Blockchain гэж юу вэ?

Blockchain буюу Блокын хэлхээ (цаашид Блокчэйн гэх) технологийн талаар уг нийтлэлээрээ дамжуулан танилцуулъя.

Танилцуулга

Блокчэйн гэж юу вэ?

Блокчэйн гэдэг нь тусгай төрлийн өгөгдлийн сан юм. Уг санг Distributed ledger technology (DLТ) буюу Дэлгэмэл бүртгэлийн технологи гэх нь ч бий.

Блокчэйнд блок бүр ар араасаа залгагдаж бичигдэх ба тэгэхдээ дараагийн блок нь өмнөх блокынхоо мэдээллийн хэсгийг агуулж байдаг өвөрмөц чанар тусгагдсан байдаг. Хамгийн сүүлийн блокыг нээж харахдаа л, түүнийг өмнөх блокынхоо араас үүссэнийг нь мэдэх боломжтой бөгөөд, тийнхүү хөөгөөд үзвэл Genesis Block буюу Анхдагч блок хүртэл, бүгдийг нь үзэж болно.

Ажиллах зарчмыг нь энгийнээр тайлбарлая. Таньд 2 багана бүхий мэдээлэл оруулах хүснэгт байгаа, эхний багананд Та, хүссэн мэдээллээ хадгалж болно. Гэвч 2 дахь багананд хандах эрх Таньд огтоос байхгүй. Эхний багана, эхний мөрөнд оруулсан Таны мэдээллийг програм 2 үсэг бүхий тусгай таних тэмдэгтэнд хөрвүүлээд, дараагийн мөрөнд оруулсан мэдээлэл дээр чинь нэмж бүртгэнэ.


Дээрх жишээнд эхний багана, эхний мөрөн дэх утга нь KP гэсэн тусгай тэмдэгтэд бүртгэгдэн дараагийн мөрний төгсгөлд тусгагдан орж ирсэн байгаа ба ийм хэлбэрэр бүртгэх учир, хэрэв хэрэглэгч эхний багана, эхний мөр дэх мэдээллийг өөрчлөх аваас тусгай тэмдэгт нь өөрчлөгдөх учир дараагийн мөр дэх мэдээлэлтэй зөрж байгаа нь тодорхой болж, өөрчлөх гэж оролдсон тань илчлэгдэж байгаа юм.

Мөн, энэхүү жишээний 4-р мөрний, 2 дахь багананд бичигдсэн TH гэсэн тусгай таних тэмдэгтэнд, уг хүснэгт дэх бүх мэдээлэл агуулагдсан байгаа гэж хэлэхэд бараг буруудахгүй.

Ийм учраас л мэдээллийг нь өөрчлөх, устгах боломжгүйд тооцогддог.

Блокууд нь хэрхэн холбогддог вэ?

Дээр танилцуулсан 2 үсэгт тусгай тэмдэгтийн жишээ маань Блокчэйн дээрх Хэшлэлт юм. Уг хэшлэлтийн ачаар блокууд маань хэлхэгдэх ба хэшлэх ажилбар нь өгөгдсөн ямар ч хэмжээтэй мэдээллийг тооцооллын аргаар боловсруулж, Хэш гэх нэгэн жигд хэмжээ бүхий мэдээлэл болгон хөрвүүлж гаргадаг.

Блокчэйн дэх Хэшүүд маань гэхдээ их сонирхолтой. Яагаад гэвэл яг адилхан 2 хэш олдох магадлал бараг огт байхгүй. Энэ талаар дээрх зурагтай жишээгээрээ тайлбарласан байгаа ч, илүү дэлгэрэнгүй, бодит жишээгээр дахин тайлбарлая л даа.

SHA256 хэрэглэн хөрвүүлэхэд өчүүхэн бага өөрчлөлт ч, эцсийн дүнд хэрхэн нөлөөлж байгааг доор бодит дүнгээр нь харуулав. Үүнд:

Блокчэйн ба Төвлөрсөн бус байдал

Сая Блокчэйнийн бүтцийн талаар ерөнхийд нь тайлбарлачихлаа шүү дээ, гэхдээ хүмүүсийг Блокчэйн гээд ярих үед зөвхөн дээр тайлбарласан өгөгдлийн сангын талаар л ярьж байна гэж ойлгож болохгүй, Блокчэйнийг хүрээлсэн Экосистемийг нь хамтруулан ярьж байна гэж ойлгох хэрэгтэй.

Өгөгдлийн сан дангаараа бол аппуудад л хэрэглэгдэхээс цаашгүй учир, 1, нөгөөгөө огт танихгүй хүмүүсийг нэгтгэж, тэдэнд бусадтайгаа харилцан итгэлтэйгээр зохицон ажиллах, зохион байгуулалтанд орох боломжыг нь олгох хэрэгслүүд буюу бусад технологиуд, Тоглоомын онол зэрэг нэмэгдэн орж ирснээр уг технологи маань бүрэлдэж, нийтийн хүртээл атлаа, хэнээс ч хараат бусаар, бие даан ажиллах чадамж бүхий бүртгэлийн дэвтэр болж чадсан.

Byzantine Generals Problem гэж юу вэ?

Ийм хэлбэрийн системд тулгардаг гол асуудал бол Byzantine Generals Problem буюу Византийн жанжнуудын асуудал юм. Энэхүү нэршил нь 1980-аад оны үед өнөөгийн Истанбул орчмын нутагт явагдсан тулаанаас үүдэлтэй бөгөөд тусдаа байрласан бүлгүүдийн хооронд, мэдээлэл солилцож, зөвшилцөлд хүрэхэд тулгамдаж байсан бэрхшээлийг үүгээр тодорхойлдог.

Хотыг бүслэсэн жанжнууд дайралтын төлөвлөгөөгөө харилцан солилцохын тулд шуудан зөөгчдийг ажиллуулдаг байсан. Тэгэхдээ яг хэдий үед нь, аль талаас ямар дайралт өгөх хэрэгтэйгээ яг таг тохиролцохгүй л бол ялалтанд хүрэх хэцүү бөгөөд хохирол ихтэй болно. Энэ асуудалд ямар гаргалгаа байж болох вэ? Мэдээж, шууданчаар харилцахад асуудал байхгүй л дээ, гэхдээ шууданч нь замдаа захиаг өөрчилчихгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ. Эсвэл 1 жанжин нь бусдаасаа урваж, тэднийг зориудаар ялагдуулахаар төлөвлөсөн байвал яах вэ? гээд л олон олон асуудал урган гарах боломжтой.


Тэгэхээр яалт ч үгүй, бусад талуудаас болоод шууданчаас хамааралгүйгээр, зөвшилцөлд хүрэх шийдэл хэрэг болж байгаа биз? Уг жишээ нь хэдийгээр тэс хөндлөн тайлбар тавьж байгаа мэт санагдаж болох ч, эдгээрт өгүүлэгдэж байгаа цаад зарчим нь адил юм шүү. Өөрөөр хэлбэл ямар 1 хяналт тавигдахгүй л бол, оролцогч талууд өөр өөрсдийн эрх ашгийн төлөө хөдлөөд эхлэх аюултай гэдгийг л энд тайлбарлах гээд байгаа хэрэг.

Тиймээс Блокчэйнд ч бас уг асуудлыг шийдсэн хамгаалалтыг шийдэх гаргалгаа шаардагдаж байгаа юм. Тэрхүү шийдэл нь 1 эсвэл нижгээд хэрэглэгчээс ирсэн зөрүүтэй мэдээллийг үл ойшоох замаар үндсэн мэдээллийн чанарыг алдагдуулахгүй барих явдал бөгөөд ийм чадварыг агуулсан системийг Byzantine fault-tolerant буюу Византын алдаанаас ангид систем хэмээн нэрлэдэг. Уг сэдвийг дараагийн нийтлэл болох "Blockchain Consensus Algorithm гэж юу вэ?" гэсэн гарчигтай нийтлэл дээрээ илүү дэлгэрэнгүй танилцуулна аа.

Блокчэйн заавал төвлөрсөн бус хэлбэртэй байх хэрэгтэй юу?

Төвлөрсөн хэлбэрээр хэрэглэж болох ч, тэгэх нь өнөөгийн ноёлогч системүүдээс болхи системд л хүргэнэ. Блокчэйн нь төвлөрсөн бус хэлбэрээр ажиллахад тохирсон технологи бөгөөд бүх хэрэглэгчдэд тэгш боломж олгодог гэдгээрээ бусад системээс илүү найдвартайд тооцогдогддог. Бодоод үз л дээ, бүх мэдээллийг нь хүн бүр харах боломжтой, хэн ч дангаар удирдаж чадахгүй, өөрчилж, устгах бараг боломжгүй гэхээр л агуу биш гэж үү?

Peer-to-Peer гэж юу вэ?

P2P гэж товчилж нэрлэдэг энэхүү сүлжээний талаар бид өмнө нь торренттой холбоотойгоор л өнгөцхөн тайлбарлаад өнгөрсөн байгаа, алсдаа илүү дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэл бичнэ ээ. Гэхдээ одоохондоо бас суурь мэдлэг олгочих хэмжээний танилцуулгыг бас энд оруулсан нь дээр байх.

P2P нь хэрэглэгчдийн давхаргыг бүрдүүлнэ. Тэдний дунд хянагч гэж байхгүй учир, тэднийг нэгдсэн удирдлагаруу биш харин өөр хооронд нь холбож өгсөн сүлжээг бүтээж өгсөн байгаа ба түүнийг зургаар доор харьцуулан, тайлбарлав.


Зургын зүүн хагаст Төвлөрсөн систем, баруун хагаст Төвлөрсөн бус системийг харуулсан байна.

Төвлөрсөн системийн хувьд аль ч хэрэглэгч, өөр бусад аль ч хэрэглэгчрүү зурвас илгээхэд, тэрхүү зурвас нь заавал ч үгүй, серверээр дамжих шаардлагатай. Харин Төвлөрсөн бус системд, шууд холбогдсон байгаа учир, ямар ч дундын зуучлалын хэрэг байхгүй.

Сервер буюу Төвлөрсөн системийн цөм нь түүнд холбогдсон хэрэглэгчдэд хэрэгтэй бүхий л мэдээллийг агуулж байдаг. Таны уншиж байгаа энэ нийтлэл ч мөн адил, уг нийтлэлийг хадгалж байгаа серверээс Таны интернэт хөтөчрүү илгээгдэн очиж байгаа. Тэрхүү сервер эсвэл түүнтэй холбогдох интернэт холболтонд ямарваа 1 доголдол, саатал үүсвэл Та энэ нийтлэлд хандах боломжгүй болно. Мэдээжийн хэрэг хэдийн уг нийтлэлийг (энэ веб хуудсыг бүрэн ачааллуулчихсан) нээгээд, түүний өгөгдлүүдийг нь татаад авчихсан байсан бол интернэт холболт тасарсан ч үргэлжлүүлэн уншиж болно.

Харин төвлөрсөн бус системийн холбогдсон байгаа үед Та хуудсыг хадгалаад авчихсан байгаа бусад бүх хэрэглэгчдээс үүнийг олж авч уншиж боломжтой учир, уг хуудсыг хадгалж авсан 1 эсвэл нилээд хэдэн хэрэглэгч сүлжээнээс салгагдсан ч, хандах боломжгүй болно гэсэн ойлголт байхгүй болж байгаа юм. Түүнчлэн шинэ блок үүсэх бүртээ сүлжээгээр тараагдах учир сүлжээнд холбогдох бүртээ хэрэглэгчдийн тэрхүү хадгалж авсан мэдээлэл нь шинэчлэгдэнэ.

Блокчэйнийн зангилаа гэж юу вэ?

Nodes буюу зангилаа гэдэг нь сүлжээнд холбогдон төхөөрөмжүүд бөгөөд тэд Блокчэйний хуулбаруудыг өөр дээрээ хадгалж, бусад төхөөрөмжүүдтэйгээ хуваалцаж байдаг. Энэ ажлыг нь хэрэглэгчид өөрсдөө гардан гүйцэтгэх шаардлагагүй байх ба ердөө Блокчэйнийн програм хангамжыг татаад, ачааллуулчихад л тухайн програм нь өөрөө бусад бүх ажлыг гүйцэлдүүлэх боломжтой.

Зангилааг энгийнээр тайларлахад ийм байна. Гэвч сүлжээнд өөр бусад хэлбэрээр оролцож байгаа хэрэглэгчдийг бас зангилаанд тооцох бөгөөд тэдгээрийг тус бүрт нь жижиг зангилаа, олборлогч зангилаа гэх мэтээр нэрлэсэн байдаг. Хүсвэл энэ талаар Биткойн, Эфириум зэрэг нийтлэлүүдээс дэлгэрүүлэн уншаарай.

Ил болон далд Блокчэйн

Өнөөгийн крипто ертөнцийн үндэс суурийг Биткойн цутгасан гэдэгтэй хэн ч санал нийлэх байх. Мөн Биткойн нь гарч ирсэн цагаасаа хойш хууль ёсны санхүүгийн хөрөнгө болохоо баталсаар байгаа юм. Гэвч хөрөнгө оруулагчид түүний технологийн чадавхийг санхүүгээс өөр салбарт ашиглахаар судлаж, эхэлсэн.

Биткойныг ил буюу нийтийн Блокчэйнээр болно. Учир нь, түүн дээр хийгдэж байгаа бүх гүйлгээ ил бөгөөд түүнд хандахад програм хангамж, интернэт холболт 2 л шаардлагатай. Тийм ч учраас үүнийг мөн зөвшөөрөл шаардлагагүй орчин гэж нэрлэж бас болох юм.

Тэгвэл далд буюу хувийн Блокчэйнүүд гэж бас бий. Тэдгээр Блокчэйнд хэн тэдэнд хандах, тэднийг харж чадахыг нь хязгаарлаж, тохируулсан байдаг. Тэдгээрийг харин зөвшөөрөл шаардлагатай орчин гэж нэрлэнэ.

Шаардлагатай бол тэдгээрийн ялгааны талаар харьцуулсан нийтлэлийг алсдаа бичиж сонирхуулъя.

Гүйлгээ хэрхэн явагддаг вэ?

А хэрэглэгч, Б-рүү 50 доллар шилжүүлэхээр боллоо гээд төсөөлцгөөе. Тэр шилжүүлэх хүсэлтээ банкинд гаргаж, банк түүний дансны үлдэгдэл хүрэлцэх эсэхийг шалгаад, тухайн гүйлгээг хэрэгжүүлж өгнө. Энэ бүх ажиллагааны дараа А-ын данснаас $50 хасагдаж, Б-ын дансны дүн дээр нэмэгдэн орно.

Дээрх энгийн жишээ нь Блокчэйн дээрх гүйлгээнээс айхтар ялгаатай байдаггүй. Эцсийн эцэст адилхан л өгөгдлийн санд мэдээллээ бүртгэж байгаа шүү дээ. Гэвч, Блокчэйн дээрх гол ялгаа нь гүйлгээг 1 эрх дархтан биш, бүх нэгжүүд шалгаж, баталгаажуулахад оршиж байгаа юм.

А-ын 5 BTC-н гүйлгээ хийх хүсэлт сүлжээнд байгаа бүх зангилаануудад илгээгдэх учир гүйлгээ нь тэр даруйдаа биелэгдэхгүй. Хэдийгээр тэр мэдээлэл нь маш хурдан бусад зангилаануудад хүрчих боловч, баталгаажуулах ажиллагаа нь бага зэрэг цаг шаарддаг. Уг ажиллагааг Олборлолт гэх ба энэ талаар "Биткойн гэж юу вэ?" гэсэн нийтлэл дээрээ товчхон танилцуулсан байгаа.

Гүйлгээг баталгаажмагц, сүлжээн дэх бүх зангилаа тэр талаарх мэдээллийг мөн адил хүлээж авна. Тэгсэн даруйд тэд өөрсдийн Блокчэйнийнхээ мэдээллийг шинэчлэцгээдэг. Ийнхүү тогтмол, нарийн бүртгэж байдаг тул А хэрэглэгч шилжүүлэх захиалгад орсон 5 BTC-ээ, давхар Г хэрэглэгчрүү шилжүүлэх гэж оролдох боломжгүй.

Түүнчлэн Блокчэйн технологид тухайн хөрөнгийн эзэмшигчийг нэр, нууц үгээр нь хамгаалж, танина гэсэн ойлголт байдаггүй. Тэдгээрийн оронд PKC-г хэрэглэдэг ба өөрийн хөрөнгийг хадгалахын тулд Далд түлхүүр гэх олон оронтой, үсэг, тоо холилдсон тусгай түлхүүрийг үүсгэж хэрэглэх хэрэгтэй болно. Тэр түлхүүрийнхээ тусламжтайгаар л хөрөнгөнийхөө эзэн гэж өөрийгөө батлах учир, түүнийгээ бусдад алдахаас бүхий л талаас нь сэргийлж, хамгаалах шаардлагатай. Найдвартай хамгаалж, хадгалж чадсан л бол, хакдуулахаас айх айдасгүй, тайван сууж болно, учир нь тэрхүү түлхүүрийг тааварлаж олох ямар ч боломжгүй.

Далд түлхүүрээсээ, ил түлхүүр гарган авч, түүнийхээ тусламжтайгаар гаднаас хөрөнгө хүлээж авч (гүйлгээ хийж) болно. Уг түлхүүр нь зүйрлүүлвэл дансны тань дугаар учир бусдад түгээж болно. Ил түлхүүрээс нь хөөж, тооцооллын аргаар далд түлхүүрийг нь олох боломж бараг огт байхгүй учир, Ил түлхүүрээ нуух гэж оролдох ямар ч шаардлагагүй. Яагаад боломжгүй вэ? гэхээр далд түлхүүрээс нь ил түлхүүрийг нь дээр тайлбарласан Хэшлэлттэй адил байдлаар бүтээдэг юм.


Гүйлгээ хийх үед илгээгч нь өөрийн хөрөнгөнөөс/хөрөнгийг илгээж байгаагаа нотлохын тулд, далд түлхүүрээ ашиглан ДГҮ-ийг бүтээж, түүнийгээ гүйлгээний хүсэлтийн мэдээллийн хамтаар сүлжээрүү илгээнэ. Тэдгээрийг нь сүлжээн дэх бусад зангилаанууд ил түлхүүртэй нь харьцуулан тулгаж, шалгаснаар зөрчилгүй болохыг нь тогтоож, баталгаажуулдаг.

Биткойнын гүйлгээг хэрхэн хийдэг вэ?

Энэ сэдвээ 2 өөр жишээн дээр заасан дээр байх. Ингэхдээ Байнанс биржийг жишээ болгон сонголоо шүү.

1. Биржээс татах/шилжүүлэх

  1. Биржрүүгээ бүртгэлээрээ Login буюу нэвтэрнэ;
  2. Бирж дээрх Wallet буюу Хэтэвч цэсрүүгээ хандана (Зарим тохиолдолд уг цэсийг Holdings гэсэн байдаг) [Доорх зурагт харуулснаар];
  3. Withdraw буюу татах (гаргаж авах гэж хэлэх нь бий) зоосоо (жишээгээр бол BTC) сонгоно;
  4. Илгээх хаягаа Copy буюу хуулж аваад Recipient Address буюу Хүлээн авагчийн хаяг талбарт Paste буюу наана/буулгана;
  5. Татах хэмжээгээ оруулна;
  6. Submit буюу Илгээх товчийг дарна;
  7. Баталгаажуулах хуудас (зарим тохиолдолд шуудангаар ирнэ) нээгдмэгц, төлөх шимтгэлийн хэмжээ, шимтгэлийг суутгах хэлбэр, шимтгэлийн дараах дүн зэрэг мэдээллийг хянаад баталгаажуулна.
  8. Ингээд боллоо! Гүйлгээгээ Блокчэйнрүү илгээгдтэл хүлээгээд, шаардлагатай бол илгээгдсэний дараа block explorer буюу блок хөтөч веб/үйлчилгээгээр дамжуулан эсвэл тухайн биржийн withdraw history буюу гүйлгээний хуулга цэсээс хянаж болно.


2. Хэтэвч хооронд шилжүүлэх

  1. Хэтэвчний аппаа нээж, нэвтэрч орно;
  2. BTC-нын хэтэвчрүүгээ хандаана;
  3. Send буюу Илгээх дарна;
  4. Хүлээн авагчийн Хэтэвчний хаягыг Хүлээн авагчийн хаяг гэсэн талбарт оруулна;
  5. Илгээх дүнгээ сонгоно;
  6. Оруулсан бүх мэдээллээ дахин нягтлаад, алдаагүй байвал гүйлгээний хүсэлтээ баталгаажуулна;
  7. Ингээд боллоо! Гүйлгээгээ Блокчэйнрүү илгээгдтэл хүлээгээд, шаардлагатай бол илгээгдсэний дараа block explorer буюу блок хөтөч веб/үйлчилгээгээр дамжуулан хянаж болно.

Гүйлгээ хийхдээ хаягаа сайтар шалгасныхаа дараа л баталгаажуулж байгаарай, өөр зоосны (жишээ нь BTC-г ETH-рүү) хэтэвч, эсвэл өөр сүлжээрүү (тухайн зоосноосоо хамаараад BEP2, BEP20, ERC20 г.м. ялгаатай байгаа) илгээгдсэн бол эргүүлэн сэргээж авахад ихээхэн хүндрэлтэй, зарим тохиолдолд боломжгүй болдог гэдгийг анхаараарай!

Блокчэйн технологийг хэн анх санаачилсан бэ?

2009 онд Биткойны хамт танилцуулагдаж байсан ч, 1990-ээд оны үед анх ерөнхий санаа нь гарсан байсан.

Блокчэйн технологийн давуу болон дутагдалтай талууд юу вэ?

Давуу талууд

  1. Нэн тэргүүнд, дундын зуучлагч, хяналт, оролцоогүйгээр ажиллах боломжыг нь дурдах нь зүйн хэрэг болох байх;
  2. Интернэт холбогдсон л бол хэн ч, хаанаас ч, хэдийд ч хандах боломжтой;
  3. Хаацайлах боломжгүй, ил тод байдал болон төвлөрсөн бус зохион байгуулалт нь булхайцах, хууран мэхлэх аргагүй болгосон;
  4. Хандив, Бараа нийлүүлэлт, бүртгэлийн систем, Эрүүл мэнд, Хэрэглэгчийн урамшууллын хөтөлбөр (Монголчуудын хөгжүүлэн гаргасан Ард зоос энэ ангилалд хамаарна), Төлбөр болон зээлийн болоод бусад dApp (энэ талаар "Эфириум гэж юу вэ?" нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээллийг олж болно), Internet of Things (IoT) буюу Интернэт холбогдсон зүйлс гээд л өчнөөн боломжууд бий.

Учир дутагдалтай талууд

  1. Сүлжээний бүх нэгжүүд хоорондоо холбогдож, мэдээлэл солилцох шаардлагатай учир үр дүнд хүрэх гэж цаг их зарцуулдаг;
  2. Хэрэглэгч, хийгдэж буй гүйлгээ 2-ын тоо, хэмжээ нэмэгдэх тусам ачаалал нь ихсэж, зардал өсөх аюултай;
  3. Шинэчлэхэд төвөгтэй (үүний шалтгааныг өмнөх нийтлэлүүдэд Салаалалт гэсэн гарчгын доор багахан тайлбарласан байгаа);

Блокчэйн хэрхэн ажилладаг вэ?

Блок хэрхэн нэмэгддэг вэ?

Бүх зангилаа буюу сүлжээнд холбогдсон нэгжүүд нь ижил тэгш эрх мэдэлтэй тул, шинэ блок нэмэх үйлдлийг хэнд хариуцуулахыг шударгаар сонгох арга хэрэг болно оо доо? Тэр нь булхайцагчдыг торгож, шударгаар хөдөлмөрлөгчдийг урамшуулах тогтолцоогоор зохицуулагддаг.

Анхнаасаа бүгдэд нээлттэй, зөвшөөрөл шаардахгүй гээд загварчилчихсан учир шинээр блок үүсгэх боломжтой гэхдээ тэгэх эрхийг нь зохицуулахгүй бол эрхээ урвуулан, хувьдаа ашигтайгаар ашиглах аюултай тул тусгай протоколуудыг тусгаж өгсөн байдаг. Тэдгээр протоколууд нь блок үүсгэхэд оролцох нэгжүүдээс тодорхой хэмжээний хөрөнгөө барьцаалуулахыг шаардах ба, тэгсэн тохиолдолд л түүнд эрх олгох боломжтой. Тэгээд тэднийг блок үүсгэхдээ хэр шударга байсныг нь хянаж, шударга байсан хэрээр нь урамшуулах ба эсрэгээр бохир тоглохоор завдсан нь баригдвал барьцаа хөрөнгийг нь хурааж, ажлыг нь хүчингүйд тооцдог. Энэ ажиллагааг нийтэд нь  consensus algorithm буюу Зөвшилцлийн алгоритм гэх ба уг алгоритмыг дараагийн нийтлэл дээр илүү дэлгэрүүлж тайлбарлах болно оо.

Олборлолт (Ажлын баталгаа) гэж юу вэ?

Хэрэв Та өмнөх нийтлэлүүдийг алгасалгүй уншсан бол одоо уг сэдвийг мэддэг болсон байх учиртай. Тиймээс хэрэв дахин энэ сэдвийн талаар уншихаас төвөгшөөж байвал, шууд дараагын бүлэг сэдвийг уншаарай.


Зөвшилцлийн алгоритмын хамгийн өргөн хэрэглэгддэг хэлбэр нь Mining буюу Олборлолт юм. Олборлолтонд нь Proof of Work (PoW) буюу Ажлын баталгаа гэх алгоритмыг хэрэглэх ба Олборлолт гэж тусгай протоколын дагуу маш нарийн тооцооллыг өндөр хүчин чадалтай төхөөрөмжөөр боловсруулах хэлнэ.

Тэрхүү тооцоолол нь гүйлгээний мэдээллийг, бусад шаардлагатай мэдээллийн хамтаар хэшлэх ажиллагаа байдаг бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тодорхой хэмжээнээс хэтрэхгүй байх шаардлагатай. Нэгэнтээ эцсийн үр дүн нь ямар шаардлага хангахаар байх эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй тул, Олборлогчид тухайн өгөгдлүүдээ бага багаар өөрчилж, ахин дахин оролдсоор, хүлээн зөвшөөрөгдөхүйц блокыг гаргаж автлаа ажилласаар байх хэрэгтэй болно.

Ингэж тасралтгүйгээр, өндөр чадлаар тооцоолол хийх нь эрчим хүч ихээр зарцуулдаг. PoW алгоритмын хувьд Олборлогчдын, олборлогч төхөөрөмждөө болон тэдгээр төхөөрөмжийг ажиллуулахад зарцуулсан зардал нь тэдний барьцаа хөрөнгө нь болдог. Блок хаасны урамшууллыг хүртэхийн тулд тэд энэ төлбөрийг төлдөг байна.

Олборлогч шинээр бүтээсэн блокын мэдээллээ сүлжээрүү дамжуулмагц, зангилаанууд түүнийг нь 1 л удаа хэшлэж үзээд л Блокчэйнийн дүрмэнд нийцэж байгаа эсэхийг мэдэж чадна. Чадаж байвал урамшууллыг нь протоколын дагуу олгох боловч чадаагүй тохиолдолд тэр блокыг бүтээхэд зарцуулсан бүх зардал үргүйднэ.

Анхны PoW алгоритм нь Биткойных байсан хэдий ч, өдгөө түүнийг нь хуулбарлаж авсан олон олон крипто зах зээлд нийлүүлэгдсэн байгаа.

PoW-ын давуу талууд

  1. Tried-and-tested буюу орчин цагийн хамгийн боловсронгуй хөгжүүлэгдэж, олон тэрбумын хөрөнгийг хамгаалаад буй алгоритм болоод буй;
  2. Зөвшөөрөл шаарддаггүй буюу хэн хүссэн нь оролцох боломжтой;
  3. Төвлөрсөн бус хэлбэртэй буюу өрсөлдөөний хүчээр явагддаг тул 1 талын эрх мэдэлд бүрэн автах боломж бага;

PoW-ын сул талууд

  1. Зардал ихтэй буюу цахилгаан эрчим хүч ихээр, тэгэхдээ зарим тохиолдолд үргүйгээр зарцуулдаг;
  2. Шалгуур, шаардлага өндөртэй буюу Ихээхэн хүчтэй төхөөрөмжүүд хэрэглэж байж л сая 1 дорвитой урамшуулал хүртэх боломжтой, гэхдээ төхөөрөмжүүд нь хэдий хүчтэй байх тусмаа, төдий чинээ үнэтэй байдаг;
  3. 51 хувийн дайралт буюу төвлөрсөн бус хэлбэрээр ажиллаж байгаа ч, аль 1 нэгж хэт ноёлж чадвал, онолын хувьд тэр нэгж гүйлгээнүүдийн мэдээллийг буцаах, Блокчэйнийн аюулгүй байдалд заналхийлэх боломжтой;

Барьцааны баталгаа гэж юу вэ?

Proof of Stake (PoS) гээд сэдвийг өмнө нь Эфириумийн талаарх нийтлэл дээрээ ойлгомжтой тайлбарласан байгаа байх гэж бодож байна. Тэгэхээр хэрэв давтан унших сонирхолгүй байвал энэ сэдвийг мөн алгасаад, дараагийн бүлгээс үргэлжлүүлэн уншиж болно.

PoW системд ажиллахын тулд, эрчим хүчний зардал, үнэтэй төхөөрөмжөөрөө шударгаар ажиллана гэдгээ гэрчилдэг бол, PoS системд ажиллахын тулд, хөрөнгөнөөсөө барьцаа тавихыг шаардана. Торгууль нь мэдээж тухайн хөрөнгийг чинь хураан авч, эргүүлэн төлөхгүйгээр заагдсан байна.

Барьцаалсан хөрөнгөнөөсөө илүү зардал гаргахгүй гэхээр, PoW системээс хамаагүй ашигтай, байгальд ч ээлтэйн дээр энгийн хэрэглээний төхөөрөмжүүдээрээ л шинэ блок үүсгэхэд оролцох боломжтой. Барьцаанд өгөх хөрөнгө нь тухайн Блокчэйнийн үндсэн крипто валют байх ёстой бөгөөд хэмжээг нь Блокчэйнийх нь протколууд дээр зааж өгсөн байдаг.

Барьцаа байршуулсан нэгжүүдээс санамсаргүй түүврийн аргаар 1-д нь блок хаах эрхийг олгох ба хэрэв хаахаар завдсан блок нь шаардлага хангаж байвал, урамшууллыг нь олгоно. Хэрэв хаахаар сонгогдсон блок дээр 1-ээс олон баталгаажуулагч байвал, тэдэнд урамшууллыг нь харгалзах хэмжээгээр нь хувааж өгнө.

Гэвч PoS системээс илүү Delegated Proof of Stake (DPoS) буюу Барьцааны даатгагдсан баталгааны алгоритмд суурилсан системүүд илүү төлхүү хэрэглэгдэж байна. Уг DPoS-ын талаар Соланагын талаарх нийтлэл дээр хальт дурьдаад өнгөрсөн байгаа, тэрийг бас уншаад үзэж болно шүү. Уг алгоритм нь сүлжээн дэх нэгжүүдийн саналыг хурааж, түүнээ гарсан шийдвэрийн дагуу блокыг баталгаажуулдаг.

PoS-ын давуу талууд

  1. Хүрээлэн буй орчинд учруулах заналхийлэл багатай буюу Олборлолт шиг их эрчим хүч зарцуулж, дулаан ялгаруулдаггүй;
  2. Өндөр хурдтай буюу онолын хувьд гүйлгээг илүү богино хугацаанд баталгаажуулдаг;
  3. Өндөр өгөөжтэй буюу хөрөнгөө өсгөх гарцыг бүрдүүлж өгсөн. Зарим сонирхогчид эндээс тогтмол орлогожих ч боломжтой гэж харж байгаа сурагтай;

PoS-ын дутагдалтай талууд

  1. Шалгагдаагүй буюу одоо л анх удаагаа олон хэрэглэгчдийн хүртээл болж, крипто эдийн засагт орж ирж байгаа учраас алдаа, доголдол гээд юу эсийг байг гэхэв;
  2. Plutocracy буюу Плутократизм : Илүү хөрөнгөтэй нь илүү баяжих систем гэж тооцогдож байгаа;
  3. Эрсдэлгүй системийн асуудал буюу PoW системд Олборлогчид зөвхөн 1 л хэлхээн дээр ажиллах боломжтой, сэт салаалалтын дараа ч аль 1 хэлхээг сонгож, түүн дээрээ л ажиллаж болдог бол, PoS системд, багахан төлбөр нэмж төлөөд л, олон хэлхээн дээр ажиллаж болдог тул эдийн засагт заналхийлж болзошгүйд тооцогддог;

Зөвшилцлийн бусад алгоритмууд

PoW, PoS 2 нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг алгоритмууд болохоор л онцолж судлаад байгаа хэрэг, түүнээс биш өөр зөндөө алгоритм бий. Энэ 2-оос тэс ондоо ч бий, аль алинаас нь хуулбарлаж бүтсэн хосолмол төрөл ч бас байдаг.

Тэдгээрийг 1 бүрчлэн тайлбарлахгүй ч, жишээ болгоод доор жагсаав. Сонирхсон 1 нь өөрөө гүнзгийрүүлэн судална биз ээ.

  1. Delayed Proof of Work;
  2. Leased Proof of Stake Consensus;
  3. Proof of Authority;
  4. Proof of Burn;

Блокчэйн дээрх гүйлгээг буцааж болдог уу?

Блокчэйн нь өөрчлөгдөхгүй байхаар загварчлагдсан технологи. Нэгэнт бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах бараг боломжгүй. Биткойн мэтийн томоохон сүлжээний хувьд бүүр ч боломжгүй. Тиймээс гүйлгээ хийхдээ, тухайн гүйлгээнийхээ мэдээллүүдийг дахин дахин, сайтар шалгасны дараа л баталгаажуулж байх хэрэгтэй гээд захиад байгаа юм.

Гэвч, зарим цөөн хэрэглэгчтэй, жижиг сүлжээнүүдийн хувьд, зөвшилцлийн алгоритмын дүрмээс харгалзан, гүйлгээг буцаах боломж бий.

Блокчэйнийг өргөтгөх боломжтой юу?

Сүлжээний хэрэглэгчдийн тоо өсч, ачаалал нэмэгдэх хэрээр өргөтгөл зайлшгүй шаардагдана. Гэвч төвлөрсөн бус системийн хувьд энэ нь ихээхэн ярвигтай сэдэв юм.

Энэ талаар илүү дэлгэрүүлж судлахыг хүсвэл Биткойн, Эфириум нийтлэлүүд дэх Өргөтгөх боломж бүлгийг нь уншаарай. Мөн Блокчэйнийн хэмжилт, Салаалалтын талаар ч эдгээр нийтлэлүүдээс олж унших боломжтой шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!