P2P network гэж юу вэ?

Peer-to-Peer буюу Хэрэглэгч хоорондын шууд холболтын сүлжээ гэдэг нь комьпьютерийн шинжлэх ухааны хувьд, мэдээллүүдийг хадгалж, хуваалцаж байгаа төхөөрөмжүүдийг нийтэд нь хамруулсан ойлголтыг хэлнэ. Тэдгээр холбогдсон төхөөрөмжүүд буюу нэгжүүдийг зангилаа гэх ба тэд бүгд адил эрхтэйгээр оролцож, адил үйлдэл гүйцэтгэдэг.

Харин санхүүгийн технологийн хувьд, P2P гэж ихэвчлэн крито валют солилцоо/арилжаа болон цахим хөрөнгийг түгээх сүлжээг тодорхойлдог. P2P платформ нь хэрэглэгчдийн хооронд, дундын зуучын оролцоогүйгээр худалдаа, солилцоо хийх боломжыг олгодог. Мөн зээлдэгч, зээлдүүлэгч хооронд ч ийм хэлбэрээр холбогдох боломж олгодог вебүүд бий.

P2P-г олон зүйлд хэрэглэх боломжтой ба өнөөгийн хамгийн алдартай жишээнүүдийн 1 нь 1990-ээд онд бүтээгдсэн файл түгээх програм (torrent буюу торрент гэдэг нэрээр нь Та мэдэх байлгүй) юм. Өдгөө P2P нь крипто валютуудын сүлжээний цөм нь болоод байгаа.

P2P хэрхэн ажилладаг вэ?

Уг сүлжээнд тэднийг холбож, хянах төв сервер гэсэн ойлголт байхгүй бөгөөд уг сүлжээнд холбогдсон зангилаа бүр нь үйлчлэгч, үйлчлүүлэгчийн үүргийг давхар гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэд сүлжээн дэх мэдээллийг татан авахаас гадна, бусад зангилааруу түгээдэг байна.

Зангилаа нь мэдээллийг татаж авч байх явцдаа, тухайн мэдээллийнхээ татагдсан хэсгийг бусадтай хуваалцаж чадна. Ийм зарчмаар ажилладаг сүлжээ нь хэрэглэгч нэмэгдэх тусам, хүчин чадал нь ихэсч байдгаараа давуу талтай байдаг. Түүнээс гадна, энэхүү систем нь кибер-халдлагад өртөх эрсдэл багатай байх ба аль 1 зангилаанд үүссэн тасалдал, доголдол нь сүлжээний аюулгүй байдалд заналхийлдэггүй гэдгээрээ уламжлалт (төв сервер бүхий төвлөрсөн) системээс давуу талтай.

P2P системийг зохион байгуулалтын хувьд 3 ангилдаг ба тэдгээрийг доор тус тусад нь тайлбарлан орууллаа.

1. Бүтэцлэгдээгүй P2P

Тодорхойлон заасан зангилаа, байгуулалтгүй P2P сүлжээ нь энэ төрөлд хамаарна. Сүлжээнд оролцогчид нь өөр хоорондоо санамсаргүй тохиолдлын аргаар холбогдох ба энэ чанар нь уг сүлжээнд холбогдогчдын тоо огцом өөрчлөгдөхөд үүсэх сааталд тэсвэртэй болгож байдаг.

Хэдийгээр ийм төрлийн систем бүтээх нь амархан байдаг боловч, уг сүлжээнд холбогдох нь CPU болон RAM-д ихээхэн ачаалал учруулдаг сул талтай.

2. Бүтэцлэгдсэн P2P

Энэ төрлийн сүлжээний зохион байгуулалт сайн байдаг учир, ямар ч "ховор" өгөгдлийг хайж олоход хялбар байдаг. Мөн системийн хэт ачаалалд тэсвэр сайтай. Гэвч хэт төвлөрсөн хэлбэрээр ажилладаг бөгөөд тэгэхдээ тогтмол арчилгаа шаарддаг дутагдалтай.

3. Хосолмол P2P

Сервер бүхий ердийн сүлжээ, P2P сүлжээ 2-ыг нэгтгэсэн бүтэцтэй сүлжээг Hybrid буюу Хосолмол P2P сүлжээ гэнэ. Жишээлбэл зангилаануудын холболтыг зохицуулж байдаг сервертэй сүлжээ энэ ангилалд хамаарна гэсэн үг. Энэ бүтэцтэй сүлжээ нь аль аль төрлөөс давуу талуудыг нь агуулсан байдаг учраас, нөгөө 2 хувилбараасаа хурд, хүчин чадлын хувьд хамаагүй илүү байдаг.

P2P төвлөрсөн бус хэлбэртэй юу?

P2P нь тодорхой хэмжээнд төвлөрсөн бус чанарыг агуулдаг боловч ийм төрлийн сүлжээ бүр төвлөрсөн бус хэлбэртэй байдаггүй.

Нарийн ярьвал, ихэнх системүүд нь сүлжээг зохион байгуулагчтай байдаг. Түүнчлэн сүлжээний хэмжээ хэдий чинээ жижиг байна, төдий чинээ төвлөрөл үүснэ.

P2P-ийн Блокчэйн дэх үүрэг нь юу вэ?

Бүтээгч Сатоши нь Биткойныг анхандаа "Peer-to-Peer Electronic Cash System" буюу "Хэрэглэгч хоорондын цахим мөнгөний систем" гэж тодорхойлж байсан. P2P сүлжээний тусламжтайгаар 1 хүнээс, нөгөөрүү шууд шилжүүлэх боломжтой, цахим мөнгөний 1 хэлбэр болохоор бүтээгдэж байсан гэж ойлгож болно.

Давуу талууд

P2P нь Блокчэйнд олон давуу талыг авч ирсэн. Тэдгээрийг жагсаавал:

  1. Сервертэй сүлжээтэй харьцуулахад хамаагүй өндөр хамгаалалттай. Зангилааны тоо өсөхийн хэрээр Denial-of-Service (DOS) буюу Эрх түтгэлзүүлэх дайралтанд улам тэсвэртэй болдог;
  2. Византын асуудалд тэсвэртэй;
  3. Бусдын хөрөнгөний захиран зарцуулах эрхийг бусад хэрэглэгч хаах боломжгүй. Банкны системд бол дансыг нь түгжих эрх банкинд байдаг;

Дутагдалтай талууд

  1. Блокчэйнд гүйлгээний мэдээллүүдийг хуулахад ихээхэн эрчим хүч зарцуулдаг;
  2. Хамгаалалтанд голчлон анхаарсан нь хурданд нөлөөлсөн;
  3. Сэт салаалалтын үед хөгжүүлэгч алдаа гаргасны улмаас хамгаалалтын протоколуудад алдаа үүсвэл replay attack буюу давтах халдлага үйлдэх боломжтой;


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!