Disk буюу диск нь дан ганц компьютер гэлтгүй, өгөгдөлтэй ажилладаг бараг бүхий л төхөөрөмжийн хувьд өгөгдөл хадгалж нөөцлөх гол хэрэгсэл бөгөөд аливаа системийн хувьд чухал эд ангид тооцогдоно.
Холболтын хувьд
PATA
1986 онд Western Digital, Compaq хамтран бүтээсэн зэрэгцээ холболт бүхий уг Parallel Advanced Technology Attachment технологи нь хатуу дискний холболтын жишгийн анхдагч бөгөөд IDE (Integrated Drive Electronics) болон EIDE (Enhanced Integrated Drive Electronics) төрлийн дискүүд энэ ангилалд хамаарна. Өгөгдөл дамжуулах хурд хамгийн ихдээ 133 MB/s хүрдэг, эрчим хүчний 5V (вольт)-н зарцуулалттай энэ дискрүү 1 дор хамгийн ихдээ 2 төхөөрөмжөөс зэрэг хандах боломжтой байв. Соронзонгийн тусламжтайгаар өгөгдлийг бичиж, хадгалдаг, хөдлөх эд ангитай энэ диск өдгөө хэрэглээнээс аль хэдийн бараг бүрэн халагдаад буй. Харамсалтай нь PATA дискүүд багтаамжын хувьд хамгийн ихдээ ердөө л 80GB хүрдэг.
SATA
PATA-н залгамжлагч SATA (Serial Advanced Technology Attachment) технологи нь 2000 онд анх танилцуулагдсан бөгөөд цуваа дамжуулалтын жишгээр ажилладаг энэ технологи PATA-с өгөгдөл дамжуулах хурдаар арай илүү буюу 200MB/s хүрэх боломжтой байдаг бөгөөд цахилгаан зарцуулалт нь ердөө 250mV (миливольт) байна. Хэдийгээр дараах олон давуу талтай хэдий ч SATA диск нь цуваа холболтын зарчмаар ажилладаг тул 1 дор 1 л төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжтой байдаг. PATA-н адилаар соронзонгийн тусламжтайгаар өгөгдлийг бичиж, хадгалдаг, хөдлөх эд анги бүхий энэ диск одоог хэр нь хамгийн өргөн хэрэглэгдэж буй төрөл хэвээр байсаар байна.
Технологийн хувьд
Соронзон буюу HDD
Hard Disk Drive буюу Хатуу дискүүд нь соронзон бүрээстэй хавтангууд, тэдгээрийг эргүүлэх хөдөлгүүр, тэдгээр дээр гүйх толгой (зүү гэх нь ч бий) зэрэг эд ангиудаас бүрдэх энэ төрлийн дискүүд хэдийгээр SSD-с илүү их цахилгаан зарцуулдаг, хурд багатай, их халдаг, дуу ордог, механик гэмтэлд өртөх эрсдэл өндөр, насжилт багатай гэх олон дутагдалтай хэдий ч, олдоц их, үнэ ханш багатай, багтаамж ихтэй гэх шалтгаануудын улмаас өнөөг хүртэл зах зээлд тэргүүлсэн хэвээр байна. Уг нийтлэлийг бичиж байх үед хамгийн их багтаамжтай HDD 24TB хүрсэн байв. Харин хурдны хувьд 80MB/s-с 160MB/s хүрэх боломжтой. Насжилтын хувьд гаднын гэмтэлгүй, ердийн хэрэглээгээр, чанараас хамаарч 6 сараас 5 жилийн дараагаас ажиллагааны хувьд муудаж эхэлдэг гэсэн тоо баримт бий. Эдэлгээний явцад үүсэх элэгдэл хорогдлыг нь яг нарийн тодорхой хэмжих боломжгүй ч MTBF (Mean Time Between Failures) /AFR (Annualized Failure Rate) гэх нь ч бий/ гэх нэгжийг ашигладаг.
NAND чип буюу SSD
Орчин цагийн жишиг бол яахын аргагүй Solid State Drive юм. Эргэх эд ангигүй, соронзонгийн тусламжтайгаар өгөгдлийг хавтангууд дээр бичдэггүйгээрээ өмнөх үеийн технологиудаасаа ялгаатай энэ диск Flash Technology ашиглан өгөгдлийг нэгдсэн хэлхээний биет электроникт бичдэг тул цохилт доргилтонд илүү тэсвэртэй байдаг. Ердөө 5mV-100mV цахилгаанаар ажиллах бөгөөд өгөгдөл унших хурд нь хамгийн ихдээ ойролцоогоор 550MB/s, бичихдээ 520MB/s хүрч чадна. Уг нийтлэлийг бичиж байх үед эцсийн хэрэглэгчдэд санал болгож буй хамгийн их багтаамжтай SSD 10TB, үйлдвэр, албан газруудад нийлүүлэгдэж буй дээд хэмжээ 100TB хүрсэн байв. Өргөн хэрэглэгдэж байгаа нь 128GB, 256GB, 512GB, 1TB хувилбарууд байна. Насжилтыг нь TBW (Terabytes Written) гэх ухагдахуунаар хэмжих ба нэгж SSD-н хувьд бичигдсэн терабайт нь ойролцоогоор 256TBW хүрснээр амьдралын мөчлөгийн төгсгөлдөө хүрэх буюу хэрэглээнээс халагдах явц нь эхлэх юм. Дундаж хэрэглээний хувьд 10 жилд 80TBW гэж үздэг хэдий ч, SSD-н хувьд амьдралын мөчлөг 10+ жилээр тооцогдоно.
Хосолмол буюу SSHD
Дээрх 2 төрлийг 2-ууланг нь нэг дор агуулсан энэ төрлийн дискүүд нь HDD болон SSD-н аль алиных нь давуу талыг агуулдаг. Тодруулбал Hybrid-ууд нь HDD шиг их багтаамжтай хэрнээ SSD шиг хурдтай ажиллагаатай байх юм. Ихэнх компьютерийн мэргэжлийн болоод өргөн хэрэглэгчид HDD болон SSD-г хослуулан хэрэглэдэг. Тэгэхдээ SSD-г төлхүү үйлдлийн системд (хурдтай ажиллагаанд зориулж), HDD-г контент, файл хадгалалтанд (их багтаамжтай, өргөн хэрэглэх эсвэл яаралтай хандах шаардлагагүй учир) зориулдаг байна. Ингэхдээ зарим тохиолдолд нэмэлт/зөөврийн хэлбэрээр холбож ашиглах нь ч бий. Тэгвэл Hybrid диск нь системд SSD, HDD гэсэн 2 тусдаа бус 1 л диск мэтээр холбогдож ажилладгаас гадна, аль файлийг аль төрлийн санах ойн байгууламжид хуулахаа өөрөө таньж, шийдэж чаддагаараа онцлог. Мэргэжлийнхний санал болгож буйгаар бол SSHD (Solid State Hybrid Drive) эсвэл SSD + HDD зэрэгцүүлэн ашиглах нь хамгийн зохимжтой шийдэл болох аж. SSHD-н өөр 1 онцлог давуу тал нь ийм дискүүд төхөөрөмжийг шинэ, хуучин гэж ялгалгүй, бүгдэнд нь нийцэж ажиллах боломжтой байдаг. Хурдны хувьд 130MB/s дундаж хурданд хүрч байв. Hybrid диск нь 320TBW насжилттай, зүүгээ байнга эргүүлээд байдаггүй зэрэг онцлогийнхоо ачаар элэгдэл хорогдолд өртөх хугацаагаар HDD, SSD 2-оос хамаагүй илүү байж чаддаг боловч аль өгөгдлийг аль дискэнд бичихээ сонгох боломжгүй, аль 1 дискний гэмтэл нь нөгөөгөө хөлдөө чирдэг, энгийн HDD-с үнэтэй, SSD-с илүү эрчим хүч зарцуулдаг, доргилт болон цохилтонд гэмтэх эрсдэл HDD-тэй адил өндөр, дуу ордог зэрэг дутагдлуудтай.
Багтаамж хэмжих нэгжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс уншаарай.
Хэрэглээний хувьд
Суурин
Төхөөрөмжинд бэхлэгдэн, дотор нь суулгагдсан HDD эсвэл SSD-г Internal диск гэж тодорхойлно. Ийм дискүүд дээр ихэвчлэн систем, нөөцүүд, хяналтын камерийн бичлэгүүд гэх мэт нэн чухал бөгөөд тогтмол ашиглагдах файлуудыг бичиж, хадгалдаг. Тийм ч зорилгоор ашигладаг. Тэгэхгүй гэвэл зураг, бичлэг, бичиг баримт, цахим ном зэрэг өргөн хэрэглээний файлуудыг хуулаад нөөцөнд хадгалах эсвэл зөөвөрлөх боломжтой.
Зөөврийн
HDD эсвэл/болон SSD дискийг тодорхой 1 төхөөрөмжинд суулгахгүйгээр, тогтмол тээвэрлэж, өөр өөр төхөөрөмжинд холбон хэрэглэж байвал түүнийг External диск гэж нэрийддэг. Мэдээжийн хэрэг тээвэрлэлт, ашиглалтын явцад цохилт, доргилт, ус, тоос, шорооноос хамгаалах, мөн шууд USB холболтоор хялбархан залгаж хэрэглэх зэрэг үндсэн шаардлагуудын улмаас дискийг тусгай гэрэнд хийх нь зохистой байдаг.
ЖИЧ: Дискийг ямар хэлбэрээр ашиглах нь тухайн дискийг эзэмшигчийн сонирхол, шаардлагаас бүрэн хамаарна. Өөрөөр хэлбэл диск нь үйлдвэрээс зөөврийн, суурин гэсэн тусгай ангилал, зориулалттайгаар үйлдвэрлэгддэггүй.
HDD-ийн хурд
Секундэд хэдэн GB өгөгдөл унших эсвэл/болон бичихийг хэмжих нэгжээс гадна, HDD-н толгойг минутанд хэдэн удаа эргэж байгааг хэмждэг ойлголт бас бий. Энэ эргэлтийн хурд (RPM буюу Rotation Per Minute) хэдий чинээ өндөр байна, тэр чинээгээрээ гүйцэтгэлийн хурд сайн байдаг гэж ойлгож болно. Одоогоор хамгийн өндөр нь 15000 RPM, хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа нь 5400 болон 7200, хамгийн тааруу нь 1200 RPM-тэй байна.
SSD-н төрлүүд
NVMe
2013 оноос хэрэглээнд нэвтэрсэн Non-Volatile Memory Express диск нь эх хавтан дээрх PCIe (PCI Express) залгуурт/оролтонд холбогддог SSD-н 1 төрөл юм. Энэ оролтын анхны зориулалт нь GPU-г холбох зорилготойгоор бүтээгдсэн тул өгөгдлийг асар өндөр хурдаар дамжуулах чадвартай байдаг. Тийм ч учраас NVMe дискүүд 4GB/s хурдны амжилтыг үзүүлээд буй уг диск өнөө цагийн хамгийн хурдан дискээр нэрлэгдэж байна. Гэвч зөвхөн сүүлийн үеийн, өндөр үзүүлэлттэй компьютеруудад л суулгах боломжтой, бусад дискүүдтэй харьцуулахад өндөр үнэтэй г.м. дутагдлууд үүнд бий. Амьдралын мөчлөг, багтаамжын хувьд SSD-тэй адил.
SCSI
Small Computer System Interface нь IDE дискүүдтэй ихээхэн төстэй өөрийн гэсэн тусгай оролт/залгуураар холбогддог диск юм. Компьютер хооронд мэдээлэл зөөх зорилгоор бүтээгдсэн уг ANSI (American National Standards Institute) жишгээр холбогддог залгуур нь өдгөө хэрэглээнээс бараг бүрэн халагдаж, халааг нь USB орлох болсон. SCSI нь 24/7 хэрэглэхэд тохиромжтой, 320MB/s хүртэл хурдаар өгөгдөл дамжуулах чадвартай зэрэг давуу талуудтай байсан хэдий ч, залгуурын зүүнүүд тахийж, хугардаг, зузаан кабельтай гэх мэт дутагдлуудтай байжээ.
SATA 2.5" болон 3.5"
HDD-тэй адил хэлбэр, хэмжээтэй SSD-үүд бий. Ийм SSD-үүд нь мөн SATA залгуураар холбогдох ба SSD-н бусад загваруудтай харьцуулахад хамгийн хямд үнээр худалдаалагддаг. SATA SSD-үүдийг салгаад, урт хугацаанд залгахгүйгээр хадгалах нь ажиллагаанд ноцтой нөлөө үзүүлдэг тул, зөөврийн хард хэлбэрээр ашиглах бол ойр ойрхон залгаж, хэрэглэж байх хэрэгтэйг анхаарна уу.
mSATA
SATA (Serial ATA) байгууллагаас нь 1986 онд анх хөгжүүлэн гаргаж байсан уг SSD нь хэмжээ (нэрийн хуудасны дайны) болоод эрчим хүчний зарцуулалт багатай, доргилт, чичиргээнд тэсвэртэй, 6GB/s хурдаар өгөгдөл дамжуулах чадвартай, 73GB хүртэлх багтаамжтай үйлдвэрлэгддэг загвар юм. Сүүлийн үед үүнийг M.2 загвараар орлуулах болсон.
SAS
2004 онд анх зах зээлд нэвтэрч байсан 24GB/s хүртэл хурдаар өгөгдөл дамжуулах чадалтай, 300GB хүртэлх багтаамжтайгаар нийлүүлэгдэж байгаа энэ Serial-Attached SCSI хэмээх SSD нь 2.5" болон 3.5" инч хэмжээтэйгээр бүтээгдсэн. Гол төлөв сервер болон албан газруудад хэрэглээнд зориулагддаг аж.
M.2
NGFF (Next Generation Form Factor) хэмээх энэ төрлийн диск нь өөрийн тусгай M.2 залгуураар шууд эх хавтан дээр суудаг, 2.5" SSD-с хэмжээ бага, хурд арай илүү загвар юм. Түүгээр ч зогсохгүй ердөө 3.3V зарцуулдаг уг хүчирхэг технологи гэхдээ SATA SSD-с үнийн хувьд ч бас илүү байдаг. Драйверийг нь суулгахад хялбар байдгаас гадна PCIe оролтыг M.2-т хөрвүүлэгчийг тавьж ашиглах боломж бас бий.
HHHL ба FHHL
NVMe-н анхны хувилбарууд бараг бүгд HHHL (Half Height Half Length) болон FHHL (Full Height Half Length) төрлийн AIC (Add-in Card) хэлбэрээр гарч байсан. Учир нь ийм нэмэлтээр суулгадаг карт нь өөр дээрээ PCIe суурилагдсан, салгах, суулгахад хялбар байдаг байв.
U.2
SAS болон SATA-тай нийцтэй ажилладаг NVMe-н 1 загвар бөгөөд анх SFF-8639 нэрээр танилцуулагдаж байжээ. 3.5GB/s хүртэл хурдаар өгөгдөл дамжуулж чадах энэ жишгийг 2011 онд анх танилцуулсан бөгөөд 2015 оноос шинэ нэршлээ олсон аж.
Зурган мэдээлэл
ЖИЧ: Зураг тус бүр дээр дараад том хэмжээгээр харах болон/эсвэл татаж авах боломжтой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation