ICO гэж юу вэ?
Initial Coin Offering (ICO) буюу Зоосыг танилцуулах худалдаа гэдэг нь, крипто валютийн ертөнцөд нийлүүлэх гэж буй төслийнхөө санхүүжилтийг босгох зорилгоор хэрэгжүүлдэг арга хэрэгсэл юм.
ICO гаргаж байна гэдэг нь, эртнээс дэмжигчдээ олж, тэдэнд Блокчэйн дээр суурилсан токеноо борлуулах ажиллагаа бөгөөд ICO-г хөрөнгө босгох үйл явц гэж ойлгож болно.
Анх 2014 онд Эфириумийг хөгжүүлэх төсвөө бүрдүүлэх зорилгоор ICO-г санаачилснаас хойш, өдгөө ийм төрлийн санхүүжилт цуглуулах хэлбэр нь ихээхэн түгээд байна. Энэ арга нь IPO-тэй төстэй нэршилтэй боловч, нилээдгүй ялгаатайг анхаараарай.
ICO ба IPO
Initial Public Offering (IPO) буюу Нийтэд санал болгож буй анхны нээлттэй хувьцаа гэдэг нь, "хөлөө хэдийн олсон" аж ахуйн нэгжүүд, өөрсдийн санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор хувьцаа гаргаж, түүнийгээ хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах үйл явц байдаг. Харин ICO нь, зах зээлд нэвтрэх гэж буй, эсвэл дөнгөж хөгжүүлэгдэж эхэлж буй төсөлд зориулан санхүүжилт татан төвлөрүүлэх зориулалттай. Тийм ч учраас, ICO-д хамрагдагчид нь, хичнээн ч ширхэг токен эзэмшиж байсан ялгаагүй, тухайн байгууллагын үйл ажиллагаанд оролцох эрхгүй байдаг.
ICO нь 1 ёсондоо, гарааны бизнес эхлүүлэхэд хөрөнгө босголттой адил ойлголт бөгөөд шинээр хэрэгжүүлэх гэж төлөвлөсөн төсөлдөө зориулах хангалттай төсөвгүй үед, хэрэгжүүлж болох сонгодог арга болоод байна. Блокчэйнийн орон зайд, тогтворжсон бизнесүүд, шинэ төсөлд ганцхан танилцуулганд нь үндэслэн хөрөнгө оруулах эсвэл хамтран ажиллах санал гаргадаггүй ба, крипто валютийн зохицуулалтаа хэрхэн хийх эсвэл хийж байгаагаас нь ихээхэн хамааруулан шийдвэрээ гаргадаг.
Гэвч, ICO-г зөвхөн гараагаа эхлүүлж буй бизнесүүд л санал болгодог юм биш. Блокчэйн технологид тулгуурласан шинэ төсөл хэрэгжүүлэх болон өөрсдийн экосистемийн төвлөрсөн бус байдлыг нэмэгдүүлэх зориулалттай токен гаргаж байгаа үедээ, илүү их хөрөнгө татан төвлөрүүлэх зорилгоор том том байгууллага, нэгдлүүд ч ICO зарлах нь бий.
ICO ба IEO
ICO нь Initial Exchange Offering (IEO) буюу Биржээр дамжуулан санхүүжилт босгох арга хэмжээтэй олон талаар төстэй. Эдгээрийн гол ялгаа нь, IEO нь тухайн токенийг хөгжүүлэн гаргагчаас гадна, арилжааны биржийг оролцуулсан байдагт оршино.
Өөрөөр хэлбэл, шинээр зах зээлд нэвтэрч буй зоосыг, хамтрагч биржээр нь дамжуулан, шууд худалдан авах замаар, тухайн криптод эртнээс хөрөнгө оруулж болж байвал, түүнийг IEO гэнэ. Ийм хэлбэрийн санхүүжилт босгох ажиллагаа нь түүнд оролцогч бүх талуудад, харилцан ашигтай байдаг ба тийм байх шалтгаан нь:
- Том бирж дээр гарч байгаа тохиолдолд, хэрэглэгчид нь тэрхүү зоосыг тухайн биржийнхэн нарийн шалгуураар сонгосон гэдэгт итгэх учир, арилжаалагдах хэмжээ өндөр байна.
- Их арилжаалагдахын хэрээр төслийн санхүүжилт хурдацтайгаар босч, төлөвлөснөөс давах ч боломж бүрдэнэ. Энэ нь эргээд хөгжүүлэгчдэд олон олон боломжуудыг нээж өгөхийг үгүйсгэхгүй.
- Төсөл нь амжилттай хэрэгжихийн хэрээр улам олон хэрэглэгчдийг татаж, тухайн арилжааныханд ч үр өгөөжөө хүртээж эхлэх нь дамжиггүй юм.
ICO ба STO
Security Token Offerings (STO) буюу Хувьцаагаар баталгаажсан токен нь ICO-тэй технологи, хэрэгжүүлэлтийн хувьд яг адилхан боловч хуулийн талаас нь авч үзвэл, тэс ондоо ойлголтууд юм.
Өнөөг хүртэл, ICO-г зохицуулах хууль эрх зүйн ямар ч орчин бүрэлдээгүй байгаа учир зарим байгууллагууд хэрэглэгч, хөрөнгө оруулагчиддаа хуулийн хүрээнд эрх тэгш байдлыг бүрдүүлж өгөх үүднээс STO-г хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл, STO эзэмшигч нь, хувьцаа эзэмшигч буюу түүнтэй адилтгах хэмжээний эрхийг эдэлнэ.
ICO хэрхэн ажилладаг вэ?
Олон хэлбэрээр ашиглаж болно. Тэдгээрийг жагсаавал:
- Хэдийн хэрэглээнд нэвтрүүлчихсэн Блокчэйнээ дараагийн хэдэн сар эсвэл жил тасралтгүй хөгжүүлэх гэж байгаа бөгөөд тэрхүү хөгжүүлэлтийн ажиллагааныхаа санхүүжилтийг татах зорилгоор зарлаж болно. Энэ тохиолдолд хэрэглэгчид нь өөрсдийн хаягруу токен татахын тулд төлбөрөө тушаах хэрэгтэй болдог.
- Блокчэйнээ хараахан гүйцэт хөгжүүлж чадаагүй, нэвтрүүлэх ч болоогүй үед зарласан бол, токен нь өөр хэлхээгээр дамжин олгогдох ба өөрийн гэсэн хэлхээг ажилд оруулсны дараа л HODL хийгчид нь өөрсдийн токенуудаа шинэ үүсгэгдсэнтэйгээр солих боломжтой болно.
- Гэвч, эдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэлбэр нь Ухаалаг гэрээг дэмждэг хэлхээн дээр токеноо зарлах явдал болоод байгаа. Жишээ нь: Эфириум дээр ERC-20 токен хөгжүүлэх. Дан ганц Эфириум ч гэлтгүй, ийм төрлийн Waves, NEO, NEM, Stellar зэрэг хэлхээнүүдийг бас хэрэглэх боломжтой. Эдгээр нь бүгд өөр өөрийн онцлог, давуу болон сул талуудтай хэдий ч, чадамжын хувьд байж болохуйц бүхий л хэрэгцээт шинжүүдийг хэдийн агуулсан байгаа тул шинээр суурь цутгаж байсанд орвол эдгээрээс өөрийн төсөл хамгийн тохиромжтойг нь сонгож хэрэглэх нь ухаалаг шийдвэр болно. Мөн, эдгээр дээр суурилуулан бүтээх явцад, бусад хөгжүүлэгчдийн гаргасан шийдэл, хэрэгслүүд нь туршигдаад, бэлэн болчихсон байж байдаг тул цаг зав, хөрөнгө мөнгөнд ч ихээхэн хэмнэлттэй байдаг.
ICO-г хэрэгжүүлэхээсээ урьдаар зарлах ба хэрхэн явагдахыг нь ч танилцуулсан байх учиртай. Хэр хугацаанд үргэлжлэх эсвэл хэр их токен тараах, эдгээрийг хослуулсан байх зэргийг мэдэгдэлдээ тусгасан байдаг ба зарим тохиолдолд оролцох боломжтой хүмүүсийг ч ангилах тохиолдол бий.
Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс нь хөгжүүлэгчийн зөвшөөрсөн зоос(ууд)ыг, тэдний хэтэвчийн хаягаар илгээгээд, өөрийн хаяг дээр токеноо хүлээн авах боломж бүрдэнэ.
ICO-г хэн зарлах боломжтой вэ?
Онолын хувьд токен хөгжүүлж гаргах эрх нь бүх нийтэд нээлттэй. Гэвч, бодит байдал дээр, ICO гаргахын тулд багагүй хэмжээний хуулийн заалтыг мэдэж, мөрдөх шаардлагатай.
Хэдийгээр, яг тогтсон дүрэм журам бараг батлагдаагүй байгаа хэдий ч, зарим улс орнууд ICO гаргахыг хориглож, зарим нь нарийн тодорхой бус шаардлагуудыг тавих зэргээр тодорхой хэмжээгээр зохицуулалт хийж байдгыг анхаарууштай. Тиймээс, оршин сууж буй, харъяа улсынхаа хууль дүрмийг сайтар гадарладаг байвал зохино.
Шинээр зарлагдаж буй ICO-үүдийн талаарх мэдээллийг цаг алдалгүй авч, түүнд хамрагдахыг хүсч байвал CoinMarketCap веб дээрх Хуваарийн хуудсаар нь тогтмол зочилж байгаарай.
ICO-г хэрхэн зохицуулж байгаа вэ?
Улс үндэстэн, нутаг орон бүрт өөр өөр хууль, өөр өөр харах өнцөг, үзэл бодолтой удирдагчид бий учир, тухай бүрт өөр өөр зохицуулалт хийгдэж байгаа.
Зарим газарт бүүр ихээхэн татвар төлж байж, ICO зарлах эрх авдаг байхад, зарим нь ямар ч хараа хяналт байхгүй, хэт задгайрсан байхтай ч тааралдаж болно. Тиймээс эхлээд хуулийн өндөр мэдлэгтэй хүн эсвэл байгууллагаас зөвлөгөө авах нь зүйтэй.
Блокчэйнийн ертөнцөд, зохицуулалт хийх нь нилээдгүй хүндрэлтэй ажил бөгөөд тэр ч утгаараа холбогдох дүрэм журам, заалтууд гараагүй, гарсан ч учир дутагдал ихтэй байгаа юм. Хуулийн системийн сунжиралттай явагддаг өөрчлөлт нь, технологийн хэт үсрэнгүй хөгжлийг гүйцэхгүй байгаагын 1 тод илрэл гэлтэй. Гэхдээ бас, зарим улсууд Блокчэйн технологи болон крипто валютийг бүр ч илүүгээр ил тод болгох хуулийн төслүүдийг хэлэлцээд эхэлсэн байгааг бас мартаж болохгүй.
ICO ямар эрсдлүүдийг дагуулж болох вэ?
Хэдийгээр олон талын ашигтай боловч, бүх токенууд адил бүтдэггүйг ямагт санаж явах хэрэгтэй. Ялангуяа, крипто зах зээлд, оруулсан хөрөнгө бүрээсээ үр өгөөж хүртэнэ гэж саналтгүй.
Төслийг хэр баттай, үнэн болохыг олж тогтоох, уг төсөлд ямар ямар саад учирч болохыг шинжлэх нь ихээхэн ярвигтай асуудал болдог. Мэдээжийн хэрэг, хэн ч мөнгөө алдахыг хүсэхгүй шүү дээ, тиймээс хөрөнгө оруулах төслөө сонгохдоо нухацтай хандаж байгаарай. Хэрхэвч, бусдын үгээр хөдөлж болохгүй. Хэрэв хүний хэлснээр хөрөнгө оруулах шийдвар гаргасан бол, алсдаа учирч болох эрсдэлд "хохь чинь" гэсэн хариултанд сэтгэлээ бэлд.
Судалгаагаа хийхдээ дараах асуултуудын хариултыг олохыг зориорой. Үүнд:
- Төсөл нь хэр ирээдүйтэй вэ? Ямар асуудлыг шийдсэн гаргалгааг агуулж байна?
- Нөөцийн хуваарилалтыг хэрхэн хийж/хийх гэж байна?
- Өөрийн гэсэн Блокчэйн эсвэл токентой юу? Байх шаардлагатай юу?
- Хөгжүүлэгчид нь хэр найдвартай вэ? Төслөө, бодит ажил хэрэг болгож чадах хүмүүс мөн үү?
Түүнчлэн, хөрөнгө оруулалтын алтан дүрэм, "Алдаж чадах хөрөнгөөрөө л ор" гэсэн зарчмаа ямагт санаж явах хэрэгтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation