Byzantine Fault Tolerance гэж юу вэ?
Уг нийтлэлд танилцуулах сэдвийг гүйцэт ухаж ойлгохын тулд "Блокчэйн гэж юу вэ?", "Тоглоомын онол гэж юу вэ?" гэсэн 2 нийтлэлийг эхлээд уншаарай.
Өнөөдөр зах зээлд нэвтрээд буй бараг бүх крипто валютууд, P2P цахим мөнгөнүүд нь бүгд өөр өөрийн гэсэн өвөрмөц хэлбэр, бүтэцтэй боловч, цөмдөө бараг бүгд нэгэн ижил зүйлийг агуулж байгаа нь Блокчэйн технологи юм.
Хэдхэн жижиг зүйлсийг тооцохгүйгээр Блокчэйн нь өөрөө төвлөрсөн бус хэлбэрт зориулагдсан бүтээл юм.
Крипто валют нь өдгөө санхүүгийн уламжлалт систем болох банкны системтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байгаа. Гэвч дундын хяналтгүй ийм системд яаж хүмүүс итгэл хүлээлгэж чадаад байна вэ? Сүлжээнд холбогдсон нэгжүүдийн аль 1 нь башир аргаар хөрөнгөжих эсвэл бусдыг хохироох гэж оролдвол яах болж байна? зэрэг асуултуудыг нийтэд нь Byzantine Generals' problem буюу Византын жанжнуудын асуудал гэх ба энэхүү асуудлын шийдлийг Byzantine Fault Tolerance (BFT) буюу Византын Алдаа тэсвэрлэлт гэдэг.
Byzantine Generals' problem гэж юу вэ?
Тайлбарыг нь ЭНД дараад Блокчэйнийн танилцуулга нийтлэлийн адил гарчигтай бүлгээс уншаарай.
Уг асуудал дээр дурьдагдаж буй жанжнууд нь Блокчэйнийн хувьд түүний сүлжээнд холбогдсон зангилаанууд нь бөгөөд сүйрэлд хүрэхгүйн тулд тэдний дийлэнх нь нэгэн адил үйлдлийг гүйцэтгэх ёстой.
Ийм зөвшилцөлд хүрэхийн тулд сүлжээний нийт зангилааны 3 хуваасны 2 нь шударга, найдвартай ажиллагаа гүйцэтгэж байх шаардлагатай. Тэгж чадаагүй тохиолдолд буюу дийлэнх нь зүй бус үйлдэл гаргаж байвал нийт системийн халдагдашгүй, дархан байдал алдагдахад хүрнэ.
Byzantine Fault Tolerance гэж юу вэ?
Товчхондоо бол BFT нь дээрх асуудлаас үүдэн гарах үр дүнгээс сэргийлдэг, Блокчэйн системийн нэгэн шинж чанар нь юм. Өөрөөр хэлбэл үүний тусламжтайгаар л Блокчэйн систем нь түүний сүлжээнд холбогдсон 1 эсвэл хэд хэдэн зангилааны гаргаж буй зүй бус үйлдлээс хамгаалагдаж байдаг байна.
Гэвч Византын жанжнуудын асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн өөр гаргалгаа байдаг бөгөөд аль гаргалгаан дээр суурилж хөгжүүлэгдсэнээсээ хамааран BFT нь өөр хоорондоо ялгаатай байж болно. Тэдгээрийг нийтэд нь Зөвшилцлийн алгоритм гэж нэрлэдэг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation