Wallet гэж юу вэ?

Крипто хөрөнгөө хадгалах wallet буюу хэтэвчээ сонгоход тань туслах үүднээс энэхүү нийтлэлийг бэлтгэлээ.

Товчхондоо бол, Блокчэйнийн сүлжээтэй харилцахад хэрэглэж болох бяцхан багаж. Харин, энгийнээр бол крипто валют хадгалах түрийвч.

Үндсэн 3 төрлийн хэтэвч бий.

  1. Програм хангамж;
  2. Техник хангамж;
  3. Цаас;

Гэвч ажиллах хэлбэрээр нь 2 ангилж болно.

  1. Hot буюу халуун (интернэт холбогдож ажилладаг);
  2. Cold буюу хүйтэн (интернэт холбогддоггүй);

Өнөө цагт, дийлэнх хэтэвчнүүд нь програм хангамж хэлбэрээр хөгжүүлэгдсэн байгаа ба үүний шалтгаан нь, тэдний техник хангамжинд түшиглэсэн хэтэвчээсээ илүү хялбар байдагтай нь холбоотой. Гэвч, техник хангамжинд суурилсан хэтэвч нь илүү найдвартай юм. Харин, цаасан хэтэвч гэж, хэвлэмэл хэлбэрээр хадгалах арга байдаг боловч, өдгөө энэ аргыг найдваргүйд тооцож, хэрэглээнээс бараг бүр мөсөн халаад байна.

Хэтэвч яаж ажилладаг вэ?

Олонхын итгэж байдаг шиг, хэтэвчнүүд нь хөрөнгийг хадгалж байдаггүй бөгөөд тэд Блокчэйнтэй холбогдоход хэрэглэгддэг буюу гүйлгээ хийхэд шаардлагатай мэдээллүүдийг үүсгэж байдаг юм. Мөн, хаягил болон далд түлхүүрийн мэдээллүүд агуулагдана. Тиймээс хэтэвчээ солиход хялбар, хурдан байдаг ба далд түлхүүрээ (эсвэл үр үгс) мэдэж л байгаа бол, төхөөрөмжөө сольж хэрэглэх бүрэн боломжтой.

Зоос хэзээ ч Блокчэйнийг орхидоггүй, харин 1 хаягаас, нөгөөрүү шилжиж байдаг.

Халуун ба хүйтэн хэтэвч

Гар утасны болон компьютерийн хэтэвчүүд нь програм хангамж бөгөөд тэдний дийлэнх нь заавал ч үгүй, интернэт холбогдож байж гүйлгээ хийх/хүлээн авах боломжтой болдог. Ийм төрлийн хэтэвчийг online буюу халуун хэтэвч гэх бөгөөд шинээр үүсгэх, доторх хөрөнгөө харах, удирдахад маш хялбар байдаг учир, арилжаачин эсвэл хөрөнгөө тогтмол хөдөлгөж байдаг хэрэглэгчдэд нэн тохиромжтой.

Хүйтэн хэтэвч нь, интернэт холбогдох шаардлагагүй ба ихэвчлэн биет буюу төхөөрөмжинд суурилагдсан байна. Тэр ч утгаараа, энэ төрлийн хэтэвчүүдийг нь цахим халдлагаас хамгаалагдсан, илүү найдвартайд тооцдог. Тиймээс, HODL хийгчдэд илүү тохиромжтой юм.

Програм хангамжин хэтэвч

Ийм төрлийн хэтэвчүүд түмэн янз, буман загвараар гарсан байгаа. Веб, гар утасны апп, компьютерийн програм гээд л байж болох бүхий л хэлбэрээрээ, өөр өөрийн өвөрмөц хэв шинжээр бүтээгдсэн, хамгийн түгээмэл хэрэглэгдэж, хөгжүүлэгдэж буй төрөл нь энэ юм.

Веб хэтэвч

Browser буюу интернэт хөтөч програмаасаа шууд хандах боломжтой хэтэвч нь юу ч татахгүй, юу ч суулгахгүй гэдгээрээ давуу талтай бөгөөд үүнд арилжааны биржийн хэтэвч, бусад хөтөч дээр суурилсан крипто хадгалах үйлчилгээ үзүүлэгчдийн хэтэвчүүд цөм хамаарна.

Ихэнх тохиолдолд, бүртгэл болон түүнд харгалзах нууц үгийг тохируулаад л ийм хэтэвчтэй болох боломжтой байдаг. Гэвч, зарим хэтэвчүүд нь хэрэглэгчийн хөрөнгөрүүгээ хандах далд түлхүүрийг нь өөр дээрээ эзэмших нь бий. Ингэх нь шинэ, туршлагагүй хэрэглэгчдэд тустай боловч, аюул дагуулж болзошгүй байдгыг анхаарах хэрэгтэй. Далд түлхүүрээ өөрөө эзэмшихгүй байна гэдэг нь, мөнгөө хүнд өгч хадгалуулахтай адил ойлголт юм. Найдвартай байдлыг нэмэгдүүлэх үүднээс сүүлийн үед, ийм төрлийн хэтэвчүүд нь 1 бол далд түлхүүрийг эзэмшихээ больж, үгүй бол олон түлхүүр тохируулан хэрэглэдэг болоод байгаа. Тиймээс, хэрэв энэ төрлийн түлхүүрийг хэрэглэхээр сонгосон бол, ийм төрлийн хэтэвчийн үйлчилгээг санал болгогч вебүүдээ багахан цаг гаргаж судлаарай гэж зөвлөмөөр байна.

Мөн, урт хугацаагаар хадгалах гэж байгаа бол, арилжааны бирж дээр хадгалах нь сайн санаа биш гэдгийг анхаараарай. Хэрэв, заавал арилжааны веб дээр хадгална гэж шийдсэн бол Байнанс мэтийн Олон алхамт нэвтрэлт, Фишингийн хамгаалалттай, хөрөнгөө гаргаж авах хаягуудаа зөвшөөрсөн жагсаалт үүсгэж бүртгэдэг зэрэг аюулгүй байдлыг өндөрт тавьдаг биржийг сонгож үйлчлүүлэхийг хичээнэ үү.

Компьютер дээрх хэтэвч

Компьютер дээр татаж, суулгаж, тохируулж ашигладаг хэтэвч болох нь нэрнээсээ ойлгогдож байгаа байх. Ийм төрлийн хэтэвч нь ил, далд түлхүүрүүд болон хөрөнгөө хянаж, захиран зарцуулах бүрэн эрхийг олгодог. Хэтэвчний програм дээр шинэ хэтэвч үүсгэх үед wallet.dat нэр болон өргөтгөлтэй файл үүсдэг ба уг файл дотор далд түлхүүрийг хадгалж, нууцлан, нууц үгээр хамгаалсан байдаг.

Хөрөнгөө харах, хөдөлгөх бүртээ тохируулсан нууц үгээ оруулах шаардлагатай байдаг ба нууц үгээ мартсан тохиолдолд сэргээх, хөрөнгөө удирдах боломжгүй болох эрсдэлтэйг анхаар.

Түүнчлэн, уг wallet.dat файл устах эсвэл гэмтсэн тохиолдолд, мөн адил хөрөнгөө бүрэн алдах аюултай тул, тогтмол өөр газарлуу хуулж, нөөцлөж байвал зохино. Файл зөөхөөс төвөгшөөж байвал, үр үгс эсвэл далд түлхүүрээ л найдвартай газар хадгалсан ч болно.

Компьютер дээрх хэтэвчүүд нь, веб хэтэвчээс найдвартайд тооцогдох хэдий ч, элдэв өт/virus болон тандагч, хорлон сүйдлэгч програм хангамжинд өртөөгүй байгаа эсэхийг сайтар нягтлаж, сайтар хамгаалж байх хэрэгтэй юм шүү. Эс бөгөөс, цахим халдлагад өртөх, хөрөнгөө алдах эрсдэлтэй.

Гар утасны хэтэвч

Компьютерийнхтэй төстэй боловч ухаалаг утсанд зориулагдан бүтээгдсэн аппууд энэ ангилалд хамаарна. QR кодын тусламжтайгаар гүйлгээ хийх боломжыг олгодог нь, ажиллагааг хөнгөвчилдөг давуу талтай.

Өдөр тутам гүйлгээ хийдэг хүмүүст нэн тохиромжтой боловч, аюулгүй байдал нь, суусан байгаа төхөөрөмжөөсөө шууд хамаарна. Хэрэв элдэв хорлон сүйтгэгч апп суусан байгаа бол хөрөнгөө алдах эрсдэл ихсэхийг анхаараарай.

Дараа дараагийн нийтлэлдээ ямар ямар аюул учирч болох, тэдгээрээс хэрхэн сэргийлэх боломжтой талаар 1 бүрчлэн танилцуулна аа.

Төхөөрөмжин хэтэвч

Биет, цахилгаан хэрэгсэл байх бөгөөд интернэтэд холбогдолгүйгээр ажиллана. Энэ төрлийн хэтэвчүүд нь эдүгээ цагийн хамгийн найдвартай хэтэвчинд тооцогдож байгаа боловч, firmware буюу суурь програмын алдаа эсвэл техник эд ангийн гэмтлээс шалтгаалан найдвартай байдал нь алдагдах боломжтой. Түүнчлэн, хэрэглэхэд бага зэрэг төвөгтэй, ойлгомжгүй санагдаж болзошгүйн дээр, гүйлгээ хийхэд чамгүй ажиллагаа шаардагддаг зэрэг сул талуудтай байдаг.

Ийм төрлийн хэтэвч нь урт хугацаагаар HODL хийхээр төлөвлөж буй эсвэл ихээхэн хэмжээний зоостой хэрэглэгчдэд тохиромжтой. Мөн, төхөөрөмжин хэтэвчтэй хэрэглэгчдийн хувьд, арилжаанд оролцохдоо DEX биржийг сонгож хэрэглэвэл зохино. Одоогоор, энэ төрлийн хэтэвчүүд нь PIN кодоор хамгаалах боломжтой байгаа ба хэтэвчиндээ хандах боломжгүй болсон үед сэргээх түлхүүрүүдийг үүсгэдэг.

Цаасан хэтэвч

Хаяг болон далд түлхүүрийг QR кодонд хөрвүүлэн, түүнийгээ цаасан дээр хэвлэж хадгалсан байвал энэ нь цаасан хэтэвч юм. Түүнийг уншуулаад шууд гүйлгээ хийж болох бөгөөд энэ төрлийн үйлчилгээ үзүүлэгч вебүүд нь интернэтгүй үед ч, шинэ хаяг үүсгэн хэрэглэх код татаж авах боломжыг олгодог.

Мэдээж цаасан дээр хэвлэгдчихсэн байгаа учир, хак-дуулах ямар ч боломж байхгүй. Гэхдээ, олон өөр хүчин зүйлсээс шалтгаалан энэ төрлийн хэтэвчийг хэрэглэхээс татгалзах нь ихсээд байгаа. Тэдгээр дутагдлуудыг доор жагсаав.

  1. Доторх хөрөнгийг хувааж илгээх боломжгүй, заавал бөөн илгээгдэнэ.
  2. Хөрөнгөө өөр хэтэвчрүү татаад, тэндээсээ тодорхой дүнг нь салгаж илгээлээ ч, change address буюу хариулт хүлээж авах хаяг дээрээ өөрийн хаягыг тохируулж өгч байж бусад дүнгээ салгаж, гаргаж авах боломжтой болно. Тэгээгүй тохиолдолд, зааж тохируулсан байсан ч, бүх дүн хүлээн авагчийн хаягт илгээгдэнэ. Жишээлбэл, Та 10 BTC-тэй байгаад түүнийхээ 2-г хүнд өгөхөөр тохирсон байлаа гэж бодъё. Хариулт авах хаяг зааж өгөөд шилжүүлсэн бол 10 BTC-ийн 2 нь хүлээн авагчийн дансанд, 8 нь хариултын хаяг дээр очно гэсэн үг. Дотор нь агуулагдаж буй хөрөнгийг заавал ингэж бүрэн шилжүүлдэг учир тухайн хэвлэгдсэн QR кодыг дахин хэрэглэх боломжгүй.
  3. Урагдах зэргээр үрэгдэх эрсдэл нэн өндөр.

Зайлшгүй нөөцлөж байх хэрэгтэй юу?

Крипто хөрөнгөндөө хандаж чадахгүй болвол, тэгээд л "тэнгэр хол, газар хатуу" гэдэг нь болно гэж мэд. Сэргээх боломжыг олон талаас нь эрэлхийлж, шийдвэрлэсэн байдаг ч, тэр бүр үр дүн өгөөд байхгүй учир алсдаа өөрийнхөө хариуцлагагүй байдлаас болж, мөнгө төгрөгөө алдахгүйн тулд эртнээс сэрэмжтэй, хянуур хандах хэрэгтэй.

Сайн нуух нь зөв боловч, тэр нууцаа өөрөө мартчихгүй байх хэрэгтэйг бас анхаараарай. Бас, үр үгсээ сайтар нөөцөлж, хамгаалж хадгалахдаа, давхар нууц үг тохируулсан бол, түүнийгээ ч бас нандигнаж, найдвартай хадгалах хэрэгтэй шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!