Ethereum гэж юу вэ?

Эфириум болон Эфир (ETH)-ийн талаар суурь мэдлэгээ олж авахад чинь энэхүү нийтлэлээрээ туслахыг зорьлоо. Хэрэв нийтлэл өөрт чинь ямар 1 байдлаар тус болж, таалагдсан эсвэл багахан ч болов мэдээлэл өгч чадсан бол бусдад түгээгээрэй.

Ethereum гэж юу вэ?

Эфириум бол төвлөрсөн бус тооцооллын платформ. Компьютер гээд төсөөлчих, гэхдээ дэлхийн өнцөг булан бүрт байгаа, олон өөр төхөөрөмж дээр, нэгэн зэрэг ажиллаж байгаа тийм компьютер.

Биткойн болоод бусад крипто валютуудын адил дижитал мөнгийг шилжүүлэх боломжыг хэрэглэгчдэд олгодог ч, түүнээс ч илүүг гүйцэтгэх боломжыг бас олгодгоороо онцлог. Жишээлбэл, уг платформд өөрийн кодыг тусгаж өгөх, бусад хэрэглэгчдийн үүсгэсэн аппуудтай харилцаж болдог. Хэт уян хатан чанар нь ямар ч ярвигтай хэрэглүүрийг (програм) өөр дээрээ ачааллуулах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг.

Эфириумын гол зорилго нь хөгжүүлэгчдэд бичсэн кодоо төвлөрсөн серверийн сүлжээгээр бус, тархмал сүлжээгээр ажиллуулах боломжыг нь бүрдүүлж өгөх явдал юм. Онолын хувьд энэ нь хорьж хааж, устгаж болохгүй тийм аппуудыг бүтээх нөхцлийг бүрдүүлж өгөх учиртай талбар юм.

Ethereum болон Ether (ETH) хоорондоо ямар ялгаатай вэ?

Эфириум гэдэг нь дээр тайлбарласан платформ буюу системийн протокол нь бөгөөд түүнийг дэмжигч мөнгө нь Эфир юм. Эфирийн тэмдэгтийг ETH хэмээх товчлолоор тэмдэглэнэ.

Эфириумийг юу үнэ цэнэтэй болгодог вэ?

Дээр тархмал сүлжээнд ажиллах боломжтой апп хөгжүүлэх боломжыг хангаж өгдөг гэж тайлбарласан даа, тэрхүү аппууд нь Эфириумийн өгөгдлийн санд (жишээлбэл, Блокчэйн) бичигдэх бөгөөд ингэснээр хөндлөнгийн ямар ч этгээдийн нөлөөлөлд автахгүй болж хамгаалагддаг. Түүнчлэн өгөгдлийн сан нь бүх нийтэд нээлттэй учир, хандахаасаа өмнө кодыг нь шалгах бүрэн боломжтой байна.

Энэ нь хэн ч, хаанаас ч хандаж, хэний ч устгаж чадахгүй, тийм аппийг бүтээх боломжтой гэсэн үг юм. Түүгээр ч зогсохгүй, гол нэгж болох Эфир нь утга санах чадвартай байдаг тул аппууд дээр тэдгээр утгуудыг хэрхэн дамжуулахыг тохируулж болдог. Эдгээр аппуудыг бүтээх програмыг нь Ухаалаг гэрээ гэж нэрлэнэ. Ихэнх тохиолдолд аппууд нь хүний оролцоогүйгээр ажиллах бүрэн боломжтой байдаг.

Загварчилж, програмчилж болох мөнгөний санаа нь олон олон хэрэглэгчид, хөгжүүлэгчид, бизнесүүдийн хувьд чухал сэдэв болоод байгаа билээ.

Блокчэйн гэж юу вэ?

Блокчэйн нь Эфириумийн зүрхэнд орших ба протоколуудын хэрэглэсэн мэдээллийг хадгалж байдаг өгөгдлийн сан юм. Биткойн гэж юу вэ? нийтлэлд Блокчэйний ажиллах зарчмыг ерөнхийд нь танилцуулсан байгаа. Эфириумийн Блокчэйн нь Биткойныхтай төстэй боловч хадгалж буй өгөгдөл, тэрхүү өгөгдлөө хадгалж буй хэлбэрээрээ ялгаатай байдаг.

Хялбараар энэхүү Блокчэйнийг нь хуудас нэмж болдог ном гээд төсөөлж, ойлгож болно. Тэрхүү номны хуудас бүр нь 1 блок байх бөгөөд дээр нь гүйлгээний мэдээллүүдийг бичсэн байна. Шинэ хуудас нэмэхийн тулд бид тэрхүү хуудасныхаа толгой хэсэгт тусгай мэдээллийг заавал тусгаж өгөх шаардлагатай. Тэрхүү тусгай мэдээлэл нь уг хуудсыг сүүлийн хуудасны араас нэмэгдсэн болохыг гэрчилнэ.

Дээрх жишээгээр бол тухайн тусгай мэдээлэл нь хуудасны дугаар гэсэн үг. Тэрхүү дарааллыг нь хадгалж байгаа тусгай мэдээллийг боловсруулах үйлдлийг нь хэшлэлт гэж нэрлэдэг.

Хэшлэлт нь өмнөх хуудасны талаарх мэдээллийг багцалж, тусгай хэлбэрээр хураангуйлан, томъёолохыг хэлж байгаа бөгөөд тэрхүү тусгай мэдээллүүд нь өөр хоорондоо давхцах боломж бараг огт байхгүй. Уг үйлдэл нь мөн буцаах боломжгүйгээр хийгддэг. Өөрөөр хэлбэл хэш тооцоолж үүсгэх нь амархан боловч түүнээс буцааж мэдээллийг нь сэргээж бараг огт боломжгүйд тооцогддог. Энэ нь яагаад олборлолтонд чухал үүрэгтэйг энэ нийтлэлийнхээ төгсгөлд тайлбарлана аа.

Нэгэнт ийм нарийн аргаар шинэ хуудсыг зөв дараалалд нэмж байгаа юм чинь, хэрэв хэн 1-н мэдээллүүдийг өөрчлөх эсвэл устгах гэж оролдвол тэрийг нь бүгд мэдэх боломжтой болж таарч байгаа биз. Хэрэв 1 л ойлгож өгөхгүй байвал дараа асууж байгаад илүү тодорхой тайлбартай нийтлэл бичүүлээд аваарай.

Эфириум, Биткойн 2 хоорондоо ямар ялгаатай вэ?

Биткойн нь Блокчэйн технологиос шууд хамааралтай байдаг бөгөөд крипто валютийн системийг цогцлоох зорилготой бүтээгдсэн бөгөөд төвлөрсөн хяналтгүйгээр, дэлхий нийтийг уг системдээ хамруулах чухал санаачлагуудыг агуулсан байсан. Компьютер бүр дээр програмыг ажиллуулснаар дундын зууч, хяналтгүйгээр гүйлгээ хийх боломжыг нь хэрэглэгчдэд Биткойн бүрдүүлж өгсөн.

Биткойныг Блокчэйний анхдагч үе гэх нь ч бий. Нүсэр, ярвигтай биш атлаа өндөр хамгаалалттай байдал нь түүний давуу тал юм. Аюулгүй байдлыг үндсэн чанар болгож суулгаж өгсөн нь тэр дундаа хамгийн том давуу тал боловч ухаалаг гэрээний хэлний энэ хязгаарлагдмал чанар нь гүйлгээнээс өөр төрлөөр хэрэглэхэд нь ихээхэн саад учруулдаг.

Хоёрдогч үе нь анхдагч үеэсээ хол илүү гэж хэлж болох ба санхүүгийн гүйлгээнүүдийн хувьд л гэхэд програмчлалын харьцангуй өргөн боломжуудыг нээж өгдөг. Эфириум л гэхэд хөгжүүлэгчдэд өөрсдийнхөө кодыг турших эрх чөлөөг бараг бүрэн дүүрэн олгож, Төвлөрсөн бус аппуудыг (DApps) хөгжүүлэх орчныг нь бүрдүүлж өгдөг.

Эфириум нь Блокчэйний давлгааны хоёрдогч үеийн анхдагч юм. Өдгөө энэ үеийнхээ хамгийн алдартай нь хэвээр байгаа бөгөөд Биткойнтой олон талаар адилтгах боломжтой. Гэвч нарийн судлаад үзвэл, тэс ондоо бөгөөд өөр өөрсдийн ялгарах давуу тал, онцлогуудтай юм.

Эфириум яаж ажилладаг вэ?

Эфириумийг төлвийн машин гээд нэрлэчихэж болох юм. Тодруулбэл, хэрэглэгч хүссэн үедээ, өөрийн дансны үлдэгдэл, үнэт хуудас, гэрээ хэлцэл зэргээ одоо яг ямар байгаагаар нь шууд харах боломжтой бөгөөд хэрэглэгчийн хийж буй үйлдэл бүр, хийгдэж буй өөрчлөлтийн хамтаар шинэчлэгдэн харагдаж байна гэсэн үг.


Эфириум сүлжээнд гүйлгээ хэрхэн харагдахыг дээрх зурагт дүрсэллээ.

Эфириум дээр ажилладаг Ухаалаг гэрээнүүд нь гүйлгээ хийгдэх бүрт ажиллаж байдаг ба хэрэглэгчийн хийсэн гүйлгээ гэрээнд тусгагдмагц, тэрхүү гэрээний кодыг сүлжээн дэх бүх зангилаагаар дамжуулж, баталгаажуулаад, үр дүнг хадгална. Уг үйлдлийг Ethereum Virtual Machine (EVM) буюу Эфириумийн Виртуал Машинд боловсруулж, тэдгээр Ухаалаг гэрээг, компьютерт унших боломжтой зааварчилгаа болгон хөрвүүлдэг.

Төлвийг шинэчлэхийн тулд Олборлолт гэх тусгай аргыг хэрэглэнэ. Тэрхүү арга нь Биткойныхтай тун төстэй PoW алгоритм дээр тулгуурлан ажилладаг. Доор энэ талаар арай дэлгэрэнгүй танилцууламз.

Ухаалаг гэрээ гэж юу вэ?

Код гээд л ойлгочих. Өөрийн гэсэн оюун ухаантай ч биш, бас яг гэрээ ч биш. Ухаалаг гэж дуудах болсон шалтгаан нь тодорхой нөхцөл биелэгдмэгц өөрөө өөрийгөө ачаалж чаддагт л оршиж байгаа юм. Харин гэрээ гэх болсон шалтгаан нь энэхүү код, талуудын хороонд зохицуулах үүрэг гүйцэтгэдэгтэй хамааралтай.

Анхны санааг нь компьютерийн ухаанч Ник Сабо 1990-ээд оны үед гаргасан гэхэд буруудахгүй. Тэрээр тухайн үед энэ санаагаа ундааны автомат машинтай зүйрлэж тайлбарласан байдаг. "Хэрэглэгч зоос хийнгүүт, ундааг нь гаргаж өгнө" гэсэн энгийн л дүрэмтэй адил гэсэн үг.


Ухаалаг гэрээ нь яг иймэрхүү зарчимтай ажилладаг ба дээрх зурагт гэрээнд 2 Эфир зоос бүртгэгдсэн үед тэр Hello world гэсэн зурвасыг харуулж байгаагаар дээрх жишээг тайлбарлан харууллаа.

Эфириумд хөгжүүлэгч үүний кодыг тусгаж өгснөөр түүнийг EVM-д уншигдах боломжтой болгосон. EVM түүнийг нь гэрээг бүртгэдэг тусгай хаягруу шилжүүлж, нийтлэдэг байна. Нийтлэгдсэний дараа хэн ч тэрхүү гэрээг хэрэглэж болох боловч, анх бичихдээ устгах нөхцлийг хөгжүүлэгч нь тусгаж өгөөгүй л бол тэдгээр гэрээг устгах ямар ч боломжгүй.

Жишээний дагуу үргэлжлүүлэн тайлбарлая. Гэрээний хаягтай харьцахын тулд хэрэглэгч тэрхүү хаягруу 2 ETH шилжүүлэх шаардлагатай. Тэгсэн даруйд гэрээний код ачаалагдаж, сүлжээн дэх бүх компьютерүүд дээр тухайн кодыг шалгах ба төлбөр төлөгдсөнийг баталгаажуулж, зарламагц дэлгэцэн дээр Hello world хэмээх 2 үг хэвлэгдэнэ гэсэн үг.

Эфириумийн платформын ажиллах зарчмыг хамгийн энгийнээр тайлбарлахадд ийм байна. Үүнээс илүү нарийн, төвөгтэй аппууд хөгжүүлэгдэх боломжтой бөгөөд, хэдийн хөгжүүлэгдэн гарсан байгаа.

Эфириумийг хэн бүтээсэн бэ?

2008 онд Сатоши Накамото гэх нэртэй хүн/хүмүүс Биткойны танилцуулгыг гаргасны дараа крипто валютийн ертөнцөд тэсрэлт хийгдсэн билээ. Түүнээс хэдхэн жилийн дараа залуухан хөгжүүлэгч Виталий Бутерин санааг нь улам боловсронгуй болгон, апп бүтээж болох хэлбэрт шилжүүлснээр Эфириумын үндэс тавигдсан юм.

2013 онд Бутерин Эфириумийг танилцуулсан анхны блог нийтлэл болох Эфириум: Хүчирхэг Ухаалаг гэрээ болон Төвлөрсөн бус Аппын Платформ-оо бичсэн байдаг бөгөөд уг нийтлэлдээ тэрээр Тюрингийн Машиныг Блокчэйнтэй хослуулах санаагаа тайлбарлаж тусгасан байна. Тюрингийн машин гэдэг нь нөөц болоод цаг хугацаа нь хангалттай үед ямар ч аппыг ажиллуулах боломжтой компьютер юм. Уг машины талаар илүү дэлгэрэнгүй тайлбар мэдээллийг алсдаа оруулж өгч болно.

Блокчэйнд тулгуурласан асар олон аппууд хөгжүүлэгдэн гарах нь ердөө л цаг хугацааны асуудал бөгөөд тэдгээр аппуудын боломж нь ганцхан тухайн апп(ууд)ын хөгжүүлэгчдийн сэтгэх цар хүрээгээр л хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл Эфириум нь Блокчэйнийг Биткойны хязгаарлагдмал хэрэглээнээс давуулан ашиглах бүхий бололцоог илрүүлэх зорилготой бүтээгдсэн технологи юм.

Эфир хэрхэн тараагдсан бэ?

Эфириум анх 2015 онд ердөө 72 саяын нөөцтэйгээр гарч ирсэн. 50 гаруй саяыг нь Initial Coin Offering (ICO) буюу Зоосыг таниулах худалдаагаар сонирхогчдод шууд бэлэн мөнгөөр (Fiat) худалдаж эсвэл Биткойноос хөрвүүлж авах боломжтойгоор гаргаж байжээ.

DAO болон Ethereum Classic гэж юу вэ?

Эфириумын ачаар интернэтийн сүлжээнд шинэ төрлийн хамтралыг үүсгэх боломж хэрэглэгчдэд гарч ирсэн нь Decentralized autonomous organizations (DAO) буюу Төвлөрсөн бус, өөртөө засах байгууллагууд юм. Эдгээр байгууллагууд нь компьютерийн програмын адилаар компьютерийн кодонд захирагдаж, ажилладаг.

Ийм хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаар гарч ирсэн анхны бөгөөд энэ чиглэлээр хамгийн идэвхтэй ажиллаж байгаа байгууллага нь The DAO гэх байгууллага юм. Энэ байгууллага нь Эфириум дээр суурилсан, нарийн төвөгтэй, Ухаалаг гэрээнүүдийн дагуу, хөрөнгөн оруулалтын сангын хэлбэрээр ажилладаг. ДАО токенууд нь ICO-аар тараагдсан ба тэдгээрийг эзэмшигчдэд ашиг хуваарилахаас гадна санал хураалтанд оролцох эрхийг нь бүрдүүлж өгдөг байна.

Харамсалтай нь нээлтээ хийгээд удаагүй байхад нь хорлон сүйтгэгчид системийн тухайн үеийн сул талыг нь олж, түүгээрээ дамжуулан халдаж, DAO-гийн хөрөнгөний 3-ны 1-ийг нь хаман одсон харамсалтай хэрэг гарсан. Тэр үед Эфирийн нөөцийн 14% буюу 10'080'000 нь DAO-д төвлөрсөн байсан бөгөөд энэхүү халдлага нь дөнгөж хөлөө олох гээд өндийж байсан Эфириумд ихээхэн хохирол учруулсан юм.

Удтал бодож, сайтар төлөвлөсний эцэст хэлхээг 2 хэлхээрүү сэт салаалсан бөгөөд тэдгээрийн 1 дээр нь алдагдсан зооснуудыг эргүүлэн сэргээж чадсан. Тэрхүү хэлхээ нь өдгөө Эфириум Блокчэйн гэдгээрээ танил болсон байгаа, харин нөгөө хэлхээ нь Сонгодог Эфириум (Ethereum Classic буюу ETC) гэж нэрлэгдэх ба алдагдсан зоосууд нь эргэн сэргээгдээгүй хэвээр байна.

ETH болон ETC ханш болоод зах зээлтэй нь холбоотой бусад мэдээллийг авахыг хүсвэл CoinMarketCap (CMC) дээрх хуудсуудаар нь зочлоорой.

CoinMarketCap вебтэй холбоотой доорх мэдээллүүдийг далдлахыг хүсвэл ЭНД дарна уу.

Дээрх үйл явдал нь энэхүү технологийн эрсдлийн тод жишээ болсон ба бие даасан кодонд их хэмжээний хөрөнгийг даатгахын эрсдлийг бодитоор харуулсан түүхэн үйл явдал болсон юм. Түүнчлэн эндээс нээлттэй орчинд олны санал дээр тулгуурласан шийдвэрт хүрэх нь хэр их ач холбогдолтойг харах боломжтой. Гэхдээ энэ сул талыг нь эс тооцвол The DAO интернэтийн асар уудам орон зайд Ухаалаг гэрээний ачаар 3-дагч талын оролцоогүй хамтралын төгс загварчлалыг бүтээсэн байгаа юм.

Эфир хаанаас гарч ирдэг вэ?

Эфирийг яаж бүтээдэг вэ?

Дээр өнгөц дурдаад өнгөрсөн Олборлолтын талаар одоо арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Хэрэв өөрөө Биткойны талаар мэдлэг, мэдээлэлтэй бол Олборлолт нь Блокчэйнийг шинэчлэх, хамгаалах чухал үүрэгтэйг мэддэг болсон байх учиртай. Эфириумийн хувьд ч ялгаагүй өндөр чадалтай төхөөрөмжийг, өндөр зардалтайгаар ажиллуулсны төлбөрт Эфирийн урамшуулал олгоно.

Нийт хичнээн Эфир байгаа вэ?

2020 оны 2-р сарын байдлаар Эфирийн нийт нөөц 110 сая байсан. Биткойноос ялгаатай нь, Эфириумын зоосны нийт гаргах хэмжээг анх зах зээлд танилцуулах үедээ зааж өгөөгүй юм. Биткойн үнэ цэнээ өсгөх зорилгоор нөөцийн хязгаартай, түүнийгээ тодорхой шаардлагаар хангадаг бөгөөд тэгэх бүртээ хэмжээг нь багасгаж байдаг бол Эфириумийн хувьд, DApps-ийн суурийг бэхжүүлэх зорилготой учир яг ямар хэлбэрээр, ямар хэмжээгээр гаргах нь хамгийн тохиромжтойг одоо болтол төлөвлөж, шийдэж чадаагүй л байна.

Эфириумийн олборлолт хэрхэн ажилладаг вэ?

Олборлолт нь сүлжээний аюулгүй байдлыг хангах гол хэрэгсэл юм. Олборлолтын ачаар Блокчэйний шинэчлэлт зөв, шударга хийгдэж, сүлжээг ганц 1 хүний шийдвэрт нийцүүлэн ажиллуулахаас сэргийлж байдаг. Олборлолтыг түүний дэд нэгж, зангилаанууд болох Олборлогчид (криптограф тооцоолол хийх чадамжтай өндөр хүчин чадал бүхий тооцоолуурууд) гүйцэтгэнэ.

Тэдгээр олборлогчид нь ерөнхийдөө бол хүлээгдэж буй гүйлгээний мэдээллийг бусад чухал мэдээллийн хамтаар хэшлэх үйлдэл л гүйцэтгэдэг. Блокыг баталгаажуулахын тулд тэднийг протоколын дагуу заагдсан хэмжээнээс хэтрэхгүй байхыг шаардана. Хэрэв хэмжээнээс хэтэрч байвал тухайн өгөгдөлд засвар хийн дахин хэшлэхээр оролдоно.

Олборлогчдын өрсөлдөөн нь хэр хурдан хэшилж байгаагаас хамаардаг. Тэрхүү хурдыг нь хэшлэх хэмжээ (hash rate) гэсэн нэгжээр хэмжих ба сүлжээний хэшлэх хэмжээ ихсэх тусам тооцоолол илүү хүндэрдэг. Түүнийг нь зөвхөн олборлогчид учрыг нь олж тооцоолох хэрэгтэй болох бөгөөд тооцож олж чадсан тохиолдолд баталгаажуулах ажил нь сүлжээнд холбогдсон бусад нэгжүүдийн хувьд амархан байна.

Мэдээжийн хэрэг тогтмол тэр их тооцооллыг гүйцэтгэх нь ихээхэн зардалтай. Тийм ч учраас гүйцэтгэлийг нь урамшуулдаг юм. Тэрхүү шагнал нь Олборлогчийн хаасан блок дахь гүйлгээнүүдийн шимтгэлүүдээс бүрдэнэ. Мөн блок хаах бүрт 2 шинэ ETH олгодог, гэхдээ энэ хэмжээ хэшлэх хэмжээнээс хамаарч өөрчлөгддөг.

Эфириумийн хий гэж юу вэ?

Дээр бичсэн Hello world жишээг санаж байна уу? Тэр чинь маш энгийн програм байсан учраас сүрхий тооцоолол шаардахгүй байсан. Гэхдээ түүнийг Та зөвхөн өөрийнхөө компьютер дээр л ажиллуулах гээгүй, Эфириумийн экосистемд холбогдсон бүх төхөөрөмжүүд дээр зэрэг ажиллуулах гэж байгаа.

Тэгээд бодоод үзвэл, хэдэн зуун мянган хүн зэрэг зэрэг, хүнд хүнд тооцооллуудыг хийгээд ирвэл юу болох вэ гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа биз? Хэрэв хэн 1-н өөрийн гэрээг, 1 ижил кодоо дахин дахин давтаад байхаар тохируулчихвал, системд холбогдсон бусад бүх нэгжүүд ч тэрхүү гэрээг нь зогсолтгүй давтах хэрэгтэй болчихно. Тэгсэн тохиолдолд систем хэт ачааллаад, эцэстээ бүрэн зогсолтонд орох аюултай тулгарна.

Азаар, Эфириумд ийм аюулаас сэргийлэх зориулалттай хий гэх ойлголт суусан байдаг. Түлшгүйгээр машин чинь асахгүйтэй адилаар, хийгүйгээр гэрээнүүдийг ачааллуулах боломжгүй. Гэрээгээ ачааллуулахын тулд хэрэглэгчид гэрээний заасан хэмжээний хийнд харгалзах төлбөрийг төлөх хэрэгтэй байдаг. Тухайн хийн төлбөрийг төлөхгүй л бол гэрээгээ ачааллуулах боломжгүй.

Тэр нь бидний нэрлэж заншсанаар бол шимтгэл юм. Гүйлгээнд ч мөн адил төрлийн ойлголт хэрэгжих бөгөөд үүнээс шалтгаалан шимтгэл багатай гүйлгээг Олборлогч нар үл ойшоох хандлага ажиглагдана.

Эфир, хий 2 тусдаа ойлголт шүү! Хийний ханш нь Олборлогчдоос ихээхэн хамаарч, хэлбэлзэж байдаг бөгөөд хэрэглэгч гүйлгээ хийх бүртээ тухайн гүйлгээнийхээ хийний төлбөрийг ETH-р тушаадаг. Энэ талаараа Биткойнтой төстэй гэж ойлгож болно. Сүлжээний ачаалал ихсэж, гүйлгээнүүд ар араасаа шавааралдан, хүлээлт үүсч эхэлвэл хийний ханш өснө гэсэн үг. Эсрэгээрээ ачаалал буурч, сүлжээ суларч эхэлвэл шимтгэл дагаад буурна.

Хийн хэмжээ ийнхүү өөрчлөгдөж байдаг ч, системийн хувьд хийгдэж буй бүх үйлдлүүд, харилцан адилгүй хийн хэмжээтэй байна. Энэ нь ярвигтай тооцоолол шаардсан гэрээнүүд илүү их зардалтай байна гэсэн үг. Тэгэхээр хий нь 1 ёсондоо тооцоолох чадлыг хэмжих нэгж юм. Үүнийг энгийнээр, хэрэглэгчид Эфириумийн сүлжээнээс хэр их нөөц хэрэглэж байгаагаас нь харгалзан шимтгэлийн хэмжээг нь тохируулж өгдөг, татварын систем ажиллаж байдаг гээд тайлбарлачихаж болохоор

Хий нь гэхдээ Эфиртэй харьцуулахад маш бага хэмжээтэй байдаг. Түүнийг хялбар ойлгож, тооцоолохын тулд ETH-ийн бутархай нэгж болох Гвэй (gwei)-г хэрэглэж болно.

1 ETH = 1'000'000'000 Гвей.

Товчхондоо бол ихээхэн удаан хугацааны турш давталт гүйцэтгэх програм ажиллуулъя гэвэл системд маш өндөр төлбөр төлөх шаардлагатай тулгарна. Тийм учраас Эфириумийн сүлжээнд SPAM-дах боломж бараг боломжгүй юм.

Уг хийн шимтгэлийн, хэр хэмжээтэйг төлөхөд, хэр хурдан гүйлгээ баталгаажихыг бодитоор, шууд харахыг хүсвэл ЭНД дараад GasNow.Org-с хараарай.

Хий болоод түүний хэмжээний хязгаар

Хэрэглэгч гэрээрүү гүйлгээ шилжүүллээ гэж төсөөлье. Түүний тулд тэр хийнд хэдий хэмжээг зарцуулахаа шийдэх хэрэгтэй болно. Хэрэв тэр гүйлгээгээ бушуухан баталгаажуулуулах хэрэгтэй байгаа бол аль болохоор өндөр шимтгэл төлөх шаардлагатай.

Гэхдээ өөрийнхөө эрх ашгийг хамгаалахын тулд тэр бас хийн хэмжээнд хязгаарлалт тогтоох боломжтой. Гэрээнд ямар 1 асуудал тулгарсны улмаас уг гүйлгээ илүү их хий хэрэглэж болно. Тэр үед заагдсан хэмжээнээс илүү хий хэрэглэх гээд байвал ажиллагааг зогсоох боломжыг нь хэрэглэгчид, тэрхүү хязгаарлалт бүрдүүлж өгдөг. Хэдийгээр гэрээ хүчингүй болох ч, хэрэглэгчийг төлөхийг зөвшөөрсөн хэмжээнээсээ илүүг төлж, "шатахаас" нь хамгаалдаг байна.

Энэ сэдэв зарим уншигчдад маань ойлгомжгүй санагдаж болох юм. Хэрэв тийм бол санаа бүү зов. Төлөх шимтгэл, төлөх шимтгэлийн дээд хязгаараа тогтоох боломж бүгдэд нээлттэй байдаг бөгөөд ихэнх хэтэвчнүүд энэ асуудлыг Таны өмнөөс шийдээд өгчихсөн байх тул ойлгомжгүй зүйл бараг бол гарахгүй байх. Хялбархнаар тайлбарлавал, хийн ханш нь гүйлгээгээ хэр хурдан хийлгүүлмээр байгаагаас хамаарах бол, хийн хэмжээний хязгаар нь Та гүйлгээний шимтгэлд ихдээ хэдийг төлж чадахыг л тодорхойлно гэсэн үг.

Эфириумийн 1 блокыг олборлоход хэр уддаг вэ?

Гинжин хэлхээнд шинэ блок нэмэгдэхэд шаардагдах дундаж хугацаа нь 12-19 секунд байдаг. Гэхдээ Proof of Stake (PoS) буюу Барьцааны/Гадаслалтын баталгааны алгоритмд шилжсэний дараа энэ хугацаа багасах нь тодорхой. Уг шилжилт болоод, PoS алгоритмын талаар дараа сайхан тайлбарлана аа.

Эфириум токенууд гэж юу вэ?

Эфириум нь хэрэглэгчдэд хэлхээн дээр Эфирийн адилаар шилжүүлж, хадгалж болдог өөрсдийн хөрөнгийг бий болгох боломжыг олгодгоороо давуу талтай. Тэдгээрийг Ухаалаг гэрээгээр зохицуулдаг ба хөгжүүлэгид нь тухайн токендоо хамаарах утгуудыг нь оноож өгөх боломжтой байдаг. Жишээлбэл хичнээнийг гаргах, хэрхэн гаргах, задлах боломжтой эсэх, солилцох (fungible) боломжтой эсэх г.м. Эфириум дээр токен үүсгэх боломжыг олгодог, голлох техникийн жишиг нь ERC-20 бөгөөд уг жишиг дээр үндэслэн гарч ирсэн токенуудыг түүнээр овоглох нь элбэг.

Токенуудын ажиллагаа нь санхүүгийн болон технологийн салбарт хамгийн өндөр түвшний аппуудыг өргөн цар хүрээнд туршиж, санхүүжүүлэх боломжыг олгож байгаа. Апп доторх худалдан авах төлбөрийн хэрэгслээс эхлээд, бодит хөрөнгөнтэй уялдсан өвөрмөц мөнгөн тэмдэгтийг хүртэл үүсгэж, хөгжүүлэх боломжтой. Токенийг хөгжүүлэх хамгийн оновчтой, шилдэг аргыг одоо хэр нь олж, хэрэгжүүлж чадаагүй л байна.

Эфириумийн ертөнцөд нэвтрэхүй

ETH-ийг яаж худалдаж авах вэ?

Арилжааны биржээс, хувь хүнээс гээд л олон арга бий. Хэдийгээр арилжаа шимтгэл өндөр ч, найдвартай байдаг. Тэр тусмаа Binance мэтийн олонд танигдсан, том бирж бол бүүр ч илүү. Уг биржийн талаарх танилцуулга нийтлэлийг ЭНД дараад уншаарай.

Арилжаанд орохгүйгээр, шууд хувь хүнээс авсан ч Binance-ийн P2P үйлчилгээгээр дамжуулж авбал, шимтгэлгүйн дээр найдвартай шүү! Монголоос шууд төгрөгөөр авч, зарж болно гэж байгаа!

ETH-ээр юу авч болох вэ?

Зөвхөн крипто валют хэлбэрээр л ашиглагддаггүйгээрээ Биткойноос ялгардаг гэж дээр дурьдсан байгаа. Төвлөрсөн бус аппуудыг хөгжүүлэх нь Эфириумийн гол зорилго бөгөөд, өөрийн крипто валют болох Эфирийн тусламжтайгаар тэрхүү зорилгоо гүйцэлдүүлэх боломжоо олж, өөрийн экосистемийг санхүүжүүлдэг.

Тиймээс Эфириум сүлжээг хөгжүүлэхэд илүү төлхүү хэрэглэгддэг гэж хэлж болно. Гэхдээ биет болоод цахим мөнгөн тэмдэгтүүдийн адилаар худалдаа, наймаа, үйлчилгээ зэрэгт төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломжтой.


Дээрх зурагт ETH-ийг төлбөрийн хэрэгсэлд хүлээн зөвшөөрч, хэрэглэж байгаа газруудыг тэмдэглэн харуулав.

Эфириумийг өөр юунд хэрэглэж болох вэ?

Цахим мөнгө эсвэл барьцаа хөрөнгө болгон хэрэглэж болох нь бол ойлгомжтой. Биткойны адилаар ирээдүйд үнэд хүрэх баялаг гэж үзэх хүмүүсч бас бий. Гэвч Эфир нь Биткойнтой харьцуулахад хамаагүй илүү програмчлах боломжтой Блокчэйнтэйн дээр хөрөнгө гэдгээс өөр олон хэлбэрээр, олон зүйл дээр хэрэглэх боломжтой. Тэдгээрийн жишээ гэвэл:

  1. Төвлөрсөн бус санхүүгийн аппууд
  2. Төвлөрсөн бус зах
  3. Арилжаа
  4. Тоглоом г.м.

ETH-ээ алдчихвал яах вэ?

Банкны хяналтгүй учир хөрөнгөө Та өөрөө 100% хариуцаж байгаа гэдгийг бүү март! Зооснуудаа Та

  1. Арилжааны платформууд дээр, эсвэл
  2. Өөрийн хэтэвчинд хадгалж болно.

Хэтэвчинд хадгалах тохиолдолд өөрийн Seed phrase буюу Үр үгсээ өндөр нууцлалтай, найдвартай газарт, сайтар хадгалж авах хэрэгтэй. Учир нь хэтэвчиндээ хандах боломжгүй болсон тохиолдолд эдгээр үгс л хандах эрхээ сэргээхэд тань туслана.

Эфириумийн гүйлгээг буцааж болдог уу?

Өгөгдөл нь Эфириумийн Блокчэйнрүү илгээгдчихсэн л бол, түүнийг өөрчлөх, цуцлах боломж бараг байхгүй. Тиймээс гүйлгээ хийхдээ, огтоос алдаа гаргаж болохгүй. Илгээж буй хаягаа тогтмол, давтан шалгаж байх хэрэгтэй. Хэрэв их хэмжээний хөрөнгөө, зөв хаягруу илгээж байгаа эсэхдээ эргэлзэж байвал, эхлээд багахан хэмжээтэйг таслаад илгээгээд шалгаж болно.

Дээр хакаас улбаалан хийгдсэн 2016 оны сэт салаалтын дараах буцаалт нь энгийн 1 үзэгдэл биш, маш ховор тохиолдох зүйл байсныг ойлгоорой. Ер нь бол буруу хаягруу илгээсэн л бол түүнийгээ эргүүлээд авах ямар ч боломжгүй, тэр зоос чинь хар нүхрүү сорогдон замхарсан гээд ойлгочихож болно.

Эфириум дээрх гүйлгээнүүд нууцлагддаг уу?

1 үгээр бол "Үгүй". Уг хэлхээнд хийгдэж байгаа бүх гүйлгээ, нийтэд ил тод харагдаж байдаг. Хэдийгээр хэтэвчний хаяг дээр, хэрэглэгчийнх нь нэр ус ил харагдаж байдаггүй ч, гярхай ажиглагчид хэтэвчээр нь дамжуулан эзнийг нь олж чадна.

Эфириумаас мөнгө олох боломжтой юу?

Олж ч, алдаж ч болох эрсдэлтэй бөгөөд ашигтай талбар гэж ойлгож болно. Урт хугацаандаа ашиг өгнө гээд дарж байдаг хүмүүс байдаг бөгөөд тэдний хувьд ETH нь маш ирээдүйтэй, яваа яваандаа дэлхийн төлбөр тооцооны голлох хэрэгслүүдийн 1 болж ч болохоор гэж харж байгаа хөрөнгө оруулалт юм. Бусад нь харин богино хугацаандаа ашиг олохын тулд бусад зооснуудаар наймаалцаж байдаг. Эдгээр 2 арга нь тус тусын давуу болон сул талуудтайн дээр, мөн өөр өөрийн эрсдэл болон ашгыг үзүүлдэг.

Decentralized Finance (DeFi) буюу Төвлөрсөн бус Санхүүгийн салбарын гол тулгуур багана болсны хувьд ETH-ийг зээлж, барьцаалж хэрэглэж болдог.

HODL хийхдээ дангаар хадгалдаг хүмүүс ч байна, өөр зооснуудын хамтаар хольж дардаг хүмүүс ч байдаг. Дардаггүй, өдөр тутам эргэлдүүлдэг хүмүүс бас байна. Зах зээлээс ашиг олоход хэрэглэж болох ямар л арга байна, тэр бүгдийг хэрэглэж байгаа. Тэдгээрээс өөрт тохирох, аль боломжтойг нь сонгон оролцох эсвэл огтоос оролцохгүй байх сонголт нь Таных.

ETH-ээ хаана, яаж хадгалвал зохих вэ?

Хадгалах олон арга байгаа ч, тэдгээр нь өөр өөрсдийн давуу болон сул талуудтай байдаг. Эрсдэл талаас нь бодоод үзвэл хөрөнгөө төрөлжүүлэх нь хамгийн зөв шийдэл юм. Энэ үгийг бараг шууд ойлгочихож байгаа биз дээ? Гэхдээ яахав, илүү нарийн ойлголтыг яваандаа өгч болох юм. Хэрэгтэй бол асуугаарай.

Хадгалахад Өмчлөлийнэзэмшлийн гэсэн 2 хэлбэр гэж бий. Өмчлөлийн гэдэг нь хөрөнгөө бусдад хариуцуулж, хадгалуулах хэлбэр юм. Яг л банкны дансанд хадгаламж нээлгэсэн мэт гэсэн үг, ийм төрлөөр хадгалж байгаа үед тухайн хадгалж өгч байгаа газрын хөгжүүлэн гаргасан веб эсвэл аппаар нэвтрэн орж байж хөрөнгөө захиран, зарцуулах боломжтой байдаг.

Харин эзэмшлийн хэлбэрээр хадгалж байгаа тохиолдолд өөрөө тухайн хөрөнгөө бүрэн хариуцна. Зүйрлүүлвэл, Таны түрийвчинд байгаа мөнгө нь ийм хэлбэрийн хадгалалт юм. Бэлэн мөнгөний түрийвчтэй адил, крипто валютанд хэтэвч гэж бий. Уг хэтэвчинд гэхдээ Таны зооснууд биш, харин тэдэнд хандах криптограф түлхүүр нь хадгалагдаж байдаг. Хэдийгээр энэ хэлбэр нь хакдуулах эрсдэлгүй ч, хулгайлагдах эрсдэлтэй юм. Мөн энэ хэлбэрээр хадгалж байгаа үед Үр үгсээ сайтар хамгаалж, нууцлах хэрэгтэй гээд сануулаад л байгаа шүү!

ETH-ийг хэтэвчин дээр хэрхэн хадгалах вэ?

Хэтэвч нь дотроо 2 янз бий.

  1. Hot wallet буюу онлайн хэтэвч
  2. Cold wallet буюу офлайн хэтэвч 

Онлайн хэтэвч нь ямар 1 байдлаар интернэтэд холбогдож ажилладаг хэтэвч юм. Гар утас эсвэл компьютер дээр апп хэлбэрээр суулгаж хэрэглэдэг, эсвэл веб хэтэвчүүд энэ ангилалд хамаарна. Интернэт холбогдож ажилладаг учир нөгөө төрлийн хэтэвчтэй харьцуулахад хакдуулах эрсдэл өндөртэй хэдий ч өдөр тутам гүйлгээ хийхэд илүү тохиромжтой байдаг.

Офлайн хэтэвчийн хувьд интернэт холболт огт шаардлагагүй бөгөөд тэр чинээгээрээ хакерийн дайралтанд өртөх магадлал харьцангуй багатай байдаг. Ийм төрлийн хэтэвч нь дотроо:

  1. Цаасан
  2. Төхөөрөмж

гэсэн 2 дэд төрөлд хуваагдана. Гэвч цаасан хэтэвч нь маш найдваргүй гэж тооцогдох болсныг анхаараарай.

Эфириумийн дүрс тэмдэг ямар учиртай вэ?

Анхны загварыг нь зохиогч нь өөрөө урлаж байсан бөгөөд нийлбэрийн тэмдгийг эгцээр болон эргүүлэн байршуулснаар дүрслэгдсэн байсан. Сүүлийн загвар нь харин Октаэдр дүрсийг харуулсан байдаг. Тэмдэглэгээний хувьд USD-г $ тэмдэгтээр орлуулдын адил ETH-г ихэвчлэн Ξ тэмдэгтээр томъёолдог.

ETH 2.0, алсын хараа, ирээдүй

Өргөтгөх боломж бий юу?

Боломжтой. Хэрэглэгчид нэмэгдэхийн хэрээр систем тэлнэ.

Өргөтгөх ямар хэрэгтэй вэ?

Эфириумийг дэмжигчид интернэтийн хөгжлийн дараагийн шат нь платформд суурилсан хэлбэртэй байна гэж үздэг. Веб 3.0 нь зуучлагчгүйгээр буюу төвлөрсөн бус топологийн чанартай байх бөгөөд хувийн мэдээллийн нууцлалыг нэн тэргүүнд чухалчилсан байдлаар загварчлагдсан байна гэдэгт тэд итгэдэг байна. Уг технологийн санаа нь Ухаалаг гэрээн дээр үндэслэж, мэдээллийг хадгалах болон дамжуулах протоколуудаар дамжин ажиллах суурилсан.

Гэвч уг санааг гүйцэлдүүлэхийн тулд Эфириумийн шилжүүлгүүдийг төвлөрсөн бус хэлбэрийг нь алдагдалуулалгүйгээр, одоогын байгаагаас нь асар олон дахин хурдасган сайжруулах хэрэгтэй юм. Хэдийгээр Эфириум нь Биткойн шиг блокын хэмжээгээр гүйлгээний хэмжээг хязгаарладаггүй ч, блокт багтах хийн дээд хэмжээг хязгаарласан байдаг.

Жишээлбэл, хэрэглэгчийн блоконд 100'000 Гвейтэй тэнцэх хэмжээний хийн хязгаар тогтоогдсон байгаа гэвэл, түүнд 10'000 Гвейтэй тэнцэх хэмжээний шимтгэл төлж байгаа 10 ширхэг гүйлгээний мэдээллийг хуулж болно. Мөн үүний адилаар 50'000 Гвейн шимтгэл төлж буй 2 гүйлгээг ч багтаах боломжтой гэсэн үг. Эндээс харвал тэдгээртэй зэрэг хийгдэхээр илгээгдсэн бусад шилжүүлгүүд дараагийн блокыг хүлээх шаардлагатай болж байгаа юм.

Ийм хүлээлэг ихтэй, "хүнд сурталтай" гэмээр системийг бүх нийтийн хэрэглээнд нийлүүлэхэд арай л нийцмээргүй санагдаж байгаа биз? Хүлээгдэх тусам, оочир сунаж, шимтгэл өсч, цаг алдана шүү дээ. Ачааллаасаа хамаараад ажилбарууд хэт үнэтэй болох эрсдэлтэй учир, өнөөгийн систем нь хараахан нийтийн хэрэглээнд зохихгүй л болов уу.

CryptoKitties-ийн асар богино хугацаанд, асар олон хэрэглэгчдийг хамруулснаасаа үүдэн гарсан гацаа дээрх дутагдлын түүхэн жишээ билээ. 2017 онд криптод суурилсан, дижитал муур үржүүлгийн тоглоом олны сонирхлыг ихээр татсан нь тэднийг уг тоглоомруу хөрөнгө оруулахад ихээхэн нөлөөлсөн юм. Харамсалтай нь дээр дурьдсан дутагдлаас үүдэн сүлжээний ачаалал нь тэнгэрт хадаж, түгжрэл дээд цэгтээ тулсан нь хөгжүүлэгчид гэлтгүй, сонирхогчид, санхүүжүүлэгчдэд ч сургамж болсон байх.

Блокчэйний өргөтгөлийн гурвалжин

Хийн хэмжээний хязгаараа багасгах замаар, блокт илүү их мэдээлэл бичигдэх боломжыг нэмж, түгжрэл үүсэхээс сэргийлж болохоор юм шиг санагдаж байж болох юм. Гэвч үнэндээ Эфириумын гол чанарыг алдагдуулахгүйгээр тэгэх боломжгүй учраас л тийм гаргалгааг хийхгүй байгаа билээ. Блокчэйн технологи нь дараах гурвалсан талт зарчмыг баримталж байж л тэнцвэрээ алдахгүй байхаар загварчлагдсан юм.


Зурагт:

  1. Өргөтгөх боломж
  2. Аюулгүй байдал, хамгаалалт
  3. Төвлөрсөн бус хэлбэр

Эдгээрээс 1 юм уу, 2-г нь өөрчлөх нь 3 дахь талд заналхийлэх аюултай. Эфириум, Биткойн зэрэг Блокчэйний хувьд аюулгүй байдал, төвлөрсөн бус байдал 2-ыг ямагт нэн тэргүүнд тавьж байх учиртай. Тэдний олон мянган зангилаанаас тогтох Зөвшилцлийн алгоритмууд нь тэдгээрийн хамгаалалтыг баталгаажуулж байдаг ч, түүнээсээ шалтгаалан өргөтгөхөд төвөгтэй болдог. Энгийн үгээр бол гүйлгээ 1 бүрийг баталгаажуулахын тулд хэлхээний зангилаа 1 бүр заавал оролцох шаардлагатай нь түүний ажиллагааг энгийн гүйлгээний системээс даруй удаан болгож байгаа юм.

Хийн хэмжээний хязгаарыг өсгөх нь хэдийгээр хамгаалалт, өртгөтгөл 2-т ашигтай боловч, төвлөрсөн бус системийг үгүйсгэх учир мөн л зохимжтой гаргалгаа биш болж таарна.

Яагаад вэ гэвэл илүү олон гүйлгээ хийх боломжтой болгохын хэрээр, блокын хэмжээ ихэснэ, тэр хэмжээгээрээ зангилаанууд дээр илүү их өгөгдлийг татаж, боловсруулах шаардлага гарна гэсэн үг. Тэр хэмжээгээр илүү эрчим хүч зарцуулж, илүү их тооцоолол хийх хэрэгтэй болохоос гадна нэгж блокыг боловсруулж, хадгалж, дамжуулахад илүү хүндрэлтэй болно.

Ачаалал нь тэгж нэмэгдсэн үед зангилаанууд цаашид ажиллах боломжгүй болж, сүлжээнээс салгагдах аюултай. Тэгсэн тохиолдолд зөвхөн маш хүчирхэг хэдхэн зангилаа л үлдэх бөгөөд тэр хэрээр систем маань төвлөрсөн бус биш болох болно. Хэрэв ийм зүйл тохиолдвол өргөтгөх маш өргөн боломжтой, маш аюулгүй систем бий болох ч, энэ нь төвлөрсөн хэлбэртэй систем болсон байх юм.

Тэгвэл өөр 2 өнцгийг л голчилсон Блокчэйн бүтээж яагаад болохгүй вэ гэж үү? Болно л доо, ямар ч хамгаалалтгүй, төвлөрсөн бус, өргөтгөх боломжтой систем бий болгож болно. Хамгаалалтгүй юм чинь хэн ч итгэж хөрөнгө оруулахгүй гэхээр тэгээд бас л утгагүй болж таарч байгаа биз?

Эфириум хэр их гүйлгээг боловсруулж чадах вэ?

Сүүлийн жилүүдэд Эфириум Transactions per second (TPS) буюу Секундэд хийх гүйлгээний тоондоо ч бараг хүрч чадаагүй. Дэлхийн компьютер гэсэн нэр нь арай л ахадсан гэмээр.

Өргөтгөх шийдэл нь Эфириум аль эртнээс тусгагдсан байсан ба Plasma бую Плазм нь тэрхүү шийдлүүдийн 1 бодит жишээ юм. Плазм нь Эфириумыг бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор гарсан ч, бас олон өөр Блокчэйн сүлжээн дээр хэрэглэгдсэн сонгодог шийдэл болоод байгаа. Уг шийдлийн талаар доор дэлгэрэнгүй танилцуулъя.

Эфириум 2.0 гэж юу вэ?

Хичнээн олон давуу талтай ч, Эфириумд бас их олон дутагдал бий. Өргөтгөх боломжын талаар дээр тайлбарласан байгаа. Хэрэв Эфириумийг цахим санхүүгийн тулгуур хэрэгсэл болгомоор байгаа л бол шилжүүлгийн хурдыг нэмэх зайлшгүй шаардлага тулгарна. Гэвч системийн өнөөгийн өөрийнх нь бүтэц нь уг асуудлын гол нь болчихоод байгаа бөгөөд үүнийг шийдэхийн тулд Эфириумийн хөгжүүлэгчид олон жилийн турш толгойгоо гашилгаад байгаа билээ.

Төвлөрсөн бус системээ алдахгүйн тулд зайлшгүй хязгаарлалт тогтоох шаардлагатай. Гэвч, хязгаарлалтыг ихэсгэх тусам хэлхээнд оролцох зангилаанууд багасна, тэр хэмжээгээрээ төвлөрсөн бус байдлаа алдах болно. Тийм учраас Эфириумийн боловсруулж чадах гүйлгээний хэмжээг ихэсгэх нь эргээд зангилаануудыг шахаж, Эфириумийн системийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байгаа юм.

Дээрхээс гадна, Эфириум болоод PoW алгоритм дээр суурилсан бусад зооснуудын хувьд өөр нэгэн том сул тал байгаа нь нөөцөнд баригдмал байдал нь юм. Блокчэйнд блок нэмэхийн тулд тэд заавал ч үгүй олборлолт гүйцэтгэх шаардлагатай бөгөөд тэгэхийн тулд маш их эрчим хүч зарж, өндөр чадалтай тооцоологч төхөөрөмж ажиллуулж, асар төвөгтэй тооцооллыг маш бага хугацаанд боловсруулах хэрэгтэй.

Дээрх дутагдлуудыг нөхөхийн тулд Эфириум 2.0 буюу ETH 2.0 гэх томоохон шинэчлэлтийг сэдсэн байгаа юм. Уг шинэчлэлт бүрэн гарч дууссаны дараа Эфириум системийн гүйцэтгэл илт сайжрах ёстой.

Эфириумийн хэлтлэлт гэж юу вэ?

Дээр дурдсанчлан, зангилаа бүр өөр дээрээ Блокчэйнийг бүтнээр нь агуулж байдаг. Шинэ мэдээлэл нэмж хуулагдах бүрт, тэдгээр зангилаа бүр өөрсдийн өгөгдлөө шинэчлэх хэрэгтэй. Түүнээс улбаалан аажим аажмаар, интернэтийн хэрэглээ нь өсч, багтаамж нь дүүрнэ.

Sharding буюу хэлтлэх аргыг хэрэглэснээр энэ асуудлаас зайлсхийж болно. Нэрнээсээ сүлжээг дэд-зангилаануудад хуваана гэсэн санааг нь олж харсан байлгүй. Тэдгээр хэлтэрхийнүүд нь гэрээ болон гүйлгээг тус тусдаа боловсруулах хэдий ч, бусад хэлтэрхийнүүдийн хамтаар том сүлжээнд нэгдэж, тэдэнтэй харилцан мэдээлэл солилцож ажилладаг. Тэгж олон тусдаа хэлтлэсний үндсэн дээр нэгж хэлтэрхий дээр бусад хэлтэрхийн мэдээллийг давхар хуулах шаардлагагүй болсон.


Дээрх зургын зүүн хагаст хэлтлээгүй сүлжээг, баруун талд хэлтлэлттэй сүлжээг харуулсан байна.

Хэлтлэлт нь асар нарийн тооцоололд үндэслэн, олон цагаар ажилласны дүнд системд нэвтрүүлэх ихээхэн төвөгтэй өөрчлөлт юм. Үүнийг бүрэн нэвтрүүлж чадвал, хамгийн өндөр үр дүнтэй сайжруулалт хийгдэх ба сүлжээний багтаамжыг асар өргөн тэлэх боломжтой болох юм.

Эфириумийн Плазм гэж юу вэ?

Эфириум Плазм нь хэлхээнээс гадуурх өртгөтгөл юм. Гүйлгээг Блокчэйнээс тусдаа дамжуулах замаар хэлхээн дээрх ачааллыг бууруулах зорилгоор хөгжүүлэн гаргасан ачаалал бууруулах шийдлийг Плазм хэмээн нэрлэнэ. Ажиллах зарчмаараа sidechain буюу туслах хэлхээ, payment channel буюу төлбөрийн сувгуудтай төстэй гэж ойлгож болно. Эдгээрийг дараа тайлбарлаж өгье.

Плазм тусгаж өгснийг Эфириумийн Блокчэйнийн үндсэн хэлхээн дээр салаа хэлхээ нэмэлтээр холбосонтой зүйрлэж болох бөгөөд тэдгээрийн хоорондоо харилцаа нь маш бага байдаг. Хэлхээнүүд өөр хоорондоо бараг харилцан хамааралгүйгээр ажиллах боловч, туслах хэлхээн дээр хийгдсэн үйлдэл бүрийг гүйцэлдүүлэхэд үндсэн хэлхээ заавал оролцоно.

Зангилаан дээр хадгалагдах мэдээллийг ийнхүү багасгаж өгөх нь учрах ачааллыг бууруулах чухал ач холбогдолтой. Түүнчлэн Плазмын ачаар хөгжүүлэгчид өөрсдийн дэд хэлхээг үндсэн хэлхээнд хэт ачаалал учруулахгүйгээр загварлан, холбож өгөх боломжтой болж байгаа юм. Ийм хэлбэрээр бүтээсэн хэлхээн дээр бүтээсэн апп нь үндсэн хэлхээн дээр мэдээлэл хадгалж, шилжүүлэхэд өндөр зардал гаргах аппыг ч үнэгүйгээр бүтээх ч боломжыг бүрдүүлж өгнө. Плазмын талаар гүнзгийрүүлэн судлах сонирхолтой байгаа бол хүсэлтээ гаргаад илүү дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэл бичүүлж болно шүү.

Эфириум Хуйлмал гэж юу вэ?

Эфириум Блокчэйн дээрх гүйлгээний ачааллыг үндсэн хэлхээнээс гадуур дамжуулах хэлбэрээр ачааллыг нь бууруулах зорилгоор өргөтгөдөг талаас нь харвал энэ нь Плазмтай төстэй шийдэл юм.

Үндсэн хэлхээн дээрх ганцхан гэрээ 2 дахь хэлхээн дээрх бүх хөрөнгийг, тухайн дэд хэлхээний яг одоогын төлвийн мэдээллийн криптографын хамтаар хадгалж байвал түүнийг Rollup буюу Хуйлмал гэнэ. Уг дэд хэлхээг ажиллуулагчид нь mainnet гэрээнд бонд оруулах ба, зөвхөн зөвшөөрөгдсөн шилжилтүүд л mainnet гэрээн дээр тусгагдаж байгаа эсэхийг баталгаажуулж байдаг.

Гол санаа нь, төлвийг нь хэлхээнээс гадуур зохицуулах байдлаар Блокчэйнд өгөгдөл хуулахаас зайлсхийх юм. Плазмаас ялгарах гол онцлог нь гүйлгээг хэрхэн үндсэн хэлхээнд хуулж байгаа хэлбэр нь юм. Гүйлгээний тусгай төрлийг хэрэглэж олон тооны гүйлгээг хуйлж багцлаад, Хуйлмал блок гэх тусгай блокруу тэдгээрийн мэдээллийг хадгална.

Хуйлах төрөл нь дотроо 2 янз байх ба тэдгээрийг:

  1. Өөдрөг хуйлмал
  2. ZK хуйлмал

гэнэ. Төрлүүд нь шилжилтийн төлвийг баталгаажуулдаг өөр өөрийн аргатай байна.

ZK Хуйлмал нь zero-knowledge proof буюу Мэдлэггүйгээр баталгаажуулах аргыг баримталж криптограф баталгаажуулалт хийдэг. Нарийвчилвал, zk-SNARK гэх ба энэхүү арга нь 2 талын хооронд мэдээллийг нь дамжуулахгүйгээр, тухайн мэдээллийг үнэхээр байгааг нотлох хэлбэрээр ажилладаг арга юм.

Ийм байдлаар баталгаажуулж байгаа талаарх мэдээллээ л үндсэн хэлхээнд хадгалдаг гэсэн үг. Энэ арга нь маш хурдтай ажилладаг гэдгээрээ давуу талтайгаас гадна хэрэв мэдээллийн төлөв доголдолтой нь илэрвэл үндсэн хэлхээрүү өгөгдөл огт хуулдаггүйгээрээ давуу талтай.

Өөдрөг хуйлмал нь харин уян хатан чанар олж авахын тулд өргөтгөх боломжоосоо суутгадаг арга юм. Энэ арга нь Optimistic Virtual Machine (OVM) буюу Өөдрөг Виртуал Машин гэх виртуал компьютер дээр Ухаалаг гэрээнүүдээ ачааллуулах ба үндсэн хэлхээрүү хуулж байгаа мэдээллүүдийн төлөв нь баталгаатай гэж нотлох ямар ч криптограф баримтгүйгээр ажилладаг. Гэхдээ энэ асуудлаа зориудаар багахан хүлээлт үүсгэж, хэрэглэгчдэд алдаатай блокыг үндсэн хэлхээнд илгээгдэхээс нь өмнө хянаж, цуцлах боломж олгох байдлаар шийдвэрлэсэн байдаг.

Эфириумийн Proof of Stake (PoS) гэж юу вэ?

Блок баталгаажуулалтын PoW алгоритмын өөр 1 хувилар гээд ойлгочих. Гэхдээ энэ системд блокуудыг олборлодоггүй. Харин үүсгэдэг. Үүсгэгчид нь хэшлэх чадлаараа өрсөлдөхийн оронд, зангилаанаас дурын байдлаар оноосон блокыг үүсгэж ажиллана. Ажлаа бүрэн, зөв гүйцэтгэсэн тохиолдолд үүсгэгчдэд нь тухайн блок дахь бүх шимтгэлийг урамшуулал болгон олгоно. Мөн нэмж, протоколоос хамаарсан блок хаасны урамшууллаар ч мялаана.

Нэгэнтээ олборлолт гэсэн ойлголт байхгүй учраас PoS нь хүрээлэн буй орчинд учруулах хөнөөл багатайд тооцогдож байгаа. Тэдгээр үүсгэгч нар нь Олборлогчид шиг их эрчим хүч зарцуулахгүй бөгөөд энгийн хэрэглээний тооцоологч төхөөрөмжүүдээр л ажилд оролцох боломжтой.

Эфириум PoW алгоритмээс PoS-руу ETH 2.0 шинэчлэлтийн дагуу хөрвөхөөр төлөвлөгдөөд байгаа ба тэрхүү төлөвлөгөөт шинэчлэлтийг нь Casper хэмээн нэрлэж байгаа. Гэвч одоогоор хэдийд энэхүү шинэчлэлт бүрэн хэрэгжиж, биеллээ олох нь хараахан тодорхой бус хэвээр байна.

Эфириум үүсгэлт гэж юу вэ?

PoW протоколын хувьд сүлжээний аюулгүй байдал нь олборлогчдоос шууд хамаардаг. Тэд олборлохдоо бохир аргаар ашиг хайдаггүй, тэгэх нь тэдний цэвэр аргаар ашиг олохоос хамаагүй илүү эрчим хүч, цаг хугацаа зарцуулахаас гадна, шударгаар олж болох байсан шагналыг нь үгүй хийж орхих учраас тэр. Харин PoS алгоритмын хувьд, ийм "тоглоомын онол" огт байдаггүй бөгөөд сүлжээни аюулгүй байдлыг нь суурилуулж өгсөн өөр хоорондоо ялгаатай крипто-эдийн-засгын хэмжээсүүд нь хамгаалж байдаг.

Өөрөөр тайлбарлавал PoW алгоритм дээр булхайцах нь цаг, мөнгөө дэмий үрсэнтэй адил байдаг бол, PoS дээр булхайцах гэж оролдох нь хөрөнгөө алдах эрсдэлтэй. Яагаад гэхээр баталгаажуулалт хийхийн тулд баталгаажуулагчаар ажиллах гэж байгаа Үүсгэгч нь хөрөнгийн барьцаа байршуулах шаардлагатай байдаг. Тэрхүү гадасласан хөрөнгө болох барьцаа Эфир нь тухайн баталгаажуулагчаар ажиллах ёстой зангилааг зүй бус үйлдэл гаргах үед торгууль болон татагдахаас гадна, хэрэв зангилаа сүлжээнээс салгагдах эсвэл хэт удаашралтай ажиллаад эхэлвэл бага багаар суутгагдах болно. Эсрэгээр нь бодоод үзвэл баталгаажуулагч ажлаа сайн гүйцэтгэж, нэмж зангилаа үүсгэх тусам шагнал нь тэр хэрээр нэмэгдэнэ.

Эфириумд баталгаажуулагч хийхийн тулд хэр их ETH барьцаанд тавих хэрэгтэй болох вэ?

Баталгаажуулагч бүр хамгийн багадаа 32 ETH байршуулах шаардлагатай гэж тооцож байгаа. Ийм өндөр тогтоосон шалтгаан нь "51%-ийн дайралт" хийх зардлыг туйлын өндөр болгох зорилготой юм.

Гадасласан хөрөнгөнөөсөө хэр их ашиг олох боломжтой вэ?

Энэ хариулахад их хэцүү асуулт л даа. Тухайн хэрэглэгчийн барьцаа ETH-ийн хэмжээ, сүлжээнд цугларсан барьцааны нийт хэмжээ болоод ханшын өсөлт буюу үнийн хөөрөгдөл (инфляци) зэргээс шалтгаалаад хэр ч байж болно. Урьдчилсан тооцооллоор жилд 6% өгөөжтэй байна гэсэн тоо гарсан байгаа. Гэвч энэ тоо хэд болж өөрчлөгдөхийг зөвхөн цаг хугацаа л харуулна гэдгийг бүү март.

Барьцаалагдсан ETH хэр удаан түгжигдэх вэ?

Барьцаагаа гаргах гэж оролдох үед тань барьцаа хөрөнгөө гаргах хүсэлт хэр их цугласан байгаагаас хамаарна. Хэрэв ямар ч дараалал үүсээгүй байвал 18 цагийн хугацаанд хөрөнгөө гарган авах боломжтой.

ETH-ээ барьцаалахад ямарваа эрсдэл байгаа юу?

Баталгаажуулагч болсон хэрэглэгч нь сүлжээний аюулгүй байдлыг хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байгаа тул тодорхой хэмжээнд эрсдэлтэй нүүр тулах боломжтой. Жишээлбэл дээр дурдсанчлан баталгаажуулагчын зангилаа тодорхой хугацааны туршид сүлжээнээс салгагдсан буюу ажил гүйцэтгээгүй тохиолдолд гадасласан хөрөнгөнөөсөө нилээд хэсгийг нь алдах аюултай. Түүнчлэн, баталгаажуулагчын барьцаа хөрөнгийн хэмжээ 16 ETH хүрэхээргүй хэмжээрүү хоргодсон тохиолдолд баталгаажуулах эрхийг нь түтгэлзүүлнэ.

Мөн системийн талаас үүдэн гарч болзошгүй эрсдлүүдийг бас тооцож үзэх нь зүйн хэрэг болох болов уу. Яагаад вэ гэхээр, PoS алгоритмыг урьд нь хэзээ ч, ийм том системийн хүрээнд суурилуулж байгаагүй учир, тооцоолоогүй хүндрэл учирч, алдаа гарах магадлал чамгүй өндөр байх боломжтой. Төгс зүйл гэж хэзээ ч байгаагүй, хаана ч байдаггүйг ямагт санаж явбал зохино. Бүх л програм хангамжинд ямар 1 алдаа дутагдал, сул тал бий. Ялангуяа мөнгө санхүү, эдийн засгийн салбарт, тэр дундаа хэдэн тэрбумын хөрөнгөний талаар яригдаж байгаа тохиолдолд жижигхэн алдаа асар том гамшигт хүргэх боломжтой.

Эфириум ба DeFi

Decentralized Finance (DeFi) буюу Төвлөрсөн бус Санхүү гэж юу вэ?

Санхүүгийн аппуудыг төвлөрсөн бус хэлбэрт шилжүүлэхийг зорьж буй хөдөлгөөнийг Төвлөрсөн бус Санхүү гэнэ. Англи товчлол нь DeFi. DeFi нь интернэт холбогдсон хэн ч, хаанаас ч, хэдийд ч, ямар ч хязгаарлалтгүйгээр, үнэ төлбөргүйгээр хандах боломжтой, нээлттэй эх бүхий Блокчэйн дээр бүтээгдсэн байна. Энэ шинж чанар нь шинээр олон олон тэрбум хэрэглэгчдийг татах гол давуу тал болж байгаа.

Хором бүрт өргөжин тэлж буй DeFi экосистемд хэрэглэгч нь өөр хоорондоо болон, Ухаалаг гэрээнүүдтэй Peer-to-Peer (P2P) сүлжээгээр болон DApps-ын тусламжтайгаар холбогдоно. DeFi-н хамгийн том давуу тал нь хэрэглэгчдэд дээрх бүх боломжыг олгохын хажуугаар, тэдэнд өөрсдийн хөрөнгийг бүрэн эзэмшиж, захиран зарцуулах эрхийг нь тасралтгүйгээр олгож байх явдал юм.

Энгийнээр тайлбарлавал, DeFi хөдөлгөөн нь өнөөгийн санхүүгийн системийнх шиг хязгаарлагдмал бус, цоо шинэ системийг нэвтрүүлэх зорилготой юм. Эфириум нь өнөө цагийн хамгийн том төвлөрсөн бус хэлбэртэй, хөгжүүлэгчдэд зориулсан үлэмж сантай технологи болоод байгаа учир DeFi нь үүн дээр тулгуурлан бүтээгдэж байгаа билээ.

DeFi-г юунд ашиглаж болох вэ?

Сүлжээг зохион байгуулахад дундын зуучлагч, хянагчын оролцоогүй гэдгээрээ Биткойн алдартайг өдийд уншигч Та мэддэг болсон байх учиртай. Тэгвэл үүн дээр нь үндэслээд програмчлах боломжтой апп бүтээвэл ямар вэ? Тэр чинь л DeFi юм шүү дээ. Дундын зууч, хөндлөнгийн зохицуулагчгүйгээр, бусдын гаргасан алдааны хохирогч болохгүйгээр, чөлөөтэй ажиллах боломжтой аппуудыг энд л бүтээх боломжтой.

Дээрхээс гадна DeFi нь бүх нийтэд нээлттэй, ил тод байдгаараа давуу талтай. Санхүүгийн ямар ч үйлчилгээ авч чаддаггүй хэдэн тэрбум хүн байдаг гээд төсөөл дөө. Санхүүгийн тийм хязгаарлагдмал байдалд хүлэгдсэн хүмүүс өдөр тутмын амьдралаа хэрхэн залгуулдаг бол гээд бас 1 бодоод үзээрэй. Энэ нүсэр асуудлыг шийдвэрлэх гарц болох зорилготой цорын ганц бөгөөд ирээдүйтэй, боломжтой шийдэл нь DeFi юм.

DeFi зах зээлд гарч чадах уу?

Үнэхээр ийм агуу юм бол яагаад өдий болтол зах зээлд нэвтэрч, хуучин системийг халахгүй байгаа юм бэ? гэж Та магад гайхаж байгаа байх. Шалтгаан нь тун энгийн, одоогоор ихэнх DeFi аппууд дөнгөж судалгаа, хөгжүүлэлтийн шатандаа явж байгаа учир ихээхэн алдаа дутагдалтай байгаа. Тэр тусмаа бүтээхэд асар их мэдлэг, ажил шаардаж байгаагын дээр өнөөгийн хөгжүүлэлтийн орчин нөхцөл нь ихээхэн хүндрэлтэй байна. 

DeFi экосистемийг хөл дээр нь босгоход програм хөгжүүлэгчид, тоглоомын онолчид болоод механизм загварчлагчид гээд л олон олон салбарынхнаас ихээхэн урт хугацаа, нүр их хөдөлмөр шаардана. Тиймээс DeFi аппууд хэзээ хэрэглээнд нэвтрэхийг тааж хэлэх, хэрэглээнд нэвтэрнэ гэж батлах ч боломжгүй юм.

Одоогоор нэвтэрсэн байгаа DeFi апп юу байна?

DeFi-ийн хэрэглээний хамгийн алдартай жишээ нь өдгөө StableCoin болоод байна. Энэ зоос нь цаасан дэвсгэрт мэтийн бодит хөрөнгөний ханштай уягдсан, Блокчэйн технологи дээр суурилсан токен юм. Иймэрхүү зоос нилээдгүй хэд байдаг бөгөөд жишээ дурдвал, BUSD гэх зоос нь USD буюу Америк Долларын ханштай уягдсан байдаг учир уг зоосны ханш нь USD-тай ямагт тэнцүү байна.

Эдгээр зоосыг хэрэглэхэд таатай болгож байгаа нөхцөл нь тэдний суурилсан Блокчэйн технологи нь тэднийг хадгалж, шилжүүлэхэд туйлын хялбар болгодогт оршино.

DeFi-ийн өөр нэгэн алдартай хэрэглээ болоод буй төрөл нь P2P-д суурилсан зээл. Зээлийн ийм хэлбэр нь хэрэглэгч өөрийн хөрөнгийг бусдад зээлүүлснийхээ төлбөрт хүү авах зарчмаар ажиллана. Ийм хэлбэрээр хөрөнгөө аривжуулах сонирхолтой байвал Binance-д бүртгүүлээрэй. Binance-г санал болгож буй шалтгаануудтай ЭНД дараад танилцаарай.

DeFi-ийн хамгийн сонирхолтой зүйл нь түүн дээр бүтээж болох аппуудад хязгаар байхгүй гэдэг нь л байх болов уу. DeFi-д цахим зоос гэлтгүй, бүх л төрлийн дижитал эд зүйлсэд зориулсан P2P, Төвлөрсөн бус арилжаануудыг бүтээх боломжтой. Бүүр нийлэг хөрөнгө бүтээх ч боломжтой гээд төсөөл дөө. Үнэ цэнэд хүрэх боломжтой ямар ч цахим зүйлийг бүтээх, хадгалах, шилжүүлэх, тэдгээрт зориулсан зах зээлийг нь хүртэл босгож болно.

Эфириум дээрх Төвлөрсөн бус биржүүд

Decentralized Exchanges (DEXs) буюу Төвлөрсөн бус биржүүд гэдэг нь хэрэглэгчдийн хэтэвч хооронд шууд гүйлгээ хийх боломж олгодог газар юм. Binance зэрэг Төвлөрсөн бус солилцоогоор дамжуулан арилжаанд оролцох үед хэрэглэгч хөрөнгөө Binance-руу илгээж, тэндээсээ дотоод системээр дамжуулан арилжаа хийдэг бол, бирж нь Ухаалаг гэрээг ашиглан хэтэвчнээс хэтэвчинд арилжаа хийдгээрээ ялгардаг. Тийм ч учраас хакдуулах эрсдэл байдаггүй.

Ийм биржийн тод үлгэр жишээ нь Binance DEXUniswap, Kyber Network, IDEX нар юм. Бүүр төхөөрөмжин хэтэвчнээс ч дээд зэрэглэлийн хамгаалалттайгаар арилжаанд оролцох боломжыг ч тэдний ихэнх нь олгодог.

Төвлөрсөн болоод Төвлөрсөн бус биржүүдийг дээрх зурагт харьцуулан харуулав.

Зургын зүүн хагаст хэрэглэгчдийн хоорондын гүйлгээг 3-дагч тал оролцож, зохицуулж өгч байгааг харж болно. 2 тал өөрсдийн хөрөнгийг дундаа байршуулж, харилцан солилцоно гэсэн үг. Арилжаа биелсний дараа завсрын зохицуулагч тэдний хөрөнгийг харгалзах талуудад хувиарлана.

Харин зургын баруун хэсэгт Төвлөрсөн бус биржийг харуулсан ба тэндээс гүйлгээг зохицуулагч буюу 3 дахь талын ямар ч оролцоо байхгүй байгааг харах боломжтой байна. Ухаалаг гэрээгээр дамжуулан хэрэглэгчдийн хөрөнгийг шууд шилжүүлж байгаа учир элдэв залилан үйлдэх боломжгүй.

2020 оны 2-р сарын байдлаар Эфириум Блокчэйн дээр хамгийн өргөн хэрэглэгдсэн апп нь DEXs болоод байна. Гэвч Төвлөрсөн солилцоотой харьцуулахад арилжааны нийт хэмжээгээрээ өчүүхэн бага хэвээр байгаа юм. Хэрэв DEXs-ийг хөгжүүлэгч, загварчлагч нар аппынхаа амар хялбар, энгийн ойлгомжтой байдлыг сайжруулж чадвал ирээдүйд DEXs нь Төвлөрсөн солилцооны гол өрсөлдөгч ч болохыг үгүйсгэх аргагүй.

Эфириум сүлжээнд оролцох

Эфириумийн зангилаа гэж юу вэ?

Эфириумийн сүлжээтэй ямар 1 хэлбэрээр холбогдож байгаа програмыг ийнхүү тодорхойлно. Блокчэйнийг бүхлээр нь агуулж буй компьютер эсвэл хэтэвчний апп суулгасан гар утас ч үүнд хамаарна гэсэн үг.

Зангилаа бүр өөр хоорондоо ямар 1 байдлаар холбогдож, мэдээлэл солилцох ч, өөр хоорондоо ялгаатай төрлүүдэд хамаарна. 

Эфириумийн зангилаанууд хэрхэн ажилладаг вэ?

Эфириум нь дан 1 програм дээр ажилладаггүй гэдгээрээ Биткойноос ялгаатай. Биткойны экосистем нь Биткойны цөм гэх үндсэн зангилаа болж буй програмд тулгуурлан ажиллаж байдаг бол, Эфириум нь олон тооны, тусдаа боловч өөр хоорондоо нийцтэй програмууд дээр ажилладаг. Тэдгээрийн талаар Эфириумийн Шар хуудас дээр нь тодорхойлсон байгаа. Хамгийн өргөн хэрэглэгддэг програмууд нь Geth болон Parity нар юм.

Эфириумийн бүхэл зангилаанууд

Эфириум сүлжээнд бие даан Блокчэйний өгөгдлийг баталгаажуулахын тулд тээр дурдсан шиг програмуудын тусламжтайгаар, бүхэл зангилааг ачааллуулах шаардлагатай.

Тэрхүү програм хангамж нь бусад бүхэл зангилаануудаас блокуудыг татаж авах ба тэдгээр блокуудад агуулагдаж байгаа гүйлгээний өгөгдлүүд нь зөв байгаа эсэхийг хянаж, баталгаажуулна. Түүнээс гадна бусад бүх хэрэглэгчдийнхтэй адил мэдээллүүдийг татсан байгаагаа нягтлахын тулд зарлагдсан байгаа бүх Ухаалаг гэрээнүүдийг татаж авдаг. Тэгэхээр бүх зүйл ажиллах ёстойгоороо ажиллаж л байвал, бүх зангилаан дээр байгаа бүх машинууд бүгд адилхан мэдээлэлтэй байна аа гээд ойлгочихож болно.

Бүхэл зангилаа нь Эфириумийн ажиллагаанд нэн чухал үүрэгтэй. Олон тооны зангилаа хадгалагдсан байж байхгүй л бол сүлжээний Төвлөрсөн бус болоод хяналт, хязгаарлалтгүй байдал алдагдал аюултай.

Эфириумийн жижиг зангилаанууд

Хэдийгээр бүхэл зангилааг ачааллуулах нь сүлжээний аюулгүй байдлыг сахин хамгаалахад туслах ч тогтмол арчилгаатай, тусгайлан зориулсан машин ажиллуулахыг шаардана. Бүхэл зангилааг ачааллуулах чадамж, боломж, сонирхолгүй хэрэглэгчдийн хувьд жижиг зангилааг ачааллуулах нь зохимжтой.

Жижиг гэдэг утгаараа хэмжээ бага байхаас гадна, ачаалал, шаардлага ч багатай байна. Гар утас, зөөврийн компьютер гэх мэтийн ямар ч төхөөрөмж дээр ажиллуулах боломжтой байх хэдий ч тэднийг ачааллуулахад сул тал бий. Тэд өөрсдөө дангаар Блокчэйнтэй холбогдож чадахгүй тул зайлшгүй бүхэл зангилаатай холбогдож байж мэдээллээ солилцдог.

Жижиг зангилаа нь худалдаачид, үйлчилгээнийхэн болоод хэрэглэгчид хооронд ихээхэн ашиглагдана. Бүхэл зангилааг ачааллуулах нь зардал өндөртэй байдаг тул зөвхөн гүйлгээ хийх төдийд ашиглахад жижиг зангилаа нь харьцангуй оновчтой сонголт болдог.

Эфириум олборлолтын зангилаа

Олборлолтын зангилаа нь Бүхэл, Жижиг аль ч хэлбэрээр байж болдог. Олборлолтын зангилаа гэх нэр томъёо нь Эфириум дээр Биткойныхтой төстэй байдаггүйг анхаараарай. Хэдий тийм ч ийнхүү адилтган нэрлэхэд буруудахгүй.

Эфириумийг олборлохын тулд хэрэглэгчид нэмэлт төхөөрөмж авч ашиглах шаардлагатай. Тийм төхөөрөмжүүдийг нийтэд нь Mining rig буюу Олборлогч төхөөрөмж гэж нэрлэнэ. Олборлоно гэдэг нь өндөр чадалтай график боловсруулагч нэгжүүдийг (GPU) хооронд нь холбон, өндөр хурдаар өгөгдөл хэшлэхийг хэлж байгаа юм.

Олборлох 2 төрлийн арга бий. 1 нь дангаар, нөгөө нь хамтарч буюу санд нэгдэж. Дангаар гэдэг нь мэдээж блок хаахаар бие даан зүтгэхийг хэлж байгаа бөгөөд энэ тохиолдолд блок хаасны шагналаа бүтнээр нь авах боломжтой байдаг бол санд нэгдэж ажиллавал хэшлэх хүчээ бусдынхтай нэгтгэж, ажилладаг тул илүү хурдан хугацаанд блок хаах боломжтой байна. Гэвч хамтарч ажилласан бусад бүх олборлогчидтойгоо тэрхүү блокыг хаасныхаа шагналд авах урамшууллаа хуваадаг.

Эфириумийн зангилааг хэрхэн ачаалуулах вэ?

Блокчэйн бүгдэд нээлттэй учир Эфириумийн сүлжээг хамгаалангаа, блок хааж, ашиг хүртэх боломж нь бүгдэд тэгш олгогдсон байгаа.

Биткойны нэгэн адилаар Залгаад-шууд-ачааллуулах боломжтой Эфириум зангилаануудыг санал болггдог байгууллагууд, үйлчилгээнүүд бий. Тэдгээр нь төхөөрөмж өөрөө олж, угсарч, тохируулах ажлыг хөнгөвчлөх ч ихээхэн зардалтай.

Эфириум нь зангилааны олон өөр програм хангамжтай талаар дээр дурьдсан. Тиймээс өөрөө төхөөрөмж босгож байгаа бол, ажиллуулах програмдаа зохих зааварчилгааг олж судлах хэрэгтэйг анхаараарай.

Архивчлах зангилаа гэх тусгай зангилааг ажиллуулахад харин энгийн хэрэглээний, хуучин зөөврийн компьютерийг ч хэрэглэж болдог. Уг зангилаа нь Эфириумийн бүхэл зангилаан дээр ажиллах тул өдөр тутмын хэрэглээний компьютер дээрээ ачааллуулахаас зайлс хийсэн нь дээр. Учир нь тогтмол ачаалал нь компьютерийг гацаах, хэт халаах эрсдэлтэй.

Интернэтэд тогтмол холбогдсон байдаг төхөөрөмж дээр зангилаа үүсгэж, ачаалуулахад илүү зохимжтой. Хэдийгээр интернэтэд байнга холбогддоггүй эсвэл интернэт холболт нь тасалддаг төхөөрөмж дээр ачааллуулах боломжтой ч, тэр тохиолдолд холболт салаад эргэж нийлэх бүрт зангилаа нь сүлжээтэй мэдээллүүдээ солилцож, шинэчлэхэд ихээхэн хугацааг зарцуулах тул цаг их гарздах сөрөг нөлөөтэй. Гэвч эдгээр ассуудлыг шийдвэрлэх төсөр бөгөөд арчилгаа багатай шийдлийг хэдийн олсон байгаа нь Raspberry Pi юм.

Эфириум дээр хэрхэн олборлолт хийх вэ?

PoS алгоритмд удахгүй шилжих гэж байгаа учир, олборлогч хийх нь ирээдүйгүй болоод байна. Нэгэнт шилжсэний дараа олборлогч төхөөрөмжийг өөр сүлжээнд хэрэглэхгүй л юм бол, хэрэггүй болох аюултай.

Гэсэн хэдий ч Олборлож үзэхээр сэтгэл шулуудсан бол, олборлох төхөөрөмжөө сонгож (GPUs эсвэл ASICs), худалдаж авах эсвэл угсарч босгоод хэрэглэж болно. Ашгаа бодвол цахилгааны төлбөр багатай газрыг сонгох, мөн алсаа бодвол GPU угсарч хэрэглээд, цаашид олборлох боломжгүй болсон үед GPU-аа салгаж, суурин компьютерийн процессорт холбон хэрэглэж болох юм. Олборлоход мөн хэтэвчний хаяг, олборлогч програм хэрэгтэй болно. Эдгээр нь тус бүрдээ тодорхой хэмжээний зардал, цаг хугацааг шаардахыг битгий мартаарай. Тиймээс сайтар бодож, тооцож, төлөвлөж байж шийдвэрт хүрсэн нь дээр шүү.

Эфириумийн ProgPoW гэж юу вэ?

Programmatic Proof of Work буюу Хөтөлбөржүүлсэн PoW нь Эфириумийн олборлолтын алгоритмд Ethash-д тусгахаар төлөвлөгдсөн, GPU төхөөрөмжүүдийн ASIC төхөөрөмжүүдтэй өрсөлдөх чадварыг нэмэх зорилготой нэмэлт өргөтгөл юм.

ASIC төхөөрөмжүүд нь Биткойны ертөнцөд олборлолтыг ноёлогч болоод байгаа бөгөөд тэднээс ангид систем бүтээх талаарх сэдэв Биткойн, Эфириумийн аль алинд сүүлийн хэдэн жил ихээхэн хөндөгдөх болоод байгаа.

Хэдийгээр ASIC төхөөрөмжүүд Эфириум олборлогчдын дунд бага хувийг эзэлж байгаа ч, технологийн хэт хурдацтай хөгжлөөс үүдэн удахгүй, GPU төхөөрөмжүүдээс хол илүү ASIC хөгжүүлэн гарах боломжтой юм. Яагаад ASIC-с аль болох татгалзах хэрэгтэй вэ? гэвэл тэд сүлжээний Төвлөрсөн бус байдлыг ноцтойгоор хураах аюултайд тооцогддог.

GPU-р олборлох нь ашиггүй болоод ирвэл тэд төхөөрөмжөө ажиллуулахаас татгалзах эхэлнэ. Тэгсэн тохиолдолд цөөхөн хэдхэн маш хүчтэй олборлогчтой хүн л олборлолтын ертөнцийг захирч, улмаар Төвлөрсөн бус хэлбэр алдагдахад хүрнэ. ASIC төхөөрөмж нь өөрөө ихээхэн үнэтэй бүтдэг тул түүнийг авч чадах хэрэглэгчдийн тоо ч бас цөөрнө гэсэн үг. Ингээд бодоод үзвэл ASIC төхөөрөмжийн хөгжил нь Эфириум болоод бусад Төвлөрсөн бус хөрөнгөний үндсэн шинжид харшлах аюултай болж таарч байгаа биз?

2018 оноос хойш өдийг хүртэл ярианы гол сэдэв болоод буй ProgPoW-г зарим хэрэглэгчид Эфириумийн экосистемийн тогтвортой байдлыг хангах чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа бол, бусад хэрэглэгчид уг өргөтгөлийг Сэт салаалалт үүсгэж мэдэх учир дэмий гэлцэх нь бий. Гэвч PoS алгоритмын суурилуулалт хийгдвэл, ProgPoW-ийг суурилуулах шаардлагагүй болох юм. 

Эфириумийн програм хангамжыг хэн хөгжүүлдэг вэ?

Эфириум нь Биткойнтой адил нээлттэй эх дээр хөгжүүлэгдэж байдаг. Энэ нь протоколуудыг сайжруулахад болон үүн дээр сууриилсан аппуудыг бүтээхэд хэн ч гар бие оролцох бүрэн боломжтой гэсэн үг юм. Эфириум нь одоогоор Блокчэйний орон зай дахь хамгийн олон хөгжүүлэгч бүхий, хамгийн том талбар болсон байгаа билээ.

Solidity гэж юу вэ?

Ухаалаг гэрээг анх 1990-ээд оны үед зохиосон ч, Блокчэйнд суулгаж өгөх санаа нь бараг саяхны, шинэ зүйл юм. Solidity гэх програмчлалын хэлийг 2014 онд Гэвин Вуд гэгч сэдсэн бөгөөд, түүнээс хойш Эфириум дээр Ухаалаг гэрээг хөгжүүлэх гол програмчлалын хэл болоод буй. Уг хэл нь Java, JavaScript, C++ гэсэн 3 програмчлалын хэлийг уусгаж, бүрэлдсэн хэл юм.

Энгийнээр, хөгжүүлэгчдийн бичсэн кодыг Ethereum Virtual Machine (EVM)-д таниулж, уншуулах боломжыг олгож байгаа тэрхүү чухал эд анги нь Solidity гээд ойлгочихож болно.

Гэвч Solidity нь Эфириум дээр хөгжүүлэлт хийх боломжтой цорын 1 хэл биш юм шүү. Python-той төстэй Vyper хэлийг ч хөгжүүлэгчид өргөнөөр хэрэглэдэг.

Энэхүү нийтлэлийг танилцуулга, суурь мэдлэг олгох зорилгоор бичсэн бөгөөд крипто зах зээлд оруулах уриалга биш болохыг анхаарна уу. Энэхүү зах зээл нь эрсдэл өндөртэй зах зээл учир, хэрэв уг нийтлэлийг уншигч Та орж үзэхээр сонирхож байгаа бол өөрөө илүү дэлгэрэнгүй судалгааг хийх шаардлагатай. Уг зах зээлд орсноос үүдэн гарах аливаа эрсдлийг тухайн хүн өөрөө бүрэн хариуцах ба манай блог, түүний админууд ямар ч нөхцөлд хариуцлага хүлээхгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!