Atomic Swap гэж юу вэ?

Тусдаа Блокчэйний сүлжээнүүд дээр ажиллаж буй, ялгаатай крипто валютуудыг өөр хооронд нь хурдан хөрвүүлэх аргыг атомын солилцоо буюу хэлхээ дамнасан арилжаа гэнэ. Ийм арилжаа нь, өөрийн хэтэвч дэх хөрөнгийг, ухаалаг гэрээгээр дамжуулан шууд солилцох боломжыг олгодог. Өөрөөр хэлбэл, солилцоо гэдэг нь, Блокчэйн хамаарахгүйгээр, P2P сүлжээнд хийгдэх арилжаа юм.

Саяхнаас л хөгжиж, хэрэглээнд өргөн нэвтэрч эхэлсэн хэдий ч, санааг нь олон жилийн өмнө бодож олсон байсан уг арилжааны хэлбэрийн протоколыг нь 2013 онд, Тиэ Нолан (Tier Nolan) анх танилцуулж байжээ. Гэвч, түүнээс 1 жилийн өмнө, P2PTradeX хэмээх P2P бүтэцтэй арилжааны протокол мэндэлж, тэр нь орчин цагийн солилцооны суурь загвар болсон гэж үзэх нь ч бий.

Сүүлийн жилүүдэд, энэ төрлийн төслүүд асар олноор мэндэлж байгаа ба солилцооны хөгжилд, BTC, LTC, Komodo, Decred-ийн хэрэглэгч, хөгжүүлэгчидийн оруулж байгаа хувь нэмэр ихээр үнэлэгдэж байна. Анхны P2P солилцооны талбар 2014 онд нээлтээ хийсэн хэдий ч, 2017 оноос л олны анхаарлыг татаж эхэлжээ. Тухайн үед, LTC/BTC болон DCR/LTC хослолууд хамгийн ихээр арилжаалагдаж, тэр чинээгээрээ солилцоог дэлгэрүүлсэн гэж үздэг.

Солилцоо яаж ажилладаг вэ?

Протоколууд нь, 2 талын аль алийг булхайцахаас сэргийлж, хамгаалж байдаг. Ойлгомжтой тайлбарлах үүднээс, А болон Б хэрэглэгч, Litecoin (LTC) болон Bitcoin (BTC) солилцож байгааг жишээ болгоё.

Эхлээд А хэрэглэгч өөрийн LTC-г, сейф байдлаар ажиллах ухаалаг гэрээрүү илгээж, түгжүүлнэ. Түүнрүү хандах түлхүүрийг нь системээс, А-д үүсгэж өгөх бөгөөд, А тэрхүү түлхүүрийнхээ криптограф хэшийг нь, Б-д дамжуулна. Энэ үед Б хэрэглэгч, LTC-д хандах эрхгүй хэвээр байна, учир нь тэр түлхүүрийг бус, түлхүүрээс үүсгэсэн хэшийг л эзэмшиж байгаа учраас тэр.

Үүний дараагаар, Б хэрэглэгч тэрхүү хэшээ ашиглан, өөр 1 ухаалаг гэрээг үүсгэж, өөрийн BTC-ыг тэндээ байршуулна. BTC-ыг гаргаж авахын тулд, А өөрийн түлхүүрийг ашиглах шаардлагатай. Түлхүүрээ ашиглах үед, нөгөө харилцагчид түүнийг нь илчилж, мэдэгдэх зохицуулалттай байдаг тул, тэр даруйд Б хэрэглэгч LTC-д хандах боломжтой болох юм. 2 тал, хоёул хөрөнгөө гаргаж авсны дараа, солилцоо дуусна.

"Атомын" гэж тодотгох болсон шалтгаан нь, солилцоог хийвэл бүрэн хийнэ, хийхгүй бол огт хийхгүй гэсэн зарчим дээр тулгуурласан байдагтай нь холбоотой. 2 талын аль 1 нь хэлсэн ярьсандаа хүрэхгүй бол, солилцоо цуцлагдаж, хөрөнгүүд, зохих эзэмшигчдийнхээ хэтэвчрүү буцаж орно.

Солилцоог хэрэгжүүлэх 2 зам бий. Тэдгээр нь, хэлхээн дээрх болон хэлхээнээс гадуурх солилцоо юм. Хэлхээн дээрх солилцоо гэдэг нь арилжаа, харгалзах зоос/токенуудын аль нэгийнх нь сүлжээн дээр хийгдэх явдал бөгөөд дээрх жишээн дээр бол, Биткойн эсвэл Лаяткойны Блокчэйн дээр хэрэгжинэ гэсэн үг. Хэлхээнээс гадуурх солилцоо гэдэг нь, LN-тэй төстэй буюу шууд бус замаар гүйцэтгэгдэх арилжаа юм.

Техник талаас нь харвал, MultiSig болон HTLC хэрэглэдэг ухаалаг гэрээн дээрх солилцоо хамгийн найдвартайд тооцогдоно.



Давуу талууд

Хамгийн чухал онцлох чанар нь, төвлөрсөн бус хэв шинж нь юм. 3-дагч талын оролцоогүйгээс гадна, 2 тал 1, нөгөөдөө итгэх шаардлагагүйгээр, найдвартай байдлыг хангаж өгсөн нь онцлог. Шууд хэтэвчнээсээ шилжүүлээд, хэтэвчрүүгээ татаж авч байгаа учир, хакдуулах асуудлаас ангижирсныг бас энд онцлох хэрэгтэй болов уу.

Түүнчлэн, арилжааны шимтгэл, хураамж бас маш бага байдаг. Солилцооны тусламжтайгаар, Биткойн, Эфириум болон бусад зоосуудыг өөр хооронд нь чөлөөтэй, хурдан солих боломжтой.

Сул талууд

Хангалттай хөгжөөгүй байгаагаас шалтгаалж, зарим техник талын дутагдлууд таарах боломжтой. Жишээлбэл, солих гэж буй 2 крипто валют нь, ижил хэшлэлтийн алгоритм дээр бүтээгдсэн Блокчэйнүүдэд хамаардаг байх ёстой. Жишээлбэл, SHA256. Мөн, HTLC болон бусад програмчлах боломжыг агуулсан байх шаардлагатай байдаг.

Дээрхээс гадна, хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалтай холбоотой дутагдал бас бий. Ялангуяа, хэлхээн дээрх солилцооны үед, гүйлгээг нь блокчэйн хөтчөөр шүүж, хаягуудыг нь холбож олох боломжтой. Үүнээс сэргийлэх хамгийн энгийн арга нь, нууцлал өндөртэй крипто валют сонгон ашиглах явдал юм. Гэхдээ сүүлийн үед, цахим гарын үсгийг ашиглах замаар, солилцоог илүү найдвартай болгох шийдлүүдийг судалж, туршиж эхэлсэн.

Солилцоо ямар хэрэгтэй вэ?

Дийлэнх CEX-д тулгараад буй олон олон асуудлыг шийдвэрлэх боломжыг олгох учраас, солилцоог Блокчэйний салбарын чухал хэсэгт хүлээн зөвшөөрч, өргөн хүрээнд хөгжүүлэн нэвтрүүлж байна. Хэдийгээр, крипто ертөнцийг өдий зэрэгтэй авч яваа гол зүйлс нь, эдгээр төвлөрсөн арилжааны биржүүд мөн боловч, DEX-тэй харьцуулахад тэд дараах дутагдлуудыг агуулсан байдаг. Үүнд:

  1. Хакдуулах эрсдэл өндөртэй;
  2. Хүний алдаа, санаатай болон санаандгүй үйлдлүүдийн уршгаар хэрэглэгчдийн хөрөнгө сүйдэх, ашиг хоргодох эрсдэлтэй;
  3. Үйл ажиллагааны өртөг зардал, түүнийг дагасан татвар татаас өндөртэй;
  4. Ачаалал даах чадамж бага;
  5. Биржийн харъяалагдах улс, түүний хууль эрх зүйн орчноос шалтгаалсан хязгаарлалт, дутагдлууд үүсдэг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!