Крипто тайлбар толь [6-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Энэ дугаарт:
Шал
Support буюу Шал (Дэмжлэг гээд шууд орчуулаад хэрэглэж бас болно) гэж нь ханшийг доош унагалгүй барьж байгаа шугам эсвэл бүсийг хэлнэ. Авах захиалга ихээр төвлөрсөн хэсгүүдэд энэхүү төвшин үүсэх бөгөөд, маш их хэмжээгээр авах захиалга нь ханшийг унагаахгүй барих нөхцлийг бүрдүүлдэг тул түүнийг бас шал гэж үзэж болох юм.
Ийм төрлийн бүсийг зөвхөн маш их хэмжээний зарах захиалгууд л эвдэж чадах ба арилжаачид болон граф зурагчид, өмнөх хамгийн доод түвшнүүдийг олж, тэдгээрийг холбож зурах замаар эдгээр бүсийг илрүүлэхийг оролддог.
Ханшийн огцом урвалтын үед Шал дүнгээ олоод тогтоочихсон байх нь ихээхэн тустай. Өөрөөр хэлбэл, ханш унамагц, дахиад унахгүй, эргээд өсөх боломжтой эсэхийг судлаж, тооцолсныхоо үндсэн дээр худалдаж авахад хамгийн тохиромжтой доод үнийг олох боломж бүрддэг.
Шал нь дан шулуун зураас, зэрэгцээ 2 шулуун зураас гэх зэргээр зурагдаж болно. Тэрхүү хос, зэрэгцээ зураасыг trend line буюу чиглэлийн шугам гэж нэрлэдэг.
Шал "нурсныхаа" дараа ихэнх тохиолдолд, Тааз болон хувирч, эсрэг үйлчлэлээр ажиллаж эхэлдэг. Уг 2 бүс 2-уулаа "сэтлэгдсэн" нөхцөлд, арилжаанд ороход ихээхэн боломжын үе үүсдэг боловч шийдвэрээ зөвхөн Та өөрөө л гаргах эрхтэй буюу хариуцлагаа 100% үүрнэ гэдгээ ямагт анхаарна уу.
Шал/Тааз шугам болон бүсийг зурахдаа, хамгийн багадаа 2 цэгийг дайруулж байхыг бодоорой. 3 болон түүнээс дээш байвал сайн бөгөөд дайрч буй цэгүүдийн тоо хэр олон байгаагаас, тухайн шугамны найдвартай байдал хамаарна.
Гэвч, дан ганц Шал болон Таазны шугамнаас үндэслэн техник шинжилгээ хийх нь маш эрсдэлтэй. Шинжилгээгээ сайжруулахын тулд Суурь шинжилгээ болон техник шинжилгээний бусад аргуудыг хослуулан хэрэглэвэл зохино.
Тааз
Resistance буюу Тааз (Эсэргүүцэл) гэдэг нь, хэт их зарах захиалгаас үүдэн, ханшийн харгалзах дүнгээс дээш "нэвтлэн" гарч чадахгүй байгаа, тэрхүү ханшийн төвшин юм.
Эрэлт нь, нийлүүлэлтээсээ хэт давамгайлсан үед л энэ бүсийг "сэтлэх" боломжтой байдаг ба өмнөх дээд цэгүүдийг шулуунаар холбож зурснаар үүнийг олж тогтоох боломжтой байна.
Захиалгын жагсаалт
Яг одоо зарлагдсан байгаа авах болон зарах захиалгуудыг, ханшийн дүнгээр эрэмбэлсэн жагсаалтг Order book буюу Захиалгын жагсаалт гэнэ.
Дээрх зурагт, Binance биржийн захиалгын жагсаалтыг харуулсан байгаа ба энд харагдаж буй ногоон өнгөтэй захиалгууд нь АВАХ, улаан нь ЗАРАХ захиалгууд юм. Бирж бүр захиалгын жагсаалтаа харилцан адилгүй өнгө будаг, загвар хийцтэйгээр тохируулсан байдаг ч, тэдгээрт агуулагдаж буй өгөгдлүүд нь тухайн бирж дээрх захиалгуудын л мэдээллүүд байна.
Эдгээр захиалгуудын ханшийг харьцуулан, тэнцэж байвал арилжааг гүйцэтгэдэг системийг matching engine буюу тохируулагч систем гэнэ. Уг систем нь тухайн арилжааны биржийн амин сүнс нь байдаг.
Өдгөө, ихэнх цахим-биржүүдийн хувьд, уламжлалт арилжааны хэлбэрээр ажиллаж байгаа боловч, сүүлийн үед Блокчэйн технологид суурилсан, Ухаалаг гэрээний тусламжтайгаар ажилладаг, DEX-үүд эрчээ авсаар байна.
Захиалгын жагсаалт нь, өөрийн захиалгыг оруулах ханшаа тохируулахад ихээхэн чухал үүрэгтэй байдаг ба нарийн ярьвал граф, техник шинжилгээнд ч хэрэглэгдэж болно. Ханшийн чиглэлийг харах боломжыг олгох хэдий ч, зөвхөн үүн дээр үндэслэн арилжаанд оролцох шийдвэрээ гаргах нь мунхаглал болно гэдгийг анхаараарай.
Өндөр давтамжтай арилжаа
High-Frequency Trading (HFT) буюу Өндөр давтамжтай арилжаа гэдэг нь маш богино хугацаанд цуваагаар үйлдэгдэж буй, асар өндөр дүнтэй арилжаанууд юм. Санхүүгийн өгөгдлүүдийг маш нарийн шалгасны үндсэн дээр ийм арилжаануудыг гүйцэтгэдэг.
HFT-чид маш богино хугацаанд арилжаанд, ороод гардаг бөгөөд тэгэх бүртээ багахан хэмжээний ашиг хийхийг зорьдог. Тэрхүү багахан ашгууд нь нийлбэр дүнгээрээ ихээхэн өндөр ашиг бүтээнэ.
Бага ханшаар их хэмжээний гүйлгээ хийдэг учраас тухайн биржийн хөрвөх чадварт ихээхэн нэмэр болдог учир зарим биржүүд HFT-чдэд харьцангуй бага шимтгэл санал болгох нь бий.
Гэвч, HFT нь хүний оролцоогүйгээр буюу тусгай алгоритмын тусламжтай гүйцэтгэгддэг. Тийм ч учраас, хормын дотор л асар их дүнтэй, олон тооны арилжааг гүйцэлдүүлчих боломжтой байдаг ба үүнээс нь шалтгаалан ханшийн "хөөрөгдөл" үүсч болно.
Мөн, HFT-ийн үүсгэсэн хөрвөх чадвар маш хурдан замхрах боломжтой нь энэ төрлийн арилжаанд дургүйлхэх хандлага илэрч болох юм. Үүнээс ашиг хийж чадахгүй хоцрох нь ердийн үзэгдэлд тооцогдох болоод байгаа.
Хэдийгээр ийм төрлийн арилжаа хийгдэхтэй цөөнгүй тааралдаж болох ч, зөвхөн ихээхэн хөрөнгөтэй, том байгууллагууд л ийм алгоримт хөгжүүлж, хэрэглэх боломжтойг санахад илүүдэхгүй.
Халим
Тодорхой 1 крипто хөрөнгийн хувьд, ихээхэн хэмжээг нь эзэмшигч, хувь хүн эсвэл албан газрыг Whale буюу Халим гэж нэрийддэг. Уг ангилалд хамаарагдахын тулд хүрэх шаардлагатай шалгуур гэж байхгүй боловч Биткойнын хувьд л гэхэд, 1'000-с илүү BTC-той хүмүүсийг л ингэж нэрлэдэг болоод байгаа.
Мөн, зарим тохиолдолд, их хэмжээний арилжаа хийж байгаа хүн эсвэл ААН-ыг ч ийн нэрлэхтэй таарч болно. Ялангуяа, зах зээлийг "залуурдаж" чадаж байгаа хүн/байгууллагууд энэ ангилалд шууд хамаарна.
Гэвч, сайн ажиглавал, тэдгээр "томчууд" энгийн арилжааны бирж дээр наймаалцдаггүй. Захиалгын жагсаалтыг "дэлбэлээд" хаячих аюултай тул, тэд ихэвчлэн захиалга оруулалгүйгээр, Over the Counter (OTC) буюу арилжаа хийдэг.
PoS Блокчэйнд, Халимнууд "ноёлох" буюу хэт нөлөө үзүүлэх боломжтой байдаг бөгөөд сүлжээний хувьд ийм "аваргуудтай" байх нь сайн ч, муу ч талтай. Учир нь, тэдний нөмрийг бараадсан "жижигчүүдийн сүрэг" цувж, сүлжээний тэлэлт хурдацтай явагдах нөхцөл бүрддэг. Гэхдээ бас, дийлэнх нөөцийг 1 тал эзэмших нь тухайн сүлжээний төвлөрсөн бус байдлыг заналхийлэх аюултай юм.
Суурь шинжилгээ
Fundamental analysis (FA) гэж, тоон болон чанарын үзүүлэлт нэг бүрийг нь маш өндөр нарийвчлалтайгаар шалгасны үндсэн дээр бодит үнэ цэнийг нь тодорхойлох арга юм. Энэхүү аргыг хөрөнгө оруулах эсвэл арилжаалах, бүүр эсвэл ажиглан судлаж буй хүмүүс, тухайн хөрөнгө эсвэл байгууллага дээрээ төвлөрөн гүйцэтгэдэг ба энэ аргын хүрээнд, тухайн байгууллагын зохион байгуулалт, түүх, нэр хүнд, салбарын чадавхи, зах зээлийн үнэлгээ болон бусад эдийн засгийн хүчин зүйлс бүрийг шинжилдэг.
Ийм төрлийн судалгаа нь, өнгөрсөн болоод өнөөгийн үзүүлэлтийг нь харахаас илүүтэйгээр, хэтийн чадамжинд нь анхаардаг. Тэр тусмаа, үнэ цэнэд нь нөлөөлж болохуйц бүхий л бичил болон бүхэл эдийн засгийн нөхцлүүдийг ч авч үзнэ.
FA нь 1 үгээр бол, тухайн төсөл, байгууллагын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж чадах гадны хүчин зүйлсийг судладаг шинжилгээний арга зүй юм. Ялангуяа, нөлөөлөл нь шууд мэдрэгдэхгүй хүчин зүйлс, тэдгээрийн хамаарлыг бас судладаг. Ингэхийн тулд, удирдлагууд, тэдний амжилтын замналыг ч нэгд нэгэнгүй шинжилдэг ба харгалзах бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлд эзлэх байр суурь, алсдаа хэр хугацаанд, хэдий хэмжээний өгөөж өгөхийг ч тооцоолдог.
Энэ бүхний үндсэн дээр, өнөөгийн ханш, бодит ханшын ялгааг тогтоох бөгөөд FA нь ерөнхийдөө, үнэлгээг байх ёстой хэм хэмжээнээс хэт "хадуурч" байгаа эсэхийг илрүүлэхэд ашиглагддаг.
FA болон TA-н ялгаа
FA нь, ханш, түүнд нөлөөлөх хүчин зүйлс зэрэг ихээхэн том орон зайд хийгддэг бол, technical analysis (TA) буюу техник шинжилгээг зах зээлийн үзүүлэлтүүдийн түүх, граф 2 дээр гүйцэтгэнэ. Түүнчлэн, FA нь бодит ханшийг тогтоох зорилготой байхад, TA нь өмнөх дүнгүүдээс хамааруулан, хүрч болох дүнг таамаглахад хэрэглэгддэг. Эдгээр аргуудын аль аль нь дийлэнх арилжаачид, хөрөнгө оруулагч нар болоод судлаачдад зохих хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдсөн байдаг ба хослуулан хэрэглэж чадвал өндөр үр дүнг үзүүлэх ч боломжтой.
IPO
Initial public offering (IPO) буюу Нийтэд санал болгож буй анхны нээлттэй хувьцааны талаар өмнө нь "ICO гэж юу вэ?" нийтлэлдээ харьцуулсан байдлаар, товч бөгөөд тодорхой танилцуулсан байгаа тул уг нийтлэлийг уншихийг санал болгоё.
Хаалттай, хувийн байгууллага, нээлттэй хэлбэрт шилжин, хувьцаагаа нийтэд зориулан гаргахыг IPO гэнэ. 1 талаас, хувьцаа эзэмшиж ашиг олох боломж хэрэглэгчдэд бүрдэж байхад, нөгөө талаас байгууллагын санхүүжилт өсч байдаг, харилцан ашигтай энэ аргыг ААН-үүд хэрэглэх сонирхолтой байдаг. Хэрэгжүүлэхийн тулд, урьдаар audit буюу санхүүгийн шалгалтуудаар орох шаардлагатай.
IPO гаргаад хөрөнгөө босгож байсан байгууллага дахин ийм хэлбэрээр санхүүжилт татаж болох ба ийм нээлттэй хэлбэрт шилжих нь олон давуу талуудтай. Наад зах нь л гэхэд, ажилчид нь хувьцаа эзэмшигч болох боломж бүрэлдэж, улмаар тэдний бүтээмж ч дээшилж болно. Зарим тохиолдолд, байгууллагын нэр хүнд өсөх ч боломжтой.
Гэвч, IPO-н дараа, байгууллагын үнэ цэнэ нь хувьцааныхаа үнээр үнэлэгдэх, түүнээс хамааран үзүүлэлтүүдэд нь сөрөг нөлөө учирч болно. Зарим байгууллагууд өөрсдийн хувьцааны үнийг зохиомлоор хөөрөгдөх үзэгдэл ч тохиолдож болзошгүй ба тэр нь эргээд ихээхэн асуудал дагуулна.
IPO ба ICO
IPO нь байгууллагынхаа өмчлөлөөс хуваан зарж, хөрөнгө босгодог арга хэлбэр. Харин, ICO нь гарааны санхүүжилтээ босгох үйл ажиллагаа юм. IPO гаргахад, засгийн газрууд илүү нийцтэй ханддаг ба IPO нь төвлөрсөн зохион байгуулалтанд илүү тохиромжтой байдаг. Харин, ICO нь хуулийн зохицуулалтын дутагдлаас үүдэн найдвартай бус байх магадлал өндөртэй.
IEO
Арилжааны биржээр дамжуулан санхүүжилт босгох арга хэмжээг Initial Exchange Offering (IEO) гэнэ. ICO зарласан үед, төслийн хөгжүүлэгч нь хөрөнгө хуваарилалтаа өөрөө хийдэг бол IEO хэрэгжүүлж байгаа үед, олонд танигдсан биржээр дамжуулан, борлуулдаг.
IEO ямар давуу талтай вэ?
Хэрэглэгчдийн талаас харвал, оролцоход амар хялбар байх ба залилуулах эрсдэл бага байна. Учир нь, биржийнхэн нэр хүндээ сүйдлэхгүйн тулд, шинээр нэвтрүүлж буй тэрхүү зоос/токеныхоо төсөл, төслийн хөгжүүлэгч, суурь технологи, алсын хараа зэргийг нарийн судласан нь тодорхой.
Харин хөгжүүлэгчдийн хувьд, маш богино хугацаанд асар олон хэрэглэгчид, сонирхогчдын анхааралд өртөх, зорьсон хөрөнгөө татан төвлөрүүлэх боломж нь бүрдэнэ. Нэгэнтээ, ийм том асуудлаа хялбархнаар шийдчихсэн хойно, төслөө улам сайжруулан, хөгжүүлэх л ажил үлдэнэ шүү дээ.
Зөвшөөрөгдсөн жагсаалт
Whitelist буюу зөвшөөрөгдсөн жагсаалт гэж, ямар 1 байдлаар хориглогдоогүй зүйлсийн бүртгэлийг хэлнэ. Тэрхүү бүртгэл нь, крипто валютийн хаяг, хувь хүн, ААН байгууллага, програм хангамж гээд юу ч байж болох бөгөөд ерөнхийдөө, ямарваа 1 үйлчилгээ, арга хэмжээ эсвэл мэдээлэлтэй холбоотой байдаг.
Үүнийг жишээн дээр тайлбарлавал, хэрэглэгч аливаа 1 үйлчилгээнд ц-шуудангаараа бүртгүүлэх үед, тухайн үйлчилгээг үзүүлэгч байгууллага нь өөрсдийн хаягыг ийм төрлийн жагсаалтанд оруулахыг хүсэж болно. Зөвшөөрөгдсөн жагсаалтанд орсон, хаягаас ирж буй шуудангууд нь SPAM хавтасруу орохоос сэргийлэгдэж байдаг учраас тэр. Өөрөөр мөн, тухайн байгууллага нь интернэтийн үйлчилгээ үзүүлэгчтэй харилцан тохиролцож, өөрсдийн хаягыг тэдний зөвшөөрөгдсөн жагсаалтанд оруулснаар, илгээж буй шуудангуудаа, хэрэглэгчийн INBOX хавтсанд очих нөхцлийг бас бүрдүүлж болдог.
Бүүр энгийнээр тайлбарлавал, Таны идэж болох (харшлахгүй, гам алдуулахгүй) хүнсний жагсаалт энэ төрөлд хамаарна гэсэн үг. Эсрэгээрээ бол, идэж болохгүй зүйлсийн бүртгэлийг blacklist буюу хориглох жагсаалт гэнэ.
Интернэтийн local area network (LAN) буюу дотоод сүлжээний орчинд, MAC хаягаар нь хязгаарлаад, гадны этгээд нэвтрэхээс хамгаалж болох ба энэ тохиолдолд мөн зөвшөөрөгдсөн жагсаалтыг хэрэглэж, өөрийн төхөөрөмжүүдэд л хандах эрхийг олгож байгаа юм.
Блокчэйн, крипто валютийн хувьд, зөвшөөрөгдсөн жагсаалт нь ICO арга хэмжээ болон хөрөнгөө гаргаж авах хаягыг хянахтай шууд хамааралтай. ICO зарлаж байгаа үед хөрөнгө оруулагчиддаа шаардлага тавьж, зөвхөн тэнцсэн хүмүүсээс нь л хөрөнгө оруулалт татаж болно. Үүний сонгодог жишээ нь KYC юм. Харин хөрөнгөө гаргаж авах хаягын зөвшөөрөгдсөн жагсаалт гэдэг нь, тухайн хэрэглэгчийн тохируулах боломжтой хамгаалалтын цэс бөгөөд зөвхөн тэр жагсаалтанд тусгагдсан хаягуудруу л шилжүүлэг хийх боломжтой байдаг. Энэ нь бүртгэлийнхээ нэвтрэх мэдээллийг бусдад алдсан тохиолдолд, танихгүй хаягруу гүйлгээ хийгдэхээс сэргийлэх боломжыг бүрдүүлж өгдөг. Энэ талаар яваандаа дэлгэрэнгүй танилцуулга нийтлэлийг багахан зааврын хамтаар оруулна аа.
SEC
Securities and Exchange Commission (SEC) буюу Үнэт цаас, арилжааны бирж зохицуулалтын хороо нь, 1934 оны 6-р сарын 6-нд байгуулагдсан, АНУ-ын засгийн газрын хараат бус нэгж юм. Энэ байгууллага нь санхүүгийн зах зээлийг хянаж, зохицуулах үүргийг хүлээдэг бөгөөд АНУ-ын үнэт цаас, хувьцаа, бонд зэргийн арилжаа, түүнийг гүйцэлдүүлэгч биржүүдэд төлхүү хяналт тавьж байдаг.
Байгууллагын эрхэм зорилтонд, санхүүгийн зах зээлийг луйвар, хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж, хяналт тавина гэсэн заалт тусгагдсан байдаг.
Санхүүгийн эрх чөлөөг бүх нийтэд, эрх тэгш байлгах зорилготой ба хөрөнгө оруулагчид болон арилжаачдад энэхүү эрхээ эдлэх нөхцөл боломжыг нь бүрдүүлж өгөх буюу арилжааны бирж, broker буюу зуучлагч нарт чиглэл өгч ажилладаг байгууллага юм.
SEC-оос тавьсан шаардлагын дагуу бүх нээлттэй байгууллагууд санхүүгийн мэдээллээ ил тод тайлагнаж байх ёстой ба энэ нь хөрөнгө оруулагчдад тэнцүү боломжыг олгох чухал үүрэгтэй зохицуулалт болж өгсөн. Мөн SEC, санхүүгийн тайлангууд, сургалтын материалуудыг тогтмол нийтлэж байдаг ба тэдний хөгжүүлдэг Electronic Data Gathering, Analysis, and Retrieval system (EDGAR) буюу Ц-өгөгдлийг цуглуулж, шинжилж, бүртгэх системээс нь байгууллагуудын улирлын, жилийн тайлангуудыг олж авч болдог.
SEC болон Commodity Futures Trading Commission (CFTC) буюу Түүхий эдийн нэрлэсэн ханшийн арилжааны хороонууд нь санхүүгийн зах зээл дээр үйлдэгдэж болох/буй хууль бус үйл ажиллагаануудыг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр мэргэшсэн байгууллагууд юм. SEC-с ялгаатай нь, CFTC, нэрлэсэн ханш бүхий хөрөнгө оруулалт, арилжаа, гэрээнүүд дээр голчлон анхаарч ажилладаг.
Сүүлийн үед, SEC-ийн шийдвэрлэхээр төвлөрч буй гол асуудлууд нь Insider trading буюу Дотоод арилжаа, хуурамч мэдээлэл тараалт, нягтлан бодох бүртгэлийн луйвар зэрэг болоод байгаа ба өдгөө доорх 5 үндсэн нэгжид хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр нь:
- Корпорацийн санхүүгийн алба;
- Зах зээл ба арилжааны хэлтэс;
- Хөрөнгө оруулалт зохицуулалтын хэлтэс;
- Шийдвэр гүйцэтгэх алба;
- Эдийн засаг ба эрсдлийн шинжилгээний хэлтэс;
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation