Крипто тайлбар толь [2-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Анхдагч блок
Харгалзах Блокчэйн дээрээ бүртгэгдсэн анхны блокыг Genesis Block буюу Анхдагч блок гэнэ. Block 0, Block 1 ч гэж нэрлэгдэх ба урагш холбогдох өөр блок байхгүй учир програм хангамжынхаа 1 хэсэг мэтээр бичигдсэн байдаг.
Биткойнын анхны блок нь:
000000000019d6689c085ae165831e934ff763ae46a2a6c172b3f1b60a8ce26f
бөгөөд үүнийг хаасны шагналын 50 BTC нь өнөөг хүртэл огт эргэлтэнд ороогүй байсаар байгаа юм. Эдгээр 50 BTC нь:
1A1zP1eP5QGefi2DMPTfTL5SLmv7DivfNa
хаягруу илгээгдсэн бөгөөд уг нийтлэлийг бэлтгэж байх үед, энэхүү хаягт нийт 2'868 гүйлгээгээр, 68.38801093 BTC цугларсан байна. Тус хаягруу хийсэн гүйлгээнүүд нь хэзээ ч буцаж гарахгүй, үүрд тэндээ түгжигдэхийг анхаараарай.
Мөн, Биткойнын энэхүү анхдагч блокт:
The Times 03/Jan/2009 Chancellor on brink of second bailout for banks
буюу
2009 оны 01 дүгээр сарын 03-нд Канцлер 2 дахь удаагаа банкнуудыг дампуурлаас аврах цаг дор тулан ирлээ
гэсэн зурвасыг үлдээсэн байдаг. Энд анхдагч блокын үүссэн хугацааг, Биткойныг бүтээх болсон зорилгын хамтаар мөнхжүүлжээ. Түүний дараагийн блок нь:
Block 0: 2009-01-03 18:15:05
Block 1: 2009-01-09 02:54:25
буюу 6 хоногийн дараа үүсгэгдсэн байдаг ч, ямар шалтгаантайгаар үүсгэсэн нь одоо хэр нь тодорхойгүй хэвээр байна. Түүнийг зүгээр л амарсан, завгүй байсан гэх хүмүүс байдаг бол, Библи дээр бурхан ертөнцийг 6 өдөрт бүтээсэн гэж өгүүлсэн байдагтай зориудаар адилтгасан гэх ч хүмүүс бас байдаг байна.
Криптограф
Өнөөгийн компьютер, мэдээллийн технологийн хурдтай хөгжил нь олон давуу талуудыг бий болгосон ч, түүнийг дагасан саар муу зүйлс ч ихээхэн хэмжээгээр бий болж, хөгжиж байгаа. Өгөгдлийн нууцлалыг хадгалангаа, түүнийг элдэв халдлагад өртөж, өөрчлөгдөөгүйг нотлох аргуудын 1 нь cryptograph буюу криптограф юм. Өгөгдлийг нууцлах арга дундаа мэдээж энэ төрөл анхдагч нь биш боловч, ихээхэн дэвшилттэй арга тул өдгөө өргөн хэрэглэгдэх болсон.
Товчоор бол криптограф гэдэг нь мэдээллийг нууцлах аргыг судлаж, хөгжүүлдэг шинжлэх ухаан юм. Ялангуяа өнөөгийн криптограф нь тоон тооцоолол, компьютерийн хүчин чадлыг хослуулан ажилладаг болсон. Энэ сэдвийн талаар дэлгэрэнгүйг PKC-ийн талаар танилцуулга нийтлэлээс дэлгэрүүлж судлаарай.
Блокын өндөр
Анхдагч блокоос хамгийн сүүлийн батлагдсан блок хүртэлх нийт блокын тоог хэмжих нэгж нь Block Height буюу Блокын өндөр юм. Анхдагч блокыг 0, түүний дараагийн буюу анхны олборлогдсон блокыг 1 гээд, цааш дугаарыг нэмж тоолдог ба үүнийг нь заримдаа давхарлан босгосон эвлүүлдэг тоглоомтой зүйрлэх нь бий. Блокчэйн бүр дээрх блок үүсэх хугацаа, түүний хэшлэлтийн хурд өөр байдаг.
Зангилаа
Блокчэйн, крипто валютийн хувьд Node буюу Зангилаа гэсэн ойлголт нь тухайн криптотой холбоотой ямар нэгэн аппыг нь ачааллуулсан байгаа төхөөрөмж (компьютер, гар утас г.м.) 1 бүрийг илэрхийлнэ. Тэгэхээр дан 1 Биткойнд л гэхэд олон сая зангилаа байх нь ээ дээ. Тухайн зангилаа бүр нь харгалзах сүлжээнийхээ холболтын цэг нь байна. Гэхдээ тэдгээр зангилаанууд нь бас өөр өөр төрөлд хуваагдах боломжтой. Биткойныг л жишээ болгоход түүний зангилаанууд нь full node буюу бүхэл зангилаа, listening node буюу тандагч зангилаа (supernode буюу супер-зангилаа гэх нь ч бий), miner’s node буюу олборлогч зангилаа, lightweight буюу цомхон зангилаа (SPV хэрэглүүр) гэсэн ерөнхий бүлгүүдэд хуваагддаг.
Бүхэл зангилаа нь сүлжээний аюулгүй байдлыг хангадаг, салшгүй хэсэг нь юм. Тэдний тусламжтайгаар протоколууд бүрэн хэрэгжиж байдаг.
Тандагч буюу супер зангилаануудыг харах болон хандах эрх нь нийтэд нээлттэй байж байдаг зангилаанууд юм. Эдгээр нь бусад зангилаанууддаа Блокчэйнийн мэдээг түгээх үүргийг гүйцэтгэхийн хажуугаар зангилаануудыг холбогч гүүр нь болж байдаг.
Олборлогч зангилаа бол нэрнээсээ тодорхой байгаа байх. Ихэнх тохиолдолд ASIC буюу олборлох зориулалттай тусгай төхөөрөмжүүдийг энэ ангилалд хамааруулах ба блок баталгаажуулж, хаах үүргийг тэд гүйцэтгэнэ.
Цомхон зангилаа нь тандагч зангилаанаас мэдээлэл татах төдийг л гүйцэтгэдэг учир сүлжээний аюулгүй байдлыг бататгахад оролцдоггүй. Тэр ч утгаараа Блокчэйнийн хуулбарыг ч өөр дээрээ хадгалах шаардлагагүй байдаг.
Өнчин блок
Урдах блок нь тодорхойгүй эсвэл байхгүй болсон блокуудыг Orphan block буюу Өнчин блок гэдэг. Биткойнын цөм програмын хуучин хувилбар дээр ийм блокууд үүсгэгдсэн байдаг ба тухайн үед хэлхээнд шинэ блок үүсгэхдээ түүнд өмнөх блокынх нь удамшуулсан өгөгдөл суугаагүй байсан ч хүлээн зөвшөөрдөг байсан нь ийм зоос үүсэх нөхцлийг бүрдүүлсэн байна. Гэвч Биткойнын цөмийн програм хангамж шинэчлэгдэж, v.0.10 хувилбар нь хөгжүүлэгдэж гарахдаа энэ алдааг зассан учир дахин ийм блок үүсэх боломжгүй болсон.
Хэш
Хэшлэлтээс үүссэн үр дүнг Hash буюу Хэш гэнэ. Үүнийг мөн, hash value, hash code, digest ч гэж нэрлэдэг.
ASIC
Application-Specific Integrated Circuit буюу Тусгай зориулалтын тооцоологч төхөөрөмж нь Олборлоход зориулан хөгжүүлэгдсэн бөгөөд энгийн компьютерийн CPU, GPU-тэй харьцуулахад олон дахин хүчтэй, хурдтайн дээр үйлдвэрээсээ зориулалтанд нь нийцүүлэн тохируулж өгсөн байдаг. Хэдий олон талаар давуу талтай мэт харагдавч, тэр хэмжээгээрээ мөн сул талуудыг агуулдаг. Үүнд:
- Цахилгаан эрчим хүчний зарцуулалт өндөр;
- Дуу чимээ, халалт ихтэй тул түүнийг нь шийдсэн орчинг бүрдүүлэх шаардлагатай;
- Үнэ өртөг өндөртэй;
- 1 төрлийн алгоритмд зориулагдан хөгжүүлэгддэг тул, тухайн төрлийн алгоритм дээр олборлох боломжтой криптог олборлоход л хэрэглэж болно. Жишээ нь BTC олборлогч нь BTC, түүнээс салаалсан BCH зэрэг зооснууд дээр л ажиллах боломжтой байна. Түүнчлэн хичнээн өндөр чадалтай байсан ч, олборлолтоос өөр зүйлд хэрэглэх боломжгүй;
- Шинэ загвар нь өмнөх загвараасаа хол илүү хүчин чадалтайгаар гардаг тул, хуучин загварууд нь хурдан хэрэггүйд тооцогдох гээд байдаг;
Өнөө үед Биткойн тэргүүтэй зооснуудыг олборлогч гол төхөөрөмж болоод байгаа. Bitmain зэрэг үйлдвэрлэгчийнх нь нэрээр манайхан сайн мэдэх байх.
Хэшлэх хурд
Хэшлэх ажиллагааг хэр хурдан гүйцэтгэж байгааг хэмжих нэгжийг Hash Rate буюу Хэшлэх хурд гэнэ. Нэгжийг нь h/s буюу х/с гэж тэмдэглэх ба Олборлогчийн хүчин чадлыг илтгэхэд хэрэглэгдэнэ.
Сонирхуулахад Биткойнын Хэшийн хурд 2011 онд 1 Th/s байсан бөгөөд 2013 он гэхэд 1 Ph/s, 2016 онд 1 Eh/s, 2017 онд 10 Eh/s, 2019 онд 100 Eh/s хүрсэн гэсэн судалгаа гарсан байдаг. Эдгээр үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй тайлбарлавал:
1 Kh/s (kilo/кило) = 1'000 h/s
1 Mh/s (mega/мега) = 1'000 Kh/s = 1'000'000 h/s
1 Gh/s (giga/гига) = 1'000 Mh/s = 1'000'000 Kh/s = 1'000'000'000 h/s
1 Th/s (tera/тера) = 1'000 Gh/s = 1'000'000 Mh/s = 1'000'000'000 Kh/s = 1'000'000'000'000 h/s
1 Ph/s (peta/пета) = 1'000 Th/s = 1'000'000 Gh/s = 1'000'000'000 Gh/s г.м.
Цааш 1 Eh/s (exa/экса) = 1'000 Ph/s, 1 Zh/s (zetta/зета) = 1'000 Eh/s зэргээр үргэлжлэх боломжтой.
2-р давхарга
Layer 2 гэж Блокчэйн систем дээр байгуулагдсан 2-дагч framework эсвэл протоколыг тодорхойлно. Үүнийг ихэнх крипто валютийн сүлжээнд тулгамдаад буй гол асуудлууд болох сүлжээний хэмжээг өргөтгөх, хийгдэж буй гүйлгээний боловсруулагдах хурдыг нэмэх зорилгоор хийдэг. Жишээ нь Биткойнын Аянгын сүлжээ, Эфириумийн Плазм нар нь 2-р давхаргын шийдлүүд юм. Аянгын сүлжээг зэрэгцээ холбогдсон галт тэрэгний зам мэтээр дүрсэлж болох бол, Плазм нь модны мөчрийн салаалалттай адил дүрслэгдэнэ.
2-р давхарга дээр гүйлгээний мэдээлэл тэндээ боловсруулагдах буюу үндсэн (1-р давхарга) хэлхээнд ачаалал учруулалгүйгээр ажилладаг учир үүнийг off-chain буюу хэлхээнээс гадуурх өргөтгөл гэж ч нэрлэдэг.
Фрэмворк
Тухайн байгууламж, цогцолбор, эд зүйлсийн хувьд түүний оршин тогтнох, үүргээ гүйцэлдүүлэх боломжыг нь олгохоор дэмжиж өгч байгаа гол тулгуур, хүчин зүйлийг нь framework гэнэ.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation