Smart Contract гэж юу вэ?
Smart Contract буюу Ухаалаг гэрээ гэх энэхүү, нэр томъёог бид Криптогын талаарх цуврал нийтлэлийнхээ өмнөх дугааруудад цөөнгүй хэрэглэсэн байгаа. Зарим дээр нь маш товчхон тайлбарласан ч байгаа байх. Тэгвэл энэ удаад нэгд нэгэнгүй танилцуулах гээд хичээе.
1990-ээд оны үед анх тодорхойлогдож байсан шийдэл бөгөөд, тухайн үедээ компьютерийн сүлжээний аюулгүй байдлыг хамгаалахад протоколуудыг хэрэглэх хэрэгсэл хэлбэрээр бүтээж байжээ. Тэгэхдээ хөгжүүлэгч (Nick Szabo) нь мөн, Ухаалаг гэрээг гэрээн дээр тулгуурласан, төлбөрийн систем, зохиогчийн эрхийг хамгаалах систем зэрэгт ч хэрэглэх боломжтой талаар дурьдаж байсан.
Харин крипто ертөнцөд, Ухаалаг гэрээ гэсэн нэр томъёо нь, Блокчэйн дээр ажилладаг програм, аппыг тодорхойлоход хэрэглэгдэж байна. Дэлгэрүүлвэл, тодорхой дүрмүүдийн хүрээнд, цахим зөвшилцөлд хүрэх ажиллагааг Ухаалаг гэрээ гэнэ. Энэ гэрээ нь компьютерийн кодуудаас бүтэх бөгөөд харгалзах сүлжээнийхээ зангилаануудад хуулбарлагдан, хэрэглэгдэж байхаар загварчлагдан, бүтээгдсэн байдаг.
Блокчэйнийн ухаалаг гэрээ нь итгэлцлийн протоколуудын үндэс суурь нь болдог буюу 2 хэрэглэгчийн хооронд хийгдэх гүйлгээ нь хөндлөнгийн хяналтгүйгээр хийгдэхдээ, элдэв зөрчил, асуудалгүйгээр боловсруулагдах нөхцлийг нь бүрдүүлж өгдөг. Аль 1 болон бүх 2 талаас хийгдэж буй үйлдлүүд нь, дүр бүрт яв цав нийцэж байгаа үед л, ухаалаг гэрээ хэрэгжих учир "хулхидуулах" эрсдэл байдаггүй. Ухаалаг гэрээ нь, зуучлагч, хөндлөнгийн хянагч, зохион байгуулагч нарыг халж, тэдгээрт зарцуулагдах зардлыг үнэмлэхүй багасгасан шийдэл юм.
Хэдийгээр, Ухаалаг гэрээг Биткойн олон жил ашиглаж, дэмжиж байгаа боловч, түүнийг хүмүүст таниулсан гол хүчин зүйл нь Эфириум (түүнийг бүтээгчдийн 1 Vitalik Buterin) юм. Гэхдээ бас ухаалаг гэрээ нь яг цаг дээрээ тулвал, ямар ч үнэ цэнэгүйд тооцогдох боломжтой. Ингэж бичих болсон шалтгаан нь, Блокчэйн бүр ухаалаг гэрээг өөр өөрөөр хэрэгжүүлдэгтэй хамаатай. Энэхүү нийтлэлдээ, тэдгээрээс хамгийн өргөн тархаж, нөлөөллөөрөө ноёлоод буй Ethereum Virtual Machine (EVM)-ийн талаар дэлгэрэнгүй судлацгаая.
Ажиллах зарчим
Энгийнээр тайлбарлавал, Ухаалаг гэрээ нь тодорхойлогч програм юм. Өөрөөр хэлбэл, тодорхой нөхцөл биелсэн үед, харгалзах үйлдлийг гүйцэтгэнэ. Жишээлбэл, Ухаалаг гэрээ нь "if… then…" буюу "хэрэв ... болвол, ... үйлдэл хийнэ" зарчмаар ажилладаг гэсэн үг. Нарийн ярьвал гэхдээ, Ухаалаг гэрээ нь яг ч гэрээ биш, бас ухаалаг гэсэн тодотголд хамаарахгүй бөгөөд програмын код гэж тодорхойлсон ч болохоор энгийн эд юм.
Эфириум сүлжээний хувьд, Ухаалаг гэрээ нь хаягууд (хэрэглэгч) хооронд үйлдэл хийгдэх үед Блокчэйн дээрх үйлдлүүдийг гүйцэтгэх үүрэгтэйгээр оролцдог. Ухаалаг гэрээ биш хаягуудыг, externally owned account (EOA) буюу гадны эзэмшлийн бүртгэл гэж нэрлэх бөгөөд тэдгээр нь хэрэглэгчдийн шууд удирдлаган доор ажилладаг.
Эфириумийн Ухаалаг гэрээнүүд нь ерөнхийдөө, 2 ширхэг ил түлхүүр болон гэрээний кодуудаас бүтнэ. Түлхүүрүүдийн эхнийх нь, тухайн ухаалаг гэрээг бүтээгчийн ил түлхүүр байдаг ба 2 дахь түлхүүр нь, уг гэрээний өөрийнх нь, дахин давтагдашгүй, цорын ганц тодорхойлогч түлхүүр байна.
Ухаалаг гэрээ нь Блокчэйн гүйлгээгээр дамжин хэрэгжих бөгөөд тэднийг EOA-с дуудан идэвхжүүлэх боломжтой.
Онцлох чанарууд
- Түгээмэл - Ухаалаг гэрээ нь сүлжээн дэх бүх зангилаанд хуулбарлагдан, түгээгддэг.
- Тодорхойлогдсон - Харгалзах шаардлагад нь нийцсэн, зохих үйлдлийг л гүйцэтгэх бөгөөд тэдгээрийг хэн хэрэгжүүлснээс хамааралгүйгээр нэгэн жигд үр дүнг боловсруулдаг.
- Бие даасан - Өөрөө өөрийгөө ачааллуулдаг програм шиг ажилладаг. Шаардлагагүй нөхцөлд ажиллахгүй ч, шаардлагатай үедээ бусдын оролцоогүйгээр үүргээ гүйцэлдүүлж чаддаг.
- Өөрчлөгдөшгүй - Хэрэгжсэний дараа засах боломжгүй. Устгах боломжыг нь анх загварчлахдаа тусгаагүй л бол мөн устгагдашгүй чанартай байна.
- Загварчлагддаг - Хэрэгжихээс нь өмнө олон янзаар програмчилж болно. Тийм ч учраас үүн дээр суурилсан DApp-уудыг хөгжүүлэх боломж бүрдсэн.
- Итгэлцэл үүсгэдэг - 2 тал харилцан 1, нөгөөгөө мэдэхгүй, итгэхгүй байсан ч, ухаалаг гэрээгээр дамжуулан зөвшилцөлд хүрэх боломжтой.
- Шилэн - Ил тод Блокчэйн дээр ажилладаг учир, ухаалаг гэрээний эх код нь бүх нийтэд нээлттэй байдаг.
Засах, устгах боломжын талаар
Нэгэнт хэрэгжчихсэний дараа бол, Эфириумийн ухаалаг гэрээрүү шинэ үүрэг зориулалт нэмж тохируулах боломжгүй. Гэхдээ анх кодыг нь бичиж байхдаа, SELFDESTRUCT-г тусгаж өгсөн бол, ирээдүйд хэрэгжсэн гэрээнүүдээсээ устгаж, түүнийг шинэ гэрээгээр орлуулах боломж бүрдэнэ. Мэдээжийн хэрэг, ингэж тусгаж өгөөгүй бол устгах ямар ч боломж байхгүй.
Ийм сайжруулах боломжтой гэрээнүүд нь хөгжүүлэгчдэд давуу талуудыг олгодог ба хэрхэн сайжруулахаас хамаарч, тэр хэмжээгээр нарийн төвөгтэй болдог.
Дээрхийг хялбарчилж тайлбарлая л даа. Ухаалаг гэрээ нь дотроо, олон тусдаа, бичил ухаалаг гэрээнүүдийг агуулсан байлаа гэж төсөөл. Тэдний зарим нь устгах боломжгүй, зарим нь устгаж болдгоор загварчлагдсан байг. Энэ тохиолдолд зарим хэсэг нь анхны хэлбэр, хэв шинжээ хадгалж ажиллах бол үлдсэн заримыг нь хөгжүүлэгч, цаг үедээ нийцүүлэн өөрчлөөд яваад байж болно гэсэн үг.
Давуу талууд болно хэрэглээ
Програмчилж болдог код учраас, ухаалаг гэрээ нь маш уян хатан, хөрвөх чадвар өндөртэй бөгөөд олон олон шийдэл, гаргалгааг өгч, олон янзаар хэрэглэгдэх боломжтой.
Төвлөрсөн бус, өөрөө ачааллагч програм учраас, ил тод байдлыг нэмэгдүүлэхийн хажуугаар, үйл ажиллагааны зардлыг бууруулах онцгой ач холбогдолтой. Хэрхэн тохируулснаар хамааран, үр дүнг сайжруулах ч боломжтой.
Ухаалаг гэрээ нь 2 талын хооронд хөрөнгийг шилжүүлэх, солилцох үед хэрэглэхэд хамгийн зохимжтой шийдэл болдог.
Гэхдээ өөр бас бус олон зүйлсэд ашиглах бүрэн боломжтой л доо. Тэдгээрийг жишээ болгон жагсаавал:
- Хөрөнгийг токенжуулах;
- Санал хураах систем;
- Крипто хэтэвч;
- Төвлөрсөн бус арилжааны бирж;
- Компьютер тоглоом;
- Гар утасны апп г.м.
Эдгээрээс гадна Блокчэйнийн бусад шийдлүүдтэй хослуулаад:
- Эрүүл мэнд;
- Хандив, буяны үйл ажиллагаа;
- DeFi
зэрэг олон олон салбар, чиглэлээр хөгжүүлэн, ашиглах бүрэн боломжтой.
ERC-20
Эфириум Блокчэйн дээр хөгжүүлэгдсэн токенууд нь ERC-20 жишгийг баримтлана. Уг жишиг нь эдгээр токенуудын гол үүрэг, зориулалтыг тодорхойлдог. Тэдгээр токенуудыг ERC-20 токен гэж ерөнхийлөн нэрлэх бөгөөд ийм токенууд нь өнөөгийн зах зээлийн дийлэнх хувийг эзлэж байна.
Дутагдалтай талууд
Ухаалаг гэрээ нь хүний бичсэн кодуудын нэгдэл учир, алдаа дутагдал ихтэйгээр хөгжүүлэгдэн гарах магадлал нилээн өндөрт тооцогдож болно. Мэдээж, ихэнх тохиолдолд хөгжүүлэгчид нь туршлага, мэдлэг, чадвартай хүн эсвэл баг хамт олноос бүрдсэн байх нь дамжиггүй. Учир нь, эцсийн эцэст эдгээр гэрээг санхүү, хөрөнгө, мөнгөн дээр хэрэглэх гэж байгаа шүү дээ.
Өнөөгийн уламжлалт (төвлөрсөн) системд, ухаалаг гэрээтэй дүйх хэмжээний чадвар, боломж нь байгаа хэдий ч, тэд P2P сүлжээ, Блокчэйн технологийн олгох давуу талуудыг орлож чадахгүй.
Гэхдээ, өөрчлөгдөшгүйгээр загварчлагдах нь бас ихээхэн хор уршигт хүргэж болзошгүй. Үүний тод жишээ нь, 2016 онд тохиолдсон Эфириумийн сүлжээн дээрх ухаалаг гэрээний кодын алдаанаас үүдэлтэй, олон сая ETH-н хулгайн хэрэг юм. Энэ талаар Эфириумийн талаарх нийтлэлд цухас дурьдсан байгаа учир, сонирхож байвал, тэндээс уншаарай.
Өөр нийтлэлрүү "үсрэхээс" залхуурч байвал, энд бас товхон тайлбарлаад өгч болно л доо. Өөрчлөх боломжгүй байдлаас нь болоод хөгжүүлэгчид нь алдсан зооснуудаа эргүүлэн авах боломжгүйд хүрч, сэт салаалалт хийсэн. Тэгэхдээ, тэрхүү шинэ үүсгэсэн хэлхээн дээрээ, хулгайлагдсан зооснуудаа зохих эзэмшигчид нь очихоор тохируулж өөрчилсөн бөгөөд хуучин хэлхээг бараг л тэр чигээр нь хаясан. Тэр нь өнөөгийн Ethereum Classic (ETC) хэмээх зоос юм. Уг хакын үндсийг тавьсан "буруутан" нь Блокчэйн биш, харин ухаалаг гэрээн дэх кодын алдаа юм шүү.
Өөр 1 онцлох шаардлагатай, дутагдалтай тал нь хуулийн зохицуулалт. Ухаалаг гэрээ нь ихэнх улсын хууль эрх зүйн зохицуулалтанд тусгагдаагүй буюу "саарал бүст" оршиж байгаа явдал юм. Энгийн (уламжлалт) жишгээр бол, гэрээнд оролцогч талууд нь, ихэнх улсад, 18 насанд хүрсэн буюу хуулийн хариуцлага хүлээх чадвартай болсон байхыг шаарддаг байхад, Блокчэйн технологид тийм хязгаарлалт тогтоох боломжгүй. Мэдээж, үүнийг зохицуулах аргууд бий боловч, тэдгээр нь ихээхэн хүндрэл дагуулах нь ойлгомжтой.
Блокчэйн сонирхогчид, ухаалаг гэрээг өнөөгийн системийг үндсээр нь халж, цоо шинэ, хамаагүй дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх үндэс суурь болно гэж үздэг. Тэгэх ч боломжтой.
Гэхдээ, дээр дурьдсан сул талуудаас нь харвал, зарим тохиолдолд уламжлалт системийг халж дийлэхгүй санагдаж болох юм. Ялангуяа, уламжлалт систем илүү зохих салбар, үйлчилгээнүүд байдгыг мартаж болохгүй.
Уламжлалт төвлөрсөн сервер бүхий систем нь, ухаалаг гэрээг бодвол:
- Босгоход хялбар, хурдан;
- Сүлжээ дамнах чадвар болон хурд, хүчин чадлаар хамаагүй илүү;
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation