Крипто тайлбар толь [14-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Алмазан гарт
Diamond hand - Туйлын өндөр алдагдалтай тулгарсан эсвэл асар их ашиг олох боломж олдсон байсан ч, нээсэн төлвөө хаахгүй буюу алдагдлаа хүлээн зөвшөөрөхгүй эсвэл хөрөнгө оруулалтынхаа өгөөжөө авахгүй, HODL хийсэн хэвээр байдаг хүнийг ийн нэрийднэ. Өөрөөр хэлбэл, сул гартны яг эсрэг байр суурьтай байдаг хүнийг ийнхүү тодорхойлно.
Жилийн хүү
1 жилийн хугацаанд, хадгаламжын бүтээгдэхүүнээс олох ашгийг annual percentage yield (APY) гэнэ.
Банкны хүү 13% хүртэл байдаг бол, крипто валютанд 500% хүрэх ч боломжтой. Гэхдээ, тухайн веб болон үйлчилгээ, аппаа сайтар шалгаж байж хөрөнгө оруулаарай, криптогоо залилуулчихвал, эргүүлж авна гэдэг үлгэр шүү!
CEX
Уламжлалт системээр арилжааны үйлчилгээ эрхэлдэг газар, веб, байгууллага, аппыг centralized exchange буюу төвлөрсөн бирж гэдэг. Уламжлалт гэдэг нь, дундын зууч, хянан зохицуулагчийн буюу 3 дагч талын оролцоотой байдлыг тодорхойлж байгаа. Өнөөгийн бараг бүхий л төрлийн хөрөнгийн арилжааны талбарт энэ хэлбэрийн бирж ноёлож байгаа ба крипто валют болон бусад цахим хөрөнгийн арилжааны хувьд, ихэвчлэн хөрөнгөө уг хянагчийн дансанд байршуулах замаар, аль 1 тал зүй бус үйлдэл гаргахаас сэргийлдэг.
Эрч
Тодорхой хугацааны туршид, ханшийн өсөлт эсвэл буултын чигээ барих чадварыг market momentum гэх ба энэ нь чиг хандлагын ундрага болдог. Эрч нь, тухайн хөрөнгийг арилжаалагчдын сэтгэл зүйгээс хамаарч үүсэх тул, TA-ний үзүүлэлт болон хэрэглэгдэх нь бий.
Эрчийг дан ганц ханшийн өөрчлөлтөөс бус, арилжааны тоо хэмжээнээс тооцоолно. Арилжааны хэмжээ их байх тусам, чиг хандлага батжиж, багасахын хэрээр сулардаг.
Эрч = одоогийн ханш - сүүлийн n өдрийн хаалтын ханш
Эрч дээр тулгуурлан тооцооллоо хийдэг RSI, Stochastic RSI, VWAP, MACD тэргүүтэй, TA-ний олон олон үзүүлэлтүүд байдаг.
Үнэ цэнээ хадгалагч
Store of Value - Хэр ч урт хугацаа өнгөрсөн, өөрийн үнэ цэнээ алддаггүй чанарыг ийн тодорхойлдог. Үнэ цэнээ тогтвортой барьдгаас гадна, удахын хэрээр өсөж байдаг хөрөнгийг мөн энэ ангилалд хамааруулна.
Үнэ цэнээ сайн хадгалагч хөрөнгөөс алсдаа их ашиг олох боломжтой. Тэгэхдээ, түүний үнэ цэнэ нь, тухайн хөрөнгийн худалдан авах чадвар эсвэл зах зээлийн үнэлгээгээр тодорхойлогдоно. Заримдаа мөн, үнэ цэнийг нь түүний хөрвөх чадвараар хэмжих нь ч бий.
Бараг бүх мөнгөн тэмдэгтүүд, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр буюу инфляцийн нөлөөгөөр үнэ цэнээ алдаж байдаг ч, инфляцийг эс тооцвол үнэ цэнээ хадгалагч гэж нэрийдэх нэгэн ч байдаг. Учир нь, хэвлэмэл мөнгөний худалдан авах чадвар маш алгуурхнаар өөрчлөгддөгийн дээр, цаасан дэвсгэртүүд нь өнөө цагийн хамгийн өндөр хөрвөх чадвартай хөрөнгө болоод байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч, өсөхөөсөө илүү, унах нь их тул үнэ цэнээ хадгалагч гэж хүлээн зөвшөөрөхөд бас хэцүү.
Харин, алт, мөнгө, зэс, гууль, алмаз зэрэг ашигт малтмал, үнэт чулуулгууд нь, жинхэнэ утгаараа үнэ цэнээ хадгалагч мөн. Нөөц нь хязгаарлагдмалаас гадна, удаан хугацаанд хадгалахад муудаж, шинж чанараа алддаггүй зэрэг нь ингэж үзэх гол шалтгаан болдог.
