Хөрөнгө оруулалтын өгөөжийн тооцоолол

Return on Investment (ROI) гэж, хөрөнгө оруулалтын хэр үр дүнтэй байгааг хэмжих ойлголтыг хэлж байгаа гэж ойлгож болно. Түүнчлэн, тусдаа хөрөнгө оруулалтуудын аль нь илүү ашиг авч ирснийг харьцуулахад, уг хэмжүүрийг хэрэглэж болно. ROI өндөр гарах тусмаа, өгөх өгөөж их байгааг илтгэнэ.

Ямар ч төрлийн арилжаа эрхэлж, ямар ч хөрөнгөнд, ямар ч хэмжээгээр, хэр ч хугацаагаар хөрөнгө оруулсан байсан, үр ашгийн буюу өгөөжийн тооцооллыг заавал хийж байх шаардлагатай. Тэгж байж л, амжилттай ажиллаж байна уу, алдагдал хүлээгээд байна уу, тэдгээрийн хэмжээ хэр байв, анх сонирхогч байсан үеэс хэр ахиц гарсан байна зэргийг олж тогтоох боломжтой болно шүү дээ. ROI нь арилжааны явцад, үр дүнгээ урьдчилж, энгийн хэмжилтийн аргаар тогтоох боломжтой байдаг тул, зорилгоо тодорхойлоод, түүндээ тууштай байхад туслана.

ROI, хасах дүнтэй гарч байвал, төлөвлөгөөгөө эргэн харж, засч залруулах хэрэгтэй байна гэсэн үг. Мөн, өөрөө амжилттай байгаа гэж итгэж байсан ч, ROI тааруухан дүнг үзүүлээд байвал, тэр нь сэтгэл хөдлөл, өрөөсгөл ойлголтдоо хөтлөгдөөд худал дүгнэлт гаргаад яваад байгаагын илрэл болно.

ROI-г тооцох хэд хэдэн арга байгаагаас, хамгийн өргөн хэрэглэгддэг хэдийг нь энэхүү нийтлэлээрээ танилцуулъя. Гэхдээ, эхлээд ROI-н ажиллах зарчмыг ойлгоцгооё. Анхны хөрөнгө оруулалттай, нийт ашиг, алдагдлыг харьцуулах нь ROI-г тооцоолох үндсэн арга хэлбэр болох бөгөөд энэ үед ROI, анхны хөрөнгө оруулалтаас өндөр гарч байвал ашигтай, бага гарч байвал алдагдалтай ажилласан гэж үзэж болно.

ROI тооцооллыг дан ганц хөрөнгийн бирж дээрх арилжаанд хэрэглэдэггүй. Бүхий л төрлийн худалдаа, үйлчилгээний байгууллагууд, бүүр энгийн худалдан авалтанд ч хэрэглэнэ. Хэдий хэмжээний зардал гаргаж, хэр хэмжээний орлоготой ажиллахаар байгаагаа эхэлж тооцсоны үндсэн дээр л хөрөнгө оруулах, бизнес эхлүүлэх шийдвэрээ гаргах хэрэгтэй байдгыг, эрх биш хүн бүр мэдэж байгаа байлгүй.

Мөн, хэдийн хэрэгжсэн гүйлгээнүүд дээрээ ч ROI тооцоолж, үр дүнг нь шинжилж, харьцуулж болдог. Жишээ нь, Та 5 жилийн өмнө 200 сая төгрөгөөр, байр худалдан авсан байлаа гэж төсөөлье. Энэ хугацаанд нийт 50 саяын урсгал засвар, тохижуулалтыг нэмж хийсэн бөгөөд, инфляци зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр байрны тань үнэлгээ одоо 300 саяд хүрсэн тул, одоо зарах гэж байгаа гэж бодъё. 5 жил тухтай амьдарснаас гадна, Та үүнээсээ эргүүлээд ашиг хүртэх боломжтой болсон байгаа биз?

Хөрөнгө оруулалтын өгөөжийг яаж тооцдог вэ?

ROI-ийн томъёо, уг нь их энгийн. Анхны хөрөнгө оруулалтаасаа, өнөөгийн үнэ ханшийг нь хасаад, гарсан хариуг анхны хөрөнгө оруулалтандаа хуваагаад л гүйцээ.

ROI = (Одоогийн үнэлгээ - Анхны зардал) / Анхны зардал

Дээрх жишээн дээрээ, энэ томъёог ашиглаад, өгөөжөө тооцоцгооё.

ROI = (300 сая - 200 сая) / 200 сая = 0.5

ROI үнэлгээ 0.5 буюу үүнийг 100-д үржээд rate of return (ROR) буюу өгөөжийн хувь хэмжээг тодорхойлж болно.

0.5 * 100 = 50%

Энэ нь, анхны хөрөнгө оруулалтаасаа, 50% ашиг олсныг илтгэж байна. Гэхдээ, байрандаа нэмж зарцуулсан дүнгээ тооцохгүй орхиж болохгүй шүү дээ. Нэмэлт зардлаа, өнөөгийн ханшаас нь хассаны дараагаар, ROI тооцвол, цэвэр ашгийн хэмжээгээр тодорхойлох боломжтой.

300'000'000 - 50'000'000 = 250'000'000 ₮

ROI = (250 сая - 200 сая) / 200 сая = 0.25

Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалттай харьцуулахад, 25% ашигтай ажиллажээ. Үүнийгээ, анхны хөрөнгө оруулалтын хэмжээгээр үржүүлээд, 25% гэдэг нь, нийт хичнээн төгрөг болохыг мэдэж болно.

200'000'000 * 0.25 = 50'000'000 ₮

ROI-ийн дутагдалтай талууд

Ойлгож, хэрэглэхэд маш хялбар хэдий ч, цаг хугацаа, аюулгүй байдал, хөрвөх чадвар зэргийг огтоос авч хэлэлцдэггүй сул талуудтай. Цаг хугацаа нь, хөрөнгө оруулалтын хувьд, салшгүй чухал үзүүлэлт гэдгийг мартаж болохгүй. 1 жилд, 0.5 ROI нь, 5 жилд 0.5 ROI-с хамаагүй илүү ашигтай шүү дээ. Тиймээс зарим хөрөнгө оруулалтын төслүүд, жил жилээр ашгийн тооцооллоо гаргаж, танилцуулдаг.

Мөн, хөрвөх чадвар муутай хөрөнгөнд оруулсан мөнгөө эргүүлэн гаргаж авах гэж оролдоход, ROI хичнээн өндөр байгаад ч, худалдаж авах хүн олдохгүй бол, удтал хүлээх хэрэг гарч болно. Ашгаа гаргаад авч чадахгүй юм бол, тэр ашгийг ашиг гэж тооцоход хэцүү, тэгээд ч, гаргаж авах гэсээр байтал, үнэлгээ нь эргээд унавал үгүй мөн харамсмаар юм болох байх даа.

ROI хичнээн өндөр гарч байлаа ч, үнэ ханш 0 хүрэх эсвэл хөрөнгөө захиран зарцуулах эрх нь бүрэн олгогдоогүй бол, энэ төрлийн төсөл, хөрөнгө оруулалтыг эрсдэл хэт өндөртэйд тооцно. Олж болох ашиг, шуналыг тань гижигдэхүйц байж болох ч, бүх хөрөнгөө алдах магадлал яг адил эсвэл илүү байгаа.

ROI-ийг нь хараад, аюулгүй гэж дүгнэж хэрхэвч болохгүй. Ашиг/эрсдлийн харьцуулалт хийж сурах, тогтмол хийж хэвших нь, хөрөнгөө хамгаалах зорилгоор авч хэрэгжүүлсэн эхний алхам болно. Цаашлаад, мөнгөний урсгал, хүүгийн хувь, шимтгэл зэрэг нэмэлт зардал, return on equity (ROE) буюу өөрийн хөрөнгийн өгөөж г.м. олон хэмжилтүүдийг бас гүйцэтгэх хэрэгтэй.



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!