Game Theory гэж юу вэ?
Крипто валютийн хувьд Тоглоомын онол нь түүний салшгүй 1-н чухал хэсэг нь бөгөөд үүний ачаар л Биткойн өдий зэрэгт хүрсэн.
Тоглоомын онол гэдэг нь оновчтой шийдвэр гаргах чадварыг, тоо тооцоололтой хослуулан судладаг арга юм. Уг онолд:
- "Тоглоом" гэж харилцаж болохуйц орчныг нь;
- "Тоглогч" гэж тоглоомын дүрмүүдэд нийцүүлсэн мөртлөө, бусад тоглогчдын нөлөөллөөс шалтгаалан оновчтой шийдвэрийг эрэлхийлж, түүнд хүрэхээр тэмүүлэгчийг;
Тус онол нь бизнес, зах зээл, үйлчлүүлэгч зэргийг танадах зорилгоор гарч ирсэн боловч, өдгөө улс төр, нийгмийн ухаан, сэтгэл зүй, гүн ухаан зэрэг олон өөр салбарын судалгаанд өргөнөөр ашиглагдаж байна. Тиймээс энэ онолыг оролцогч талуудын зан төлөв, үйл хөдлөлийг ямар нөхцөлд, хэрхэн хувьсаж өөрчлөгдөж буйг шинжлэхэд хэрэглэх гол хэрэгсэл хэмээн нэрлэж болох юм.
"Хоригдлын асуудал"
Тоглоомын онолд хамгийн төлхүү хэрэглэгддэг жишээтэй танилцацгаая.
А, Б гэсэн 2 хэрэгтэнг баривчлаад, мэдүүлгийг нь авч байгаа гэж төсөөлье. Тэдгээрийг тусдаа өрөөнүүдэд хорьсон байгаа бөгөөд тэд 1, 1-нтэйгээ холбоо тогтоох, нөгөө нөгөөгийнхээ яриаг сонсох ямар ч боломж байхгүй.
Прокурор буюу Яллагч тэдний аль алинд нь, нөгөө хэрэгтнээ "матаад", ялаас мултрах боломжыг санал болгосон байгаа. Хэрэв А, Б-д бүх бурууг чихвэл Б 3 жилийн ял үүрч, А суллагдана. Б-ын хувьд ч мөн адил.
Хэрэв тэд 2-уулаа, нөгөө нөгөөгөө матвал, аль аль нь 2 жилийн ял сонсоно.
Эсрэгээр, хэрэв тэд 2-уулаа "гүрийвэл", нотлох баримт хангалттай бус гэсэн шалтгаанаар тэд 1, 1 жилийн л ял сонсоно.
Эндээс гарч болох боломжтой бүх эцсийн дүнг нэгтгэвэл:
2-уулаа урвабал, 2-уулаа 2 жилийн ял сонсоно.
А урваж, Б гүрийвэл, А суллагдаж, Б 3 жилийн ял сонсоно.
А гүрийж, Б урвабал, А 3 жилийн ял сонсож, Б суллагдана.
2-уулаа гүрийвэл, 2-уулаа 1 жилийн ял сонсоно.
Мэдээж, аль 1-ийнх нь хувьд дангаар авч үзвэл, нөгөөрүүгээ бүх бурууг чихээд, өөрөө мултарсан нь ашигтай. Гэвч, нөгөө тал нь амаа хамхиад, дуугүй суухыг тааварлан мэдэх боломжгүй шүү дээ. Ял эдлэхгүй гэдгийг сонсмогцоо ихэнх хэрэгтнүүд, хамтрагчаасаа урвадаг. Гэхдээ 2 тал 2-уулаа ийм шийдвэрт хүрчихвэл, тэдний хувьд шүүх дээр сонсох эцсийн шийдвэр нь тийм ч таатай байхгүй. Ингээд бодоод үзэхээр, 2 хэрэгтэний аль нь ч бурууг өөрсөд дээрээ ч, өрөөл бусдад ч өгөхгүй байж чадвал, багийн хувьд боломжит хамгийн дажгүй үр дүнд хүрэх боломжтой.
Сонголтууд, тэдгээрээс урган гарах үр дүнгүүд гээд л шийдвэр гаргахад нөлөөлж буй хүчин зүйлсийг судлах арга барилын суурь ойлголтыг энэхүү жишээнд тод харуулсан байгаа бөгөөд Тоглоомын онол нь яг ийм хэлбэрээр ажилладаг гээд ойлгочихож болно.
Тоглоомын онол ба Крипто валют
Криптогын хувьд тоглоомын онол нь найдвартай байдлыг бүрэлдүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг. Биткойныг бүтээхэд хэрэглэгдсэн Byzantine fault tolerant (BFT) буюу Византын алдааг тэсвэрлэх систем нь Криптограф болон тоглоомын онолыг хослуулсны дүнд бий болсон систем юм.
Крипто валютанд тоглоомын онолыг хэрэглэсэн нь Крипто экосистемийг бүрдүүлэх гол хүчин зүйл болсон төдийгүй, хэрэглэгчдийн зан төлвөөс үүдэлтэйгээр гарч болох үр дүнгүүдийг тооцоолж, улмаар Блокчэйнийн протоколуудыг загварчилсан юм. Ингэхдээ "хөндлөнгийн оролцогч" буюу экосистемийн хэсэг биш боловч, түүнийг үймүүлэхээр гаднаас нөлөөлөгч талуудыг ч энд хамруулан авч үзсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, булхайцах нь ашиггүй эсвэл булхайцаад олж болох ашиг нь шударгаар олсон ашигтай зүйрлэхээргүй бага болгон бүтээсэн нь тоглоомын онолыг ашиглан тооцсоны үр дүн билээ. Энэ талаар цааш үргэлжлүүлэн судлахыг хүсвэл Блокчэйнийн талаарх нийтлэлийг уншаарай.
Бид крипто валют, түүний технологи болох Блокчэйн, цаашлаад крипто зах зээл, түүний боломжуудын талаарх нийтлэлүүдийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа бөгөөд удахгүй хамрах сэдвийнхээ хүрээг өргөтгөх бодолтой байна. Тиймээс ямар нийтлэл уншмаар байгаагаа Холбоо барих цэс эсвэл манай албан ёсны нийгмийн сүлжээгээр дамжуулан бидэнд хүргүүлээрэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation