Inflation гэж юу вэ?

Бага байхад тань, бүх юмны үнэ хямдхан байсныг санадаг эсвэл аав, ээж, эмээ, өвөөгөөсөө дуулж байсан уу? Тэр нь, Inflation буюу Инфляцаас (шууд орчуулвал хөөрөгдөл, хийлэлт) болж буй хэрэг. Инфляци гэдэг нь үнийн өсөлтөөс үүдэлтэй, мөнгөний худалдаж авах чадвар буурах үзэгдэл юм.

Үнийн хөөрөгдлийг дагасан нааштай зүйлс байж болох ч, ерөнхийдөө хэт хөөрөгдөл нь таагүй үр дүнг дагуулж байдаг. Бодоод үз, маргааш мөнгө гээч зүйл ямар ч үнэ цэнэгүй болчихно гэвэл Та хурааж, цуглуулж, хадгалах байсан уу? Инфляцийн хэт ихсээд ирвэл, түүнийг засгийн газраас зарцуулалтыг бууруулах бодлого хэрэгжүүлж, дарж авах шаардлагатай болно.

"Үнийн харьцангуй өөрчлөлт" гэж, 1 эсвэл 2 зүйлийн ханш өсөхийг хэлж байгаа бол, инфляци гэдэг нь бараг бүх зүйлсийн (эд зүйлс, бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ г.м.) үнэ ханш өсөхийг хэлдэг. Түүнчлэн, үнийн ийм хөөрөгдөл нь урт хугацаанд үргэлжилсэн өөрчлөлтийн нөлөө байдаг бөгөөд огцом үүсдэг зүйл биш тул зохих хяналт, зохицуулалтыг хийж байх шаардлагатай байдаг.

Ихэнх улс гүрнүүд, жил бүр инфляцийн түвшингээ тогтоох хэмжилт хийдэг ба уг хэмжилтийн дүн нь өмнөх оны дүнгээс хэр их өссөн эсвэл буурсныг хувиар илтгэн харуулна. Засгийн газрууд тэрхүү дүнд хамааруулан, авах хариу арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулж, түүнийгээ бодитоор хэрэгжүүлж байх нь чухал.

Инфляци үүсэх шалтгаан

Хялбаршуулвал, инфляци үүсгэгч 2 гол хүчин зүйлс байдаг. Тэдгээрийн эхнийх нь, хэд их мөнгөн тэмдэгт эргэлтэнд орж ирэх явдал буюу нийлүүлэлт хэт ихсэх явдал юм. Нөгөө шалтгаан нь, маш их эрэлттэй байгаа бараа бүтээгдэхүүний хомсдлоос үүсдэг. Тухайн 1 чухал хэрэгцээт бараа ховордож, ханш нь олдцоо дагаад өсөх нь бусад бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд нөлөөлж, улмаар зах зээлийг тэр чигт нь хамрах боломжтой. 

Гүнзгийрүүлэн судлавал, хөөрөгдөлд хүргэж болох олон өөр төрлийн үйл явдлууд байдаг ч, тэдгээрээс demand-pull inflation буюу эрэлтээс үүдэлтэй инфляци, cost-push inflation буюу зардлаас үүдэлтэй хөөрөгдөл, built-in inflation буюу хуримтлагдаж үүссэн инфляци зэргийг онцлон авч үзье.

Эрэлтээс үүдэлтэй хөөрөгдөл

Мөнгөний зарцуулалт хэт ихэссэнээс үүдэн гардаг энэ инфляцийн төрөл нь хамгийн түгээмэл тохиолддогт тооцогдоно. Бараа, үйлчилгээг нийлүүлэлтээс нь ихээр шаардаж, эрэлтийг үүсгэснээр түүний үнэ ханш өсөх 1 шалтгаан болно.

Үүнийг жишээн дээр тайлбарлая. Талхчин, барьсан талхаа зах дээр борлуулдаг бөгөөд 7 хоногт ойролцоогоор 1'000 талх барьдаг байлаа. Хэрэв тэр, 7 хоног тутамдаа ойролцоо тооны талхыг зарж чадаж байвал, энэ нь хангалттай ашигтай бизнест тооцогдоно.

Гэтэл, ямар 1 шалтгааны улмаас, гэнэт талхны хэрэглээ ихэсвэл, тэр тусмаа энэ нь хэрэглэгчдийн хэрэглээндээ зарцуулж чадах мөнгөний нөөц өссөнтэй холбоотой бол, түүнийг дагаад талхны үнэ өсөх нь тодорхой.

Яагаад вэ? гэвэл, талхчин 7 хоногт 1'000 талх үйлдвэрлэхийн тулд хүчин чадлаа тултал нь ашиглаж байгаа ба түүнээс илүүг үйлдвэрлэх боломж бололцоо түүнд байхгүй. Мэдээж, тоног төхөөрөмж нэмж авах, хүн хүчээ сэлбэж асуудлыг шийдэж болох ч энэ нь цаг хугацаа, зардал их шаардана.

Хүчин чадлаа нэмэх хүртлээ, олон хэрэглэгч, цөөн талх 2-ын хооронд зохицуулалт хийх хэрэг гарна. Зарим хэрэглэгчид, талхаа авахын тулд илүү төлбөр төлөхөөс ч буцахгүй учир, үнийн өсөлт бүрдэх нь гарцаагүй болчихож байгаа хэрэг.

Яг үүнтэй адилаар, сүү, мах, будааны үнэ бас өссөн гээд бодоод үз дээ. Энэ чинь л эрэлтээс үүдсэн инфляци юм шүү дээ.

Зардлаас үүдэлтэй хөөрөгдөл

Бүтээгдэхүүний түүхий эд болон, үйлдвэрлэлийн өртөг нэмэгдсэнээс, тухайн барааны үнэ ханш өсөх үзэгдлийг зардлаас үүдсэн инфляци гэнэ. Үйлдвэрлэгчид алдагдал хүлээхгүй нь ойлгомжтой учир, хэрэглэгч, худалдан авагчид уг хөөрөгдлийн хохирогчид болж байдаг.

Өмнөх жишээн дээрээ, үргэлжлүүлэн тайлбарлая. Талхчин маань нэмж тоног төхөөрөмж авч, ажилчид хөлсөлснөөр 7 хоногт 4'000 талх үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ гэж төсөөл. 1 хэсэгтээ, эрэлт болоод нийлүүлэлт тэнцэн, жигдэрч, үйлдвэрлэгч, худалдан авагчдад бүгдэнд нь таатай байх болно.

Гэтэл, 1 л өдөр тээрмийн доголдол эсвэл тариалангын ургац муу байснаас нөөцийн хомсдол үүсч болохыг үгүйсгэх аргагагүй юм. Тэр үед, гурилын нийлүүлэлт буурах тул, талхчинд маань бусад гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс өрсөж, нөөцөө хангалттай хэмжээнд бүрдүүлэх хэрэг гарна. Хэрэглэгчдийн тоо, талхны эрэлт нэмэгдээгүй байсан ч, гуриланд нэмж тушаасан зардлаа нөхөхийн тулд талхны үнээ нэмэхээс өөр аргагүй.

Инфляцид хүчтэй нөлөөлөх өөр нэгэн нөхцөл нь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг, Засгийн газраас нэмэгдүүлэх явдал байдаг. Учир нь, талхчин маань ажилчдынхаа цалинг нэмэхээс өөр сонголтгүй болж, тэр нь эргээд бүтээгдэхүүний үнэнд нөлөө үзүүлнэ.

Түүхий эдийн хүрэлцээгүй байдал, бараа бүтээгдэхүүний албан татварын өсөлт, валютийн ханшийн өөрчлөлт (импортын бүтээгдэхүүний үнийн өсөлт) зэрэг нь, ихэнх тохиолдолд энэ төрлийн хөөрөгдлийн гол шалтгаанууд болж байдаг.

Хуримтлагдаж үүссэн хөөрөгдөл

Өнгөрсөн хугацаан дахь эдийн засгийн өөрчлөлтүүдийн үр дүнд бүрэлдэн тогтдог буюу дээрх 2 төрлийн инфляцийн төрлүүдийн удтал дарагдаж, хуримтлагдсаны нөлөөнд түрэгдэн гарч ирэх хөөрөгдлийг тодорхойлно. Энэ төрлийн хөөрөгдөл нь ихэвчлэн, инфляцийн хүлээлт болон цалин болон үнийн хүчтэй өөрчлөлтөөс үүсдэг.

Инфляцийн хүлээлт гэдэг нь, өмнөх инфляцийн өөрчлөлтүүд цаашид үргэлжлэнэ гэсэн хандлага дээр тогтох бөгөөд өнгөрсөн жилүүдэд тохиолдсон инфляцийг дагасан цалин хөлсний нэмэгдлийн горилолт нь, ажил олгогчдын "гарыг хүлнэ".

Харин, цалин-үнийн өөрчлөлт гэж, инфляциас улбаатай инфляцийг хэлэх ба энэ нь ажил олгогч, ажилтан 2 хөдөлмөрийн хөлсний хэмжээн дээр санал нийлэхгүй байгаа тохиолдолд үүснэ. Уг нөхцөл нь ажилтан цалингаа нэмүүлэхийг хүсэхийн хэрээр, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ ханш өсч, бараа үйлчилгээний ханш өсөхийн хэрээр, ажилтнуудын цалингаа нэмүүлэх хүсэл ихсэж байдаг эцэс төгсгөлгүй эргүүлэг юм.

Инфляцийг бууруулах аргууд

Инфляцийн түвшнийг тогтмол шалгаж байх нь маш чухал. Тэгж байж л, түүний учруулах аюулыг багасгаж, барих боломж бүрдэнэ. Тэгэхийн тулд, зах зээлийн эргэлтэнд нийлүүлэх мөнгөний урсгалыг зохистой хэмжээнд барих болон татварын хувь хэмжээг оновчтой шийдвэрлэх хэрэгтэй.

Төв банк, арилжааны банкууд дахь хөрөнгийг худалдан авч, тэдгээрийг шинэ мөнгөн тэмдэгтээр сэлбэх замаар эргэлтийн хөрөнгийн хэмжээг зохицуулж болох боловч энэхүү quantitative easing (QE) буюу нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого нь, инфляцийг түргэсгэх сөрөг нөлөө үзүүлэх нь бий. Тиймээс, инфляци асуудал болоод байгаа үед, энэ аргыг хэрэглэх нь зохимжгүй.

QE-н урвуу аргыг, quantitative tightening (QT) буюу нийлүүлэлтийг бууруулах бодлого гэх ба эргэлтэн дэх мөнгөний хэмжээг бууруулах замаар инфляцийг барих эл арга нь, инфляцийн гол түлхэц болчих гээд байдаг талтай. Тиймээс, дийлэнх төв банкууд инфляцийн эсрэг, зээлийн хүүг өсгөх арга хэмжээг авч байна.

Зээлийн хүүгийн өсөлт

Хүү өсөхийн хэрээр зээлдэх хэмжээ багасах ба тэр чинээгээр мөнгөний зарцуулалт буурдаг. Энэ үед хадгаламж, хуримтлалууд эрчимжиж, зээлдүүлэгчид олширно. Гэвч, үүнийг дагаад, мөнгөний урсгал удааширч, эдийн засаг хумигдах эрсдэлтэй.

Төсвийн бодлогын өөрчлөлт

Хэдийгээр мөнгөний эргэлтийн хэмжээг барих бодлого ЗГ бүрт хэрэгжиж байгаа ч, албан татварын хувь хэмжээг өөрчлөх нь инфляцийн эсрэг үр дүнтэй арга болж болдог. Татвар нэмэгдэхийн хэрээр, иргэд зарлагаа зохистой хуваарилж эхлэх боломжтой ч, энэ төрлийн аргыг хамаагүй хэрэглэх нь эргээд эсэргүүцэлтэй тулгарах аюултай байдаг.

Инфляцийг үнийн индексээр тооцоолох

Дээрх аргууд үр дүнгээ өгч чадаж байна уу? гэдгийг мэдэхийн тулд, инфляцийн түвшнийг хэмжих хэрэгтэй. Үүнийг тодорхой хугацаан дахь индексийг хэмжих замаар гүйцэтгэж болдог ба ихэнх улсууд Consumer Price Index (CPI) буюу хэрэглээний үнийн индекс дээр тулгуурлан хэмжилтээ гүйцэтгэдэг.

CPI нь, маш олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн бүртгэл дээр тулгуурлан, өрхийн худалдан авах дундаж хэмжээн дээр тооцолдог арга юм. Уг тооцооллыг, үе үе гүйцэтгэх ба тэгэх бүртээ өмнөх дүнгүүдтэй харьцуулна.

Суурь дүн 100 гэж гарсан байлаа гэж төсөөлөөд, 2 жилийн дараа дахин хэмжилт хийхэд 110 хүрсэн байвал, 2 жилийн хугацаанд үнэ ханш 10% өссөн байна гэсэн дүгнэлт гаргаж болно.

Багахан хэмжээний хөөрөгдлийг, таагүй зүйл гэж үзэж болохгүй боловч, өнөөгийн фиат валютийн систем нь, иргэдийг зээлүүлж, зарцуулуулж байж түүнээсээ ашиг олох зарчмаар ажиллаж байна. Тиймээс, инфляцийг тогтмол хянаж байх нь зүйтэй хэдий ч, эдийн засагт таагүй нөлөө үзүүлж байгаа эсэхийг нь давхар нягтлаж байвал зохино. 

Инфляцийн ашиг

Өнгөц харахад, инфляци тэр чигтээ зайлсхийвэл зохих зүйл мэт санагдаж болох боловч, бүрэлдэн тогтсон байгаа эдийн засгийн маань салшгүй 1 хэсэг учир, түүнийг хүлээн зөвшөөрч, үүний ачаар урган гарч ирдэг давуу талуудыг нь ойлгох нь чухал.

Зарцуулах, хөрөнгө оруулах, зээлдэх чадамж

Өмнө тайлбарласанчлан, багахан инфляци иргэдийн хөрөнгөө эргэлтэнд оруулах таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг ба тэр хэмжээгээр эдийн засаг тэлж байдаг. Энэ үед нь амжиж буюу яваандаа үүсэх мөнгөний худалдан авах чадварын бууралтаас өрсөж хөрөнгөө эргэлдүүлэх нь оновчтой шийдвэр болно.

Өндөр өгөөж

Бага зэргийн хөөрөгдлийн үед, бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээнүүдийн орлого тасралтгүй цувран орж ирэх нөхцөл бүрдэх ба түүнийг нь далимдуулан үнэ ханшаа багахан өсгөж, ашгаа нэмэгдүүлэх боломжтой байдаг.

Дефляциас дээр

Ханшийн сулрал нь, үнийн уналтыг илэрхийлэх бөгөөд энэ нь эдийн засагт ихээхэн аюул учруулдаг. Учир нь, ханш буурахын хэрээр, иргэдийн зарцуулах сонирхол хүлээлтэнд орж, илүү хямд авах сонирхол давамгайлж, тэр хэмжээгээр арилжаанууд саатаж эхэлнэ. Дефляцийн үед, ажилгүйдэл эрчтэйгээр газар авч, мөнгөө зарцуулснаас, хадгалахыг илүүд үзэх үзэгдэл дэлгэрдгийг түүхээс харж болно. Энэ үзэгдэл нь, хувь хүмүүст учруулах хохирол багатай мэт харагдах боловч, улс үндэстний хэмжээнд, эдийн засгийг "боомилох" аюултай байдаг.

Инфляцийн сөрөг нөлөө

Мөнгө үнэгүйдэлт болон хэт инфляци

Инфляцийн зөв түвшинг тодорхойлох шиг нарийн төвөгтэй зүйл байхгүй гэж хэлж болох бөгөөд түүнд авах арга хэмжээгээ зөв шийдвэрлэж, хянаж чадахгүй бол, учирч болох хохирол нь гамшгийн хэмжээнд хүрч болно. Энгийнээр тайлбарлавал, өнөөдөр Таньд байгаа 100 сая төгрөг, 10 жилийн дараа энэ үнэлгээгээ алдсан байх боломжтой гэсэн үг.

Инфляцийн маш их дүнг, хэт инфляци гэх бөгөөд сарын дотор үнэ ханш 50% буюу түүнээс дээш хувиар өсөх үзэгдлийг ийн нэрлэдэг. Гэхдээ, хэт инфляцийн үед, 50% өсөлт нь бага дүнд тооцогдох ба эдийн засгийг бүхэлд нь хямраах хүртэл үргэлжилж болно.

Тодорхойгүй байдал

Инфляци өсөөд ирэх үед, тодорхой бус байдал үүсч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, иргэд болон ААН-үүд эдийн засаг хааш чиглэж байгааг мэдэхгүй болж, хөрөнгөө хөдөлгөхөөс түгшиж, хүлээлт үүсгэх ба тэр хэмжээгээр эдийн засаг агшдаг.

ЗГ-ын оролцоо

Зарим хүмүүс, засгийн газраа эдийн засгийг хянах гэж оролдох явдлыг эсэргүүцдэг. Тэд, ЗГ-ууд чөлөөт худалдааны зах зээлийг хаан боогдуулах шийдвэрүүд гаргадаг гэж үздэг бөгөөд тэдний шинэ мөнгө үүсгэх чадвар нь, эдийн засгийг сүйрүүлж болзошгүй гэж хардах нь өрөөсгөл төсөөлөл биш юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!