Blockchain Consensus Algorithm гэж юу вэ?

Уг нийтлэл нь Крипто валют, Ил түлхүүрийн криптограф, Тэгш хэмт болон тэгш бус нууцлал, Дижитал гарын үсэг болон Блокчэйн зэрэг нийтлэлүүдийн үргэлжлэл тул, гүйцэт ойлгохын тулд эдгээр нийтлэлүүдийг эхлээд уншиж танилцаарай.

Blockchain Consensus Algorithm буюу Блокчэйнийн зөвшилцлийн алгоритм нь хэрэглэгчид эсвэл төхөөрөмжүүдийг оногдсон хэмжээндээ харилцан нийцэж ажиллах боломжыг нь олгоно. Систем дэх бүх нэгжүүдийг 1 зүйл дээр санал нийлж байгаа эсэхийг нягтлах боловч зарим нэгжүүд санал зөрөхийг хүлээн зөвшөөрдөг.

Төвлөрсөн байгууламжын хувьд, 1 нэгж дангаар ноёлж, өөрийн хүслээр системийг залуурдах эрхтэй байх ба зохион байгуулагч, хянагч нартай харилцахад хүндрэлгүй, чиглэлийг нь өгсөн байхад л, зөвшилцөх шаардлага гарахгүй.

Харин төвлөрсөн бус байгууллын хувьд, зөвшилцөлд хүрнэ гэдэг нь ихээхэн төвөгтэй ойлголт юм. Нийтийн хүртээл болсон сан байлаа гээд төсөөлье л дөө. Түүнд шинээр оруулах гэж байгаа мэдээлэл нь ямар байж болох, болохгүйг хэрхэн шийдэх вэ? гэсэн асуулт өөрийн эрхгүй урган гарч ирж байгаа биз?

Хэнийг нь мэдэхгүй, танихгүй хүнд мэдээлэл оруулах эрхийг айдасгүй, эргэлзээгүйгээр олгох боломжыг эрэлхийлсэн нь биднийг Блокчэйн технологийг бүтээх замд хөтлөсөн юм. Уг нийтлэлээрээ крипто валютийн салбарт тэрхүү итгэлцлийг бий болгож байгаа гайхалтай нээлтийн талаар танилцуулахыг зорилоо.

Зөвшилцлийн алгоритм ба крипто

Крипто валютийн хувьд, хэрэглэгчдийн хөрөнгийн дүнг хадгалж байдаг өгөгдлийн санг Блокчэйн гэнэ. Уг санг агуулсан системийн сүлжээнд холбогдсон харилцагч (өмнөх нийтлэлүүдэд нэгж, зангилаа гэх зэргээр нэрлэсэн байгаа) бүр тус сангийн хуулбарыг хадгалж авсан байх нь крипто валютийн сүлжээний гол зорилгыг батжуулах, түүний аюулгүй байдлыг сахихад чухал үүрэгтэй.

PKC буюу Ил түлхүүрийн криптограф нь хэрэглэгчдийг бусдын өмчийг захиран зарцуулахаас сэргийлж байдаг боловч энэ криптограф нь тухайн хэрэглэгчийг өөрийн аль хэдийн гадагш зарцуулчихсан хөрөнгийг дахин зарцуулахаас сэргийлж чаддаггүй. Уг асуудлын шийдэл нь PoW алгоритм юм.

PoW-н ажиллах зарчимтай танилцахаас өмнө, өдгөө бий болсон байгаа ихэнх зөвшилцлийн алгоритмуудын төстэй шинжүүдтэй танилцая.

Гол шаардлага бол итгэлцэл : хэлхээнд блок нэмэх хүсэлтэй хэрэглэгч (баталгаажуулагч) байгаа бөгөөд тэрээр барьцаа хөрөнгөө байршуулчихсан байгаа гээд төсөөл. Тэр нь түүнийг булхайцахгүй, шударгаар ажиллах хөшүүргэ нь болж өгнө. Яаж вэ гэхээр, тэрээр хэрэв ашиг хонжоо хөөж, зүй бус үйлдэл гаргавал тэрхүү барьцаа хөрөнгөө бүр мөсөн алдах эрсдэлтэй, эсрэгээр, харин ажлаа шударгаар гүйцэлдүүлсэн байвал, түүнд нэмж шагнал, урамшуулал олгодог. Энэ талаар Биткойн болон Эфириумийн талаарх нийтлэлүүдийн Олборлолт сэдвийн хүрээнд тайлбарласан байгаа.

Дараагийн чухал шаардлага бол мэдээж, ил тод байдал : Хэн нэгэн зүй бус үйлдэл гаргаж байвал, түүнийг бид харах, мэдэх боломж бүрдсэн байх хэрэгтэй. Тэгвэл уг шаардлагыг хэрэгжүүлэх арга нь блок үүсгэх зардал, зарцуулах хугацаа нь их, ажиллагаа нь нарийн төвөгтэй байх боловч, нөгөө талаас түүнийг нь баталгаажуулахад маш хялбар, хурдан байхаар зохион байгуулагдсан хэлбэр нь болж өгдөг.

Зөвшилцлийн алгоритмуудын төрлүүд

PoW буюу Ажлын баталгаа

Блокчэйн технологийн зөвшилцлийн алгоритмын загалмайлсан эцэг гэгддэг энэхүү алгоритмын талаар Криптогын талаарх цуврал нийтлэлүүдийнхээ өмнөх дугааруудад бишгүй л тайлбарласан байгаа. Гэхдээ, нэмж хэдэн зүйлийг энд бас танилцуулах хэрэгтэй байх.

Олборлогч нарын тусгай тооцооллын аргаар боловсруулж (хэшлэж) гаргаж авсан мэдээллийн эцсийн дүн нь тоо, үсэг холилдсон урт код байдаг ба түүний цаана ямар мэдээлэл бичигдсэнийг тайлж унших боломжгүй.

Тэрхүү кодонд орсон мэдээллийг яг хэвээр нь дахин хэшлэвэл эцсийн дүн адилхан гарах ч, 1-хан оронг л өөрчлөхөд тэс ондоо код үүсдэг.

Тэрхүү үүссэн кодоос нь буцааж хөөх замаар түүний ард бичигдсэн мэдээллийг нь олох боломжгүй.

PoW алгоритмд, блокыг хүлээн зөвшөөрөх болзлыг нь протоколуудаар зохицуулдаг. Жишээлбэл, блокын хэшийн код нь заавал ч үгүй 00 гэж эхэлсэн байна гэсэн дүрэм тусгагдсан байгаа гээд төсөөлөөд үзвэл ийм үр дүнд хүрэх цорын 1 арга нь Олборлогчид өөрсдийн хэшлэж буй өгөгдлүүдээсээ хэсэгчлэн сольж, хэшлэх замаар шаардлагад нийцсэн үр дүнд хүртлээ, дахин дахин боловсруулалт хийх шаардлагатай.

Сүлжээний хэмжээ томорч, ачаалал ихсэх тусам дээрх босго нь нэмэгдэж, Олборлох төхөөрөмжийн чадал "гологдож" эхлэх тул, тусгай зориулалтын ASIC олборлогч хэрэглэх илүү үр дүнтэйд тооцогдох болсон.

PoS буюу Барьцааны баталгаа

Биткойныг гараад удаагүй байхад PoW-г нь орлуулахаар санал болгож байсан алгоритм юм.

Блок хаасны урамшуулалд шинэ зоос үүсгэж өгөхгүй учир Блокчэйнийн үндсэн зоосыг ICO, IEO зэрэг хэлбэрээр эхлээд тараасан байх эсвэл PoS алгоритмд шилжихээс өмнө PoW алгоритмаар тодорхой хугацаанд ажиллаж, нөөцөө эргэлтэнд гаргасан байх хэрэгтэй болдог. 

Өнөөдрийн байдлаар "жинхэнэ" PoS зөвхөн жижиг криптонууд дээр л суурилагдан, хэрэглэгдэж байгаа ба онолын хувьд PoW алгоритмаас илүү гарч чадах ёстой ч, амьдрал дээр тийм байж чадах эсэх нь эргэлзээтэй хэвээр байна.

Уг алгоритмыг гэхдээ бид удахгүй Эфириум 2.0 шинэчлэлтийн хүрээнд, Casper шилжилтээр нь хүлээн авах гэж байгаа бөгөөд тэр үед л уг алгоритмыг том крипто дээр хэр найдвартай, хурдтай байж чадахыг харах нь.

Бусад алгоритмууд

Залхуу хүрсэн тул, түрдээ жагсаалт хэлбэрээр л танилцуулъя. Дараа тэгээд цаг зав, сонирхол, тэр өдрийн тэнгэр 3 таарч өгвөл 1 бүрчлэн товчхон танилцуулга нийтлэл бичиж өгч болох юм.

  1. Delayed Proof of Work
  2. Leased Proof of Stake Consensus
  3. Proof of Authority
  4. Proof of Burn
  5. Delegated Proof of Stake [DPoS]
  6. Hybrid PoW/PoS Consensus


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!