Крипто тайлбар толь [Тусгай дугаар] Товчлолууд
"Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийнхээ анхны тусгай дугаараар, өргөн хэрэглэгддэг товчлол үгсийн тайлбаруудыг хүргэж байна.
FUD
Fear, Uncertainty, and Doubt буюу Айдас, Тодорхойгүй байдал, Эргэлзээ гэсэн үгсийн товчлол бөгөөд, хуурамч мэдээлэл тарааж, бусдыг айлган сандаргаж, түүнээсээ ашиг хонжоо олох үйлдлийг ийн хэлнэ. Энэ төрлийн арга хэрэглэгчдийн гаргасан цуурхал нь ихэнх тохиолдолд тэр чигтээ худал эсвэл зориудаар, буруу ойлголт төрүүлэхээр бичигдсэн байдаг.
FOMO
Том жижиг гэлтгүй, олдсон боломж, амжилтанд хөтлөх усан онгоцонд (эсвэл галт тэргэнд) бусадтай хамт эсвэл бусдаас өрсөж сууж чадалгүй үлдчих вий гэх айдас бараг хөрөнгө оруулагч бүрт төрдөг байх. Тэрхүү мэдрэмжийг Fear Of Missing Out буюу Хоцрохоос айх айдас гэнэ. FOMO их үүсэх тусам Бухын зах зээл нээгдэх нөхцөл бүрдэнэ.
SAFU
Энэ нэр томъёог анх Bizonacci гэгч Youtube-чинийн бүтээсэн meme буюу мимээс сэдэвлэн бүтээсэн ба уг товчлол нь Binance биржийнхэн санаачлан, хэрэгжүүлж байгаа Secure Asset Fund for Users буюу Хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалах сангийн нэр юм. Уг санг "эрсдэлийн сан" гэж ойлгож болох бөгөөд нь уг санруу бирж дээр хийгдсэн арилжаануудын шимтгэлийн 10%-г нь төвлөрүүлж байдаг.
ROI
Return on Investment буюу Хөрөнгө оруулалтын өгөөж нь оруулсан хөрөнгө оруулалтын хэр ашиг авчирсан эсвэл алдагдал учруулсныг хэмжихэд хэрэглэгдэнэ. Үүнийг дараах байдлаар тооцно. Үүнд:
ROI = (Одоогийн ханш - Анхны ханш) / Анхны ханш
Анхны ханш гэж хөрөнгө оруулах үеийн ханшийг хэлж байгаа шүү! Уг томъёогоо одоо жишээн дээр тайлбарлая.
Биткойныг анх 6'000 USD ханшаар авсан, өдгөө 8'000 хүрсэн байгаа гэж тооцвол:
ROI = (8'000-6'000) / 6'000 = 2'000 / 6'000 = 0.33
болно. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулалт +33% ашигтай ажиллажээ.
Гэвч хөрөнгө оруулалтын үед дээрх тооцоолол нь хангалтгүй гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй, Цэвэр ашгаа тооцох үед шимтгэл, хураамжууд нэмэгдэнэ гэдгийг мартаж болохгүй!
ATH
All-Time High буюу Түүхэн дээд амжилт гэсэн үгний товчлол. Манайхан дунд "Бүх цаг үеийн" гэх "түүхий" орчуулгатайгаар хэрэглэгдэх нь их ажиглагддаг.
ATH-аа сэтлэсэн тохиолдолд дээш дахиад хэр ч их өсөх боломжтой хэдий ч бас огцом уналт тохиолдохыг ч үгүйсгэх боломжгүй.
Дээрх зурганд 2017 онд BTC-ийн ханш ATL сэтлэсний дараагийн 5 хоногт 20'000 USD-с 11'000-руу огцом унасныг жишээ болгон харуулав.
ATL
All-Time-Low буюу Түүхэн доод дүн гэсэн үзүүлэлт нь тухайн зүйлийн хэмжээ хамгийн багадаа хэд хүрч байсныг илтгэнэ. Крипто валютийн хувьд ханшийн мэдээлэлд төлхүү хэрэглэгддэг.
ATL-ээ сэтлэвэл, алдагдал бага хүлээх үүднээс их хэмжээний зарах захиалга гүйцэтгэгдэж, ханш бүүр ч унах боломжтой байдаг.
DYOR
Do Your Own Research буюу Судалгаагаа өөрөө хий гэсэн хэллэг нь бусдын үгийг дагаж "сохроор" хөрөнгө оруулах биш, өөрийн мэдлэг, олсон мэдээлэлдээ дүн шинжилгээ хийсний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийдэж байхыг зөвлөсөн хэллэг юм. Мөн Don't trust, verify буюу Бүү итгэ, шалгаж бай гэх хэллэг ч мөн адил утгаар хэрэглэгддэг.
Хувь хүн бүрийн ямарваа зүйлийг харах өнцөг, мэдлэгийн хэмжээ, ур чадвар, дадлага туршлага зэрэг нь өөр өөр байдаг учраас эцсийн дүгнэлт ч мөн өөр хоорондоо адилгүй байна. Тэр ч утгаараа "өөрийн бодол өөртөө зөв" юм шүү!
DD
Due diligence буюу Шалгаж бай гэх хэллэг нь зарчмын хувьд DYOR-той төстэй. Мэдээллийн эх сурвалж, зарлагч нар нь хэр үнэн бодит болохыг нягталж бай гэсэн санааг илтгэнэ.
AML
Anti Money Laundering буюу Мөнгө угаалтын эсрэг гэсэн нэр томъёо нь мэдээж гэмт хэрэгтнүүдийг "бохироор" олсон мөнгөө хууль ёсны дагуу олсон мэт харагдуулах ажиллагааг таслан зогсооход чиглэсэн олон янзын арга хэлбэр, хууль дүрмүүдийг нийтэд нь хамруулан илэрхийлэхэд хэрэглэгдэнэ.
KYC
Know Your Customer буюу Үйлчлүүлэгчээ таньж мэд гэсэн үгсийн товчлол юм. Бүхий л арилжааны бирж, солилцооны талбарууд нь олон улсын болоод харъяа улсынхаа хууль дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа учир өөрсдийн үйлчлүүлэгчдийн талаарх үнэн бодит мэдээллийг заавал баримтжуулж, баталгаажуулж авч байх ёстой ба тэгэх гол шалтгаан нь AML юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation