Solana гэж юу вэ?
Анх 2017 онд танилцуулагдсан Solana (SOL) төсөл нь Proof of History (PoH) буюу Түүхэн баталгаа гэх зөвшилцлийн аргын хамтаар танилцуулагдаж байсан бөгөөд 2020 онд анх нээлтээ хийж байжээ.
Соланаг анхны вебийн хэмжээний Блокчэйн хэмээн өргөмжилдөг.
Солана гэж юу вэ?
Соланагын Блокчэйн нь Эфириумийнхтэй адилаар DApps болон Ухаалаг гэрээг дэмжих боломжтойгоор загварчлагдсан боловч бусад криптогоос ялгарах онцлогоор түүний дан хэлхээний (1-р төвшний) протоколыг нэрлэж болно. Тийм ч учраас Солонагын сүлжээ нь залгаа хэлхээнүүдтэй (2-р төвшний) нийцэж ажилладаггүй.
Соланагын технологи нь секундэд дунджаар 50'000 - 65'000 гүйлгээг боловсруулах хүчин чадалтай бөгөөд онолын хувьд секундэд 70'000 хүртэлх гүйлгээг боловсруулах ч боломжтойд тооцогддог. Уг үзүүлэлтийг хэр гайхалтай болохыг ойлгохын тулд доорх үзүүлэлтүүдтэй танилцана уу.
Биткойн 1 секундэд 7, харин Эфириум 15 гүйлгээг боловсруулах чадалтай.
Соланаг хэн бүтээсэн бэ?
Солана нь Qualcomm-д үйлдлийн систем, DropBox-д файлын хэмжээ шахагч зэргийг бүтээж байсан, туршлагатай програм хөгжүүлэгч Анатолий Яковенко гэгч хүний бүтээл юм.
Serum, Chainlink, Terra, Audius, USDC, болоод крипто сонирхогчдын танил USDT зэрэг төслүүд нь бүгд Солана экосистем дээр суурилсан байдаг.
PoH бусад системээс юугаараа ялгаатай вэ?
PoH систем нь анх танилцуулагдах үедээ, тухайн үеийн системүүдийн өмнө тулгамдаад байсан гол асуудлуудын 1 болох гүйлгээг боловсруулахад шаардагдаж буй хугацааг багасгах шийдлийг агуулсан байснаараа онцлог. Энэхүү шийдлийн ажиллах зарчим нь тун энгийн: систем нь Блокчэйнрүү гүйлгээний дарааллын боловсруулалтыг хуулахдаа, цагийнх нь хамт бүртгэж илгээнэ. Ийм зарчмаар аюулгүй байдал, төвлөрсөн бус байдал 2-г алдагдуулалгүйгээр өргөтгөх боломжтой байдлаа сайжруулчихаж байгаа юм.
Анатолий Яковенко энэ санаагаа Google болон Intel корпорациудад ажиллаж байх хугацаандаа бодож олсон гэдэг. Гэвч тухайн үедээ тэрээр зөвхөн төвлөрсөн систем дээр л ажилладаг байсан.
Солана яаж ажилладаг вэ?
PoH алгоритм нь Соланаг сүлжээндээ гүйцэтгэгдсэн үйлдлүүдээ, үйлдэгдсэн хугацаатай нь бүртгэхэд тусладаг бөгөөд тэрхүү бүртгэлийг үүсгэх, дараа нь эргээд хандаж, хэрэгжүүлэхэд маш хялбар, хурдан байдаг.
Нэгэнт бүртгэлд үйлдлийг, цагтай нь тэмдэглэчихсэн учир Соланагын сүлжээн дэх баталгаажуулагч нар нь боломж бололцоондоо тааруулаад баталгаажуулалтаа сүүлд нь гүйцэтгэх боломжтой.
Солана нь мөн Tower BFT гэх PoS-д суурилсан зөвшилцлийн тусгай аргыг хэрэглэдэг ба уг арга нь зөвшилцлийг бүртгэхээс өмнө PoH алгоритмыг ачааллуулах ба тэндээс бүртгэгдсэн цагын тусламжтайгаар, өгөгдөл дамжуулахад үүсэх ачаалал, хоцрогдлыг бууруулдаг. Уг арга нь төгс биш хэдий ч, хурд болоод багтаамжид ихээхэн нөлөөлж чадсан гэдэг утгаараа Блокчэйний хөгжилд түлхэц болсон хэмээн тооцогддог байна.
Соланагын сүлжээний бүтэц нь интернэтийн хурд, техник хангамжын чадлаас бүрэн хамаардаг тул баталгаажуулагчид өндөр чадалтай GPU хэрэглэн гүйлгээ баталгаажуулах хугацааг багасгах боломжтой.
Солана хэр ирээдүйтэй вэ?
Өнөөг хүртэл үзүүлсэн амжилт нь хөгжүүлэлтийн төлөвлөгөөнийх нь багахан хэсэг бөгөөд яваандаа mainnet-ээ Delegated-Proof-of-Stake (DPoS) буюу Барьцааны даатгагдсан баталгааны алгоритм дээр ажиллуулахаар тусгагдсан байгаа. Ингэсэн тохиолдолд токен эзэмшигчид нь блок үүсгэх ажилд оролцох боломжтой болно. Түүнчлэн dPoS-д шилжих нь баталгаажуулагч нарт ашигтай байх юм. Тэд токеноо барьцаалж, түүнээсээ хүүгийн ашиг хүртэх эсвэл өөрийн итгэж байгаа өөр баталгаажуулагчид түрээслүүлэх хэлбэрээр ашиг олох боломжтой болно гэсэн үг.
Соланагын өөр нэгэн онцлог нь хэн ч баталгаажуулагч болох боломжтойд оршдог. Баталгаажуулагч нь Биткойн болоод Эфириум дээр танилцуулсан Олборлогч, Үүсгэгч нартай адил буюу сүлжээний аюулгүй байдлыг бататгах ач холбогдолтой. Үүсгэгч нарт тавигддаг барьцаалах хөрөнгийн доод хэмжээг цаанаас нь зааж өгөөгүйгээрээ ялгаатай боловч баталгаажуулагч нар дундаас тэргүүлэгчийг нь хэр их хөрөнгөө барьцаалснаас нь хамааруулж сонгодог.
Уг сонголт нь pseudorandom буюу санамсаргүй мэт түүврийн аргаар явагддаг буюу хэн их барьцаа байршуулсан нь, блок хаахаар сонгогдох магадлал өндөртэй болно. Үүсгэгч нарын адилаар тухайн зангилаа зүй бус үйлдэл хийх гэж оролдсон нь илэрвэл барьцааны хөрөнгөө хэсгээр болон бүхлээр алдах торгуультай.
Соланагын давуу чанарууд
Бусдаас ялгарах шинжүүдээс нь онцлох үед дээр танилцуулсан PoH алгоритмаас гадна Sealevel буюу Тогтмол төвшин, Gulf Stream буюу Салаа урсгал гэсэн 2 ойлголтыг зайлшгүй хамруулж үзэх учиртай.
Тогтмол төвшин гэж нэрлэгдэх, Proof of Replication (PoR) буюу Давхцалгүйн баталгааны алгоритмд суурилсан чадвар нь Соланагын сүлжээн дээрх гүйлгээнүүдийг давхардсан эсэхийг хянаж, ангилж, боловсруулах боломжыг олгодог бол Салаа урсгал гэх чадвар нь сүлжээн дэх дараа дараагийн тэргүүлэгчдийг сонгож, тэдэнд блокын боловсруулалтаа эхлэхээсээ өмнө гүйлгээнүүдээ цуглуулах боломжыг нь олгодог.
Дутагдалтай талууд
Бүхий л криптогын хувьд Олборлолт нь эрчим хүч их хэмжээгээр зарцуулдаг нь ихээхэн шүүмжлэл дагуулдаг. Билл Гейтсийн нотлож байгаагаар бол Биткойны 1 гүйлгээ боловсруулахад зарцуулж байгаа эрчим хүч нь төстэй бусад бүх аргуудаас үнэмлэхүй илүү байдаг. Тэрээр энэхүү мэдэгдлээ Биткойны олборлолтонд зарцуулагдсан цахилгаан эрчим хүчний хэмжээ түүхэн дээд хэмжээ буюу 130 Тера Ватт хүрсний дараа хийж байсныг дурьдах хэрэгтэй байх. Мөн, Кембриджийн их сургуулийн Өөр санхүүгийн төвийн танилцуулснаар бол зөвхөн Биткойны олборлолтонд зарцуулагдаж буй эрчим хүч нь л гэхэд Шинэ зеланд, Аргентин зэрэг улсуудын нийт цахилгааны хэрэглээнээс ч даваад байгаа юм.SOL-н ханшын талаар?
Анх зах зээлд нэвтрэхдээ буюу 2020 оны 3-р сард $1 USD хүрэхтэй, үгүйтэй ханштайгаар нийлүүлэгдэж байсан бөгөөд:
- Байнанс бирж дээр бүртгэгдсэнийхээ дараахан 60 цент хүртэл унаж, 2020 оны 7-р сарыг хүртэл 0.6 - 1 долларын хооронд хэлбэлзсэн;
- 2020 оны 7-р сард төвлөрсөн бус солилцооны FTX болон Serum биржүүд дээр бүртгэгдсэн нь ханш өсөхөд түлхэц өгч улмаар $5 дээд амжилтыг тогтоож, дунджаар $3 орчимд хүрэв;
- 2020 оны сүүл үеэс Bull season буюу "Бухын улирал" эхэлснээр ханш хөөрч, "шал" буюу доод ханш $1.6 дээр байсан үнийг 2021 оны 2-р сарын 24-нд түүхэн шинэ дээд амжилт болох $16.9, дахин тус оныхоо 5-р сарын 2-нд уг амжилтаа эвдэн $49.9 хүргэж чадсан;
- Өдгөө (уг нийтлэлийг бичиж байх үед буюу 2021 оны 5-р сарын 6-нд) зах зээлийн нийт үнэлгээ нь 12'024'089'229 хүрсэн бөгөөд CoinMarketCap (CMC) дээр 16-д жагсаж байна;
- Нийт нөөц нь 494'519'162 байгаагаас, өнөөдөр 272,637,428 нь нийлүүлэгдсэн байна.
Дээрхээс бусад зах зээлийн холбогдолтой, дүн мэдээллийг нь харах бол ЭНД дараад CoinMarketCap дээрх хуудсыг нь үзээрэй.
SOL-г юунд хэрэглэж болох вэ?
2 үндсэн хэрэглээ бий. Эдгээр нь:
- Барьцаа : Инфляцийн урамшуулал гээд дээр тайлбарлачихсан байгаа.
- Гүйлгээний шимтгэл : Бусад криптогын 1 адилаар, Ухаалаг гэрээ ачааллуулсны төлбөрт болон гүйлгээний хураамжинд төлбөр болгон хэрэглэж болно.
Соланагын хосолмол зөвшилцлийн хэлбэр нь их, бага аль ч хэмжээний хөрөнгө оруулагчид болон арилжаачдыг татдаг ба одоогоор Chainlink, Circle, Audius, Akash, Arweave, Tether, Terra зэрэг олон олон төслүүдтэй хамтран ажиллаж байна.
САНАМЖ: Энэхүү нийтлэл нь уншигчдыг крипто зах зээлд орохыг уриалаагүй бөгөөд уг зах зээлд оролцох сонголт нь 100% тухайн уншигчийн өөрийнх нь шийдвэр байна. Тиймээс уншигч нь учирч болох эрсдлээ бүрэн тооцож, судалгаа шинжилгээгээ сайтар гүйцэтгэх шаардлагатай бөгөөд хариуцлагаа өөрөө бүрэн хүлээнэ. Манай блог, түүний админууд нь санхүүгийн зөвлөгөө өгдөггүй бөгөөд уг блог дээрх нийтлэлүүдээс үүдэн гарсан ямарваа нөхцөл байдлын өмнө хариуцлага хүлээхгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation