Крипто тайлбар толь [3-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Орлох чадвар
Fungibility буюу орлох чадвар гэж хөрөнгийн нэгжийг, адил болон ондоо хөрөнгийн нэгжтэй харилцан тэнцүү үнэлж, тэдгээрийг хооронд нь солих боломжтой байдлыг илтгэнэ. Өөрөөр хэлбэл 200 грамм алт, хэлбэр, хэмжээний ялгаатай ч, яг адил 200 грамм алтаар солих боломжтой байдаг ба уг боломжыг нь хөрвөх чадвар гэнэ. Хөрвөх чадвартай хөрөнгөнд эд таваар, Fiat, бонд, бусад үнэт металлууд, крипто валютуудыг хамааруулдаг.
Гэвч хөрвөх чадвартай хөрөнгийн арилжааны захууд дээр яг адил хэмжээгээр л солилцоо хийгддэг гэж ойлгож болохгүй. Адил зориулалттай, адил төрлийн зүйлсийг мөн тэнцүүлж тооцон, наймаалцах боломжтой. Жишээлбэл, $5 USD дэвсгэртийг, 5 ширхэг $1 USD дэвсгэртээр "задлуулж" болдог шүү дээ. Уг жишээнд доллар нь орлох чадвартай хөрөнгө бөгөөд мөнгөн дэвсгэртүүд нь тэдний ханшийг илэрхийлсэн баримт төдий л дүрслэгдэж байна.
Дийлэнх крипто валютыг хөрвөх чадамжтайд тооцдог. Жишээлбэл, 1 BTC нь өөр 1 BTC-тэйгээ тэнцүү бөгөөд тэдгээрийн мэдээлэл нь аль блок дээр бичигдсэн байгаа нь ханшинд огтоос нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ сэт салаалж үүсгэсэн зоос нь өөр сүлжээн дээр ажиллаж байгаа учир, тэднийг үндсэн зоостой шууд зүйрлэж болохгүй.
Биткойнтой төстэй шилэн данстай зооснууд зарим тохиолдолд бусад нууцлал өндөртэй зооснуудынхаа хажууд "ялгаварлагдах" гээд байдаг тал бий. Ялангуяа тэднийг ёс бус зүйлд хэрэглэгдсэн гэх мэдээ дуулдсаны дараа тэдгээрийн ханшинд өөрчлөлт эсвэл яг тухайн 1 зоосыг гэмт хэргийн чанартайгаар өмнө нь гүйлгээнд оруулж байсан гэж үзвэл тэдгээрийг төлбөрийн хэрэгсэлд тооцохгүй гэх зэрэг үйлдэл ажиглагддаг. Хэдийгээр энэ нь орлох чадварт огтоос нөлөөлөхгүй ч, хүн хүний харах өнцөг өөр юм даа.
Арилжааны хэмжээ
Volume, trading volume нь тодорхой хугацааны мужид, тухайн зах дээр хийгдсэн нийт арилжааны (авч, зарах гүйлгээний) хэмжээг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл нийт хичнээн нэгж, өгөгдсөн хугацаанд нэгээс, нөгөөрүү шилжүүлэгдсэнийг тоолно гэсэн үг.
Шилжүүлэг бүрт 1 хүлээн авагч, 1 илгээгч байх ба тэдгээрийн авах болон зарах захиалгуудын ханш тэнцсэн тохиолдолд тэдгээрийн захиалгуудыг харгалзах бирж нь гүйцэлдүүлдэг. Уг ажиллагаанаас дүн мэдээг нь арилжааны хэмжээнд оруулж тооцно.
Арилжааны хэмжээг тухайн арилжаалагдсан хөрөнгийн алин дээр нь ч хэрэглэж болно. Жишээлбэл: А хэрэглэгч Б-д 5 ширхэг BNB зоосыг тус бүрийг нь $20 USD-оор зарсан байлаа гэж төсөөлье. Тэгвэл тухайн арилжааны хэмжээг 5 BNB эсвэл $100 USD-ын алинаар нь ч хэмжиж болох нь.
Энэ хэмжилтийг мөн хөрөнгийн бирж дээр ч хэрэглэж болдог. Тухайн өдөрт нийт 240 хувьцаа арилжаалагдсан бол, тухайн өдрийн арилжааны хэмжээ нь 240 байна.
Арилжаачид уг хэмжээсийн тусламжтайгаар арилжааны чиглэл, хандлагыг тодорхойлох гэж оролдох нь бий. Ханшийн хэлбэлзэл нь их хэмжээний арилжаанаас хамааралтай байвал, ханшийн өөрчлөлт нь бодит байна гэж үздэг. Харин багахан хэмжээний гүйлгээнд ханш өөрчлөгдөж байвал, тухайн өөрчлөлтийг удаан үргэлжлэхгүй гэж ойлгож болно.
Маш их хэмжээний арилжаа хийгдэж байгаа үед, ханшийг мэдээллээс хэдийд хөрөнгө оруулж, хэдийд хөрөнгөө гаргаж авах хэрэгтэйг олж харж болдог.
Зах зээл нь тэлж, арилжааны хэмжээ нь өсч байгаа тохиолдолд худалдан авагчдын эрэлт өндөр байгаа, тэр хэмжээгээрээ ханш өсөх боломжтой гэж үзэж болох бөгөөд эсрэг тохиолдолд буюу ханш бууралттай үед, хэмжээ ихэсч байвал эрэлт буурч, уналтын үе эхэлж болзошгүйг сануулж байна гэж ойлгож болно.
Арилжаанд идэвхтэй оролцогч 2 талын тоо ихсэхийн хэрээр арилжааны хэмжээ, түүнийг дагасан ханшийн хэлбэлзлүүд ихэсдэг ба уг хэмжүүрийн тусламжтайгаар ханшийн хөдөлгөөнийг харуулсан графикийг дүрслэх, тэрхүү графикаасаа олон төрлийн хэрэглүүрийн тусламжтайгаар зах зээлийн хөдөлгөөнийг тооцоолох боломжууд бүрддэг.
Зах зээлийн үр ашгийн тооцоолол
Efficient Market Hypothesis (EMH) гэдэг нь өгөгдсөн хугацааны муж дахь ханштай холбоотой бүхий л мэдээлэлтэй уялдаатайгаар зах зээл хөдөлж байдаг гэж тайлбарладаг эдийн засгийн онол юм. 60-аад оны үед гарч ирсэн энэхүү онолоор бол хөрөнгө оруулагчид урт хугацаандаа ашиг хийх давуу тал олж авах ямар ч боломжгүй болно гэдэг. Учир нь хөрөнгүүд өөрсдийн бодит ханшийг олсон байх ба энэ үед элдэв мэдээлэл нь тэдний ханшийг хөдөлгөж дийлэхгүй болсон байх юм.
Онолчид тогтвортой зах зээлийг, үр ашгийг нь тооцох боломжоор нь 3 төрөлд ангилдаг. Үүнд:
- Сул зах зээл гэдэг нь байж болох бүхий л мэдээллээ шингээж, цаашид Техник шинжилгээ хийх боломжгүй болсон буюу шинжилгээний дүгнэлт, бодит үр дүнтэй зөрөх магадлал өндөртэй зах зээл юм. Гэвч нарийвчилсан шинжилгээ, өргөн цар хүрээтэйгээр хийсэн судалгааны үндсэн дээр ийм төрлийн зах зээлээс ашиг хийх боломжтой хэвээр байна гэж үздэг.
- Хагас хүчирхэг зах зээл гэж ханшийг цогцлооход хэрэгтэй бүхий л мэдээллүүд нь бүрэлдсэн байгаа зах зээлийг хэлнэ. Ийм зах зээлийн үед ашиг олж болох цорын 1 арга нь, нийтэд зарлагдаагүй байгаа мэдээллийг эрт олж авах, түүнийгээ ашиглах арга гэж тооцогдож байгаа.
- Хүчирхэг зах зээлийн төрөлд ашиг хийх ямар ч боломжгүй болсон зах зээлийг хэлнэ. Ийм төрлийн зах зээлийн ханш нь ямар ч мэдээлэлд цочирдоггүй.
Өмчлөл
Custody буюу өмчлөл нь санхүүгийн ертөнцөд үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс түүний хөрөнгийг эзэмшихийг илэрхийлдэг. Ийм хэлбэрийн өмчлөл нь тухайн хөрөнгөний жинхэнэ эзэмшигчид хулгайн болон дээрмийн гэмт хэргээс сэргийлэхэд туслах зэрэг давуу талуудыг олгоно.
Банкинаас ялгаатай нь өмчлөгч нь тэрхүү хөрөнгийг өөрт ашигтайгаар захиран зарцуулах эрх байдаггүй боловч үйлчилгээний үзүүлснийхээ хураамжыг fee буюу шимтгэл тооцох замаар эргүүлэн олж авдаг.
Крипто валютийн хувьд, хөрөнгөө захиран зарцуулах эрхийг нь олгодог далд түлхүүрийг нь хадгалж байгааг өмчлөлийн шийдэл гэх ба өмчлөгч нь эзэмшигчийн зөвшөөрөлтэйгээр л тэдний хөрөнгийг илгээх, хүлээн авах эрхтэй байна. Бараг бүх арилжааны биржүүд ийм хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг, учир нь өмчлөлийн хэлбэр нь эзэмшлийн хэлбэрийг бодвол хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлэхэд илүү зохимжтой байдаг.
Шинэ хэрэглэгчдэд өмчлөлийн хэлбэр нь илүү ойлгомжтой байх боловч, өмчлөгч талд ямар 1 асуудал гарч, сүлжээнээс салгагдсан үед эзэмшигчид нь хөрөнгөө хянах, удирдах боломжгүй байдал үүсдэг.
Гэсэн хэдий ч өмчлөгчид нь экосистемд чухал үүрэгтэй. Тэдний ачаар л шинэхэн сонирхогчоос, мэргэжлийн туршлагатай хөрөнгө оруулагч хүртэл хэрэглэх, суралцах орчин бүрэлдэж, хөгжиж байна.
Харин энгийн хэрэглэгчдийн хувьд тогтмол гүйлгээнд оруулдаггүй хөрөнгөө оффлайн хэтэвчинд хадгалах нь зүйтэй.
Зоос
Coin буюу зоос гэж бусад Блокчэйн, платформоос хамааралгүй крипто валютийг нэрлэнэ. Гэхдээ энд токенуудыг хамруулж ойлгож болохгүй.
Крипто токеноос, зоос нь: эзэмшигчдийн санал асуулгад санал өгөх, төвлөрсөн бус, үүлэн санах ойд зай эзэмших эрх олгох зэрэг хэрэгцээний үүрэг гүйцэтгэдэггүйгээрээ ялгаатай. Зоос нь өөрийн Блокчэйн дээр орших ба, харгалзах санхүүгийн системийнхээ унаган валют гэж тооцогддог.
Зоосны Блокчэйн сүлжээн дээр үүсгэгдсэн бусад цахим "зоосонцоруудыг" токен гэнэ.
Бирж
Exchange гэдэг нь үнэ хүрэх зүйлсийг наймаалцах талбар юм. Ихэнх ийм талбарууд нь бодитоор оршдог бөгөөд биет хөрөнгүүдийг арилжаалдаг. Гэвч сүүлийн үед paperless trading буюу цаасгүй арилжаа гэх цахим арилжааны хэлбэр ихээхэн хүчээ авч байна.
Биржийн тулгуур нь түүний хөрвөх чадвар байх ба арилжааны үйлчилгээ үзүүлэгч нь, оролцогч талуудын хүлээх эрсдлийг бууруулах зорилгоор оролцоно.
Крипто валют хэдийгээр төвлөрсөн бус чанартай ч, өдгөө үйлчилгээ үзүүлж байгаа дийлэнх биржүүд төвлөрсөн хэлбэрээр ажиллаж байгаа. Үүний дээр, халдлагад өртөх боломжгүйд тооцогддог системээс олон саяыг хулгайлах гол арга зам нь арилжааны бирж буюу вебрүү халдах явдал болоод байна. Хэдийгээр халдлагад илүү тэсвэртэй, төвлөрсөн бус биржүүд хөгжиж байгаа ч, тэнд Fiat-аар арилжаа хийх боломжгүй зэрэг дутагдлууд бас бий.
Хаяг
Бодит ертөнц дээрх гэрийн, ажлын газрын, шуудангын хаягуудын адилаар хэрэглэгч эсвэл ямар 1 газрыг тодорхойлох хаяг юм. Ц-Шуудангын хаяг гэдэгтэй адил, хөрөнгөө хүлээж авах, дахин давтагдашгүй, үсэг болон тоо холилдсон тэмдэгтүүдийг хэлнэ.
Блокчэйн бүр дээр хаягууд нь өөр өөрийн бүтэцтэй байдаг. Хэдийгээр тэд нар нь дээр жишсэн хаягуудтай адил цээжлэх, танихад амар биш боловч, компьютерт бол төвөггүй уншигдана.
Ихэнх крипто валютийн хувьд хаягаар нь дамжуулан түүн дээрх хөрөнгийн хэмжээ, гүйлгээнүүдийнх нь мэдээллийг харж болдог. Шинэ хэтэвчний хаяг үүсгэхэд хэрэглэгчээс ямар ч хувийн мэдээллийг нь шаардахгүй боловч зарим олны танил хэрэглэгчдийн хаяг нийтэд ил байдаг.
Үр үгс
Seed Phrase бол крипто валютийн хэтэвчрүүгээ хандахдаа хэрэглэх үгсийн цуглуулга юм. Энгийнээр бол хэтэвчээ сэргээх нууц үг. Mnemonic seed эсвэл mnemonic phrase гэж нэрлэх нь ч бий. Эдгээрийг маш далд, найдвартай, аюулгүй газар хадгалах хэрэгтэй.
Хэрэв Та хэтэвч үүсгэж үзсэн бол 12 - 24 санамсаргүй түүвэрлэж бүтээсэн үгстэй өмнө нь таарч байсан байж таарна. Эдгээр нь хэтэвчний аппаа устгасан, хэтэвчээ гээсэн, алдсан, үед эргүүлэн сэргээж авахад хэрэглэгдэнэ.
Эдгээр үгсийг BIP39 нууцлалаар хөрвүүлж, хэтэвчинд тань суулгаж өгсөн байх ба үг тус бүр (12-той гэж тооцвол) 128 бит нууцлалаар хамгаалагдсан байх тул хакдуулах эрсдэл бараг огт байхгүйтэй адил юм.
Үр үгс буюу далд түлхүүрүүд нь хэтэвчээ нөөцлөх үед хүний гаргаж болзошгүй алдааг багасгах зорилготойгоор бүтээгдсэн хэдий ч 1 ийм түлхүүрээс олон олон түлхүүрийг хуулбарлан үүсгэх боломжтой байдаг. Үүний ачаар хэтэвчний хаягаа ахин дахин, бүүр хэдэн зуун удаа сольж хэрэглэж ч болдог.
Нийт хэмжээ
Total Supply гэж зах зээл дээрх эргэлтэнд байгаа болон түгжигдсэн байгаа бүхий л зоос эсвэл токенийн нийт тоо хэмжээг хэлнэ. Нийт хэмжээг тооцохдоо бүтээгдсэн болон олборлогдсон байгаа нийт зоосны тооноос шатаагдсан болон устгагдсан зоосны тоог хасч тоолно.
Өөрөөр хэлбэл эргэлтэнд буй нийт зоосны тоон дээр удахгүй зах зээлд нийлүүлэгдэх нийт зоосны тоог нэмснээр уг дүнг гаргаж авч болно. Харин шатаагдсан зоосны хувьд тэр тоо хэмжээ нь нийт нийлүүлэлтийн хэмжээнээс үүрд хасагддаг.
Circulating Supply буюу эргэлтийн хэмжээ гэдэг нь арилжаалагдаж буй болон биржүүд дээр байршсан байгаа нийт зоосны хэмжээ бөгөөд энд түгжигдсэн буюу зах зээлд нийлүүлэгдээгүй, нийлүүлэгдэхээр хүлээгдэж буй зоосуудыг хамааруулж авч үздэггүй.
Нэгэнтээ зах зээлийн үнэлгээг тооцохдоо түгжигдсэн зоосыг оролцуулж тооцох нь утгагүй хэрэг болох учир түүнийг эргэлтэнд орсон зоосны хэмжээгээр авч тооцоолно.
Тэгвэл эргэлтийг, нийт хэмжээ, устсан, шатсан бүгдийг нь хамааруулж тоолдог дүнг Max Supply буюу Дээд хэмжээ гэнэ. Дээд хэмжээ нь, удахгүй нийлүүлэгдэх зооснуудыг ч бас тоолдог. Гэвч ихэнх олборлогддог зооснуудын хувьд Анхдагч зоос дээр нийт хэдий хэмжээний зоосний нөөц үүсгэж болохыг заасан байдаг тул тэд тоо хэмжээний хувьд хязгаарлагдмал байдаг.
Блок хаасны урамшуулал
Block Reward гэдэг нь шинэ блок үүсгэж, түүнийгээ амжилттай баталгаажуулж, Блокчэйнд нэмсний урамшуулал болгон Олборлогч нарт олгодог шагнал юм. Уг урамшуулал нь 2 хэсгээс бүтдэг. Эхнийх нь, блокын тэтгэмж буюу шинээр үүссэн зоос байх ба энэ нь урамшууллын хамгийн гол хэсэг нь байдаг. Харин удаах хэсэг нь, хаагдсан блок дахь гүйлгээнүүдийн шимтгэлүүдээс бүрдэнэ.
Дөнгөж шинээр үүсч буй зооснууд нь coinbase transaction буюу зоосны суурь гүйлгээ гэх гүйлгээг баталгаажуулдаг ба бараг оргүй хоосноос зоос үүсгэдэг. Учир нь тэднийг үүсэх үед ямар ч гүйлгээ хийгдээгүй, өөр бусад зоос байгаагүй учир, хоосон гүйлгээг баталгаажуулж байж л дараагийн зоосыг гаргаж авдаг байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation