Крипто тайлбар толь [5-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Энэ дугаарт:
Сүлжээ
Network : Босоо болон хөндлөн олон шулуун зураасуудын огтлолцлолуудыг сүлжээ гэнэ. Гэвч, сүлжээ гэдэг үг нь, Сүлжээ дэлгүүр, Үгсийн сүлжээ, Сүлжээний бизнес (ийм юмруу л ёстой битгий орж, цаг болон мөнгөө дэмий гарздаарай даа) зэрэг олон өөр утгаар хэрэглэгддэг. Эдгээрийн аль нь ч цахим болон интернэтийн орчинд хэрэглэгддэг ухагдахуунтай нийцэхгүй гэдгийг анхаараарай. Жинхэнэ тодорхойлолтыг нь доор сийрүүлэв.
Харилцан холбогдсон эд зүйлс болон хүмүүсийн нэгдсэн систем буюу бүлгийг сүлжээ гэнэ.
Систем
System : Нэгдсэн тогтолцоогоор ажиллаж буй олон өөр хэсгүүдийн бүрдлийг нийтэд нь систем гэнэ. Өөрөөр мөн, 1 даалгаврыг гүйцэтгэхийн тулд хийгдэж буй олон тусдаа ажилбар, арга барил, боловсруулалтуудыг ч ийн нэрлэж болно. Жишээ нь, компьютерийн үйлдлийн систем гэдэг нь хэрэглэгчээс өгсөн тооцоолох үйлдлүүдийг гүйцэтгэхийн тулд загварчлагдсан, олон тооны тооцооллын арга, боловсруулалтын алгоритмууд бүхий програмуудын нэгдэл юм.
Экосистем
Ecosystem : Харилцан уялдаатай системүүдийн, нарийн төвөгтэй сүлжээг экосистем гэнэ.
Жишээлбэл, амьд амьтад, тэдгээрийг хүрээлэн буй орчныг нь хамруулан ийн нэрлэж болно. Илүү тодруулбал, Ойн экосистем, Далайн экосистем, Говийн экосистем г.м.
Технологийн хувьд харин, экосистем гэж үйлдвэрлэгчийн зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүн, түүнтэй уялдан гарч, хүрээлж буй бүхнийг) нэгтгэсэн орон зай юм. Үүнд: Android экосистем, IT экосистем, Цахим экосистем зэрэг асар өргөн сэдвүүдийг хамруулах боломжтой.
Токен
Token : Токен гэдэг үг нь дараах утгуудыг илэрхийлнэ. Үүнд:
- Хийсвэр зүйлийг, гарт баригдаж, нүдэнд харагдахуйц болгох зорилгоор төлөөлүүлэн хэрэглэж буй зүйл.
- Бэлэг болон урамшууллын хэлбэрээр олгогдсон, бараа бүтээгдэхүүн авах эсвэл үзвэр үйлчилгээ үзэх эрхийн бичиг.
- Сүлжээн дэх зангилаануудаар тогтмол хугацааны давтамжтай, тогтмол дамжиж байдаг битүүдийн цуваа.
ERC-20
Эфириумийн Блокчэйнд тулгуурлан бүтээгдсэн токенуудын баримтлах жишгийг ERC-20 гэнэ. Энэ нь Эфириумийн экосистемд багтаж, ажиллахын тулд зайлшгүй дагаж мөрдөх дүрмүүдийн багц учир үүнийг код эсвэл програм гэж ойлгож болохгүй. Удирдамж, тодорхойлолт гэж ойлгох нь зөв.
Уг жишгийн ачаар, өөр өөр аппууд болон токенуудын хооронд илүү тогтвортой харилцааг үүсгэх боломж бүрддэг. Мөн токенуудыг Эфириумийн Блокчэйн дотор хэрхэн шилжүүлэгдэхийг нь шийдвэрлэж, хөрөнгийн хэмжээ болон гүйлгээний мэдээллүүдийг бүртгэх боломжыг нь бүрдүүлж өгдөг.
Өөр өнцгөөс харвал, Эфириумийн платформтай харьцахад, хөгжүүлэгчдэд тавигддаг шаардлагуудыг ERC-20 гэнэ. Эдгээр дүрмүүдээ л дагаж байгаа бол заавал, токен бүтээх шаардлагагүй. DApps, эрхийн бичиг болон урамшууллын оноо (жишээлбэл, ArdX), IOU гээд л ямар ч хэлбэрээр хөгжүүлэлт хийх боломжтой. Бүүр, сонгуулийн санал хураалтын системийг ч бүтээх боломжтой.
ERC-20-н тусламжтайгаар, токен үүсгэх ажиллагаа ихээхэн хөнгөвчлөгдсөн бөгөөд үүнээс шалтгаалан, 2017 оны дунд үе гэхэд 5'500 нэр төрлийн токен байсан нь, өдгөө 400'000 хол даваад байна.
Эфириумийн сүлжээн дээрх дийлэнх зоос нь дээрх жишгийг дагадаг боловч, өөр жишигт үндэслэсэн токенууд бас байдаг. Жишээ нь, түүний унаган зоос болох ETH нь уг жишгийг бүрэлдэн буй болохоос өмнө үүссэн учир, түүнд хамаардаггүй бөгөөд WETH гэх тусгаар жишгийг мөрддөг.
ERC-20 жишиг нь зарчмын хувьд, 6 үүргийг л тодорхойлсон байдаг ба тэдгээр нь токен, гүйлгээ, ухаалаг гэрээ, токенийн тусгай тэмдэглэгээ, нэр, нөөцийн хэмжээ, хаягууд зэрэг мэдээллүүдийг зохицуулж байдаг.
Сервер
Server : Сүлжээнд холбогдсон байгаа бусад төхөөрөмж, програмуудын (үйлчлүүлэгчид) үүргийг хянаж, хуваарилдаг зохицуулагч програм эсвэл техник хангамжыг сервер гэнэ.
Тюрингийн машин
Өнөөгийн компьютер үүсээгүй байхад, Алан Тюринг гэгч, ямар ч асуудлыг шийдвэрлэж чадах машин гарч ирэх боломж байж болох онолыг дэвшүүлсэн байдаг ба түүнийг нь Тюрингийн машин гэнэ.
Түүний төсөөлөлд, тэрхүү машин нь уртаа цаасан дээр бичсэн, 2-тын тооллын (0 болон 1 гэсэн 2-хон тэмдэгт бүхий) хэл дээрх асуудлыг нэгж бүрчлэн уншаад, түүн дээрээ тооцоолол хийж, хариугаа мөн адил урт цаасан дээр, адил хэлээр, хэвлэх чадвартай байгаагаар дүрслэгдсэн гэдэг. Мөн тэрээр, энэ машин нь, тооцоолж олж болох бүхий л асуудлын хариултыг олох чадвартай байна гэдэгт бат итгэлтэй байсан.
Тюрингийн цогц
Тюрингийн төсөөллийн машины хийж чадахыг, чадах програмчлалын хэл эсвэл төхөөрөмжийг Тюрингийн цогц гэнэ. Харин чадахгүйг нь, Тюрингийн дулимаг гэдэг бөгөөд ийм төрлийн төхөөрөмжинд энгийн тооны машин хамаарна. Учир нь энгийн тооны машин нь хэдхэн төрлийн тооцооллыг л гүйцэтгэх чадвартай. Харин Тюрингийн цогцод, C++, Python, JavaScript зэрэг програмчлалын хэлүүд, програмчилж болдог тооны машин зэргийг хамааруулж ойлгож болно.
Блокчэйн ба Тюрингийн цогц
Блокчэйн технологийн зарим аппууд нь Тюрингийн цогцод, үлдсэн хэсэг нь Дулимагт тооцогдоно. Жишээлбэл, Биткойнын програмчлалын код нь маш нарийн бодож, тунгаасны үндсэн дээр олж тогтоосон, хэдхэн асуудлыг л шийдэхээр бичигдсэн учир Дулимаг болж таарч байгаа юм.
Гэтэл, Эфириумийн Блокчэйн нь Тюрингийн цогц болж чадсан. Тийм ч учраас Эфириумд шинээр нэмэгдсэн зөвшилцлүүд шууд хэрэгжээд явах боломжтой байдаг. Өөрөөр хэлбэл заагдсан дүрмийг нь зөв тодорхойлж, шаардлагатай эрчим хүч, цаг хугацаагаар нь бүрэн хангавал, ямар ч тооцооллыг боловсруулах чадвар нь Эфириумд нээлттэй байгаа.
Битүүмжлэгдсэн Эфир
Wrapped Ether (WETH) буюу Битүүмжлэгдсэн Эфир гэдэг нь ERC-20 жишигт нийцүүлсэн Эфир юм. Ухаалаг гэрээрүү Эфир шилжүүлж, байршуулаад, 1:1 харьцаагаар WETH-г гаргаж авч хэрэглэж болох ба, хүсвэл тэрхүү WETH ERC-20-ээ буцааж шилжүүлээд, Эфирээ битүүмжээс гаргаж авч болно.
Эфирийг мөн бусад ERC жишгээр битүүмжилж болно.
Эфир нь ERC-20 жишгээс өмнө гарсан учир, уг жишигт захирагддаггүй. Тийм ч учраас, ETH-г бусад ERC-20 токеноор шууд сольж арилжаалах боломжгүй нөхцөл байдал үүсээд байсан тул, хөгжүүлэгчид нь түүнийг "битүүмжлэх" аргыг сэдсэн байна. Хэрэв ийм аргыг олоогүйсэн бол ETH-г арилжаалахын тулд заавал ч үгүй ямар 1 3-дагч талын оролцоо эсвэл ихээхэн нарийн төвөгтэй нэмэлт өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай тулгарах байсан.
Эфириумд суурилсан бараг бүх DApps, DEX платформууд уг аргыг хэрэглэдэг бөгөөд, сүүлийн үед WETH жишгийг Эфириум суурьтай бүх DApps-д зайлшгүй тусгах хөгжүүлэлтүүдийг хийж байна.
DEX
Decentralized Exchange буюу Төвлөрсөн бус Арилжааны бирж дээр арилжаанд орохын тулд, хэрэглэгчид тухайн бирж дээрх хэтэвчээ "цэнэглэх" шаардлагагүй. Учир нь, ийм төрлийн бирж нь, хэрэглэгчдийг шууд хэтэвчнээсээ арилжаа хийх боломжыг олгодог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation