Proof of Stake гэж юу вэ?
Proof of Stake (PoS) буюу Барьцааны баталгаа нь анх 2011 онд PoW-г орлуулахаар танилцуулагдаж байсан, түүний дутагдлуудыг нөхсөн, Зөвшилцлийн алгоритмын 1 төрөл юм.
Хэрхэн ажилладаг вэ?
Энэ сэдвийг өмнө нь "Эфириум гэж юу вэ?" гэсэн гарчигтай нийтлэл дээрээ хөндөж, ерөнхийд нь тайлбарлаж, танилцуулсан байгаа бөгөөд уг нийтлэлд зөвхөн дурьдагдаагүй өнгөрсөн зүйлсийг л нэмж бичих тул, эхлээд Эфириумийн нийтлэл дээрх мэдээлэлтэй танилцаарай.
PoW системд блок хаасны урамшуулалд шинэ үүсгэсэн зоосны мялаалга өргөдөг бол, PoS системд тухайн хаагдсан блокт агуулагдаж буй гүйлгээнүүдийн шимтгэлээр шагнадаг.
Хэдийгээр илүү их хөрөнгө барьцаалах тусам, тухайн хэрэглэгчийн үүсгэсэн блокыг түрүүлж баталгаажуулаад, хаах магадлал өсдөг гэж өмнө тайлбарлаж байсан ч, сонгохдоо хөрөнгөтнүүдэд илүү боломж олгохоос сэргийлэх тусгай аргуудыг нэвтрүүлэн хэрэглэдэг. Тэдгээр аргуудаас хамгийн өргөн хэрэглэгддэг нь Randomized Block Selection буюу Санамсаргүй түүврээр блок сонгох, Coin Age Selection буюу Зоосыг хугацаагаар сонгох аргууд юм.
Санамсаргүй түүврийн арга нь их хөрөнгө барьцаалсан боловч, хэшлэх чадал муутай зангилаануудыг олж сонгодог бөгөөд баталгаажуулагчдын байршуулсан барьцаа нь нийтэд ил харагдаж байдаг учир блок хаах дараагийн зангилаа аль нь байж болохыг хөөж олох боломжтой.
Харин зоосны хугацаагаар сонгох аргыг хэрэглэдэг системийн хувьд, барьцаа байршуулаад аль удаж байгаагаас нь эхэлж сонгоно. Тэрхүү хугацааг нь тооцохдоо:
Барьцаанд тавигдсан зоосны хэмжээ * Барьцаанд тавигдсанаас хойших хугацаа /хоногоор/ = Зоосны хугацаа
томъёог хэрэглэх ба зангилаанаас блок үүсгэгдсэний дараа зоосны хугацааны тоолуур 0-ээс тоолж эхэлнэ. Мөн энэ үеэс дараагийн зоосоо үүсгэх боломжтой болох хүртлээ түр хүлээх шаардлагатай. Энэ хүлээлэг нь хөрөнгөтнүүдийг Блокчэйнд хэт ноёлохоос сэргийлэх тустай юм.
PoS алгоритмыг хэрэглэж буй крипто валют бүр өөр өөрийн ийм арга, дүрмүүдтэй байх хэдий ч зангилааг баталгаажуулалт хийхээ больж, ажлаас гарахаар болвол, барьцаа хөрөнгө болон ажлын "цалин"-г олгохоос өмнө түүний гүйцэтгэлийг өчүүхэн ч зөрчилгүй байсныг тогтоох шалгалт явагдах тул, тодорхой хугацаанд хүлээлт үүснэ.
Аюулгүй байдал
Сүлжээний аюулгүй байдалд заналхийлэхийн тулд тухайн зангилаа нийт барьцаа хөрөнгөний сангын талаас илүүг дангаар эзэмшиж байх хэрэгтэй. Үүнийг 51 хувийн дайралт гэж нэрлэдэг. Эргэлтэнд буй нийт хөрөнгийн 51%-ийг дангаар эзэмших боломж маш багатайн дээр, ихэнх том зооснуудын хувьд одоо ингэж эзэмшихийг оролдох нь бараг боломжгүй болчихоод байгаа.
PoS систем нь өөрөө аюулгүй байдал, энерги зарцуулалт 2-г голчлон анхаарсан байдаг тул зангилаануудын тоо нь тэр хэмжээгээр их байх нь ойлгомжтой. Мөн тэр хэмжээгээр сонголт нь шударга явагдана.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation