсан дижитал төлбөрийн хэрэгслүүд нь Биткойны суурийг тавьсан гэхэд хилсдэхгүй. Тэдгээр нь DigiCash, B-Money, BitGold зэрэг бөгөөд тэдний талаар товч судлавал:
- DigiCash - Дэвид Чаумын 1980-аад оны сүүлээр бүтээсэн онлайн мөнгөн шилжүүлгийн хэрэгсэл. Centralized буюу Төвлөрсөн систем (Банк мэтийн байгууллагын хяналттай гэсэн үг) байсан, байгууллага нь дампуурч, амжилт олоогүй боловч крипто валютийн үндсийг тавьсан төсөл юм.
- B-Money - Вей Дай гэгчийн 1990-ээд оны үед боловсруулсан мөнгө. Биткойны танилцуулга дээр дурдагдсан байдаг шалтгаан нь Биткойн олборлолтонд хэрэглэгддэг Proof of Work (PoW) буюу "Ажлын баталгаа" систем нь юм. B-Money-ийн 2 дахь хувилбарын тодорхойлон гаргаж ирсэн санаа нь өдгөө зарим крипто дээр Гадаслалтын үүргээр хэрэглэгдсээр байгаа. Харамсалтай нь энэ төсөл ч мөн амьдрал дээр хэрэгжиж чадаагүй билээ.
- BitGold - Ник Сабо хэмээх компьютерийн мэргэжилтний бүтээл бөгөөд хүмүүс түүнийг Сатоши байж магадгүй хэмээн таамаглал дэвшүүлцгээх нь энүүхэнд. Учир нь түүний бүтээлийн нэр, Биткойныхтой тун ойролцоон дээр, мөн адил PoW системийг хэрэглэсэн байдал зэрэг нь ч төстэй байдаг байна. Хэдийгээр мөн л амжилтанд хүрээгүй, замхарсан ч Биткойны үндсийг тавьсан зүйл нь энэ гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Биткойн хаанаас гарч ирдэг вэ?
Шинэ зоос хэрхэн үүсдэг вэ?
Хязгаарлагдмал нөөцтэй ч, бүгд зах зээлд нийлүүлэгдээгүй байгаа. Шинэ зоосыг олборлолт гэх өгөгдөл нэмэгч үйлдлийг гүйцэтгэснээр гаргаж авдаг.
Хичнээн зоос байгаа юм бэ дээ?
21 саяаар нөөц хязгаарлагдахаар програмчлагдсан байдаг. Одоогийн байдлаар 90 хүрэхгүй хувь нь л нийлүүлэгдсэн байгаа. Үлдсэн зооснууд нь гарч дуустал 100 гаруй жил шаардагдана. Олборлолтын шагналд үүсч байгаа зоосыг Хагаслах хэлбэрээр гаргадгаас болж ийнхүү сунжирч байгаа юм. Хагаслалтын талаар дараа уг нийтлэлийн төгсгөлд тайлбарлая.
Олборлолт нь яг яаж ажиллаад байгаа юм бэ?
Олборлогчид нь гинжин хэлхээнд шинэ блок үүсгэдэг буюу өөрөөр хэлбэл гүйлгээнүүдийг баталгаажуулдаг хүмүүс юм. Тэгэхийн тулд тэд маш өндөр тооцоолох чадамжтай компьютер болон тооцоологч төхөөрөмжүүдийг хэрэглэдэг. Блок амжилттай үүсгэсний шагналд зоосоор урамшуулна.
Шинэ блок үүсгэх нь зардал ихтэй боловч баталгаажуулах нь маш хямдхан байдаг. Хэрэв хэн 1 этгээд хулхи блок шахах гэж оролдвол тэр даруйд хянаж, ялгаад түүний үйлдлийг хүчингүйд тооцож, урамшуулалыг нь олгохгүй орхино.
Урамшууллыг нь блок хаасны шагнал гэх ба энэ нь 2 үндсэн хэсгээс бүтдэг. Тэд нар нь:
- Гүйлгээнүүдийн шимтгэл.
- Блокын тэтгэмж - энэ нь шинэ Биткойн үүсэх цорын 1 зам юм. Шаардлагатай бол энийг дараа илүү дэлгэрүүлж тайлбарлаж болох юм.
1 ширхэг блок олборлоход хэр уддаг вэ?
Ойролцоогоор 10 минутанд 1 шинэ блок үүснэ. Хүндрэлийг нь тооцдог тусгай протокол бас ажиллаж байдаг ба тэрхүү хүндрэлийн талаар дараа тайлбар нийтлэл бичиж өгч болох ч ерөнхийдөө ингээд цухас дурдаад өнгөрөөсөн ч болохгүй зүйлгүй л байх.
Биткойнруу яаж орох вэ?
Биткойныг хэрхэн худалдаж авах вэ?
Зээлийн болон төлбөрийн картаар худалдаж авч болох уу?
Зарим биржүүд болно, зарим нь болохгүй. Таньд миний зүгээс санал болгох бирж бол мэдээж дэлхийд тэргүүлэгч Binance. Уг биржийг яагаад сонгох хэрэгтэй вэ, ямар давуу талтай вэ гэдгийг ЭНД дараад уншаарай.
Хэрэв шууд олон улсын хэмжээний том талбарт гарахаас төвөгшөөж байвал Монголынхоо анхны арилжааны бирж trade.mn-д бүртгүүлээд үзсэн ч болно шүү.
Биткойноороо юу авч болох вэ?
Зочид буудлын өрөө, онгоцны тийз, хоол, хувцас гээд л мөнгөөр авч болдог бараг бүгдийг авч болно. Гэхдээ ... манайд бол одоохондоо үл хөдлөх л авах боломжтой байгаа байх.
Хаанаас тэгж юм авч, үйлчлүүлж болдог юм бол?
Биткойноор төлбөр төлөх боломжтой газруудыг газрын зураг дээр тэмдэглэсэн байгаатай танилцана уу.
Зоосоо алдчихвал яах вэ?
Хянаж, зохицуулах банкгүй учраас хариуцлагаа Та өөрөө 100% үүрнэ. Хадгалах арга замууд нилээд бий. Жишээлбэл:
- Арилжаа, солилцооны биржүүд дээр
- Төрөл бүрийн хэтэвчинд
Биткойноо шилжүүлгээ цуцлах, буцаах боломжтой юу?
Бараг л боломжгүй. Нэгэнт блокчейнд бичигдэхээр болсон л бол тэгээд бичигдэх л болно доо. Түүнийг устгах, өөрчлөх боломжгүй гээд түрүүнээс хойш их ч бичсэн дээ. Тиймээс шилжүүлэг хийхдээ маааш хянамгай хандаж, 2 бүүр 3 дахин нягтлаж байх хэрэгтэй! Банкны гүйлгээ шиг дулимагтуулж болохгүй.
7 хэмжиж 1 огтло гэдэг дээ!
Хамгийн чухал анзаарах ёстой зүйл бол илгээж буй хаяг. Цээжлэх, шивэхээс ч залхуурам урт, олон өөр тэмдэгт холилдсон сайхан код байгаа шүү дээ. Тэрийгээ л алдаагүй бичсэн бол тэгээд боллоо дөө, миний хөө.
Үгүй яахав, 51%-ийн дайралт гэж аргаар цуцлаж болдог гэнэ билээ. Тэрийг дараа нухацтай судлаж үзчихээд, Та нартай хуваалцъя даа.
Биткойноос орлого олох нээрэн боломжтой гэж үү?
Болно оо, зөндөө хүмүүс олоод байна шүү дээ. Гэхдээ бас алдах ч эрсдэлтэй, зөндөө хүмүүс алдаж, шатаж байсан, байгаа, байх ч болно.
HODL хийгч байна уу, тоглогч байна уу, хамаагүй бүгд дагах ёстой:
Алдаж чадах хэмжээний мөнгөөрөө л ор!
гээд 1 сайхан алтан дүрэм байгаа. Аль ч төрлөөр хөрөнгө оруулж байсан энэ дүрмийг хэзээ ч зөрчиж болохгүй шүү!
За, тэгээд эднийг бас хооронд нь харьцуулаад байх нь хаашаа юм, СӨХ-гээд тэгээд өөрт тохиромжтой хэлбэрээр оролцоно уу, эсвэл бүүр байна уу, Таны л сонголт.
Дээрх 2-оос гадна бас хосолмол арга барилтай хөрөнгө оруулагчид бас байна аа. BTC-г HODL хийгээд, бусдаар нь тоглодог г.м.
Дээрх аргуудын алийг нь ч зөвтгөж эсвэл буруутгах боломжгүй. Хүн хүний сонирхол, боломж, эрсдлийг дүгнэх, аз сорих, мэдлэг, туршлага өөр шүү дээ.
Сүүлийн үед Зээл гээч сайхан арга бас их хэрэглэгдэх болсон. Тогтмол орлогын хэлбэртэй учраас хөрөнгө оруулагчдад их таалагддаг байх боломжтой. Binance гээд миний Та нарт санал болгоод байгаа бирж дээр дээрх аргууд бүгд боломжтой шүү.
Биткойны зах зээлийн үзүүлэлтүүдийг харах бол ЭНД дараад CoinMarketCap (CMC) хуудсанд зочлоорой.
Зоосоо хэрхэн хадгалах вэ?
1. Өмчлөлийн хэлбэрээр
Арилжааны вебүүд ихэвчлэн ийм хэлбэрээр хадгалж байгаа. Энэ хэлбэр нь зоосыг эзэмшигч нь өөр дээрээ бус дансанд байршуулсан мэтээр бусдад харуулж, хамгаалуулах хэлбэр юм. Шууд арилцжаанд оролцоход тохиромжтой байдаг учраас тэр. Гэхдээ зоосруугаа хандахын тулд заавал байршуулсан вебрүүгээ нэвтрэх хэрэгтэй болно.
Ийм хэлбэрээр хадгалах гэж байгаа бол хамгаалалт өндөртэй, найдвартайг нь сонгоорой. Тэгэхгүй бол хэдийгээр блокчейн технологи нь хакдуулах боломжгүй ч, арилжааны вебийн хамгаалалтын цоорхойгоор нэвтрээд зоосыг чинь туучих боломжтой шүү.
2. Хэтэвчинд хадгалах
Зоосыг эзэмшигч бүрэн эзэмшиж, хариуцна. Хэтэвч гэдэг нь Таны халаасанд байгаа мөнгөний түрийвч шиг зүйл боловч дотроо бас 2 янз байх бөгөөд яг ч түрийвч шиг зоосыг тань хадгалаад байж байдаггүй. Харин зоосондоо хандах далд түлхүүрийг тань хадгалж байдаг юм.
2.1. Hot wallet буюу махчилж орчуулвал Халуун хэтэвч
Цахим хэтэвч гээд ойлгочиход болно. Интернэт холбогдож ажилладаг програм хангамж хэлбэрийн хэтэвч бөгөөд гар утас, компьютер дээр хадгалагдаж, хэрэглэгдэнэ. Жишээ болгон танилцуул гэвэл манай нөгөө Binance-ийн Trust Wallet гэж байдаг. Өөр зөндөө байгаа л даа, энэ талаар гэхдээ DYOR.
Ийм төрлийн хэтэвчнүүд гүйлгээ хийхэд хялбар, шуурхай байдаг ч, халдлагад өртөх эрсдэл нь нөгөө төрлийн хэтэвчнүүдээс өндөр.
2.2. Cold wallet буюу Хүйтэн хэтэвч
Биет хэтэвч гэчихэд бараг буруудахгүй байх. Интернэтэд ямар 1 байдлаар холбогддоггүй хэтэвчнүүд энэ ангилалд хамаарна. Хакерийн халдлагад өртөөд байх бараг боломжгүй ч, хэрэглэгчийн салан задгай, хайхрамжгүй байдлаас үүдэн алдагдах эрсдэл ихтэй. Дотроо бас 2 төрөлд хуваагдана.
- Цаасан хэтэвч - Цаасан дээр хэвлээд, хадгалдаг төрөл.
- Хэтэвчин төхөөрөмж - Тусгай зориулалтын төхөөрөмжин дээр хадгалдаг төрөл.
Тус бүрийнх нь талаар дараа тайлбарлаж бичиж ч магадгүй, залхуу хүрвэл бичихгүй хаяж ч магадгүй.
Хагаслалт гэж юу вэ?
Блок хаасны шагналыг багасгадаг явцыг ийн нэрлэж байгаа. Хагаслалт бүрийн дараа блок хаасны урамшуулалд олгох шагналын зоосны хэмжээ 2 дахин багасна гэсэн үг. Гэхдээ энэ нь шилжүүлгийн шимтгэлд огтоос нөлөөлөхгүй тул санаа зовоод байх зүйл байхгүй.
Хагаслалт яаж ажилладаг вэ?
Биткойн дөнгөж анх гарч ирэхдээ блок хаах бүрт 50 биткойны урамшууллыг олборлогч нарт хувааж өгдөг байсан. 12 оны 11-р сарын 28-нд анхны Хагаслалтын дараа урамшууллын зоосны хэмжээ 25 болж буурсан. 2 дахь Хагаслалт 16 оны 7-р сарын 9-нд хийгдэж, шагнал 12,5 хүрч, цаашлаад 2020 оны 5-р сарын 11-нд 6,25-д хүрсэн байгаа.
Хэдэн сарын ялгаа байгаад байгааг эс тооцол 4 жил тутамд 1 удаа Хагаслалт хийгдэж байгаа ч энэ нь цаг хугацаанаас бус олборлолтоос шууд хамаарч байгаа юм. Нарийвчилвал 210'000 блок тутамд 1 удаа Хагаслалт хийгдэхээр програмчлагдсанаас үүдэлтэй юм.
Олборлогдсон хэмжээ ихсэх тусам шагнал багасна гэж ойлгож болно. Гэхдээ айлтгүй, 2140 он хүртэл олборлолтын урамшуулал олгогдсоор байхаар програмчлагдсан байгаа.
Хагаслалт ямар хэрэгтэй юм бэ?
Сатоши өөрөө ч танилцуулган дээрээ энэ талаар тайлбар хийгээгүй. Гэхдээ урт хугацаанд барих үүднээс ингэж тохируулсан байж болох юм. Тэгээгүйсэн бол 2012 онд 50% нь олборлогдсон шигээ эрчээр үргэлжилсэн бол 2016 он гэхэд аль хэдийн бүх нөөц нь нийлүүлэгдчихсэн байж байх байсан. Хэрэглэгчдийг татахаас гадна шимтгэлийн зах зээл бүрэлдэх хугацааг нь бий болгож өгөх зорилготой байсан байж болох юм.
Хагаслалт нь зах зээлд хэр нөлөө үзүүлдэг вэ?
Хагаслалтын нөлөөг хамгийн ихээр мэдэрдэг хүмүүс нь олборлогчид. Тэдний авах урамшуулал нь улам бүр хоргодож байгаа ч гүйлгээний шимтгэлийн дүн өнөөдрийг хүртэл уг урамшуулалтай нь харьцуулахад маааааш өчүүхэн байдаг тул айж сандраад байх хэрэггүйг илтгэнэ.
Хагаслалтаас улбаалан нилээдгүй олборлогч олборлохоо зогсоосон ойлгомжтой. Гэсэн ч урамшуулал байгаа цагт олборлогчид байж л байх нь тодорхой. Тэдний технологийн чадал л улам бүр хүчирхэгжсээр байгаа болов уу.
Гэвч хэрэв цаашид ч PoW алгоритм дээр тулгуурласан хэвээр байвал, яваандаа олборлолтыг ашигтай болгохын тулд шимтгэлийн хэмжээ өсөх нь маргаангүй.
1 блокт бичигдэх гүйлгээний мэдээллийн хэмжээ хязгаартайгаас хойш, хэт их гүйлгээ хийгдээд ирэх үед өндөр шимтгэл төлсөн гүйлгээний мэдээллийг түрүүлж блокт бичих замаар гүйлгээний хурдыг алдагдалгүй зохицуулах байх гээд бодоод үзвэл шимтгэл өсөх нь цаг хугацааны асуудал болж таарч байгаа биз?
Биткойны үнийн түүхэн үсрэлтүүд нь бас Хагаслалттай хамааралтай байгааг анзаарах боломжтой. Хэдийгээр бид 2-хон Хагаслалт туулсан байгаа ч, ерөнхийдөө, Хагаслалт ямар их нөлөөтэйг Ханшын графикаас тулгаад Та өөрөө 1 шүүгээд хараарай.
Гэвч дээрх онолыг сөрөх онолууд бас бий. Жишээ нь: Угаасаа Хагаслалт явагдаж байгааг хүн бүр мэдэж байхад, үнийг хөөрөгдөх ямар ч үндэслэл байхгүй байж болно. Мөн эхний 2 Хагаслалтын үеэр зах зээл хөлөө хангалттай олоогүй байсан учраас л хэт хэлбэлзсэн байж бас болох юм.
Дараагийн Хагаслалт нь хэзээ болох вэ?
2024 онд. Урамшууллын хэмжээ 3,125 болно. Яаж мэдэж байна вэ? гэхээр 1 блок хаахад 10 орчим минут болж байгаа бас 210'000 блок тутамд 1 удаа Хагаслана гээд дээр бичсэн байгаа даа, тэндээс тооцоод үзвэл ингэж гарч байгаа.
Биткойны талаар буруу ойлголтуудыг залруулцгаая.
Биткойн маш өндөр нууцлалтай гэж үнэн үү?
Нууцлалтай нь үнэн хэдий ч, шилэн данс мэт бүх гүйлгээг бүгдэд ил харуулж байдгыг бүү март. Хэдийгээр хэтэвчнийх нь хаягаар эзнийг нь олох боломжгүй ч, боломж, чадал нь бүрдсэн ажиглагчид холбоод олчихож дөнгөнө.
Хийж байгаа бүх гүйлгээг чинь харах боломжтой учир өндөр нууцлалтай гэхэд жаахан хэцүү ч, нууцлалыг нь нэмэх аргууд бас байдаг. Жишээ нь Нууц гүйлгээ г.м.
Биткойн ер нь луйвар юм биш үү?
Үгүй, хэдийгээр гэмт хэргийг санхүүжүүлэх, мөнгө угаас зэрэгт BTC-г хэрэглэх явдал гарч байгаа, бэлэн мөнгөөр ч бас тийм зүйл хүмүүс хийж л байдаг шүү дээ. Тэглээ гээд бэлэн мөнгийг луйвар, хууль бус гээд байсан тохиолдол байхгүй биз дээ?
Пирамид схемийн тодорхойлолтуудад нийцээд, тийм ангилалд багтчихаагүй л бол ер нь бол тэгээд луйвар биш л дээ.
Гэвч BTC-г их олон буруу зүйлд ашиглаж байгааг бас анхаарах нь зүйн хэрэг болов уу. Наад захын жишээ нь л гэхэд Ransomware буюу файлуудыг тань тусгай алгоритмоор түгжээд, нээж авмаар байвал BTC-р төлбөр төл гэх мэт барьцаалах үйлдэл сүүлийн үед ихээр хийгдэх болсон. Мөн Фишинг гэх луйврын хэлбэр бас их өргөн тархаж байгаа. Энэ нь албан ёсны мэтээр хуурч, дансруу тань нэвтрэх нууц үгийг олж авах заль юм. Эдгээр луйвруудын талаар, тэдгээрээс хэрхэн сэргийлэх талаар заавар, зөвлөгөө, мэдээллийг бичнэ дээ л гээд бодоод л яваад байгаа юм, 1 л сайхан нартай өдөр бичих байлгүй дээ.
Биткойн их хөөсрөх юм. Хөөс юм биш үү?
Үнийн огцом огцом өсөлтүүдээс нь шалтгаалан Биткойныг өндөр эрсдэлтэй хөөс гэх нь бий. Тэгж үзэх хүмүүс нь Биткойныг Тюльпаномания болон .com тэсрэлттэй жишдэг.
Биткойны ханш нь зохицуулах банкгүйн улмаас чөлөөт зах зээлийн шууд нөлөөллөөр өөрчлөгдөж байдаг ба ханшинд нөлөөлдөг олон олон хүчин зүйлс байдаг ч тэд бүгд зах зээлийн эрэлт, хэрэгцээ болон нийлүүлэлт, нөөцөөс шууд хамаарч байдаг.
Нийт хэмжээ, нийлүүлэлтийн уягдал зэргээс шалтгаалж Биткойны эрэлт цаг хугацаа өнгөрөх тусам нийлүүлэлтээсээ хэт давж болзошгүй.
Үүний дээр крипто зах зээл нь бодит хөрөнгийн зах зээлтэй харьцуулахад хамаагүй жижиг, залуу байгаа нь түүний ханш үсрэмхий байгаагийн шалтгаан болж байж бас болно. Богино хугацаанд ашиг олоод гарах арилжаанууд буюу тоглолт нь ч мөн зах зээлийн ханшийн савлагаанд хүчтэй нөлөө үзүүлж байна.
Тиймээс Биткойныг эрсдэл өндөртэйд тооцох нь зүйн хэрэг юм.
Ямар ч зах зээлийн хувьд хөрвөх чадвар, нөөц багатай хөрөнгөний хувьд савлагаа бол энгийн үзэгдэл гэдгийг гэхдээ бас ойлгох хэрэгтэй болов уу.
Биткойны нууцлал хэр вэ?
Бүх хүнд гүйлгээнүүдийг ил тод харуулах зарчмаар тэдгээрийг баталгаажуулж байдаг учраас нууцлал бараг байхгүй гээд ойлгочихож болно. Гэхдээ нууцлалтай зооснууд бас байна аа.
Хэдийгээр нууцлалын алгоритм хэрэглэдэг апп, веб, үйлчилгээнүүд байдаг ч тэд ихэвчлэн хэрэглэгчийн хувийн мэдээлэл, бүртгэлрүүгээ нэвтрэх нууц үг болон хэтэвчний далд түлхүүрийг хамгаалах зэрэгт л тэдгээр алгортмаа хэрэглэдэг. Блокчэйн технологи бол ямагт ил тод байж байдаг.
Биткойн хэр ирээдүйтэй хэр вэ?
Өргөтгөх боломжтой юу?
Өргөтгөл гэж хэрэгцээ шаардлага, эрэлт ихсээд эхэлвэл системийг томруулахыг хэлнэ. Жишээлбэл хэрэглэгчийн утасны багтаамж дүүрээд байвал SD карт нэмж хийгээд, хэрэглэдэгтэй адил юм.
Гэвч цахим ертөнцийн хувьд энэ ойлголт нь блокчейн технологийг нь сайжруулах замаар түүнийг илүү их гүйлгээ хийх чадвартай болгохыг өргөтгөл гэж ойлгоно.
Шимтгэл ямар хэрэгтэй вэ?
Өдөр тутам их хэмжээний гүйлгээ хийгдэх учраас хурдтай байх хэрэгтэй. Гэтэл нэгж блок тодорхой хэдхэн тооны гүйлгээг л боловсруулах боломжтой.
Дээр хэлсэнчлэн олборлогч нар гүйлгээг баталгаажуулсныхаа төлбөрт блок хаасны урамшуулал авч байгаа. Тэрхүү шимтгэл нь олборлогчид бараг цалин болоод очно гэсэн үг. Түүнийгээ тэд олборлогч төхөөрөмжөө сайжруулах, арчлах, олборлоход зарцуулсан их хэмжээний цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөх зэрэгт зарцуулна. Тиймээс тэдэнд өндөр шимтгэл төлж байгаа гүйлгээг эхэлж боловсруулах нь илүү өгөөжтэй байдаг.
Сүлжээний "хүлээлгийн өрөө" буюу Memory Pool (mempool)-нд хэт олон гүйлгээ овоорсон үед шимтгэл өсөх ба, тэр үед яаралтай хийх шаардлагатай гүйлгээнд илүү өндөр шимтгэл төлөх шаардлага үүснэ гэсэн үг. Түүхэндээ шимтгэлийн дээд хэмжээ хамгийн өндөр нь 50 долларт хүрч байсан.
Биткойн хэр их гүйлгээг боловсруулах чадамжтай вэ?
Блокт бичигдэх боломжтой гүйлгээний мэдээллийн дундаж хэмжээнээс тооцож үзвэл Биткойн секундэд 5 гүйлгээг боловсруулах боломжтой. Төвлөрсөн төлбөр тооцооны системүүдтэй харьцуулахад нь энэ нь маш бага үзүүлэлт юм.
Цаана нь бүхэл бүтэн өгөгдлийн төв ажиллаж байдаггүй учир, блокийн хэмжээг хязгаарлах нь зүйн хэрэг. 100'000 гүйлгээний мэдээллийг багтаах хэмжээний том блоктой болгож болох ч, тэгэх нь төвлөрсөн бус системийг гажуудуулах аюултай. Шинэ мэдээллийг 10 орчим минутанд 1 л удаа татдаг гээд дээр бичсэн дээ. Тэр нь татахад маш төвөгтэй, удаан, ачаалалтай байгаад байвал ажиллагаад бүр ч их хүндрэл үүснэ шүү дээ.
Тиймээс хэрэв Биткойныг төлбөрийн хэрэглэл болгох бол хэмжилтийн өөр арга олох шаардлагатай зайлшгүй тулгарч байгаа юм.
Lightning Network гэж юу вэ?
Хэд хоногоос энэ талаар дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэл бичиж оруулна аа. Тэр хүртэл доорх хураангуй тайлбартай танилцаж байх уу?
Lightning Network буюу Аянгын сүлжээ нь Блокчэйн дээр суурилсан, P2P гүйлгээг хурдасгах зориулалттайгаар бүтээгдсэн өргөтгөлийн шийдэл юм.
Энэ шийдэл нь гүйлгээг Блокчэйнээс гадуур гүйцэтгэдэг учир үүнийг 2-р давхаргын шийдэл гэж нэрлэх нь ч бий. Бүх гүйлгээг суурь давхарга дээр бичихийн оронд түүн дээр суурилсан өөр протоколд өгөгдлөө хуулдгаараа ялгаатай.
Үнэ төлбөргүйгээр, маш өндөр хурдтай гүйлгээ хийх боломжыг хэрэглэгчдэд олгодгоороо давуу талтай хэдий ч, Блокчэйнд байдаг шиг хэмжээний хязгаарлалтууд байдаггүй учир, илгээгч, хүлээн авагч 2 гүйлгээ хийхийн тулд тусгай хаягруу эхэлж зоосоо хуулах шаардлагатай. Тэрхүү хаяг нь тухайн зоосыг 2 тал, 2-уулаа хүлээн зөвшөөрсөн нөхцөлд л гүйлгээнд оруулдгаараа онцлог.
Энэ нь үндсэн гинжин хэлхээнд ямар хэмжээний зоос хөдөлгөж байгааг зарлахгүйгээр, зөвхөн оролцогч 2 талын дунд, хувийн шилжүүлэг мэтээр хийгдэнэ гэсэн үг юм. Гүйлгээний талаарх өгөгдөл нь үндсэн хэлхээрүү гүйлгээ хийгдэж дууссаны дараа бичигдэх ба тэр үед тусгай протоколын тусламжтайгаар дүнг блокруу бичдэг байна.
2 талын аль нь ч луйвардаж, хулхидах оролдлого хийх магадлалтай тул хамгаалалтын протокол зөрчлийг хянаж, хариу арга хэмжээг авч ажиллаж байдаг.
Үндсэндээ, ийм төрлийн гүйлгээний суваг нь хэрэглэгчдээр гинжин хэлхээнд дараах 2 гүйлгээг хийлгүүлнэ гэсэн үг. Эхнийх нь дундын тусгай хаягруу зоосоо илгээх, 2 дахь нь тэрхүү зоосоо зохих хаягруу гаргаж авах. Энэ суваг нь 1 дор олон мянган гүйлгээ хийх боломжыг бүрдүүлж өгдөг бөгөөд илүү сайжруулж, хөгжүүлэх нь том блокчейн хэлхээний хувьд маш чухал эд анги нь болж өгөх боломжтой юм.
Салаалалт гэж юу вэ?
Биткойний маань эх нь нээлттэй учир хэн ч хуулбарыг нь өөрийнхөөрөө өөрчлөн ашиглах боломжтой. Өөрийн хэрэглээндээ нийцүүлэн дүрмүүдийг нь өөрчилж, эсвэл нэмж, хасч болно. Гэвч зарим дүрмүүд сүлжээтэй харших бүүр огт нийцэмжгүй болох нь бий.
Салаалалтыг ойлгохын тулд түүний төрлүүдийг эхлээд ойлгох хэрэгтэй.
1. Soft fork буюу Сул салаалалт гэж юу вэ?
Хуучин заагдсан байсан дүрмүүдтэй нийцэх шинэ дүрмүүд бүхий салаалалтыг Сул салаалалт гэнэ. Жишээ нь блокийн хэмжээ 2 Mb-аас хэтрэх ёсгүй гэсэн хуучин дүрэм дээр 1 Mb-ээс хэтэрч болохгүй гээд нэмж оруулсан бол энэ нь Сул салаалалтанд хамаарна.
Салаалалтын дараа аль ч хэлхээнд өгөгдлүүд хуулагдах боломжтой байх боловч, өөр өөрийн дүрмээ баримталсан хэвээр байна. Доорх зурагт салаа тус бүр шинэ өгөгдлийг хэрхэн өөр өөрийн дүрмээр хүлээж авч байгааг харуулсан байгаа.
Ухаалаг аргаар уг салаалалтанд блокын болоод шилжүүлгийн шинэ төрлийг тусгаж өгсөн байдаг ба тэрхүү шилжүүлгийн шинэ төрөл нь гол хэлхээн дээр баталгааждаггүй ч, блок нь зөвшөөрөгдөх учир бичилтэнд саад учирдаггүй.
2. Hard fork буюу Сэт салаалалт гэж юу вэ?
Асуудалтай төрлийн салаалалт гэчихэд бараг буруудахгүй байлгүй. Яагаад гэдгээ жишээгээр тайлбарлая л даа, өмнөхтэй адил үндсэн хэлхээ блокийн хэмжээг 2 Mb-аас илүүгүй байхыг л зөвшөөрнө гээд төсөөл. Гэтэл шинэ салаалж гарч ирсэн хэлхээ маань 3 Mb хүртэл хэмжээг зөвшөөрөх дүрэмтэй байгаа гэвэл шинэ төрөлд бичигдэж байгаа өгөгдлүүд хуучин хэлхээрүү орж багтахгүй болж таарч байгаа биз? Ингээд сүлжээнүүдийн хоорондын үл нийцэл нь шинэ хэлхээ үүсгэхээс өөр аргагүйд хүргэж байгаа юм.
Нэгэнтээ 2 өөр протокол хэрэгжиж байгаа учраас тэнд хэрэглэгдэх зоос нь ч өөр өөр зооснууд болсон гэсэн үг. Гэхдээ шинэ хэлхээ маань гарч ирэхдээ, үндсэн хэлхээний 2-р блок хүртэл бүх мэдээллийг нь хуулбарлаад гарч ирсэн учраас тэр хүртэлх мэдээлэл нь 2 хувь болж таарна аа даа. Тэр нь салаалалтын 1 том давуу тал ч болдог. Яаж вэ гэхээр, салаалалтын өмнө Таньд 20 BTC байсан гээд төсөөлвөл, сэт салаалалтын дараа Таны хэтэвчинд 20 BTC + 20 ШинэBTC байж байна гэсэн үг.
2017 онд шимтгэлийг буулгаж, блокын хэмжээг нэмэх зорилгоор хэсэг бүлэг хүмүүс BTC дээр ийм Сэт салаалалт хийгдсэн нь өдгөө Bitcoin Cash (BCH) болоод байгаа билээ.
Биткойн сүлжээнд хэрхэн оролцох вэ?
Сүлжээ гэж манайхны шуураад, шатаад гардаг Ponzi буюу Понци (пирамид) схемийг хэлж байгаа юм биш шүү. Network-ийг хэлж байгаа. Буруу ойлголт аваад, эндүүрээд яваад байж болохгүй шүү!
Биткойн зангилаа гэж юу вэ?
Биткойн сүлжээтэй ямар 1 хэлбэрээр харилцдаг програмыг ийн нэрлэнэ. Үүнд Блокчэйний бүх мэдээллийг бүтнээр нь хадгалж байгаа компьютер, гар утас дээр суулгасан хэтэвчний апп зэрэг бүгд хамаарна.
Хэд хэдэн төрлийн зангилаа байх ба бүгд өөр өөрийн гэсэн үүрэгтэй. Зангилаа бүр сүлжээнд холболтын цэг болж өгдөг. Системийнхээ хүрээнд тэдгээр зангилаанууд нь гүйлгээнүүдийн болоод блокуудын талаарх мэдээллийг дамжуулна.
Зангилаанууд яаж ажилладаг вэ?
1. Бүхэл зангилаа гэж юу вэ?
Бүхэл зангилаа нь блок болон гүйлгээнүүдийг харгалзах шаардлагад (дээр дурдсан дүрмүүдэд) нийцэж байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулдаг. Ихэнх бүхэл зангилаанууд нь Биткойны үндсэн програм дээр ажиллаж, Биткойны протоколуудын хэрэгжилтийг хангадаг.
Биткойны цөм гэгдэх тэрхүү үндсэн програм нь 2009 онд Сатоши Накамотогын хөгжүүлэн гаргасан програм бөгөөд, тухайн үедээ "Биткойн" гэсэн 1 үгнээс бүтсэн нэртэй байсныг сүүлд зоосноос нь ялгахын тулд өөрчилсөн юм.
Бүхэл зангилаанууд нь Биткойны төвлөрсөн бус байдлыг хангахад оройлон оролцдог ба блок болон гүйлгээнүүдийн мэдээллийг татаж, шалгаад сүлжээний бусад хэсэгрүү хувилж тараах ажлыг гүйцэтгэдэг гол араанууд юм.
Тэдний бие даан мэдээллийг шинжилж, баталгаажуулах чадварын ачаар хэрэглэгчид банкгүйгээр гүйлгээндээ санаа зоволтгүй оролцох боломж бүрддэг.
Бүхэл зангилаа Блокчэйнийг бүхлээр нь өөртөө хадгалсан байвал түүнийг Бүхэл архивт зангилаа гэнэ. Биткойны Блокчэйний гүйлгээний мэдээлэл 200 Gb хүрдэг тул, зарим хэрэглэгчид зай хэмнэх үүднээс хуучин блокуудыг устгах нь ч бий.
Бүхэл зангилааг хадгалж, түгээж буй байдлыг дээрх газрын зураг дээрээс харах боломжтой.
2. Жижиг зангилаа гэж юу вэ?
Бүхэл зангилаатай харьцуулахад гүйцэтгэл, чадвар багатай ч тэр чинээгээрээ бага ачааллаж, бага зай эзэлдэг. Хэрэглэгчдэд сүлжээний мэдээллийг харуулах зэрэг хязгаарлагдмал түвшний боломжуудаг олгодог, цомхотгосон хэлбэрийн зангилаа юм.
Бүхэл зангилаа блокуудыг баталгаажуулахын тулд бүгдийг нь, бүрэн татдаг бол жижиг зангилаа блок бүрээс багахан хэсгийг нь л татдаг. Блокын толгой гэгдэх тэр өчүүхэн хэсэг нь хэмжээний хувьд маш бага байх бөгөөд хэрэглэгчдэд хийсэн гүйлгээгээ хянах нөхцлийг нь бүрдүүлж өгөх зорилготой.
Багтаамж, интернэт холболтын хурд эсвэл хэрэглээний хязгаарлагдмал үед Жижиг зангилаа илүү тохиромжтой байдаг. Хэтэвчнүүд ихэвчлэн ийм зангилааг ашигладаг.
Хэдийгээр Жижиг зангилаанууд баталгаажуулалт хийж чаддаггүй ч, тэд Бүхэл зангилаан дээр тулгуурлан ажилладаг.
3. Олборлолтын зангилаа
Олборлолтын зангилаа гэж блок үүсгэх чадвартай Бүхэл зангилааг нэрлэж байгаа. Блокчэйнд блок нэмэхийн тулд тооцоолох чадвар өндөртэй төхөөрөмжүүд хэрэглэдэ гээд өмнө бичсэн байгаа, тэд энэ зангилааны тусламжтайгаар ажлаа гүйцэтгэдэг.
Олборлолтын зангилаа нь хүлээгдэж буй гүйлгээний мэдээллийг татан авч, бусад мэдээллийн хамтаар хэш хийж, тоо үүсгэдэг. Тэрхүү тоо нь протоколд заасан хэмжээнээс хэтрээгүй байвал түүнийг баталгаажуулж, бусад бүхэл зангилаануудруу илгээх зарчмаар ажиллана.
Бусдаас хамааралгүйгээр олборлохын тулд тэд Бүхэл зангилааг л ажиллуулах шаардлагатай. Тэгэхгүй л бол блокруу аль гүйлгээний өгөгдлийг хуулахаа мэдэх боломжгүй болно.
Бүхэл зангилаагүйгээр олборлох хэрэгцээ тулгарсан бол интернэт холбогдож, хэрэгтэй мэдээллээ татаж авч хэрэглэхээс өөр аргагүй.
Бусадтай хамтарч олборлох үед тэрхүү баг дундаас 1 л гишүүн нь Бүхэл зангилааг ажиллуулж болдог. Тэрхүү хамтралыг нь Pool буюу Сан гэнэ.
Бүхэл зангилааг хэрхэн ажиллуулдаг вэ?
Бүхэл зангилаа ажиллуулах нь хөгжүүлэгч, наймаачин, хэрэглэгчдэд бүгдэнд нь ашигтай. Өөрийн төхөөрөмж дээр Биткойны цөмийг ажиллуулах нь тухайн хүний аюулгүй байдал, нууцлалыг нэмэгдүүлэх ба Биткойны сүлжээг бүхлээр нь бататгаж өгөх давуу талтай. Бүхэл зангилаатай үед экосистемтэй харилцахад бүрэн хараат бус байх боломж бүрдэнэ гэсэн үг.
Дэлхий дээр яг одоо цөөхөн хэдхэн байгууллага л залгаад-шууд-хэрэглэх зангилааг үйлчлүүлэгчиддээ санал болгож байгаа. Тэрхүү зангилааг агуулсан зориулалтын төхөөрөмж нь, асаасан даруйд Блокчэйнийг татдагаараа давуу талтай юм. Хэдийгээр мэргэжлийн бус хүмүүст ийм төхөөрөмжийн хэрэг байхгүй ч, хэрэглэх хүний хувьд өөрөө босгосноос, бэлэн төхөөрөмжийг авч хэрэглэх нь эдийн засагт хэмнэлттэй байдаг байна.
Гэхдээ зангилааг ажиллуулахад хуучин муу компьтерийг ч хэрэглэх боломжтой. Өдөр тутам хэрэглэдэг компьютер дээрээ ажиллуулах нь учрах ачааллыг нэмэгдүүлж, гацааж болзошгүй. Түүнээс гадна Блокчэйн тогтмол өсөн томорч байгаа тул бүхлээр нь хадгалахын тулд хатуу дискэн дээрээ нилээд их сул зай бэлдэх хэрэг гарна шүү.
Дараагийн хэдэн жилдээ, блокын хэмжээнд сүрхий өөрчлөлт орохгүй гэж тооцвол 1 Tb бол хангалттай. Санах ойн (RAM) хувьд 2 Gb-аас багагүй байвал зохино. Ихэнх компьютерууд ер нь 2 Gb-аас дээш байгаа байх аа. Тэгээд хамгийн чухал зүйл болох интернэт холболтоо Дата хэрэглээ өндөртэй, хурд сайтайг нь сонгоорой. Бүхэл зангилааг ажиллуулахад хэрэглэх зааварчилгааг ЭНД дараад уншаарай. Монголд бараг ингэж татаж ажиллуулаад байх хүн гарахгүй, гарлаа ч хэл устай, мэдлэг, мэдээлэлтэй хүн байх байлгүй, тэгэхээр зааварчилгааг нь 1 бүрчлэн оруулаад байх хэрэггүй байх гээд орхилоо шүү.
Биткойныг яаж олборлох вэ?
Эхэн үедээ энгийн хэрэглээний зөөврийн компьютероор ч олборлож болдог байлаа. Тухайн үед систем нь олонд танигдаагүй байсан учраас өрсөлдөөн ч бага байсан. Эрэлт, хэрэглээ байхгүй байсан учир олборлогч цөөн, тэр хэмжээгээрээ Хүндрэл ч бага байв.
Сүлжээний хэшийн зэрэглэл өсөөд ирмэгц олборлогчид илүү хүчтэй тооцоолол боловсруулагчдыг ашиглах шаардлагатай тулгарч эхэлсэн. Тэр нь өнөөгийн Application-Specific Integrated Circuits (ASICs) буюу Тусгай-зориулалтын Тооцоологч Төхөөрөмж (ТЗТТ)-ийг хөгжүүлэх үндэс суурь болсон юм. Эдгээр төхөөрөмж нь 1 л зорилготой бөгөөд түүнийгээ маш сайн гүйцэтгэдэг ч өөр зүйлд хэрэглэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл ASIC нь крипто олборлох л зориулалттай компьютер юм. Гэхдээ бас BTC олборлох зориулалттай бүтээгдсэн төхөөрөмж нь BTC-той адил алгоритм бүхий зооснуудыг л олборлож чадна.
Өнөө цагт олборлолт нь ихээхэн зардалтайд тооцогдоод байгаа. Төхөөрөмжийн үнэ, түүний хэрэглэх эрчим хүчний зардал аль аль нь өндөр гарна. Чадал нь ихсэх тусам, цахилгаан зарцуулалт нь нэмэгдэнэ. Тиймээс олон эсвэл хүчтэй олборлогч төхөөрөмж(үүд)тэй, хямд цахилгаантай газар байгаа л биш бол олборлоод ашиг олно гэж саналтгүй.
Боломж нь байгаа бол харин төхөөрөмжөө аваад, байршуулаад ажиллуулахад 1 их төвөгтэй зүйл байхгүй. Учир нь ихэнх төхөөрөмжүүд нь үйлдвэрээсээ програмтайгаа ирдэг ба тохируулахад багахан мэдлэг шаардах ч, гарын авлагыг нь дагаад, хэн ч ажилд оруулчих боломжтой.
Олборлолтын хамгийн ашигтай хэлбэр нь Pool буюу Санд нэгдэж, бусадтай нийлж ажиллах. Гэхдээ хүсвэл ганцаараа ажиллаж бас болно. Дангаараа ажиллах нь блок олж хаах боломж багатай ч, хаасны шагналаа бүрэн хүртэх боломжыг олгоно.
Олборлоход хэр их хугацаа ордог вэ?
Олон зүйлээс шалтгаалах учраас шууд тэд гээд хэлэх боломжгүй. Хэр чадалтай төхөөрөмж ажиллуулах боломжтойгоос тань шууд хамаарна. Олборлолтын тооцоолуур-ын тусламжтайгаар Биткойн олборлоод хэр ашиг олж болохоо тооцож харж болно.
Биткойны кодыг хэн хөгжүүлж, сайжруулах боломжтой вэ?
Биткойны цөм програмын эх нь нээлттэй учир, хэн ч гар бие оролцох боломжтой. Бичигдсэн байгаа 70'000 гаруй мөр код дээр өөрийн саналыг тусгуулах, эсвэл алдаа илрүүлж, засах/засуулуулах, эсвэл бүүр бичиг баримтыг нь орчуулж ч болно.
Мэдээж тэр бүгдийг маш нарийн шалгуураар хянаж байж баталгаажуулна. Хэдэн тэрбум долларын хөрөнгө эргэлдэж байхад тэгэхгүй гээд ч яах билээ. Тэгээд оролцохоор шийдсэн үү? Тийм бол Биткойны цөмийн веб хуудсаар зочлоорой.
Энэхүү нийтлэлийг танилцуулга, суурь мэдлэг олгох зорилгоор бичсэн бөгөөд крипто зах зээлд оруулах уриалга биш болохыг анхаарна уу. Энэхүү зах зээл нь эрсдэл өндөртэй зах зээл учир, хэрэв уг нийтлэлийг уншигч Та орж үзэхээр сонирхож байгаа бол өөрөө илүү дэлгэрэнгүй судалгааг хийх шаардлагатай. Уг зах зээлд орсноос үүдэн гарах аливаа эрсдлийг тухайн хүн өөрөө бүрэн хариуцах ба манай блог, түүний админууд ямар ч нөхцөлд хариуцлага хүлээхгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!
Баярлалаа!
Join the conversation