Fork гэж юу вэ?

Fork буюу Салаалалтыг Биткойнын талаарх нийтлэл дээр товчхон танилцуулсныг Та санаж байгаа байх. Тэгвэл одоо дэлгэрэнгүй танилцуулгыг нь энэхүү нийтлэлээсээ уншаарай.

Банкны апп тань шинэчлэлт хийх талаар мэдэгдэл хүргүүлэхэд Та 1 их юм бодолгүй зөвшөөрдөг байх, магадгүй бүүр мэдэгдэл харуулах ч үгүй, тогтмол шууд-шинэчлэгддэг ч байж болох юм. Тэгэх нь ч зүйтэй юм. Шинэчлэлт гэдэг нь илэрсэн алдааг засах, шинэ зүйлс нэмэх зэрэг олон давуу талуудыг авч ирдэг, чухал ажиллагаа юм.

Гэвч, нээлттэй эх бүхий крипто валютийн хувьд шинэчлэлт нь нилээд ондоо ойлголт байдаг. Биткойныг хэрэглэхийн тулд түүний кодыг 1 бүрчлэн унших шаардлага байхгүй ч, тэгэх боломжтой байна гэдэг нь ихээхэн чухал ойлголт юм шүү.

Блокчэйнд хэн шийдвэр гаргадаг вэ?

Биткойныг аваад үзвэл түүнд чухал нөлөө үзүүлэгч, 3 төрлийн оролцогч тал бий. Тэдгээр нь:

  1. Хөгжүүлэгч - Код бичиж, сайжруулж буй хүмүүс. Тэд нээлттэй эх дээрх кодыг, хүмүүсийн санал дээр үндэслэн, хэлэлцэж, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж, эсвэл хийлгэх хүсэлтээ уламжилж байдаг;
  2. Олборлогч - Сүлжээг хамгаалагчид. Хэрхэн хамгаалдгыг нь PoW алгоритмын талаарх нийтлэлээс уншаарай;
  3. Бүхэл зангилаанууд (хэрэглэгчид) - Сүлжээний ноён нуруу нь болдог бөгөөд тэдний ачаар Блокчэйн хэлхээ оршин тогтнож байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй тайлбар нийтлэлийг ЭНД дараад уншаарай;

1 хүн эдгээр ангиллуудын алинд нь ч хамаарч болох ба, хэд хэд, бүүр бүгдэнд нь ч хамаарч болно. Гэвч, ихэнх хэрэглэгчид эдгээрийн алинд нь ч хамаардаггүй, зөвхөн арилжаа хийх, хэтэвчиндээ хөрөнгөө байршуулаад HODL хийх төдийгөөр оролцдог.

Гэвч, дээрх 3 бүлгүүд нь дан дангаараа бол бараг ямар ч хүч чадал, эрх мэдэлгүй байдаг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн тухайн зоосонд хандуулах сонирхол буурвал, хичнээн олон бүхэл зангилаа сүлжээний аюулгүй байдлыг идэвхтэйгээр хангаж, хичнээн олон олборлогч, баталгаажуулалт хийж, хичнээн олон хөгжүүлэгч, цаг наргүй хөдөлмөрлөсний үнэ цэнээс хамаарахгүйгээр, ханш унах аюултай юм.

Эндээс үзвэл, програм хангамж нь ч бас хамгийн чухал эд хэсэг нь биш байгаа биз? Гэхдээ түүнийг нь хүссэнээрээ өөрчлөөд ачааллуулчихвал салаалалт маань үүснэ.

Ерөнхий тайлбар

Програм хангамжыг нь хуулбарлахдаа засвар өөрчлөлт оруулахыг Салаалалт гэнэ. Мэдээж, анхны эх хувилбар ажиллаж л байгаа ба түүнээс тусдаа шинэ үүссэн тэрхүү салаа мөчрийн үүсэх болсон шалтгаан нь ихэвчлэн тухайн зоосны хөгжүүлэгчдийн санал зөрсөнтэй холбоотой байдаг. Иймэрхүү зүйлс нээлттэй эхийн төслүүд дээр маш их тохиолдох ба Биткойн гэдэг ойлголт бий болоо ч үгүй байхад байж байсан юм шүү.

Илүү энгийнээр, 1 зам байж байгаад, 2 өөр чиглэлд салсантай зүйрлэж ойлгож болно. Гэхдээ крипто валютийн хувьд салаалалт нь 2 төрөлтэй байдаг.

Сэт ба сул салаалалт

Hard fork буюу Сэт салаалалт, soft fork буюу сул салаалалтууд нь адил зорилгоор хийгддэг боловч, ихээхэн ялгаатай ойлголтууд юм.

Сэт салаалалт гэж юу вэ?

Програм хангамжын хуучинтайгаа зохицолдож ажиллах боломжгүй өөрчлөлт агуулсан шинэчлэлтийг Сэт салаалалт гэнэ. Ийм төрлийн салаалалтын дараа зангилаануудын дагаж мөрдөх дүрмэнд орсон өөрчлөлт нь, хуучин байсан дүрэмтэйгээ нийцэхгүй, зөрчилддөг. Тиймээс шинэ дүрмээр ажиллаж байгаа зангилаанууд нь зөвхөн өөр хоорондоо л холбогдож, харилцана. Түүнээс нь үүдэн Блокчэйн хуваагдаж, 2 тусдаа сүлжээ үүсдэг.


Дээрх зурагт:

  1. Шар - Шинэчлэгдээгүй зангилаанууд;
  2. Цэнхэр - Шинэчлэгдсэн зангилаанууд;

Салаалалтын дараа 2 зэрэгцээ сүлжээ үүсч, ажиллана. Тэдгээрийн аль алин дээр нь шинэ блок бүртгэгдэж, гүйлгээнүүд баталгаажих боловч, салаалалт хүртэлх Блокчэйн нь яг адил байна.


1 эхтэй учраас салаалалтын дараа анхны зоосыг эзэмшиж байсан хэрэглэгчид, түүнтэйгээ яг тэнцүү хэмжээний 2 дахь (салаалалтаас үүссэн) зоосыг мөн эзэмшинэ. Дээрх зурагт харуулсан 600'000 дахь блок дээр салаалалт хийгдэх үед Таны дансанд 5 BTC байсан бол, салаалалтын дараа 5 BTC + тусдаа хэтэвчинд 5 BCH (жишээ болгон 2017 бодитоор Биткойноос салаалж гарч ирсэн, Биткойн Кашийн тэмдэглэгээг хэрэглэв) хөрөнгөтэй болсон байна гэсэн үг.

Bitcoin Cash буюу Биткойн Каш салаалалт нь блокын хэмжээг өсгөх шийдлийг агуулсан бөгөөд, хөгжүүлэгчдийн хагас нь энэ шийдлийг дэмжээгүйн улмаас үндсэн Блокчэйнд ийм өөрчлөлт тусгагдаагүй буюу өдгөө 2 тусдаа зоос болон, өөр өөрсдийн зам мөрийг хөөж явна.

Блокын хэмжээний өөрчлөлт (Блокын зөвшөөрөгдөх хэмжээг 2 Mb болгож, 2 дахин өсгөсөн) нь анхны тусгагдсан дүрэмд харшилж байгаа учир, дээрх салаалалт нь сэт салаалалт болж хувирсан. Түүний дараа SegWit салаалалт мөн хийгдсэн хэдий ч, SegWit нь урьдын адил, 1 Mb хэмжээнээс илүүгүй блокуудыг хүлээн зөвшөөрч байгаа учир сул салаалалт болсон.

Сул салаалалт гэж юу вэ?

Дээр тайлбарласантай адилтгая гэвэл, хуучин хувилбараа "адлаад" байдаггүй, нийцтэй шинэчлэлтийг Сул салаалалт гэнэ. Өөрөөр хэлбэл шинэ дүрмүүд нь, хуучинтайгаа зөрчилдөхгүй байгаа бол тэрхүү салаалалт нь Сулд тооцогдоно.

Жишээлбэл, блокын хэмжээг багасгах дүрэм нэмэгдсэн салаалалт хийгдлээ гэж бодъё. Хуучин дүрмэнд ихдээ 1 Mb-с хэтрэхгүй байна гэж заасан байдаг болохоос биш, багадаа тэд хүрсэн байна гэж заагаагүй учир, энд ямар 1 дүрмийн "харшилдаан" үүсэхгүй.

Түүнчлэн, энэ тохиолдолд сүлжээнээс "хөөгдөж туугдахгүй" байх боломжтой буюу шинэ дүрмийг дагахгүй байгаа зангилаануудаас ирж буй мэдээллийг "шүүж" аваад, дамжуулах боломжтой хэвээр байна.

Дээр дурьдсанчлан SegWit салаалалт нь энэ төрөлд хамаарах бөгөөд уг шинэчлэлт нь сүлжээн дэх гүйлгээ болон, блокын төрөлд өөрчлөлт авчирсан, ухаалаг шийдэл болсон юм. Хуучин зангилаанууд нь шинэ дүрмүүдийг ойлгохгүй хэдий ч, блок болон гүйлгээний мэдээллийг баталгаажуулсан хэвээр байх боломжтой.


Өнөөг хүртэл бүх зангилаа энэхүү шинэ дүрмүүдийг дагадаг болоогүй байгаа. Хэдийгээр шинэчлэлт нь давуу талуудыг авчрах боловч, сүлжээний хэмжээнд сүрхий нөлөө үзүүлэхгүй тул заавал хийхийг шаардах, хийх гэж яарах хэрэг байхгүй.

Сэт болон сул салаалалтуудын аль нь дээр вэ?

Сэт салаалалт нь хэдийгээр хөгжүүлэгчдийн "талцлаас" үүдсэн боловч, сайтар төлөвлөж гүйцэтгэсэн бол тэс ондоо сүлжээг үүсгэх боломжыг олгодог.

Харин сул салаалалт нь, хуучин заагдсан байгаа дүрмүүддээ баригдах учир багахан өөрчлөлтийг л авчирна. Гэхдээ одоогийн байгаа сүлжээгээ хэт өөрчлөхгүйгээр, "хөнгөхөн" өөд нь татчихдаг давуу талтай. 


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!