Биткойныг бас энэ төрөлд хамааруулж үзэх хүмүүс цөөнгүй бий. Үүний шалтгааныг ЭНД дараад, харгалзах тайлбар нийтлэлээс нь уншаарай.
Сэтлэлт
TA-ний үед, ханш, шал болон таазын шугам/бүсийг дайрч, нэвтлэн гарах үзэгдлийг breakout гэж хэлдэг. Сэтлэлт нь, ханшийн чиглэл цааш үргэлжлэхийг илтгэх нь их. Ялангуяа, түүнтэй зэрэгцэх арилжааны хэмжээ их байхын хэрээр, чиг хандлага хүчтэй байдаг. Арилжааны хэмжээ нь, ердийн үеийнхээс ялгарахгүй байсан ч, түүнийг хүчтэй дохионд тооцож болно.
Удаа дараагийн ханшийн тогтворжилт, дэгдэлтийн бууралтаас сэтлэлт үүсдэг. Тэгэхдээ, гурвалжин, туг, мөр болон толгой зэрэг загвараар хэрэгжих нь бий. Түүнчлэн, загвар үүсээд удахын хэрээр, сэтлэлтийн хүч нэмэгдэж байдаг ба, түвшнүүд тодорхой болох тусам, арилжаачдын SL зоох бүсүүд давхцаж, тэрхүү бүс сэтэрмэгц, ханшийн маш огцом, асар хүчтэй өөрчлөлт үүснэ.
Энгийнээр бол, тогтворжсон ханшаас, түүний шал болон таазыг тогтоох нь маш хялбар байх бөгөөд, тэдгээрийг сэтлэж байгаа нь, чиглэлээ цааш хадгалж, илүү ширүүн хөдлөхийг илтгэнэ.
Хэрэв, сэтлэснийхээ дараа, хурдтайгаар эсрэг чиглэж байвал түүнийг fakeout буюу хуурамч сэтлэлт гэдэг. Энэ үзэгдэл нь ихэнхдээ, буцаад байрандаа ирснээс дуусгавар болдог. Ийм хуурамч сэтлэлтийг танихын тулд, зарим арилжаачид их цаг дээрх сэтлэлтийг хүлээдэг ба хэрэв, их цаг дээр мөн адил сэтэрч байвал, тэр нь сэтлэлт бодит байсны нотлогоо болно. Өөрөөр хэлбэл, энэ нь шинээр үүссэн шал эсвэл тааз (чиглэлээс хамаарч) бас сэтлэгдэхийг хүлээнэ гэсэн үг.
Мөнгөний нэгж
Юмсын үнэ цэнийг баримжаалан хэмжих утгыг unit of account гэнэ. Эдийн засагт, мөнгөний нэгж нь, бараа таваар, үзвэр үйлчилгээ, эд хөрөнгийн үнийг хэмжих, мөнгөний гол үүргүүдийн 1 болдог.
Мөнгөний нэгжээр, бараг бүхий л зүйлийг хэмжиж, үнэлэх боломжтой. Хүмүүний эдэлж, хэрэглэж буй бүхнийг мөнгөний үнэ цэнтэй харьцуулах замаар, үнэлгээг нь тогтоох боломжыг энэ хэмжүүр бидэнд олгодог. Түүнчлэн, энэ чанарынх нь тусламжтайгаар бид, мөнгийг зээлдэж, зээлдүүлдгээс гадна, түүн дээр, орлого, ашиг, зардал зэрэг тоо тооцоолол гүйцэтгэж чаддаг. Өөрөөр тодорхойлвол, мөнгөний нэгж бидэнд, үйлдвэрлэл үйлчилгээ, арилжаа наймаа, хэрэглээний мэдээллийг тоон утгаар харах боломжыг бүрдүүлж өгдөг.
Гэвч, амьдрал дээр мөнгөний үнэ цэн инфляци, дефляци зэрэг эдийн засгийн үзэгдлүүдээс шалтгаалан тогтворгүй байх нь их. Тиймээс, мөнгөний нэгжийг найдвартай хэмжүүр гэж хэлэхэд заримдаа хэцүү болдог. Энгийнээр бол, өнөөдөр 1 см-ийн уртын хэмжүүрийн жишиг, маргааш 1 өөр, нөгөөдөр бүүр өөр болж тогтмол өөрчлөгдөөд байвал, өнөөдөр эхлүүлсэн хувцас эсгүүр, зам, гүүр, барилгын бүтээн байгуулалтын ажлуудыг маргааш үргэлжлүүлэн гүйцэтгэхэд ихээхэн замбараагүй байдал үүснэ дээ? Мөнгөний үнэ цэнийг хэмжих нь үүнтэй яг адил ойлголт юм.
Мөнгөний нэгжийг, эдийн засгийн уламжлалт тодорхойлолтонд, санхүүгийн тайланд тусгасан хөрөнгө эсвэл үүрэг зориулалтын, нягтлан бодох бүртгэлд заасны дагуу хэмжиж, үнэлэх нэгж гэж тайлбарласан байдаг. Тэгэхээр, уг хэмжүүрийн дүнг мөнгөний үнэ цэнээр баримжаалах буюу мөнгөтэй дүйцүүлэн хэмжих боломжтой.
Догдлол
Эдийн засгийн ухаанд, зах зээлийн төлвөөс хамаарсан сэтгэл зүйн асар хүчтэй мэдрэмжийг sentiment гэж нэрлэдэг. Энгийнээр бол, тухайн 1 хөрөнгийн үнэ ханшийн хөдөлгөөнөөс хамааралтайгаар бүрэлдэж буй, нийт хөрөнгө оруулагч болон арилжаалагчдын сэтгэл хөдлөлийг ингэж тодорхойлно.
Догдлол нь, FA болон TA-ний үзүүлэлтүүдээс хамаарсан мэдээлэл, сүүлийн үеийн мэдээ, ханшийн түүх болон бусад хүчин зүйлсээс шалтгаалан бүрэлддэг. Догдлолыг, богиноос, дунд хугацааны ханшийн өөрчлөлтийг илтгэх чанартай үзүүлэлт болдог гэж үзэх арилжаачид, шугам зураачид их бий. Хэт их догдлол үүссэн үед ханш чиглэлээ урвуулах боломжтой ба үүнийг нь таньж, өөрт ашигтайгаар хэрэглэж болдог тул догдлолыг шинжилгээний үзүүлэлт гэж үздэг.
Дийлэнхийн таамагласан ханшийн чиглэлтэй зөрж хөдөлдөг тул догдлолыг эсрэг үзүүлэлт гэж нэрлэж болно. Зах зээлийг сөрж арилжаалагчид энэ үзүүлэлтийн гол хэрэглэгч, ажиглагчид нь юм. Догдлолыг, ШУНАЛ болон АЙДАС гэсэн 2 гол сэтгэл хөдлөлөөр дүгнэх ба энэ үзүүлэлт нь арилжааны сэтгэл зүйн чухал хэсэг нь болдог. Сүүлийн үед, эдийн засаг болон санхүүгийн төлвийг судалдаг шинжлэх ухаанууд энэ үзүүлэлтийг илүү өндөр нарийвчлалтайгаар хэмжиж, тогтоохоор ажиллаж байна.
Харилцан хамааралтай ажиллах боломж
Interoperability - 1 Блокчэйн, нөгөөтэй ямар ч саадгүй холбогдож, нийцтэй ажиллах, харилцан 1, нөгөөгийнхээ боломж, хэрэглээг ашиглах чадамжыг ийн тодорхойлно.
Эрэлтийн хууль
Хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн тодорхой хэмжээний бараа, үйлчилгээг зохих үнээр нь авах чадамжтай байдлыг эрэлт гэж тодорхойлж болох юм. Эрэлт гэдэг ойлголтонд, бараа болон үйлчилгээний үнэ ханш, хэрэглэгчийн сонирхол болон бусад чухал хүчин зүйлсийг хамааруулж ойлгох нь зөв.
Нийлүүлэлт нэмэгдэхгүй байхад, хэрэгцээ шаардлага өсөөд байвал, хэн илүү төлж чадаж байгаа нь авах нь тодорхой. Эндээс дүгнэвэл, эрэлтийн хууль гэдэг нь, ханш өсөхийн хэрээр, худалдан авалт буурахыг зааж байна. Эсрэгээр, ханш буурах тусам, авах хэмжээ нэмэгдэнэ.
Эрэлтийн хуулийг судлах үед, эрэлтийн хуваарь гэсэн ойлголт гарч ирдэг. Нэгж барааг, өөр өөр үнээр худалдан авах, тоо ширхгийн хэмжээг энэ хуваариар тодорхойлно. Уг хуваарийг дотор нь, хувь хүний болон зах зээлийн гэсэн 2 төрөлд ангилдаг. Хувь хүний эрэлтийн хуваарь нь, өөр өөр хугацаанд, нэг бараа эсвэл үйлчилгээг тухайн хэрэглэгч хэр хэмжээгээр худалдаж авч чадахаар байгааг, зах зээлийн эрэлтийн хуваарь нь, бүх хэрэглэгчдийн чадамжыг харуулна.
Энгийнээр тодорхойлвол, эрэлтийн хууль гэдэг нь, хөрөнгийн үнэ цэн болон эрэлтийн хэмжээний харилцан хамаарлыг тодорхойлж байдаг. Эрэлтийн хууль нь, эдийн засгийн зарим үзэгдлүүдийг таамаглах боломж олгодог онцлогтойг энд дурьдахгүй өнгөрч болохгүй. Жишээлбэл, орон сууцны эрэлт буурч байвал, эдийн засаг тогтворгүйжиж эхэлсэн гэж ойлгож болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation