Эдийн засгийн ажиллах зарчим
Эдийн засаггүйгээр, хүн төрөлхтөний амьдралыг төсөөлөх боломжгүй. Өдөр тутмын амьдралд, янз бүрийн хэмжээгээр нөлөөлж байдаг энэ ойлголтыг илүү гүнзгийрүүлэн судлах нь зайлшгүй асуудлуудын 1 юм.
- Зээл - Дараа эргүүлэн төлөх нөхцөлтэйгээр, бусдаас түр хугацаагаар авч хэрэглэж буй мөнгийг ийн нэрлэх бөгөөд энэ нь, эдийн засгийг хөдөлгөгч хүч болж байдаг.
- Их зээл - Их зээлдэж байна аа гэдэг нь, их зарцуулж, их олж байгааг илтгэх боломжтой. Мөн, тэр хэмжээгээр зээлдэх чадамж сайжирна.
- Өр - Зээл гэхдээ өрийг үүсгэдэг. Зээлсэн хөрөнгөө эргүүлж төлөх шаардлагатай тул, зарцуулалтаа зохицуулах хэрэгтэй.
- Засгийн газрын оролцоо - Эдийн засгийг тогтвортой барих үүднээс, засгийн газар зээлийн хүүг өөрчилж байдаг.
Эдийн засаг гэсэн ойлголтыг маш олон янзаар тодорхойлсон байдаг ч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, хэрэглэгдэж, арилжаалагдаж байгаа талбарыг ийн нэрлэнэ гэж, ерөнхийд нь тайлбарлаж болно. Улс үндэстний хэмжээнд яригдаж байдаг энэ ойлголтыг, аль ерөнхий боловсролд ч заадаг нь үүний хэр чухлыг илтгэнэ.
Эдийн засгийг хэн бүтээдэг вэ?
Багаас нь эхлээд судлавал ойлгомжтой байх болов уу. Эдийн засагт хүн бүр, өдөр бүр хувь нэмрээ оруулж байдаг. Тодруулбал, бараа худалдаж авах, ажил хөдөлмөр хийх зэргээр бид эдийн засгийг хөдөлгөдөг. Зах зээлийн 3 үндсэн салбар бий.
Эхнийх нь, байгалийн баялгаас хамааралтай эдийн засаг бөгөөд, энд уул уурхай, мод бэлтгэл, газар тариалан, мал аж ахуй зэргийг хамруулна. Тэдгээрийг боловсруулах нь, эдийн засгийн 2 дахь салбарын ажил байдаг. Өөрөөр хэлбэл, түүхий эдээс бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл нь энэ салбарын жишээ юм. Харин сүүлчийн буюу 3 дахь салбарт, сурталчилгаа, борлуулалтыг хамааруулан ойлгоно.
Эдгээр 3 салбар нь, өөр хоорондоо нягт уялдаа холбоотой ажиллаж байдаг бөгөөд ихэнх хүн энэ хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч, зарим нь 4 дэх салбар бий гэж үзэх нь бий. Тэр нь, 3 дахь салбарыг 2 хэсэгт хуваан авч үзэх онол дээр тулгуурласан байна.
Эдийн засгийг хэмжих
Эдийн засгийн хэр эрүүл хөгжиж буйг мэдэхийн тулд, түүнийг хэмжиж байх шаардлагатай. Өнөөгийн байдлаар ийм хэмжилтийг гүйцэтгэх хамгийн тохиромжтой арга нь Gross Domestic Product (GDP) буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжилт юм. Энэ арга нь, тодорхой хугацаанд, тухайн улсад үйлдвэрлэгдсэн бараа бүтээгдэхүүн, хэрэгжүүлэгдсэн үзвэр үйлчилгээний нийт үнэ ханшийг тооцоолох замаар гүйцэтгэгдэнэ.
Тодорхойлбол, GDP-н өсөлт гэдэг нь, үйлдвэрлэл, орлого, зарцуулалт ихсэж байгааг илэрхийлнэ. GDP-н хэд хэдэн төрөл байдаг ба, бодит GDP хэмжилтэнд инфляцийг хамааруулж хэмжилтээ хийж байхад, нэрлэсэн ДНБ-ийн тооцоололд инфляцийг хамааруулж авч үздэггүй.
GDP нь, баримжаа олох хэмжээнд л үр дүнг боловсруулдаг хэдий ч, улс үндэстэн, олон улсын хэмжээний тооцоололд асар чухал хэмжигдэхүүн юм. Жижигхэн, худалдааны мухлагаас эхсүүлээд, улс үндэстнийг төлөөлөх том байгууллага хүртэл бүгд үүнийг тооцоолж, хэрэглэж байдаг.
Улс үндэстнүүдийн хувьд, найдвартай хэмжигдэхүүн болдог хэдий ч, TA-н үед, бусад өгөгдлүүдтэй хослуулж байж үүнийг бүрэн ойлгох боломжтой болно.
Зээл, төлбөр, зээлийн хүү
Зээлдэгч ба зээлдүүлэгч
Бүх зүйл, авах/зарахаас эхтэй гэсэн дээ? Тэгвэл, зээлдэх, зээлдүүлэх ч мөн адил чухал ойлголт байдаг юм шүү. Яг одоо Таньд, зүгээр хадгалж байгаа, хурааж хуримтлуулсан багагүй хэмжээний мөнгө байгаа гэж төсөөлье л дөө. Тэдгээрийгээ эргэлтэнд оруулж, өсгөхийг хүсэх нь гарцаагүй.
Тэгэх аргуудын 1 нь, бусдад зээлүүлэх. Үйлдвэрлэл эрхлэх гээд, төхөөрөмжөө авах мөнгө хайж яваа хэн нэгэнд ч юм уу, хөрөнгө оруулалт хийж болно. Тэд, одоогоор төхөөрөмж авах ч мөнгөгүй байгаа хэдий ч, түүнийгээ аваад ажилд оруулчихвал, алсдаа тогтмол орлогын эх үүсвэртэй болчих учир, эргүүлээд төлөх боломжтой.
Мэдээж, мөнгөө "хэрэглүүлснийхээ" төлөө, хүү, шимтгэл, хураамж авах нь зүйн хэрэг. Жишээ нь, 100 сая төгрөг зээлдүүлэхдээ, төлбөрөө бүрэн төлж дуусах хүртлээ, сар бүр 1 хувийн хүү өгч байх нөхцлийг шаардаж, гэрээ байгуулж болох ба энэ тохиолдолд, зээлийн хүү нь, "1%" болж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, дээрх жишээнд, зээлдэгч тал, өрөө бүрэн төлж дуусах хүртлээ сар бүр 1 сая төгрөгийг нэмж тушаах хэрэгтэй болно гэсэн үг. Зээлдэгч, 3 сарын хугацаанд төлбөрөө бүрэн эргүүлэн төлсөн бол, нэмж заасан өөр бусад хураамж байгаагүй гэж үзвэл, Та нийт 3 сая төгрөгийн ашиг олсон байх нь.
Зээлийн карт яг ийм зарчмаар ажилладаг. Таны дансанд хангалттай хэмжээний мөнгө байхгүй байсан ч, Та картаа уншуулаад, төлбөр төлөх боломжтой байх ба, тухайн картыг эзэмшигч банк, дараа нь Таны данснаас харгалзах дүнг эргүүлэн татаж авах болзолтой байна.
Зээлийг, сүүдэр мэт дагаж явдаг зүйл нь төлбөр. Зээлсэн үедээ Та бусдад мөнгийг нь эргүүлэн төлөх үүрэгтэй, харин зээлдүүлсэн үедээ бусдаас авлагатай болох ба энэ ойлголтыг өдийд мэдэхгүй хүн байхгүй байлгүй. Зээлээ, хүүгийн хамтаар бүрэн дарж, хаалгасан цагт л Та, өрнөөсөө гарна.
Авсан шигээ өгч сураарай.
Банк ба зээлийн хүү
Өнөөгийн хамгийн найдвартай, том зээлдэгч нь банкууд болоод байгаа. Тэднийг зээлдэгч, зээлдүүлэгч 2-ын дундын зуучлагч гээд ойлгочихож болно. Гэхдээ, тэд бас эдгээр 2 төрлийн аль алинд нь хамаарч байдаг.
Банкууд, бүх хөрөнгөө бүрэн төвлөрүүлж хадгалдаггүй бөгөөд Fractional Reserve буюу Хэсэгчилсэн нөөцийн системээр ажилладаг. Энгийнээр бол, энэ нь бүх хөрөнгөө бус, түүний багахан хэсэг нь л бэлнээр нөөцөлсөн байдаг арга бөгөөд уг систем нь, бүх харилцагчид нь нэгэн зэрэг, бүх мөнгөө гаргаж авахаар болсон үед тэдний хүсэлтийг гүйцэлдүүлэх боломжгүй. Гэвч, ийм зүйл бараг л тохиолдож байгаагүй. 1929 оноос, 1933 оны хоорондох АНУ-ын банкны системийн хямрал нь үүний, цорын 1 бодит жишээ бөгөөд тухайн үед, банкинд итгэх хүмүүсийн итгэл бүрэн алдарсан байсан гэдэг.
Банк, харилцагчдаасаа зээл авахдаа, тэднийг ятгах, өөрсөддөө татахын тулд өндөр хүү амладаг. Тэр чинээгээр, ашигтай ажиллах учраас, харилцагчид нь боломжыг шүүрээд авахыг тэд мэдэж байгаа учраас тэр. Харин, өөрсдөө зээл өгөхдөө, аль болохоор бага хүүг амладаг. Эс бөгөөс, харилцагчидаа алдах аюултай.
Зээл яагаад чухал вэ?
Эдийн засгийг хөдөлгүүрээр төсөөлвөл, зээл нь түүний түлш юм. Гар дээр нь бэлэн байхгүй мөнгийг, зарцуулах боломжыг олгодог учраас, эдийн засгийг зогсолтгүй ажиллуулах нь зээлийн өвөрмөц чанарт тооцогдоно. Гэвч, зарим эдийн засагчид зээлэн дээр суурилсан системийг, асуудалтайд тооцох боловч, дийлэнх нь зээлдэлт ихсэх нь эдийн засаг цэцэглэж байгаагийн шинж гэж үздэг.
Их зээлдүүлэхийн хэрээр, их орлого олж, улам ихийг зээлдүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхдээ банкууд, өндөр орлоготой харилцагчиддаа зээл гаргаж өгөх илүү дуртай байдаг. Учир нь, тэдний хэрэглээ, зарцуулалт, тэдгээрээс эргэн төлөгдөх ашиг төдий чинээгээр өндөр байдагт оршино.
Ашгын өсөлт - Зээлдүүлэх чадварын өсөлт - Зарцуулалтын өсөлт - Ашгын өсөлт
Дээрх, үзэгдэл хязгааргүйгээр давтагдах боломжгүй. Зээл авсны дараа зарцуулж чадамж огцом ихэсч байгаа ч, эргүүлэн төлөх ёстой учир, зарцуулалтаа яалт ч үгүй буулгах хэрэгцээтэй тулгарна. Үүнийг short-term debt cycle буюу богино хугацааны өрийн давтамж гэж томъёолдог ба, ойролцоогоор 5-8 жилийн давтамжтайгаар гүйцэтгэгдэж байдаг гэсэн тооцоо бий.
Дээрх зурагт, улаан зураас нь үйлдвэрлэлийг дүрсэлж байгаа бөгөөд, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр өсөн нэмэгдэж байдаг бол ногоон зураас нь зээлдэх боломжын харьцангуй хэмжээг харуулж байна.
Тодорхойлбол, зургын зүүн хагаст, орлого үйлдвэрлэлээсээ давж гарсан буюу эдийн засаг тэлж байгааг харуулсан байгаа. Тэлэлт цааш үргэлжлэх боломжгүй болсон үед, агшилт явагдах ба, тэр үед зээл өгөх чадвар муудаж, инфляци үүснэ.
Төв банк, инфляци ба дефляци
Инфляци болон дефляци гэж юу болохыг ЭНД дараад дэлгэрэнгүй тайлбарласан нийтлэлээс уншаарай.
Дээрх зурагт харуулснаар, зарцуулах чадварын хэт өсөлтийг, үйлдвэрлэл гүйцэж чадахгүй байгаа нь эрэлтийг үүсгэж, үнийн хөөрөгдлийн шалтгаан болдог.
Төв банк нь, дээр бичигдсэн арилжааны банкуудаас өөр. Тэд, үндэсний хэмжээний санхүүгийн асуудлуудад зохицуулагчийн үүргээр оролцдог бөгөөд мөнгөний бодлогыг зохион, хэрэгжүүлж байдаг. Төв банк, үнийн хөөрөгдөл, мөнгөний ханшийн уналтаас сэргийлэх үүднээс олон төрлийн зохицуулалт хийж байдгын 1 нь, хүүгийн хэмжээг өөрчлөх явдал юм.
Хүүг өсгөснөөр, зээлдэх чадвар буурж, тэр хэмжээгээр зарцуулалт багасч, түүнийг дагаад бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээний эрэлт, үнэ буурах давуу талтай байдаг хэдий ч, зарим тохиолдолд энэ нь дефляцид хүргэх нь бий.
Дефляци гэдэг нь, инфляцийн урвуу үзэгдэл бөгөөд илүү хор хөнөөлтэй байдаг. Үүний эсрэг, хамгийн үр дүнтэй аргуудын 1 нь, хүүгийн хэмжээг бууруулах явдал бөгөөд хүүг буулгахын хэрээр, зээлдэх хэмжээ, түүнээс улбаатай зарцуулах чадвар өсч, эдийн засаг сэргэх нөхцөл бүрдэх боломжтой.
Эдийн засгийн хөөсрөлт хагарахад юу тохиолддог вэ?
Дээрх жишээ зурагт харуулсан богино хугацааны өрийн давтамж нь, long-term debt cycle буюу урт хугацааны өрийн давтамжын 1 хэсэг нь юм.
Зээлдэх боломжын хэмжээ дээрх зурагт үзүүлснээр байнга өөрчлөгдөж байдаг ба давтамж хаагдах бүрт, өрийн хэмжээ нэмэгдсэн байдаг. Энэ мэтчилэн нэмэгдсээр, 1 л мэдэхэд дийлдэшгүй хэмжээнд хүрсэн байх тул, тэр үед өрөө дарах, буулгах арга хэмжээнүүдийг авч эхэлдэг. Өрөө төлөхийн хэрээр, өөрт үлдэх ашиг орлогын хэмжээ буурах бөгөөд, төлж барахгүй болсон үед эд хөрөнгөө зарж эхэлнэ. Энэ үеийг дээрх зурагт, уруудаж, хонхойсноор дүрсэлсэн байгаа.
Хэдийгээр эргэн төлөх ажиллагаа эрчимтэй хийгдэж байгаа ч, хэт их нөөц хуримтлагдсанаас шалтгаалж, барааны үнэ ханш унана. Эдийн засгийн хямралын энэ үед, төв банк зээлийн хүүгээ бууруулсаар, хэдийн 0%-д хүргэчихсэн байвал, ямар ч арга хэмжээ авч чадахгүйд хүрдэг. Хасах хувийн хүү амлаж болох ч энэ арга нь тийм ч бүтэмжтэй байдаггүй.
Хамгийн үр дүнтэй арга нь, зарцуулалтыг бууруулж, өрөөс чөлөөлөх явдал байх боловч, үүнээс үүдэлтэй асуудлууд урган гарч ирэх эрсдэл өндөр. Тэдгээрээс нь жишээ дурьдвал, зарцуулалт бага учир, худалдаа, үйлчилгээний газруудын орлого буурч, мөн хэмжээгээр ажилчдынх нь цалин багасахын зэрэгцээ, ажилчдынхоо тоог танах шаардлагатай тулгарна. Энэ нь эргээд ажилгүйдлийн хэмжээг нэмэгдүүлдэг.
Ажиллах хүн хүч болон орлого адилхан буурсан байгаа цагт, улсад орж ирэх татвар ч мөн адил хомсдоно. Гэтэл, ажилгүй иргэдээ харж үзэх хэрэгтэй буюу төрөөс зарцуулах хөрөнгийн хэмжээгээ нэмэх шаардлага үүсчихээд байгаа. Ингэж, олж байгаагаасаа, ихийг өгөх нь төсвийн алдагдалд хүргэх бөгөөд үүнийг шийдвэрлэхийн тулд нэмж мөнгө хэвлэх хэрэгтэй болно.
Ингээд, хангалттай зарцуулах мөнгөө гаргаад авчихсан үед, төв банкныхан түүнийгээ төрд зээлдүүлж, эдийн засгаа сэргээх нөхцлөөр нь хангаж өгч болох ч, энэ шийдлийг дагасан асуудлууд мөн адил урган гарч ирдэг. Агаараас мөнгө үүсгэх (үүнийг крипто ертөнцөд, Haha Money Printer Go Brrrrr буюу Хаха Мөнгө хэвлэгчээ ажиллууллаад Бррррр гэж хошигнон нэрийддэг) нь, инфляцийг үүсгэх ба энэ нь алсдаа хэт инфляцид хүргэж ч болзошгүй байдаг.
Богино хугацааны өрийн давтамжтай харьцуулахад, урт хугацааных нь илүү удаан үргэлжлэх бөгөөд (нэрнээсээ тодорхой л доо), 50-аас, 75 жил тутамд тохиолдож байдаг гэсэн тооцоолол бий.
Хоорондын холбоо хамаарал
- Зээлийн хэмжээ өсөх нь эдийн засгийг цэцэглэлтэнд таатай нөлөө үзүүлдэг;
- Зээлдэлт буурах нь эдийн засгийг хумигдахад хүргэнэ;
- Дээрх үзэгдлүүд богино хугацааны өрийн давтамжыг үүсгэнэ;
- Богино хугацааны өрийн давтамжууд нь урт хугацааныхааг бүтээдэг;
- Зээлийн хүү нь, эдийн засгийн хөгжлийг тодорхойлно;
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation