Lightning Network гэж юу вэ?
Крипто валютууд нь хакдуулах болон устаж алга болох боломж туйлын бага, хэн ч, хаанаас ч, хөндлөнгийн зохицуулагчийн оролцоогүйгээр шилжүүлж болдог гэсэн ерөнхий, өвөрмөц шинжүүдийг агуулдаг.
Эдгээр шинж чанарууд нь хэдийгээр давуу талыг олгож байгаач, ямар ч зүйлд сөрөг тал бас байдгын жишгээр эдгээрээс үүдэлтэйгээр гүйлгээний хурдны асуудал үүссэн ба тэрхүү асуудлыг шийдэх олон олон онол, шийдлүүдийн 1 нь Lightning Network буюу Аянгын сүлжээ гэх Биткойнын протоколын өргөтгөл юм.
Яг ямар учиртай эд вэ?
Блокчэйн дээр нэмэлтээр суурилсан P2P шилжүүлгийг хурдасгах зориулалттай шийдэл бөгөөд Биткойн гэлтгүй, Litecoin (LTC) дээр ч хэрэгжсэн байгаа төсөл юм.
Нэмэлтээр суурилсан гэж юу гэсэн утгатай болохыг манай "Крипто тайлбар толь" цувралын 2-р дугаар дахь "2-р давхарга" бүлгээс уншаарай.
Lightning Network (LN) нь өөрийн гэсэн програм хангамж, зангилаануудтай учир Биткойнын сүлжээнээс хараат бусаар, бие даан ажиллах боловч түүний үндсэн хэлхээтэй харилцаж байдаг. LN-руу орохын/гарахын тулд Блокчэйн дээр тусгай гүйлгээ хийх хэрэгтэй.
Анхны гүйлгээгээрээ хийж байгаа үйлдэл тань ерөнхийдөө өөр нэгэн хэрэглэгчтэй Ухаалаг гэрээ байгуулж байгаатай адил гэж ойлгож болно. Ухаалаг гэрээ гэдэг нь товчхондоо бол, гүйлгээний мэдээллийн бүртгэх хувийн тэмдэглэлийн дэвтэр юм. Энэ дэвтэр дээр Та болон таньтай гэрээ байгуулсан хэрэглэгчийн аль аль нь, хичнээн л бол хичнээн гүйлгээний мэдээллийг бичиж болох боловч, "булхайцах" ямар ч боломжгүй байна. Мөн уг дэвтэр дээрх тэмдэглэлүүдийг зөвхөн гэрээ байгуулагч 2 тал л харах боломжтой.
Уг дэвтрийг тань суваг гэж нэрлэнэ. Тэрхүү суваг дахь мэдээлүүдээ хэзээ ч Блокчэйнрүү илгээж болдог ба ингэж илгээгдсэн үед харгалзах хөрөнгийн хэмжээ хамгийн сүүлд хэрхэн өөрчлөгдсөн байсан тэр дүнгээрээ бичигдэнэ.
Жишээлбэл, А, Б 2 хэрэглэгч 2-уулаа 5, 5 BTC-той байсан гэж бодъё. Эхлээд А, Б-рүү 1 BTC шилжүүлж, А=4, Б=6 зоостой болсон. Хэд хоногийн дараа Б, А-руу 3 зоос шилжүүлж, А=7, Б=3 зоостой болсон байсан ч, удалгүй Б дахин 1 зоос шилжүүлж, А=8, Б=2 зоостой болов. Маргааш нь А буцаагаад Б-рүү 2 зоос шилжүүлсэн ба ингээд А=6, Б=4 зоостой болсны дараагаар тэд сувгаа хааж, гүйлгээний мэдээллээ сүлжээрүү илгээв.
А=5, Б=5 зоостой байсан бүртгэл маань одоо А=6, Б=4 болон өөрчлөгдөнө. Ийм зарчмаар бүртгэх нь олон гүйлгээний мэдээллийг илгээж, сүлжээнд ачаалал учруулахаас сэргийлсэн нь сүлжээний өргөжин тэлэх боломжыг нэмэгдүүлж, гүйлгээ боловсруулах хурдыг сайжруулсан байна.
LN нь үнэхээр л нэрэндээ зохисон хурдыг үзүүлж чадаж байгаа. Бодоод үз л дээ, блокын баталгаажуулалт хүлээхгүй гэхээр гүйлгээний тань хурд холбогдсон байгаа интернэтийн тань хурдтай тэнцэнэ гэсэн үг.
Үүнийг заавал суурилуулах хэрэг байсан юм уу?
Биткойнын Блокчэйнийн хурд, өргөтгөлд хийгдсэн хамгийн оновчтой шийдлүүдийн 1 нь LN маргаангүй мөн. Энэ зэргийн том сүлжээнд өөрчлөлт хийнэ гэдэг ихээхэн ярвигтай асуудал байдаг. Учир нь сэт салаалалт явагдах, эсвэл ноцтой алдаа илрэх гээд л юу ч тохиолдож болно шүү дээ. Ялангуяа ихээхэн хэмжээний хөрөнгө яригдаж байгаа үед, туршилт хийгээд байх нь тийм ч оновчтой үйлдэл биш.
Тиймээс аюулгүйн үүднээс туршилтаа Блокчэйнээс холуур гүйцэтгэх нь зүйн хэрэг. Ингэсэн байхад алдаа гарсан ч Биткойнын үндсэн сүлжээнд ямар ч аюул учрахгүй бөгөөд 2-р давхаргын шийдэл нь үндсэн хэлхээн дээрх хамгаалалтын протоколуудтай яв цав нийцэх учир эргээд аюулгүй байдалд санаа зовох зүйлгүйгээрээ давуу талтай юм.
Өргөтгөл хийгдсэн байлаа гээд хэрэглэгч заавал түүн дээр л шилжүүлэг хийх ёстой гэсэн үг биш бөгөөд, харин ч бүүр сонгох эрх үүсч байгаа. Энэ мэтчилэн олон давуу тал байгааг доор товчхон, жагсааж бичье.
Өргөтгөх боломж
Биткойнын хувьд ойролцоогоор 10 минутанд 1 шинэ блок үүсч байдаг. Түүнд хэдхэн шилжүүлгийн л мэдээллийг багтаах боломжтой. Тэгэхээр гүйлгээний тоо ихсэх тусам, хүлээлгийн хугацаа нэмэгдэнэ гэж ойлгож болно. Тэр үед Олборлогчид хэн илүү шимтгэл төлсөн, түүний гүйлгээг эхэлж баталгаажуулах учир шимтгэлийн хэмжээ бас өснө гэсэн үг. Түүхэндээ цөөхөн хэдхэн удаа л $5 USD шүргэж байсан шимтгэл 2017 оны Бухын төвөргөөнөөр $50 USD давсан үзүүлэлт нь өдгөө дээд хэмжээ болон бүртгэгдсэн байгаа.
Хэдэн мянган доллартай тэнцэх хэмжээний BTC хөдөлгөж байгаа үед 50 доллар бол төлөх л шимтгэл мэт харагдаж байж болох юм, гэвч 10 долларыг шилжүүлэх гэж нэмж 5 долларыг татааст өгнө гэвэл хэцүү сонсогдож байгаа биз дээ?
LN хэрэглэх үед мэдээж бас шимтгэл төлнө. Тэгэхдээ бүүр нээхдээ, хаахдаа гээд 2 ч удаа төлөх шаардлагатай. Гэхдээ, нэгэнтээ нээчихсэний дараа бол огт шимтгэл төлөхгүйгээр, хичнээн л бол хичнээн гүйлгээ хийж болно.
LN-г хэрэглэх нь блокын зайнд хэмнэлттэйн дээр үндсэн шимтгэлийн хэмжээг буулгах, цаашлаад харилцан тогтмол хийгдэх гүйлгээний үед шимтгэлээс чөлөөлөгдөх боломжуудыг олгоно. Түүнчлэн сүлжээний ачаалал буурах учир, хэрэглэгчдийн тоог нэмэгдүүлэх буюу сүлжээг өргөтгөх ч нөхцөл бүрдэнэ.
Бичил гүйлгээ
Биткойнын сүлжээнд хийж болох гүйлгээний доод хэмжээ нь ойролцоогоор 0.00000546 BTC байдаг. Хэдийгээр энэ нь хангалттай боловч, ханшаас хамаараад энэ дүн үнэтэй санагдаж болно. Тэгвэл LN-д энэ асуудал шийдэгдсэн байдаг ба гүйлгээний дүнгийн доод хязгаар нь ердөө 0.00000001 BTC буюу 1 сатошитай тэнцүү байдаг.
Шимтгэлээс болоод бага дүнтэй шилжүүлэг хийх нь ашиггүй байдаг бол LN-ий хувьд хэмжээ хамааралгүйгээр илгээх, хүлээн авах бүрэн боломжтой. Үүн дээр суурилсан сар бүрийн хураамж төлөх үйлчилгээнүүд нэвтрэх бүрэн боломжтой юм.
Нууцлал
Бусад хэрэглэгчдэд, суваг нээгээд хэрэглэж байгаа нь л харагдах бөгөөд тэр сувгаар хичнээн тооны, ямар дүнтэй гүйлгээ, хэзээ, хаанаас хаашаа хийгдэж байгаа зэрэг нь огтоос мэдэгдэхгүй. Түүнээс гадна олон хэрэглэгч холбогдсон байж байгаад сувгаа хаасны дараа, яг хэн нь хэнрүү шилжүүлэг хийснийг мэдэх боломж байдаггүй. Жишээн дээр тайлбарлая л даа, А хэрэглэгч, Б-тэй суваг үүсгэсэн байгаа, Б нь Г-тэй суваг үүсгэсэн байгаа гэж төсөөл. Энэ тохиолдолд А, Г 2-р Б-р дамжуулан нөгөө нөгөөрүүгээ шилжүүлэг хийж болно. Мөн Д нь Г-тэй сувгаар холбогдсон байгаа бол А, Д-рүү ч мөн шилжүүлэх боломжтой байна. Хэдийгээр энэ мэтээр тэлвэл шилжүүлгийн сүлжээ үүсч ч болно. Гэвч, суваг хаагдсаны дараа А-г бусад хэрэглэгчдийн хэнрүү хөрөнгөө шилжүүлснийг олж мэдэхэд төвөгтэй болсон байна.
Хэрхэн ажилладаг вэ?
Зангилаа хооронд суваг татаад, түүгээрээ холбогддог гэж дээр тайлбарласныгаа илүү лавшруулан судлацгаая.
Олон гарын үсгийн хаягууд
Multisignature (multisig) буюу олон гарын үсгийн хаяг гэдэг нь олон далд түлхүүрийг 1 дор нэгтгэн хэрэглэх боломжтой хаягийн төрөл юм. Ийм төрлийн хаягыг анх үүсгэхдээ, хичнээн далд түлхүүрээс хөрөнгө гаргах боломжтой байх, хичнээн нь гүйлгээ баталгаажуулахад хэрэглэгдэх зэргийг тохируулж болдог. Жишээлбэл, 5-ын 1 хэлбэр нь 5 түлхүүрээс 1 нь гарын үсэг үүсгэж болох боловч, тэдгээрийн 1-ийг нь л хэрэглэж болно гэсэн үг. 2/3 гэвэл, хөрөнгөө хөдөлгөхийн тулд, 3 түлхүүрээс заавал ч үгүй 2 нь хэрэг болно гэсэн үг.
LN-ий хувьд, 2-оос 2 хэлбэрийн түгжээгээр хөрөнгийг хамгаалдаг. Хамгаалагдсан хөрөнгийг хөдөлгөхийн тулд түүнд холбогдох 2 талын 2-уулангынх нь түлхүүрүүд хэрэг болно. Өөрөөр хэлбэл тэд 1 дундын 1 хаягтай, түүндээ харгалзах боловч тус тусын 1, 1 түлхүүртэй байна гэсэн үг. 2 тал харилцан зөвшөөрөх хүртэл хөрөнгө тэрхүү хаягаас гарах боломжгүй байх юм. Энэ нь 1 ёсны харилцан итгэлцлийн баталгаа, луйврын хамгаалалт болж байгаа.
Жишээгээр тайлбарлая л даа. А, Б 2 тодорхой хугацаанд, тогтмол харилцан шилжүүлэг хийх шаардлагатай болсон учир, дундаа суваг үүсгэж, тэндээ 3, 3 BTC байршуулсан байг. Шилжүүлэг хийх бүртээ тэр талаарх тэмдэглэлээ тэд тус тусын хуудас (дэвтэр) дээр тэмдэглэнэ. Шилжүүлэг хийлгүйгээр, тэмдэглэл хөтлөж байгаад, эцэст нь түүнтэйгээ тулгаад, сувгаа хааж болдоггүй юм уу гэж Та магад гайхаж байж болох юм. Тэгж болно оо, гэхдээ тэгэх нь эрсдэлтэй учир заавал ч үгүй, шилжүүлэг хийгдсэний дараа бүртгэл хийнэ.
Ямар эрсдэлтэйг доор жишээн дээрээ үргэлжлүүлэн тайлбарлав. А бүх хөрөөнгөө Б-д шилжүүлчихсэн байх ёстой, тэгнэ ч гэж хэлсэн. Гэхдээ яг сувгаа хаах болоход, А зөрүүдлээд, миний дансанд л байгаа бол, минийх, би энийгээ өгмөөргүй байна гээд эхэлвэл асуудал үүсч байгаа биз? Б авах ёстой учраас авах гэж үзнэ, А-г 3 BTC-тэйгээ гарах гэвэл, тэр зөвшөөрөхгүй шүү дээ.
Хэшийн цаглабар гэрээ
Hash Timelock Contracts (HTLCs) нь дээрх асуудлыг шийдвэрлэх зориулалттай буюу аль 1 талыг дүрэм зөрчөөд эхлэвэл, нөгөө талд давуу эрх олгох зориулалттай.
Уг гэрээ нь hashlock, timelock гэсэн 2 технологийг нэгтгэж бүтсэн бөгөөд сувгууд дахь зөрчилдөөнийг хянан шийдвэрлэх үүрэгтэйгээр оролцдог.
Хэшийн түгжээ
Hashlock гэдэг нь, нууц өгөгдлийн тусламжтайгаар л хөрөнгөө илгээх боломжтой байх эсэхийг зохицуулдаг нөхцөл юм. Илгээгч нь нууц өгөгдлөө хэшлээд, түүнийгээ гүйлгээн дотроо хавсаргаад илгээх ба хүлээн авагч нь тухайн нууц өгөгдлийг олж авч, хэштэй нь тулгаж баталгаажуулах хүртлээ тухайн хөрөнгийг нь зарцуулах эрхгүй байна гэсэн үг.
Харин timelock гэж, тодорхой хугацааг хүртэл хөрөнгөө хөдөлгөх эрхгүй байх тэр нөхцлийг тодорхойлдог. Тэрхүү хугацааг бодит цаг, минутаар эсвэл блокын өндрөөр хэмжинэ.
Дээрх шинжүүд нь HTLC-ийг нөхцөлт төлөлтийн хэлбэрээр ашиглах боломжтой болгож байгаа. Энэ талаар дараагийн бүлэгтээ жишээний хамтаар тайлбарлана аа.
Суваг хаах/нээх
Суваг доторх гүйлгээнүүд нь Блокчэйн дээр бичигдэхгүй байгаа учир бичихээс өмнө 1 алхмыг заавал ч үгүй гүйцэтгэх хэрэгтэй болно.
Өмнөх жишээнээсээ үргэлжлүүлээд тайлбарлая. Б бүх 6 зоосыг сувгаас гаргах болвол А зайлшгүй зөвшөөрөл олгох шаардлагатай ба тэгэхийн тулд Б, 6 зоосны гүйлгээгээ өөрийн хаягруу, өөрийн ДГҮ-ээр баталгаажуулж илгээх хүсэлтийг А-д уламжилна. Хэрэв А түүнийг нь хүлээн зөвшөөрч, ДГҮ-ээ хавсаргачихвал, гүйлгээ баталгаажна.
Гэвч, А татгалзвал, Б-ын хөрөнгө тэр чигтээ түгжигдэх аюулд орно. Азаар ийм аюулаас сэргийлэх зориулалттай олон хэсэг бүхий хамгаалалтын шийдэл хэдийнэ тусгагдсан байдаг ба, түүнтэй одоо танилцацгаая.
2 тал, 2-уулаа 1, 1 нууц өгөгдөл эзэмшиж байх ёстой бөгөөд, тус бүрдээ тэдгээрээс нууц өгөгдлөөсөө үүсгэсэн хэшийг харилцан солилцоно.
Мөн, 2 тал, multisig хаяг доторх гүйлгээнүүдийнхээ өмнө баталгаажуулах гүйлгээнүүдийг заавал хийх шаардлагатай. Тэгсний үндсэн дээр аль 1 тал нь хөрөнгийг "барьцаалвал", нөгөө талд давуу эрх олгох нөхцөл бүрэлдэнэ.
Бүртгэлээ, хуудас цаас эсвэл дэвтэр дээр бичиж байгаа гэсэн жишээн дээрээ авч үзвэл, баталгаажуулах гүйлгээ нь 2 талын үлдэгдэл хөрөнгийн хэмжээ зөв байгааг тулган шалгаж, тэмдэглэсэн тэмдэглэл нь болох юм.
Хөрөнгөө оруулах үед А хэрэглэгч дараах 2 бүртгэлийг хийнэ. Үүнд:
- Өөрийн хөрөнгөний үлдэгдэл дүн;
- Multisig дотор түгжигдсэн буюу, нөгөө талын баталгаажуулалтыг хүлээж байгаа, гүйлгээнд орсон дүн;
Б хэрэглэгч ч мөн адил бүртгэл хийнэ.
Ердийн үед байсан бол А, Б-н гүйлгээг баталгаажуулаад л, тухайн гүйлгээ нь амжилттай хэрэгжчих ёстой байсан. Гэвч 2-оос 2 хэлбэрийн баталгаажуулалт шаардагдаж байгаагын дээр, multisig хаяг маань хоосон байгаа учир тэгж болохгүй. Жишвэл, 1 ч төгрөггүй, хоосон данснаасаа мөнгө татах гээд байгаатай адил юм. Тэгэхээр тэдний байршуулах гээд байгаа хөрөнгө нь multisig үүсч, ажиллагаанд орсны дараа л тийш шилжих боломжтой болно гэсэн үг.
Шинэ үүсч буй multisig хаяг нь дараах өвөрмөц шинж чанаруудтай байна.
- 2 тал хамтран баталгаажуулдаг;
- 1 тал нь удаад байвал, нөгөө тал нь тодорхой хугацааны дараа хөрөнгөө хөдөлгөх эрхтэй болдог;
- Нөгөө талын нууц өгөгдлийг олоод мэдчихвэл, тэр тал нь дундын хөрөнгийг бүрэн удирдах эрхтэй болно;
Гэхдээ нууц өгөгдлөө өөрөө л зарлаж, задруулчихгүй бол нөгөө тал нь олох бараг боломж байхгүй. Мөн, нөгөө талаас ирүүлсэн хүсэлтийг баталгаажуулчих л юм бол, дараа нь буцаана гэсэн ойлголт байхгүй. Хүсэлт баталгаажсан л бол, тухайн хөрөнгийг эзэмшигч нь хүссэнээрээ захиран зарцуулах эрхтэй болдог гэдгийг санууштай.
2 тал өөрийн дансны дүн, айлын дансны дүнг тус бүрт нь бүртгэх 2, 2 бүртгэл хөтлөж байгаа учир залилан гарахгүй гэсэн баталгааг 100% олгож чадаж байгаа юм.
Multisig хаяг үүсмэгцээ харгалзах зооснуудыг талуудад хуваарилна. Жишээгээр бол 2 тал тэнцүү буюу 3, 3 зоос байршуулсан байгаа.
А хэрэглэгч, Б-рүү 1 зоос шилжүүлсэн үед, бүртгэл нь доорх хэлбэрээр бичигдэнэ.
Тодорхойлбол, А-ын эхний бүртгэл нь түүнд үлдэж байгаа 2 зоосыг, 2 дахь бүртэл нь Б-ын баталгаажуулалт хийгдэхийг хүлээж буй, гүйлгээнд орсон 4 зоос байгааг тэмдэглэсэн байна. Нөгөө талд мөн адил.
2 талын аль нь ч хэдийд ч сувгаа хааж, эзэмшлийн хөрөнгөө Блокчэйнрүү гаргаж, бүртгүүлэх боломжтой байна. Гэхдээ, эхэлж хүсэлт гаргаж байгаа тал нь, тухайн хүсэлтээ ДГҮ-ээрээ баталгаажуулаад илгээж байгаа тул, нөгөө тал хариу баталгаажуулалгүйгээр, хөрөнгөө гаргах эрхтэй болно гэдгийг анхаараарай. Энгийнээр бол, А өөрийн 2 зоосоо гаргах хүсэлт гаргахдаа л Б-ын 4 зоос нь өөрийнх биш гэдгийг хүлээн зөвшөөрдөг учир, нөгөө тал зөрүүлж баталгаажуулахгүйгээр 4 зоосоо гаргаж авах боломжтой болно.
Түүнчлэн, нөгөө тал баталгаажуулаагүй тохиолдолд цаг дуустал хүлээх шаардлагатай болдог учир, 2 тал харилцан тохиролцож, нэгэн зэрэг баталгаажуулвал илүү зохино.
Булхайцахаас яаж сэргийлдэг вэ?
А хэрэглэгч 1 л зоостой үлдсэн байлаа гэж бодъё. Б-ээс ирсэн суваг хаах хүсэлтийг баталгаажуулахдаа, урьдны 3-тай байсан үеийн бүртгэлээ ашиглачихвал яах вэ? Нэгэнтээ Б-н талаас баталгаажуулчихсан хүсэлт илгээсэн юм чинь, дүнг нь солиод биччихэд А хожчих юм биш үү? гэж Та магадгүй гайхаж байж болох юм.
Тийм бол, Та зөв боджээ. Б тэгж чадна, тэгэхэд нь түүнийг юу ч зогсоож чадахгүй. Гэхдээ, хэрэв Б тийм үйлдэл хийвэл, тэр өөрийн үлдсэн бүх хөрөнгөө алдах эрсдэлтэй. Яаж вэ? гэхээр, А хэрэглэгч, Б-н хүсэлтийг өөрчилсөн нь шинэ хүсэлт үүсгээд, зөрүүлж илгээсэнтэй адилд тооцогдоно. Энэ нь А-ын талд түүний илгээсэн хүсэлтийг баталгаажих хүртэл хүлээлгэх тоолуурыг ажиллуулна. Тэр үед Б-д хөрөнгөө гаргах эрх нь, А-ын хүсэлтийн хамт ирсэн байх боловч, ингэхдээ хүсэлтүүдийн дүнгийн зөрүүнээс шалтгаалан дундын данс бүхэлдээ нээгдсэн байна. Ийнхүү Б хүсвэл дундын дансыг хоослох боломжтой болж байхад, А хүлээгээд л сууж байна гэсэн үг. Энэ шийтгэл нь булхайцах гэж оролдохоос сэргийлэх гайхалтай шийдэл болсон байгаа биз.
Төлбөр дамжуулах
Дээр энэ талаар цухас дурьдсан байгаа. Одоо харин дэлгэрүүлж үзье. Сувгууд нь өөр хоорондоо холбогдох боломжтой бөгөөд тэгэх боломжтой байсны хүчинд л LN магадгүй хэрэглэхүйц гэж тооцогдож байж болох юм. Ирэх сард өдөр бүр боргол (coffee) авч уух учраас урьдчилж сая төгрөгийг тухайн борголын газарт тушаахгүй биз дээ? Үүнтэй л яг 1 адил ойлголтын талаар яриад байгаа юм шүү дээ.
Хэрэв холбогдох суваг ямар 1 байдлаар үүссэн л байвал А хэрэглэгч, Ю хэрэглэгчтэй, Д, Н, Р, С, Х гээд тухайн холбогдсон сувгыг үүсгэж байгаа хэрэглэгчдээр дамжуулаад Ю-рүү шилжүүлэг хийж болно, заавал шинээр А-Ю суваг үүсгэх шаардлагагүй юм.
Ингэж дамжуулж өгснийхөө төлөөсөнд багахан шимтгэл авч болно, авахгүй ч байж болно. Үүний шалтгаан нь, LN нь гараад удаагүй байгаагын дээр, шимтгэлийн хэлбэр, дүнг тусгаж өгөөгүй байгаатай холбоотой. Яваандаа хөрвөх чадвараас уялдаатайгаар, шимтгэлийн хэмжээг тогтоодог болох байх гэж таамаглаж байна.
Үндсэн хэлхээн дээр бол гүйлгээний тань мэдээлэл блокт хэр их зай эзлэж байгаагаас шимтгэлийн хэмжээг хамааруулж тооцдог. Өөрөөр хэлбэл хэр их дүнг шилжүүлж байгаагаас огт хамаарахгүй гэсэн үг. Гэтэл LN-ийн хувьд, блокын багтаамж гэсэн ойлголт байдаггүй.
Түүний оронд, local balance, remote balance буюу суурь дүн, алслагдсан дүн гэсэн ойлголтууд л бий. Суурь дүн гэдэг нь Таны шилжүүлж чадах дүн, харин алслагдан дүн гэдэг нь сувгын нөгөө үзүүр дээрх хэрэглэгчийн хянаж буй дүн юм.
Дээрх жишээ зурагт, суваг бүрт 1 BTC хөрөнгө байршсан байгаа ба А хэрэглэгч 0.7 BTC-тэй, Ц хэрэглэгч 0.3 BTC-тэй байна. Хэрэв тэд сувгаа одоо хаавал эдгээр дүнгүүдээ гаргаж авч болно.
Хэрэв А хэрэглэгч, Ф хэрэглэгчрүү 0.3 BTC шилжүүлвэл, зургын доод хэсэгт харуулсанчлан, Ц хэрэглэгчрүү тэрхүү дүн нь шилжиж, Ц болон Ф хэрэглэгчийн дүнгүүд адил дүнгээр гүйлгээ хийх буюу 2 дахь суваг дээрх Ц-ын данснаас 0.3 BTC, Ф-рүү илгээгдэнэ. Ингэснээр, Ц хэрэглэгчийн нийт хөрөнгийн дүн огт хоргодохгүйгээр, бусдын гүйлгээг дамжуулж өгөх боломж бүрдэнэ.
Энд гэхдээ, Ц болон Ф хэрэглэгчдийн дундын суваг дахь Ц-ийн данс ихээхэн хомсдсон байгааг анхаарах хэрэгтэй. Ф хэрэглэгч их том сүлжээний хэсэг байж таараад, А-аас дахин Ф-рүү 0.4 BTC шилжүүлвэл, Ц-д түүнийг нь дамжуулж өгөхөд 0.3 BTC дутна шүү дээ.
Дээрх тохиолдолд А хэрэглэгч, Ц-н хөрвөх чадварыг үгүй хийж байна, гэтэл Ц хөрвөх чадвараа алдахыг огтоос хүсэхгүй нь тодорхой. Тэгэхээр энэ асуудлыг Ц, шимтгэл хураах хэлбэрээр шийдвэрлэж болно. 1 BTC шилжүүлэх бүртээ 10 сатоши гэх мэтээр зохицуулсан тохиолдолд, хөрөнгөө зарах бүртээ, бага багаар ашиг хийгээд байх боломжтой.
Гэвч, шимтгэл төлөхөөс цааргалвал, хүлээн авагчтайгаа шууд суваг үүсгэх эрх бүгдэд нээлттэй. Тэр талаас нь бодоод үзвэл шимтгэлийн хэмжээг өндөр байлгах нь эргээд сувгаар нь гүйлгээ хийгдэх магадлал буурна гэсэн үг. Үүнээс гадна, дамжуулж өгөхдөө шимтгэл авахгүй байгаа хэн нэг "тусч" хэрэглэгч байвал, түүнээр дамжуулахыг илүүд үзэх нь дамжиггүй.
Учир дутагдалтай талууд
Хэрэв LN Биткойнын өргөтгөлтэй холбоотой бүх асуудлыг шийдэж чадах байсан бол тун гайхалтайяа. Харамсалтай нь, бүх зүйл давуу болон, сул талууд зэрэг орших юм даа.
Хэрэглээ
Биткойныг ямар ч мэдлэггүй, шинэ хэрэглэгч шууд ашиглаад эхлэнэ гэдэг ярвигтай. Хаягууд, шимтгэл гээд л олж авсан байх хэрэгтэй суурь мэдлэгүүд шаардагддаг ч, хэтэвч нь уламжлалт системтэй адил сэтгэгдлүүд төрүүлж болох юм. Хэтэвчний аппаа татаад суулгалаа, хаягаа хуулж өгөөд л, тэр дээрээ төлбөрөө хүлээгээд авчихна гэхээр, дансруугаа мөнгө татахтай адил.
Гэвч LN-н хувьд энэ нь одоохондоо боломжгүй байгаа. Учир нь LN нь Биткойнын бүхэл зангилаан дээр л ажилладаг буюу хэтэвчний аппуудын суурилсан жижиг зангилаан дээр ажиллах боломжгүй юм.
Түүнээс гадна, LN дээр гүйлгээ хийхийн тулд эхлээд сувгаа үүсгэсэн байх шаардлагатай. Энэ бүх ажиллагаа нь багагүй цаг хугацаа шаардах тул шинэ хэрэглэгчдэд төвөгтэй санагдаж болно. Гэвч эдгээр асуудлууд яваа яваандаа, бага багаар засагдан, сайжрахыг үгүйсгэх боломжгүй юм.
Хөрвөх чадвар
Хэрэглэгчийн хөрвүүлэх чадвар хязгаарлагдмал байдал нь LN-н гол дутагдлуудын 1 маргаангүй мөн. Сувагтаа түгжсэнээсээ илүүг зарцуулах боломжгүй бөгөөд суваг дахь хөрөнгө шавхагдсан үед, сувгаа хаах шаардлагатай тулгарна. Хаахгүй гэвэл, тухайн сувгаар гүйлгээ орж ирэхийг хүлээх хэрэгтэй гэсэн үг.
Мөн, сувгын чадамжинд баригдсанаас үүдэн, гүйлгээ хийхэд саад учрах боломжтой. Жишээлбэл, А болон Б хэрэглэгч хоорондын суваг нь 5 BTC-н чадамжтай байлаа гэж төсөөлье. Гэтэл, Б болон Г хэрэглэгчдийн дундах суваг 1 BTC чадамжтай байвал, А хэрэглэгч, Г-рүү (мөн Г-ээр дамжих бүх хэрэглэгчидрүү) 1-ээс илүү BTC шилжүүлэх боломжгүй болж байгаа юм. Ихээр шилжүүлж болохоор байлаа ч Б, Г хэрэглэгчдийн суваг дээрх Б-ын хөрөнгөний хэмжээнд бас баригдана гэдгийг бас санах хэрэгтэй. Эдгээрээс ажиглахад л, LN хэрэглээнд нэвтрэх хүртэл өдий байгаа мэт санагдаж болохоор байна.
Төвлөрөл
Дээрх бүлэг сэдэвт хөндсөнчлөн, LN нь нилээд замбараагүй, эрээлжсэн сүлжээ үүсгэх нь тодорхой. Хэдийгээр, ийм чөлөөт холболт нь давуу талыг олгох боловч, нөгөө талаас гүйлгээг их олон сувгаар дамжихад хүргэж бас болно. Мөн тэгж дамжиж явах зуурт аль 1 хэрэглэгч сүлжээнээс салгагдчихвал, тухайн сувгаар дамжиж байсан, дамжих ёстой бүх гүйлгээнд саатал учирна.
LN-н өнөөгийн төлөв
Өдгөө 15'000 гаруй идэвхтэй зангилаа, 50'000 орчим сувагтай болсон байгаа бөгөөд нийтдээ 1'000 гаруй BTC-ийн хөрөнгө төвлөрөөд байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation