Liquidity гэж юу вэ?
Тухайн хөрөнгөний өөр хөрөнгө эсвэл мөнгөрүү хувирах чанарыг Liquidity буюу хөрвөх чадвар гэнэ.
Жишээлбэл, А хэрэглэгчид нэн ховор, урлагын төгс бүтээл болсон ном байлаа гээд төсөөлье. Гэвч, хэрэв тэр эзгүй арал дээр ганцаараа байгаа бол ном нь ямар үнэ цэнэд хүрэх вэ? Эсвэл тэр том хотод, ном сонирхогчдын чуулганд оролцож яваа бол ном нь хэр үнэ хүрэх байсан бол? Үүнд л хөрвөх чадварын гол нь оршиж байгаа юм шүү дээ.
Зах зээлийн эрүүл байдлыг юугаар нь шинждэг вэ?
Арилжааны дүн, ханшийн хэлбэлзэл зэрэг техник үзүүлэлтүүдээр нь хэмжиж болно л доо. Гэвч, тэднээс чухал 1 үзүүлэлт бий. Тэр нь мэдээж хөрвөх чадвар, хэрэв зах зээл нь хөрвөх чадвар муутай бол тэнд арилжаа хийх нь төвөгтэй байх ба тэр хэмжээгээрээ ханшинд учрах нөлөө ихэснэ.
Хөрвөх чадвар гэж юу вэ?
Үнэ цэнийг нь алдагдуулалгүйгээр, 1 хөрөнгийг нөгөөгөөр солиход хэр хялбар байгааг хэмждэг ухагдахууныг Хөрвөх чадвар гэдэг. Энгийнээр бол ямарваа үнэт зүйлийг хэр хурдан, хялбархнаар авч болж байгаагаар нь түүний хөрвөх чадварыг тодорхойлно.
Тэгэхээр хөрвөх чадвар өндөртэй гэдэг нь бодит үнэнээс аль болох зөрүүгүйгээр, хурдан, амархан авч болдог, эсрэгээр хөрвөх чадвар муутай гэвэл 1 бол авахад цаг их ордог, төвөгтэй эсвэл яг бодит үнээр нь шууд авах боломжгүй гэсэн үг болж таарч байгаа биз.
Бэлэн мөнгө нь бодит ертөнц дэх, өнөө цагийн хамгийн өндөр хөрвөх чадвартай хөрөнгө юм. Тэгвэл крипто зах зээлд ч мөн ийм хөрөнгө байдаг ба түүнийг stablecoin буюу тогтвортой зоос гэдэг.
Хэдийгээр ийм төрлийн зоосууд нь өргөн хэрэглээнд нэвтрээгүй байгаа ч, нэвтрэх нь бол цаг хугацааны л асуудал болоод байгаа. Өнөөдрийн крипто зах зээл нь ийм төрлийн зоосуудад хөрвөх чадварыг нь аль хэдийн бүрдүүлээд өгчихсөн гэж тооцогдож байгаа.
Сонирхуулахад Хятад улс үндэстний хэмжээний хамгийн анхны цахим-юань буюу Digital Currency Electronic Payment (DC/EP)-г хэрэглээнд нэвтрүүлээд эхэлсэн байна.
Үл хөдлөх, ховор болон үнэт эдлэлүүдийн хувьд хөрвөх чадвар муутайд тооцогддог. Учир нь тэднийг худалдаж авах сонирхол, боломж нь харьцангуй бага бөгөөд зах зээлийн нэрлэсэн ханшаар нь худалдаж авах сонирхолтой худалдан авагч олдохгүй байх нь олонтаа.
Санал нийлэхгүй байна уу? Тэгвэл ингээд бодоод үз л дээ. Таньд 1 их ховор, үнэтэй алмазан зүүлт байгаа гэж бодъё. Та түүнийгээ 1 сайхан машинаар солих бодолтой байлаа. Яг тэр зүүлтийг хайж байгаа хэдий ч, яг Таны хүссэн машинтай хүн хэр их байх боломжтой вэ? Ингээд бодохоор эд таваар яалт ч үгүй хөрвөх чадвар муутайд тооцогдож байгаа биз, гэхдээ энэ асуудлыг амархан шийдэх арга бий, тэр нь Fiat буюу мөнгө.
Биет хөрөнгө нь, цахим хөрөнгөнөөс мөн нэмэлт зардал шаарддаг, шилжүүлэх гэж уддаг зэрэг талаас нь харвал, хөрвөх чадвар бүүр ч муутайд тооцогдож болох юм.
Гэвч, нөгөө талаас нь харвал, цахим хөрөнгө нь компьютер дээрх 0 болон 1-ийн тоог нааш цааш нь зөөж тоглох тоглоом төдий ч санагдаж болох.
Энэ бүхнээс дүгнээд үзвэл хөрвөх чадвар гэдэг бол ердөө л ангилал төдий зүйл гээд дүгнэсэн ч болж байна. Тэгээд тэрхүү ангиллын дагуу эгнүүлээд тавьбал 1 талд нь цахим мөнгө, тэгээд түүний хажууд бэлэн мөнгө гэх мэтээр үргэлжилсээр биет хөрөнгө хүртэл цувах нь байна шүү дээ.
Хөрвөх чадварыг уламжлалт ойлголтын хүрээнд дотор нь Санхүүгийн хөрвөх чадвар, Зах зээлийн хөрвөх чадвар гэж 2 ангилдаг.
Санхүүгийн хөрвөх чадвар гэж юу вэ?
Энэ нь ерөнхийдөө бизнес болон тэдгээрийн тайланд хэрэглэгддэг ойлголт бөгөөд өнөөгийн хөрөнгө, мөнгөн урсгалын хэмжээнээс хамаарч, зээлээ хэр хурдан хааж чадахыг тооцоход хэрэглэгддэг. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн нэгжийн санхүүгийн чадамжаас шууд хамааралтай.
Зах зээлийн хөрвөх чадвар гэж юу вэ?
Аль үнийн хөөрөгдөл багатайгаар хөрөнгө худалдаж авах эсвэл зарж борлуулах боломж бүрдсэн байгааг энэ ойлголтоор хэмждэг. Үнийг нь борлуулагчийн зөвшөөрч чадах доод ханш, худалдан авагчийн төлж чадах дээд ханш 2-ын дунджаар тооцно. Эдгээр ханшуудын хоорондын ялгааг bid-ask spread буюу авах-зарахын зөрүү гэнэ.
Авах/зарах ханшын зөрүү
Дээрх жишээ зурган дээрх Buy orders (bids) гэдэг нь Авах захиалгууд (ногоон өнгөөр тэмдэглэгддэг), Sell orders (улаан) гэдэг нь Зарах захиалгууд гэсэн үг юм. Арилжаанд оролцоход хэрэгтэй тул, нүдлээд аваарай.
Авах дээд, зарах доод ханшуудын зөрүү нь бага байх тусам тухайн зах зээлийн хөрвөх чадварт эерэг нөлөөтэй байдаг. Учир нь энэ нь тэнцвэртэй байдал хадгалагдаж байгааг илтгэж байна.
Уг зөрүү нь arbitrage traders буюу арбитрын наймаачид ашигтай байдаг. Тэд энэ бяцхан зөрүүн дээр тоглолт хийж, түүнийг сунгаж, шахах явцдаа ашиг хийдэг ба тэр нь эргээд зах зээл болон бусад арилжаачдад ч өгөөжтэй байна.
Мөн арбитрын наймаачдын ачаар адил хөрөнгө, өөр өөр зах дээр хэт ялгаатай үнээр борлуулагдахаас хамгаалагдаж байдгын нь арбитрынхан биржүүд хоорондын ханшын зөрүүн дээр ч ашиг хийж байдагтай шууд хамааралтай юм.
Хөрвөх чадвар ямар хэрэгтэй вэ?
Нэгэнтээ крипто валют маань цахим хөрөнгө учир хөрвөж чаддаг байх нь тодорхой гэж бодож байна уу? Яг ч тийм биш л дээ. Зарим крипто бусдаасаа илүү хөрвөх чадвар сайтай байгаа нь ерөнхийдөө тэднийг хэр олон хүн сонирхож, хэр олон зах дээр нэвтрүүлж, хэр их арилжиж байгаагаас нь л шалтгаалж байгаа.
Зарим захууд өдөрт хэдхэн мянган долларын арилжаа л хийж байхад, зарим нь хэдэн их наядаар нь хийж байна шүү дээ. Мэдээжийн хэрэг Биткойн, Эфириум шиг зооснуудын хувьд хөрвөх чадвар бол асуудал биш. Гэвч өөрсдийн арилжаалагдаж буй биржүүд дээрээ, хөрвөх чадвар муу байхын горыг амсаж яваа зооснууд зөндөө бий.
Тийм ч учраас altcoin-ын арилжаанд оролцоход хөрвөх чадварыг нь чухалчилж харах нь зүйтэй. Хэрэв хөрвөх чадвар муутай зоосруу орчихвол, авсан хөрөнгөө хүссэн ханшаараа зараад буцаад гарахад нилээд хүндрэлтэй болно. Тэгэхээр хөрвөх чадварыг нь анзаарч, анхаарч байж арилжаанд оролцох эсэхээ шийдэх нь бас зохимжтой.
Хөрвөх чадвар муу зах зээлд их хэмжээний захиалга өгвөл юу тохиолддог гээч? Slippage буюу хальтиргаа тохиолдоно. Энэ нь Таны зарахыг хүсэж байсан ханш, Таны захиалгыг гүйцэлдүүлэхдээ тооцсон ханш 2-ын зөрүү юм. Өөрөөр хэлбэл их халтирсан гэвэл Таны захиалга анхны нэрлэсэн үнээсээ ихээхэн зөрүүтэй ханшаар зарагдчихлаа гэсэн үг. Захиалгууд дунд Таны оруулсантай ойролцоо дүнд хийгдэх хангалттай хэмжээний гүйлгээ байхгүй байгаа үед ийм зүйл тохиолдох ба үүнээс зайлсхийхийн тулд limit order буюу нөхцөлт захиалга оруулах л хэрэгтэй болно. Гэвч тэгсэн тохиолдолд захиалга биелэхгүй удаж болно. Дээр бичсэн шиг захиалгууд хангалттай бус байгаа бол бүүр гацаж ч болох эрсдэлтэй.
Арилжаанд оролцох, захиалга оруулах зэрэг бусад зааварчилгаа, мэдээллийг онолуудыг нийтэлж дууссаныхаа дараа, цувралаар хүргэх болохоор алгасалгүй уншиж, бусадтай хуваалцаад байгаарай.
Хөрвөх чадвар нь тухайн биржийнхээ нөхцлөөс хамааран өөрчлөгдөж, хувьсаж байдаг ба зах зээлийн уналт түүнд шууд, ихээхэн хүчтэй нөлөөлдөг. Учир нь наймаачид алдагдал хүлээхгүйн тулд, эсвэл хүлээх алдагдлынхаа хэмжээг багасгахын тулд уналт эхлэнгүүт, үргэлжлээд байвал хурдхан зараад гарах нь элбэг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation