Крипто тайлбар толь [4-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Өмнөх дугааруудад
Энэ дугаарт
Нээлттэй эхийн програм хангамж
Open-Source Software (OSS) гэдэг нь эх код нь бүх нийтэд (харахад болон өөрчлөхөд, мөн хуулбарлахад) ил тод, нээлттэй програм хангамж юм. Энэ нь олон хөгжүүлэгчид хамтарч сайжруулж байдаг төсөл бөгөөд ил тод байдал, үнэ төлбөргүй хэрэглэх, дууриалган өөр төсөл хөгжүүлэх, адил сонирхолтой хүмүүсээ олж, нэгдэх, том төсөлд гар бие оролцох зэрэг олон олон давуу талуудыг бүрдүүлж өгдөг онцлогтой. Тэр тусмаа суралцаж, судлаж байгаа хүмүүст ч бүхий л талаар боломжыг нь олгодог давуу талтай.
Ийм төрлийн програм хангамжын эсрэг нь closed-source software (CSS) буюу хаалттай эхийн програм хангамж юм. Энэ төрлийн програмуудын эх код нь ил тод байдаггүйн дээр, зөвхөн түүнийг бүтээсэн, эсвэл хөгжүүлэх эрхийг нь эзэмшиж байгаа хүн, байгууллага л тэрхүү кодыг нь харах боломжтой байдаг ба түүнд л тэдгээр кодыг засварлах эрх нь олгогдоно.
OSS нь бусад төрлийн програмуудаас олон давуу талуудыг бий болгодог. Учир нь түүний хөгжүүлэлтэнд хэн ч оролцох боломжтой байдгаас, олон өөр харах өнцөг, олон өөр мэргэжлийн чиглэлийн хүмүүсийн туршлагыг хуримтлагдаж болно. Алдаа илрүүлэх хурд, түүнийг засахад зарцуулах төсөв, цаг хугацааны хувьд ч, CSS-г бодвол харьцангуй төсөр байдаг.
Гэвч, төвлөрсөн бус системд OSS-г хөгжүүлэх үед шинэ санаачлагыг батлах, хөгжүүлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд ихээхэн цаг хугацаа орно. Ихэхнх OSS нь энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд засаглалын загвар хэрэгжүүлсэн байдаг ба тэрхүү нээлттэй эхийн зөвшөөрлийг олгогч нь open-source software movement буюу нээлттэй эхийн програм хангамжын хөдөлгөөн гэх засаглал тогтоогч "залуур" байдаг.
Уг хөдөлгөөний гол зорилго нь нээлттэй эхийн технологийг хөгжүүлэх, өндөр түвшний кодчлолыг бий болгоход олны хүч, мэдлэг чадварыг нэгтгэх явдал юм. Нээлттэй эхийн хөгжүүлэлтэнд гар бие оролцогчдын бичсэн код, түүнийг бичихэд зарцуулсан цаг хугацаа, хөдөлмөр, нөөцөө уг төсөлд оруулж буй хувь нэмэр болдог.
DApps
Decentralized Applications (DApps) буюу Төвлөрсөн бус Хэрэглүүр/Апп гэдэг нь Блокчэйн сүлжээн дээр ажиллахаар бүтээгдсэн апп юм. Хэдийгээр ийм төрлийн аппыг тодорхойлох олон хэлбэр байдаг ч, ерөнхийд нь дараах чанаруудаар нь хамааруулж авч үзэж болно. Үүнд:
- Нээлттэй эхтэй - Эх код нь нийтэд ил тод байдаг.
- Төвлөрсөн бус - Блокчэйн дээр ажиллаж байгаа учир, дундын зууч болон нэгдсэн удирдлага гэж байхгүй.
- Криптографийн хамгаалалттай - Бүх мэдээллээ криптографаар хамгаалдаг учир хулхидах үйлдэл хийх боломжгүй.
Уламжлалт аппууд дээр тулгардаг нилээдгүй тооны асуудлыг, DApp-ууд дээр шийдвэрлэх боломжтой ч DApp-н гол давуу тал нь хэрэглэгчдийн мэдээллийг нэгдсэн 1 санд хадгалдаггүй буюу техник хангамжын гэмтэл, цахим халдлагад өртөх магадлалыг бараг бүрэн үгүй хийдэгт оршино.
DApp-г видео тоглоом, нийгмийн сүлжээ, крипто хэтэвч, санхүүгийн апп (DeFi) зэрэг олон янзаар хөгжүүлэн, хэрэглэх боломжтой. Төвлөрсөн бус аппууд нь өөрсдийн гэсэн токен системтэй байх ба тэдгээр нь тухайн аппдаа зориулагдсан эсвэл өөрийн DApp-н суурилсан Блокчэйнийн унаган зоос болж болно.
API
Application Programming Interface (API) буюу Хэрэглүүр/Апп-н програмчлагч залгуур гэж 2 аппын хооронд мэдээлэл солилцох боломжыг олгодог багахан кодыг хэлнэ.
Ийм төрлийн кодын хэрэглээний хамгийн түгээмэл тааралдах жишээ нь зочид буудлын өрөө захиалгын веб юм. Уг веб нь сүлжээ зочид буудлын аль салбарт, ямар өрөө сул байгааг тухайн салбар бүрээс татсан мэдээллийнхээ дагуу шүүж харуулдаг. Тэгэхдээ бүүр, хэзээнээс хэдий хугацаанд түрээслэх, ямархуу өрөө байх, хаанахын салбар байх, үнэ ханш хэдтэй байхыг ч харж, сонгох боломжыг олгоно.
API-н тусламжтайгаар 2 програмын хооронд мэдээллийг маш хялбар, хурднаар дамжуулах боломжтой. Ингэхдээ тухайн 2 програмын ажиллаж буй технологиос огт хамаарахгүй бөгөөд 2 өөр байгууллагын хооронд ч мэдээлэл дамжуулахад хэрэглэж болдог.
Юунд хэрэглэх боломжтой вэ?
Шинээр сан бүрдүүлж, шинэ технологи босгохын оронд бэлэн байгаа өгөгдөл, технологийг ашиглах боломжыг хөгжүүлэгчдэд API олгоно. Жишээлбэл, веб дээрх хаягаа харуулахын тулд өөрөө газрын зураг харуулдаг хэрэглүүр шинээр хөгжүүлснээс, Google Maps-н API-г ашиглан, тэдний газрын зураг дээрх өөрсдий байршлыг харуулж буй талбарыг веб дээрээ нэмээд өгсөн нь, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх, хөдөлмөр хөнгөвчлөх зэрэг олон талын ашигтай.
Мэдээллийн хандах боломжыг сайжруулах нь эргээд бизнестээ ашигтай тул ихэнх API хандахад үнэ төлбөргүй байдаг. Блокчэйн дээр л жишээлэхэд, Биткойноор төлбөр төлөх, хүлээн авах, хэтэвч холбох, салгах, веб дээрээ гүйлгээний болон зах зээлийн мэдээллийг харуулах зэрнгийг хөгжүүлэгчид API-н тусламжтайгаар л гүйцэтгэж байгаа.
Арилжааны вебүүд ч мөн API-г их хэмжээгээр хэрэглэдэг. Арилжааны ботуудад арилжааны мэдээллээс харгалзан, өгөгдсөн дүнд арилжаа хийх тохируулгыг тааруулахад API-г холбож, хэрэглэнэ. Ийм төрлийн арилжааг algorithmic trading буюу алгоритмын арилжаа эсвэл bot trading буюу ботын арилжаа гэдэг.
DeFi
Decentralized Finance буюу Төвлөрсөн бус санхүү гэдэг нь Блокчэйн систем дээр тулгуурласан санхүүгийн хэрэглүүр/апп-н экосистем юм. Санхүүгийн олон төрлийн үйлчилгээ, бүтээгдэхүүнийг авах боломжыг хэрэглэгчдэд олгох нээлттэй эхийн, төвлөрсөн бус сүлжээн дээрх аппуудыг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн төсөл, хөдөлгөөнүүдийг мөн DeFi гэж тодорхойлж болно. Шилэн данстай, төвлөрсөн бус, Блокчэйн техниологи дээр бүтээгдсэн, P2P сүлжээний протоколуудыг баримталдаг, санхүүгийн DApp-уудыг хөгжүүлэх нь энэ DeFi-н гол зорилго юм.
Одоогоор, DeFi дараах 3 гол үүргийг гүйцэтгэж байна. Эдгээр нь:
- Арилжааны банк үйлчилгээг үзүүлэх (жишээ нь: stablecoin гаргах);
- P2P эсвэл санчилсан зээл, түрээсийн үйлчилгээ;
- DEX, токенжсэн платформ, дериватив болон таамаглалын зах зээл зэрэг сайжруулсан санхүүгийн хэрэгсэл, сувгуудыг бүтээх;
Эдгээр төрлүүд дундаа мөн DeFi-н олон өөр үйлчилгээ багтаж байгаа. Жишээлбэл, хөрөнгө оруулалтын протокол, програм хангамж хөгжүүлэх хэрэгслүүд, харьцуулсан үзүүлэлт байгуулалт, тогтмол төлбөртэй үйлчилгээний хураамжын протокол, өгөгдөл шинжилгээний апп г.м. DeFi аппуудыг мөн KYC, AML болон бусад баталгаажуулалтын хэлбэрээр хэрэглэж болно.
Тогтвортой зоос
Stablecoin гэдэг нь зах зээлийн тогтсон ханшийн үнэлгээтэй буюу үнэ нь өөрчлөгддөггүй крипто валют юм. Сүүлийн үед ийм төрлийн зоос нь крипто сонирхогчдын анхаарлыг ихээр татах болсон.
Хэдийгээр өөр хоорондоо их бага хэмжээгээр ялгаатай боловч, энэ төрлийн криптогийн ханш зах зээлийг дагаж "савладаггүй" буюу хэлбэлзэл маш багатай байдаг.
Тогтвортой зоосны ханш нь ихэвчлэн ямар 1 өөр хөрөнгөтэй "уягдсан" байна. Дийлэнх нь АНУ-ын Долларын (USD) ханштай тэнцдэг боловч, алт, мөнгө зэрэгтэй, цаашлаад өөр бусад крипто валюттай ханштай бэхлэгдсэн зоосууд бас байдаг. Ийнхүү бодит хөрөнгийн ханштай адил ханштай байгаа нь крипто зах зээлийн ханшийн савлагаанд ажрахгүй үлдэх нөхцлийг нь бүрдүүлсэн байдаг тул тэдгээр савлагаанд, энэ тэрлийн зоосны ханш огт хэлбэлзэлгүй үлдэж чаддаг.
Төвлөрсөн ба Төвлөрсөн бус тогтвортой-зоосын ялгаа
Ихэнх тогтвортой зоосыг нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд (ААН) нь өөрсдийн барьцаа хөрөнгийн үнэлгээтэй дүйцүүлж, зоосоо гаргадаг. Тэдгээрийн жишээ болгон, USD Coin (USDC), Paxos (PAX), TrueUSD (TUSD) гэх зэрэг криптонуудыг нэрлэж болно. Эдгээрийн ханш нь банкин дахь хөрөнгөтэй нь 1:1 харьцаатай байх ба нийлүүлэгч ААН нь орж ирсэн Fiat-тай тэнцүү хэмжээний зоосыг л нийлүүлж байдаг.
Харин өөр бусад криптогын ханштай бэхлэгдсэн ханштай зоосуудыг crypto-collateralized stablecoin буюу крипто-барьцаалсан тогтвортой зоос гэх бөгөөд ийм төрлийн зоосны тод жишээ нь DAO экосистемд бүтээгдсэн DAI юм.
Барьцаа хөрөнгөгүй тогтвортой зооснуудын хувьд, нөөцийн хэмжээгээ, арилжааны хэмжээтэй уялдуулан зохицуулж байдаг протокол нь тэдний ханшаа тогтвортой барих гол хэрэгсэл нь болдог.
Тогтвортой ханштай зоос ямар хэрэгтэй вэ?
Fiat болон крипто валютуудын аль алинд давуу талуудыг олгох зорилготойгоор бүтээгдсэн бөгөөд өдгөө, ханшийн хэт өөрчлөлтөөс учрах алдагдлаа бууруулахад төлхүү хэрэглэгдэж байна. Гэхдээ stablecoin нь мөн төвлөрсөн бус болон ил тод байдлыг бүрдүүлэхэд ч хувь нэмэр оруулж байгаа гэж үзэх боломжтой. Түүнчлэн, Fiat валюттай харьцуулахад энэ төрлийн зоос нь гүйлгээний шимтгэл бага, хурд өндөртэй тул өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх, олон улсын гуйвуулга хийхэд нэн тохиромжтой.
DAO
Decentralized Autonomous Organization (DAO) буюу Төвлөрсөн бус, бие даасан байгууллага гэдэг нь товчхондоо бол, Төвлөрсөн бус байгууллагуудын чандлан мөрдөх дүрмийг батладаг систем юм. Гэвч энэ нэршил нь мөн The DAO гэх байгууллагыг тодорхойлоход хэрэглэгддэг. Энгийнээр бол, DAO нь нээлттэй эхийн кодыг түшиглэсэн, өөрийн нэгдлийн хүмүүсийн ачаар үйл ажиллагаагаа эрхэлдэг байгууллага юм. Ийм төрлийн байгууллагад удирдлага, удирдагчдын зөвлөл, захирал, дарга, удирдагчдын аль нь ч байхгүй гэдэг нь нэрнээсээ илэрхий байгаа болов уу.
DAO-г Ухаалаг гэрээ гэх компьютерийн дүрмүүдээр зохицуулан эрхэлдэг ба засаглалын эрх нь нэгдлийн гишүүд болон хөгжүүлэгчдэд олгогддог. Хэдийгээр, decentralized organizations (DO) буюу төвлөрсөн бус байгууллага гэсэн ойлголт нь шинэ зүйл биш боловч, түүн дээр ухаалаг гэрээг хэрэгжүүлэн DAO-г бүтээсэн нь нилээд сонирхолтой ойлголтыг бүрдүүлж өгсөн юм. Учир нь ийм төрлийн байгуулламжинд төвлөрсөн бус хэлбэрээр үйл ажиллагааг гүйцэтгэх, тэгэхдээ тэдгээрээ автоматаар хэрэгжүүлэх боломжтой.
DAO-н хэрэглээний хамгийн ойлгомжтой жишээ нь автоматжуулсан хөрөнгө босгох ажиллагаа байж болох юм. Цахим токен үүсгэх, хөрөнгөө токенжуулах, санал хураах болон шийдвэр гаргах системүүдийг ч энд хамруулан ойлгож болно. Түүгээр ч зогсохгүй DAO систем нь хэрэглэгчийн оролцоог багасгах асар том давуу талтай. Хэрэглэгчийн оролцоо багасах нь цаашдаа, хүний гаргасан алдаанаас учрах хохирол болон үйл ажиллагааны зардлыг бууруулах тустай юм. DAO нь олон олон үйлдвэрлэлийн салбарт хувьсгалыг авчрах боломжтой, асар их ирээдүйтэйд тооцогддог.
Дүйцэл
Аливаа зүйлийн үнэ цэнийг, өмнөх дүн эсвэл өөр тодорхойлон заасан жишигтэй харьцуулж хэмжих системийг Index гэнэ. Санхүүгийн хувьд энэ ойлголтыг мөн ханшийн болон өөр бусад өгөгдлийн дүнгүүдийг нэгтгэн, харьцуулах хэрэгслээр тодорхойлж болдог.
Дүйцэл нь 1 ёсондоо, тодорхой хугацааны муж дахь, үнэ ханшийн болон тоо ширхгийн дүнгээс хамааруулан тооцож гаргасан дүн юм. Энэ ойлголтыг, 1 эсвэл хэд хэдэн хөрөнгийн ханшийг бүртгэхэд голчлон хэрэглэдэг.
Санхүүгийн зах зээлийн хувьд, хувьцааны зах зээлийн хөдөлгөөнийг ажиглаж, дүгнэхэд индексийг хэрэглэдэг ба үүний ачаар, зах зээлийн мэдээллийг бүхлээр нь бус, харин түүний багахан жишээнээс нь үзүүлэлтийн шинжилгээ, хэмжилтүүдийг хийх боломж бүрддэг.
Дүйцэл бүр, харгалзах дүрмүүд болон тооцооллын арга зүйг дагах боловч, тэдгээрийн дүнгийн өөрчлөлт нь харгалзах зах зээлийн өөрчлөлттэй шууд хамааралтай байдаг. Өөрөөр хэлбэл, 5%-ийн өөрчлөлттэй гэсэн тооцоолол гарсан бол тэрхүү тооцоололд орсон бүх хувьцааны захын хувьд дундаж дүн ийм хэмжээгээр өөрчлөгдсөн байна гэсэн үг.
Дүйцлийн хөрөнгө
Индексийн арилжаанд шууд хөрөнгө оруулах боломжгүй хэдий ч, Index Funds-р дамжуулан, дүйцлийн үзүүлэлтэнд тулгуурлан, хөрөнгө оруулах боломж бий. Жишээлбэл, Vanguard S&P 500 ETF нь S&P 500-ийн индексийн үзүүлэлтийг дагадаг хөрөнгө юм.
AON
All or None Order буюу Бүгдийг нь эсвэл Боль захиалгын төрөл нь тусгай зааварчилгаа бүхий Орлого/Зарлагын захиалга юм. Ийм төрлийн захиалга хийгдсэн тохиолдолд, уг захиалга дахь дүн бүхлээр биелэхгүй л бол уг захиалгыг гүйцэлдүүлэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл, тухайн захиалга дахь дүнг хэсэгчлэн, олон тусдаа захиалгаар гүйцэлдүүлэх боломжгүй байдаг.
Платформ
Platform : Дээр нь эд юмс байршуулж, тавих боломжтой өндөрлөг талбар, тавцанг ийн нэрлэдэг боловч, компьютерийн хэлэнд платформ гэдэг нь програм хангамжын ажиллаж буй тэр цахим орчин нь байдаг.
Протокол
Protocol : Албан ёсоор хүлээн зөвшөөрсөн, батлагдсан дүрэм, журмуудын багц. Компьютерийн шинжлэх ухаанд, төхөөрөмжүүдийн хооронд мэдээлэл зөөх, дамжуулах үйлдлийг зохицуулдаг дүрмүүдийг протокол гэж тодорхойлно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation