Крипто тайлбар толь [1-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэхээр боллоо.
Алгоритм
Хийгдэх үйлдлүүдийн дарааллыг тодорхойлох алхмуудын жагсаалт. Мөн тодорхой асуудлыг шийдэх эсвэл тодорхой үр дүнд хүрэхийн тулд тусгайлан загварчилсан тушаалуудын багцыг мөн ийн нэрлэж болно. Уг ойлголтыг ихэвчлэн Тоо, Компьютерийн шинжлэх ухаанд хэрэглэх боловч, Биологийн салбарт мэдрэлийн тогтолцоо, цаашилбал цахилгаан төхөөрөмжүүд дээр хүртэл хэрэглэдэг. Компьютерийн ухаанд янз бүрийн даалгавруудыг гүйцэтгэхийн тулд програмуудад өгөгдөх дараалласан зааварчилгаануудыг нэрлэх ба тэдгээр нь тооцооллын энгийн нэмэх, хасах, үржих, хуваах үйлдлүүдээс эхлэн, 2 бодит газрын хооронд зорчих замыг олох зэрэг нарийн төвөгтэй үйлдлүүдийг агуулах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл алгоритм гэдэг нь даалгавар гүйцэтгэх, тооцоолол хийх, өгөгдөл боловсруулах, зарим тохиолдолд шийдвэр гаргах үйлдлүүдийн ерөнхий нэр юм.
Алгоритм бүр нь эхлэл, төгсгөлтэй байх ба өгөгдсөн утгыг, заагдсан алхмуудын дагуу гүйцэтгээд, эцсийн үр дүнг боловсруулан гаргадаг. Маш нарийн төвөгтэй ажиллагааг гүйцэтгэх тохиолдолд хэд хэдэн алгоритмыг нэгтгэн ажиллуулж болох боловч хэдий чинээ цогц систем босгоно, төдий чинээ их эрчим хүч зарцуулагдана. Алгоритмын нарийвчлалыг тэдний боловсруулан гаргасан үр дүнгийн чанараар нь буюу асуудлыг шийдэж чадах эсэх, шийдэхдээ хэр алдаагүй, үнэн бодит хариулт гаргаж байгаагаар нь хэмждэг. Харин түүний бүтээмжийг, үр дүнгээ боловсруулж гаргахдаа хэдий хэмжээний эрчим хүч болон хугацаа зарцуулснаар нь тооцно. Компьютерийн шинжлэх ухаанчид asymptote буюу асимптота аргыг хэрэглэн алгоритмуудыг бичсэн програмчлалын хэл, ажиллуулж буй техник хангамжаас хамаарахгүйгээр тэдгээрийг хооронд нь харьцуулдаг.
Нууцлал
Encryption гэсэн нэр томъёог бид энд "нууцлал" гэж орчуулан хэрэглэж байгаа болно. Нууцлал гэж ил тод буй мэдээллийг, тусгай кодонд хөрвүүлж, гадны этгээд тайлж унших боломжгүй болгож байгаа арга хэлбэрийг хэлж байгаа юм. Үүнийг засгийн газар, цэрэг, цагдаа, албан газрууд, цаашлаад хувь хүмүүс ч хувийн болоод албаны, чухал мэдээллүүдээ нууцалж, хамгаалах зорилгоор өдөр тутам, өргөнөөр хэрэглэж байдаг. Саяхны судалгаагаар интернэтийн сүлжээн дэх өгөгдлүүд болон харилцаа холбооны сувгуудын 50 орчим хувь нь HTTPS протоколын ачаар нууцлагдаж, хамгаалагдсан байгаа гэсэн тооцоо гарсан. Нууцлалын олон арга хэлбэр, төрөл зүйл байгаагаас крипто валютийн хувьд бидний сайн мэдэх жишээ нь хэтэвчний болоод арилжааны вебийн хамгаалалтууд юм.
HODL
Ихэвчлэн крипто валютанд хөрөнгө оруулагчдын дунд өргөн хэрэглэгддэг нэр томъёо бөгөөд, ханшийн өсөлт бууралтаас хамааралгүй оруулсан хөрөнгөө хөдөлгөхгүй байхыг илэрхийлдэг. HOLD буюу ТОГТООХ, БАРИХ гэсэн Англи үг бөгөөд манайхаар "ДАР" гэж орчуулагдан хэрэглэгдэж байгаа. Энэ нэр томъёо нь "Баавгайн улирлын" үед төлхүү хэрэглэгдэх хандлагатай байдаг ба түүний тайлбарыг сүүлд Hold On for Dear Life гэсэн үгний товчлол хэмээн оновчтойгоор тодорхойлсон байдаг ч анхны гарал нь BitcoinTalk хэлэлцүүлгийн веб дээр GameKyuubi гэх хэрэглэгчийн алдаж бичсэнээс үүдэлтэй. Тэрээр уг алдаагаа, "Би буруу бичсэнээ мэдэж байгаа, гэхдээ ингэж бичмээр байна. BTC-ийн ханш унаж байгаа ч, би түүнийг хадгалсаар л байх болно яагаад гэвэл би өөрийгөө хэр тааруу арилжаачин бэ гэдгээ мэднэ." гэж тайлбарласан байдаг. Өдгөө энэ үг нь хөрөнгө оруулж, арилжаа хийж байгаа хүмүүсийн дунд, өөрийгөө мэргэжлийн өндөр чадвартай биш ч, ханшийн хэлбэлзлийг тэсээд гарах бодолтой байгаагаа илэрхийлэхэд хэрэглэгдэж байна.
Баавгайн улирал/зах зээл
Англиар Bear Market/Season. Зах зээлийн ханшийн уналттай/урвуу/улаан хандлагыг ийн нэрлэнэ. Уг нэршил нь крипто зах зээлээс гадна, үл хөдлөх, хувьцаа, бонд, бараа таваар, мөнгөний зах зээл дээр ч түгээмэл хэрэглэгддэг. Ханш нь цаг хугацаатайгаа харьцуулахад хамаагүй хурдтайгаар буурч байгаа үзэгдлийг нэрлэдгээрээ хөрөнгийн зах зээлээс ялгаагүй мэт боловч крипто зах зээлийн хувьд 85%-аас илүү хувиар огцом унах үзэгдэл нь ховор тохиолдол биш. Зарим мэргэжилтнүүд 60 хоногийн хугацаанд 20% буюу түүнээс дээш хувийн уналтыг л Баавгай гэж нэрлэнэ гэж үздэг бол, зарим нь үргэлжилсэн уналтыг ийн нэрлэнэ гэж үзэх нь бий.
Бухын улирал/зах зээл
Bull market/season нь Баавгайн эсрэг хандлага буюу өсөлттэй/эерэг/ногоон чиглэл зонхилсон үе юм. Крипто зах зээлийн үед 1-2 хоногийн дотор 40% хүртэлх өсөлт нь энгийн үзэгдэл байдаг.
Алткойн
Биткойноос бусад зоос, токенуудыг нийтэд нь ийн нэрлэдэг ба уг нэршил нь Биткойн бол үндсэн/гол зоос, бусад нь alternate/alternative coin (хураангуйгаар Altcoin) буюу бусад зоос гэж тооцогдоно гэсэн санаанаас үүдэлтэй. Гэвч зоос гэхээсээ илүү токенууд, тэр дундаа Эфириумийн Блокчэйн дээрх ERC-20 токенууд энэ нэршилд илүү хамаардаг. 2008 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 2'000 гаруй токен зах зээлд нэвтрээд байгаа ба тэдгээрийн багагүй хувь нь Биткойноос сэт салаалж үүссэн. Ингэж үүссэн алткойнууд нь ихэвчлэн адил зарчмаар олборлох боломжтой буюу PoW алгоритм дээр суурилсан байдаг. Гэвч PoS зэрэг өөр алгоритм дээр суурилсан хувилбарууд бас бий.
Шуудай
Bag гэх хэллэг нь тодорхой хэмжээний (яг хэмжээ заагаагүй, ерөнхийдөө ахиухан) зоос аваад дарчихсан хүмүүсийн ярианд өргөн хэрэглэгдэнэ. Жишээлбэл: "Би энэ зоосноос шуудайлчихсан байгаа." гэх мэт. Их хэмжээний зоосыг, урт хугацаагаар HODL хийж буй хөрөнгө оруулагчдыг bagholder буюу шуудайлагч гэнэ. Гэвч зарим тохиолдод энэ нэршлийг хүчтэй баавгайн улирлын үеэр ч, тууштай дарсаар байгаа хөрөнгө оруулагчдад оноох нь бий. Хөрөнгө оруулагчаас шуудайлагч болох олон шалтгаан байдаг ба зах зээлийн савлагааг дагадаггүй хөрөнгө оруулагчид ч бас байдаг. Түүний шалтгаан нь 1 бол цаг зав муутай байдгаас, үгүй бол ханш нь өснө гэдэгт бат итгэж, зорьсон ханшинд хүртэл тэвчээртэйгээр хадгалж, хүлээж чаддагаас нь хамаардаг.
Disposition effect буюу зан чанарын нөлөө нь ихэвчлэн шуудайлагч нар дээр илэрдэг шинж бөгөөд ханшийн өсөлтийг дагуулж, гялс зараад, уналтыг дагуулж, түргэн аваад байх нь илүү ашигтай байсан ч, "зөрүүдлээд", дараад сууж байдаг занг нь ингэж нэрлэнэ. Уг зан чанар нь дийлэнх хүнд илэрдэг, "хожсоноо таашаахаас илүү алдсандаа харамсаад байдаг" занг тодорхойлсон гэхэд буруудахгүй.
Хэшийн мод
Merkle Tree гэдэг нь их хэмжээний өгөгдлийг боловсруулахад хялбар болгох үүднээс ангилж, эмхлэх аргуудын 1 юм. Крипто валют, Блокчэйнийн хувьд Хэшийн мод нь гүйлгээнүүдийн мэдээллийг зардал багатайгаар боловсруулах боломжыг бүрдүүлэгч зохион байгуулагч нь болдог. Гүйлгээнүүдийн мэдээллийг хэшлэсний дараа модруу оруулахдаа төстэй үр дүнгүүдээр нь ангилан, багцлах ба тэдгээр төстэй хэсгийг нь нэгтгэж ахин хэшлэдэг. Жишээлбэл, АБ, АЮ, ЦЕ гэсэн 3 мэдээллээс АБ, АЮ 2 нь 1 модонд/блокт хамаарна. Тэдгээрийг АБЮ болгож дахин хэшлэнэ гэсэн үг. Ийнхүү олон дахин хэшлэсний дүнд Үндэс гэх гүйлгээнүүдийн мэдээллийн хураангуй үүсэх ба, түүнд тухайн блок дахь бүх гүйлгээний мэдээлэл багтаж байгаа тул, түүнийг дараагийн үүсч буй блокт баталгаа болгон хуулдаг. Мөн, ингэж нэгтгэх нь ихээхэн зай хэмнэх боломжыг ч бүрдүүлж өгсөн.
Блок
Block гэдэг нь гүйлгээнүүдийн мэдээллийг хадгалж байгаа компьютерийн файл гээд тодорхойлчихож болно. Тэдгээр нь шулуун хэмээр дарааллаж бичигддэг тул chain буюу хэлхээг үүсгэдэг. Блокчэйн гэсэн нэр ч үүнээс үүдэлтэй. Эдгээр блокууд өөр хоорондоо криптограф аргаар холбогдсон байдаг ба хэлхээний блок бүр, өмнөх блокынхоо агуулгыг өөртөө шингээсэн байдаг. Уг хэлхээний анхны блокыг Genesis Block буюу Анхдагч блок гэнэ. Анхдагч блокоос хойших бүх баталгаажсан блокын нийт тоог block height буюу блокын өндөр гэж нэрлэн, хэмждэг.
Зөвхөн Биткойнын блокыг л жишээ болгон задалж харвал, гүйлгээнүүдийн мэдээлэл, огноо, цагийн мэдээлэл, өмнөх блокын агуулгын мэдээлэл болон бусад зүйлс багтсан байна.
Мөн блок үүсгэх үед 2 олборлогч нэгэн зэрэг сүлжээрүү шинэ блокын мэдээллээ илгээж таарвал, 2 тусдаа хэлхээ үүсгэхээс сэргийлэх зорилгоор сүлжээн дэх зангилаанууд тэднээс алсдаа аль нь илүү урт хэлхээг бүтээж чадахыг нь харгалзан сонгодог ба сонгогдоогүй блок нь orphan block буюу өнчин блок болж хувирдаг.
Энэ сэдэвт харгалзах гадаад үгс, нэр томъёоны тайлбарыг Крипто тайлбар толийн 2-р хэсгээс уншаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation