Крипто тайлбар толь [8-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Эргэлтийн хэмжээ
Circulating Supply - Яг одоо зах зээлд нийлүүлэгдсэн, эргэлтэнд буй нийт зоос/токений тоог ийн нэрлэдэг бөгөөд үүний хэмжээ цагийн аясаар өөрчлөгдөж байдаг бөгөөд Олборлолтоор нэмэгдэх шинэ зоос, Шатаалтаар хасагдах устгагдсан тоо зэрэг нь уг өөрчлөлтийн гол шалтгаанууд болдог.
Уг ойлголтонд, хандах боломж нь нийтэд нээлттэй байгаа хэмжээг л хамааруулан авч үзэх ба үүнийг Total supply буюу Нийт хэмжээ болон Max supply буюу Дээд хэмжээ зэрэг ойлголтуудтай андуурч болохгүй шүү.
Эргэлтийн хэмжээ нь, тухайн хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээг тооцоход хэрэглэгддэг гол үзүүлэлтүүдийн 1 юм.
Дээд хэмжээ
Maximum Supply - Тухайн 1 хөрөнгийн (зоос/токен) бүтээгдэн гарч болох нийт тоо хэмжээг үүгээр илэрхийлэх ба уг тоонд хүрсэн тохиолдод дахин нэмж зоос гаргах боломжгүй болно.
Ихэнх зоосны хувьд, Анхдагч блок дээр уг дүнг зааж өгсөн байдаг. Шинээр гарах зоосны тоо хэмжээ, нийлүүлэгдэх хугацааг тусгаж өгснөөр, тухайн зоосны хөлөө олох, эдийн засгаа тогтворжуулж, хэрэглэгчдээ татах, зах зээлээ бүтээх боломжууд нь бүрддэг давуу талтай. Ийм төрлийн зоосны хамгийн танил жишээ нь Биткойн юм. Түүний нөөцийн дээд хэмжээ 21 сая ширхгээр хязгаарлагдсан байдаг.
Гэвч, хэмжээний хязгаарлалтгүй зооснууд бас бий. Энэ төрлийн зооснууд нь цаашид тасралтгүйгээр нөөцийн хэмжээгээ нэмээд байх боломжтой бөгөөд энэ төрөлдөө онцлох гол жишээ нь Эфириум юм.
Дээд болон Нийт хэмжээний ялгаа
Нийт хэмжээ нь, яг одоо оршин тогтнож буй зоосны тоо юм. Өөрөөр хэлбэл үүссэн ч, устгагдаж, түгжигдээгүй, зах зээл дээр оршиж буй зоосыг энд хамааруулна. Харин дээд хэмжээ нь, устсан эсэхээс үл хамаарч, үүсгэгдэж байсан бүхий л зоосны тоон дээр, ирээдүйд гарах тоог нэмж тоолдог.
Аюулгүй байдлын шалгалт
Security Audit - Апп, систем болон өгөгдлийн сангийн бат бөгөөд найдвартай байдлыг шинжилж дүгнэхийг аюулгүй байдлын аудит гэх боловч Блокчэйний хувьд, ухаалаг гэрээ болон Блокчэйний кодонд агуулагдаж байж болзошгүй алдаа, дутагдлыг илрүүлэхийг ийн нэрлэдэг.
Уламжлалт тодорхойлолтын адилаар, тухайн системд Мэдээллийн технологийн аюулгүй байдлын нийтлэг шалгуурт тэнцэж байгаа эсэхийг шалгах ба ийм төрлийн шалгалтыг заавал ч үгүй хийлгүүлж байх ёстой. Ялангуяа, их хэмжээний өмч хөрөнгө, олон тооны хэрэглэгчдийн хувийн мэдээллийг нэгтгэсэн/нэгтгэж буй/нэгтгэх сангуудын хувьд гадны халдлага, дотроос мэдээлэл алдагдуулах зэрэг эрсдлийг бууруулж, тэднээс сэргийлэх үүднээс зайлшгүй хийлгүүлэх шаардлагатай.
Уг шалгалтын явцад, хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг хэр сайн хамгаалсан, цахим халдлагын үед хэрхэх төлөвлөгөөтэй, системүүд болон байгууламжууд нь хэр хамгаалалттайг нэгд нэгэнгүй шалгана. Ингэхдээ, зарим тохиолдолд нэмж, pen test буюу халдлагын сорил, дутагдлын үнэлгээг ч нэмж гаргах тохиолдол байдаг. Халдлагын сорилыг ёс суртахуунт хакер буюу аюулгүй байдлын шинжээч гүйцэтгэж, дутагдал, алдааг илрүүлэхээр оролддог бөгөөд энэ төрлөөр дагнасан Bug Bounty гэх урамшуулалт хөтөлбөрүүд зохиогдох нь бий.
Энэ төрлийн шалгалтыг жилдээ 1 удаа хийлгүүлэх нь шинэ төрлийн халдлагаас хамгаалах боломжуудыг бүрдүүлэх давуу талтай байдаг.
Контент
Content - Хэрэглэгчид чиглэсэн, мэдээлэл болон туршлагыг олгох урлаг, харилцаа, хэвлэлийн бүтээлийг контент гэнэ. Контент нь энгийн илтгэлээс, төрөл бүрийн урлагын хэлбэр хүртэл олон төрлөөр бүтээгдэж, хөгжүүлэгдэх боломжтой ба хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээ, сонин сэтгүүл, жүжигчилсэн тоглолт, зураг хөрөг гээд л туурвилын ямар ч хэлбэртэй байж болно.
Хаялага
Airdrop - Крипто ертөнцөд, үнэгүй зоос/токен тараах үйл явцыг ингэж нэрлэх ба ямар 1 өөр зоос/токенийг хадгалж байгаагынх нь шагналд эсвэл хэтэвчний хаяг үүсгэсэн байсныг нь урамшуулж олгодог.
Хаялага нь үнэгүй тараагддаг гэдгээрээ ICO-с ялгардаг бөгөөд тухайн зоос/токеноо олонд таниулах, хөрөнгө оруулагч, сонирхогчдыг татах зорилготой хийгддэг онцлогтой. Тийм ч учраас, үүнд хамрагдахын тулд хэтэвчний хаяг үүсгэсэн байх зэрэг, маш энгийн хялбар шаардлагад нийцэж байх шалгуур тавигддаг.
Хаялагатай холбоотой мэдээллийг цаг алдалгүй авч, тэдгээрт оролцож байхыг хүсвэл CoinMarketCap-д бүртгүүлээд, уг вебийн харгалзах цэсийг тогтмол шалгаж байгаарай.
Шинэчлэлт
Update - Орчин цагийн жишигт нийцүүлэх, хамгийн сүүлийн үеийн сайжруулалтуудыг нэмж, илэрсэн байсан алдаануудыг засч гаргаж буй шинэ хувилбарыг ийн нэрлэнэ.
Хэрэглүүр
Program - Компьютер дээр, тодорхой даалгавруудыг гүйцэтгэх зориулалттай, кодууд болон зааварчилгаануудын багцыг програм гэнэ. Windows системд хэрэглүүрийг .exe өргөтгөлөөр нь таних боломжтой.
Төхөөрөмж
Device - Тусгай үүрэг зориулалт бүхий, механик болон цахилгаан техник технологийг тоног төхөөрөмж гэдэг. Крипто болон цахим ертөнцтэй холбоотой нийтлэлүүд дээрээ бид төхөөрөмж гэсэн нэр томъёонд гар утас, компьютер, таблет зэргийг, цаашлаад ухаалаг цаг/бугуйвч, flash, ASIC, биет хэтэвч зэргийг хамруулан хэрэглэдэг.
Давтагдашгүй дугаар
Nonce - 1 л удаа хэрэглэгдэж болох дугаарыг ингэж нэрлэх ба үүнийг ихэвчлэн бүртгэл баталгаажуулалт болон криптографийн хэшлэлтэнд хэрэглэнэ. Харин, Блокчэйн технологид энэ дугаар нь олборлолтын ажиллагааны дугаар болдог.
PoW системийн хувьд уг давтагдашгүй дугаар нь, дурын байдлаар сонгогдсон тоонуудын цуваа байх бөгөөд давхардсан байдлаар таамаглагдах бараг боломжгүйд тооцогддог.
Сан
Pool - Олборлолтын болон Битүүмжлэлийн сангууд нь ганцаар зүтгээд амжилт олохгүй гэж үзсэн хэрэглэгчдэд, олборлох хүчин чадал болон барьцаанд байршуулж буй хөрөнгөө бусдынхтай нэгтгэх замаар олж болох ашгаа өсгөх боломжыг бүрдүүлж өгдөг нэгдэл юм. Өөрөөр хэлбэл, олборлох бага хүчин чадалтай хэрэглэгчид нэгдэж, нийт хүчин чадлаараа олборлолт гүйцэтгэх замаар блок хаах боломжоо нэмж, хаасны урамшууллаа хуваан хүртэцгээдэг тэрхүү том ажлын талбарыг сан гээд байгаа юм.
Эдгээрийн талаар тус тусынх нь болон Биткойн, Эфириум зэрэг нийтлэлүүд дээр хангалттай тайлбарласан байгаа учир, дэлгэрүүлж судлахыг хүсвэл тэдгээр нийтлэлүүдийг уншаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation