Multisig Wallet гэж юу вэ?
Баримтыг 2 буюу түүнээс дээш тооны хэрэглэгч, өөрсдийн ДГҮ-ээр баталгаажуулах боломжыг олгодог ДГҮ-ийн төрлийг multi-signature (multisig) буюу олон гарын үсэг (ОГҮ) гэнэ. Энэ технологи нь крипто валютуудад өргөн хэрэглэгдэж эхлээд байгаа боловч, үүний санаа нь Биткойноос ч өмнөх үед бүрэлдсэн байсан юм.
Multisig нь анх 2012 онд крипто ертөнцөд орж ирэхдээ, Биткойнын хаягт л хэрэглэгдэж байсан бөгөөд түүнээс ганцхан жилийн дараа буюу 2013 он гэхэд Multisig Wallet буюу ОГҮ-т хэтэвчийн үндсийг тавьсан байдаг. Ийм төрлийн хэтэвч нь олон зорилгоор хэрэглэгдэх боломжтой ч, аюулгүй байдлыг бататгах зориулалтаар төлхүү хэрэглэж байна.
Хэрхэн ажилладаг вэ?
Маш энгийнээр тайлбарлана гэвэл, 2 цоож, 2 түлхүүртэй авдар байна гээд төсөөлж болох юм. Түүнийг онгойлгохын тулд 2 хэрэглэгч, өөр өөрийн түлхүүрээр, харгалзах түгжээнүүдийг тайлах хэрэгтэй ба 2 цоож, 2-уул тайлагдсаны дараа л авдрыг нээх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 2 тал 2-уулаа нээхийг зөвшөөрч байгаа үед л нээх боломжтой гэсэн үг.
Multisig хэтэвчинд хөрөнгө байршуулахын тулд, зайлшгүй 2 буюу түүнээс дээш тооны ДГҮ-ийг хэрэглэх хэрэгтэй байдаг ба тэр хэмжээгээрээ илүү аюулгүйд тооцогддог.
Дан болон Олон түлхүүрийн ялгаа
Биткойн ихэвчлэн энгийн, 1 түлхүүрт хэтэвчинд хадгалагддаг. Энэ тохиолдолд тухайн хэтэвчин доторх хөрөнгийг 1 л түлхүүрээр "түгжсэн" байх ба тухайн түлхүүрийг нь "атгаж" байгаа хэрэглэгч л ганцараа түүнийг захиран зарцуулах бүрэн эрхтэй байдаг. Тэр ч утгаараа, энэ төрөл нь олон түлхүүрт төрлөөсөө хялбар, хандахад хурдтай байдаг. Гэвч, аюулгүй байдал талаасаа учир дутагдалтай. Мартах, алдах, түлхүүрийг хадгалж байсан төхөөрөмж нь эвдрэх, фишинг мэтийн халдлагад өртөх гээд л, юу эсийг тохиолдохыг тэр байг гэхэв.
Ялангуяа, крипто валютийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан газрууд, 1 түлхүүрт системийг хэрэглэхээс аль болох татгалзах нь зөв.
Харин олон түлхүүрт системд, дээрх асуудлуудыг шийдсэн байдаг. 1 түлхүүрээ ямар 1 байдлаар алдлаа гэхэд түүнд санаа зовоод байх хэрэг байхгүй. Учир нь дан 1 түлхүүрээр хөрөнгөнд хандах ямар ч боломжгүй.
Олон түлхүүрийн хамгаалалтын хувьд, өдгөө 2/3 хэлбэрийг нь өргөн хэрэглэж байгаа ба энэ нь 3 түлхүүр тохируулсан хэдий ч, хөрөнгөрүү хандахад тэдгээрийн 2 нь байхад л хангалттай байдаг. Гэхдээ энэ нь хэрэглэгдэж буй цорын 1 төрөл нь биш, 2-2, 3-3 болон 3-4 г.м. төрлүүд ч хэрэглэгдэж, 3-5, 2/5 зэргээр ч тохируулж хэрэглэх бүрэн боломжтой.
Крипто хэтэвчинд хэрэглэгдэх байдал
Хамгаалалтыг сайжруулах
Далд түлхүүрээ алдсан үед, хэтэвчиндээ хандах боломжгүй болохоос сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж байна. Үүнийг жишээн дээр тайлбарлавал, А хэрэглэгч 2/3 түлхүүрийн хамгаалалтыг тохируулж, идэвхжүүлсэн байгаа гэж бодъё. Тэдгээрийгээ тэрээр өөр өөр газар, өөр өөр хэлбэрээр (гар утсан дээрх бичвэрийн файл, цаасан дээрх хэвлэмэл материал, тусгай төхөөрөмж дээр, нууцлагдсан байдлаар г.м.) хадгалсан байлаа. Б хэрэглэгч буюу энэ жишээн дээрх "урт гарт" маань, түүнийг крипто сонирхдогыг мэддэг, их хэмжээгээр дарсныг олж мэдээд, гар утсыг нь "туусан" гэж төсөөлцгөөе. Эсвэл А салан царайлаад утсаа хаа нэгтээ мартаад, Х ч юм уу 1 этгээд олоод авсан байгаа гэж төсөөлсөн ч болно. Аль ч тохиолдолд Б, Х 2-ын аль нь ч гэхдээ түүний хөрөнгөнд халдаж чадахгүй, учир хэтэвчийг нээхийн тулд үлдсэн 2 түлхүүрийн аль 1-г мөн тэд олж авах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, фишинг халдлагад өртсөн ч, хэвлэмэл хувилбар урагдаж, дээрх бичээс нь баларсан эсвэл бүүр тусгай төхөөрөмж нь эвдэрсэн ч гэсэн айх аюулгүй гэсэн үг.
2FA
2 түлхүүрээ, 2 тусдаа газарт хадгална гэдэг нь 2-ууланг нь алдах магадлалын хэмжээгээр, эрсдлийг бууруулна. Гэвч, олон түлхүүрийн системийг, ийм төрлийн хамгаалалтанд хэрэглэхэд бас анхаарууштай зүйл бий. Тэр нь түлхүүрээ алдвал түгжигдэх эрсдэл юм. Ялангуяа, 2-2 хэлбэрийн хамгаалалтын үед 1 түлхүүрээ алдаад, олж авах боломжгүй болсон тохиолдолд, үлдсэн түлхүүр нь байгаад ч хөрөнгөрүүгээ хандах боломжгүйд хүрэх аюултай. Тиймээс, хэрэв ийм төрлийн хамгаалалтыг тохируулж, хэрэглэхээр болвол 2-3 зэрэг арай найдвартай хэлбэрийг нь сонгоорой.
Эсвэл 2FA зориулалтын аппыг ч суулгаж хэрэглэж болно.
Эскроу
2/3 хэлбэрийн хамгаалалт нь Эскроу буюу 3-дагч талд хадгалуулах нөхцлийг бүрдүүлж өгдөг. А, болон Б хэрэглэгчид Г-д хөрөнгөө хадгалуулсан байгаа гэж төсөөл. Тэр нь 2 талын аль алинд итгэл хүлээсэн этгээд байх бөгөөд А хэрэглэгч авч буй үйлчилгээний хөлсөө урьдчилан Г-н хамгаалж буй хэтэвчинд байршуулна. А тухайн хэтэвчрүү хөрөнгө оруулж л чадахаас, авч чадахгүй. Учир нь түүнд 2 дахь түлхүүр байхгүй. Б ч мөн адил. Тэр үйлчилгээгээ зохих ёсоор үзүүлсэн (бараа худалдаалсан ч юм уу, өөр ямар ч байдлаар урьдчилан тохиролцсон байж болно) тохиолдолд л, А-ын зөвшөөрлөөр, өөрсдийн түлхүүрүүдийг хэрэглэж байж, сая 1 хэтэвчнээс төлбөрөө авах боломжтой болно. Г хэрэглэгч, энэ бүх ажиллагаанд ямар ч оролцоогүй байх ба зөвхөн маргаан үүссэн үед л, зохицуулагчийн үүрэг гүйцэтгэж, өөрийн шийдвэрийн дагуу аль 1 талд, өөрийн түлхүүрийг ашиглан хөрөнгийг нь гаргаж өгөх юм.
Санал хураалт
Байгууллагын удирдах зөвлөлийнхөн, байгууллагынхаа хөрөнгийн санг ийм хэлбэрээр түгжиж болно. Зөвлөлийн гишүүдийн тоогоор буюу 4-6 эсвэл 5/7 хэлбэрээр тохируулж болох ба гишүүн бүр 1 түлхүүрийг эзэмшинэ. Тэгээд, хөрөнгөө хөдөлгөх шийдвэрт олонхи нь санал нэгдсэн үед л, тийм үйлдэл гүйцэтгэх боломжтой байна гэсэн үг.
Сул талууд
Тохируулж, хэрэглэхэд төвөгтэй. Ялангуяа, бэлэн апп хэрэглэхгүй гэж шийдсэн үед, ийм төрлийн технологид мэдлэг туршлагагүй хүнд нилээд хүндхэн даваа болно.
Түүнчлэн, крипто болон олон хаягын хамгаалалтын аль аль нь шинэ зүйлс учир, эдгээрээс үүдсэн эсвэл эдгээртэй холбоотой зөрчилдөөн үүслээ гэхэд тэдгээрийг шийдвэрлэх хуулийн зохицуулалт байхгүй гэдгийг анхаараарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation