Биткойн үнэ цэнээ хадгалагч мөн үү?
Биткойн, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эрэлт нь ихсэж, үнэ цэнэ нь өсч байдаг хөрөнгө мөн үү? Эрсдэл бага, ханш нь тогтмол, алсдаа их өсөх нь баттай хөрөнгө юу байж болох вэ? гээд бодохоор алт, мөнгө зэрэг үнэт метал санаанд тань буух байх. Тэгвэл сүүлийн үед, Биткойныг мөн нэрлэх болоод байгаа. Энэ нь хэр боломжтой вэ? гэдгийг хамтдаа судалцгаая.
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр үнэ ханш нь өсч байдаг хөрөнгийг store of value (SoV) буюу үнэ цэнээ хадгалагч хөрөнгө гэнэ. Айхтар их биш юм гэхэд, багахан ч болов өсөлтийг алсдаа баталгаатай үзүүлэх зүйлсийг энэ ангилалд хамааруулна.
Үнэ цэнээ хадгалах хүчин зүйлс нь юу байдаг вэ?
Алсдаа үнэ хүрэх нь маргаангүй зүйлсийн талаар сайтар ойлголт авахын тулд эхлээд алсдаа үнэ цэнээ алдаж болох зүйлсийн талаар тайлбарласан нь дээр байх. Хугацаа өнгөрөхийн хэрээр чанар, эрэлт нь буурдаг зүйлс яав ч үнэ цэнээ хадгалж чадахгүй. Ийм зүйлсийн гол жишээ нь, хоол хүнс. Эрүүл мэндийн эсвэл идэх хэрэгцээний улмаас алим, гадил, самар зэрэг нь өөрийн гэсэн үнэ цэнэтэй зүйлс мөн хэдий ч, тэднийг удаан хугацаанд хадгалах боломжгүй, хадгалсан тохиолдолд хэрэгцээгүй/үнэгүй болж, хаяхад хүрдэг.
Хэрчиж, хатаасан гоймонг урт хугацаагаар хадгалж болох ч, тэр үед үнэ нь өснө гэдэг юу л бол. Олдоц арвинтай орцтойн дээр, хэн ч үйлдвэрлэх боломжтой, үнэ хямд тул гоймон үнэ цэнэ хадгалагч болж чадахгүй.
Зарим хүмүүс USD, EUR зэрэг өндөр хөгжилтэй улсын валютуудыг үнэ цэнээ хадгалагч гэж үзэн, хөрөнгө оруулах нь бий. Гэвч, тухайн улсын эдийн засгийг дагаж хувьсах үнэлгээтэй учир, энэ нь тааруухан сонголт болж болох юм. Инфляцийн нөлөөгөөр мөнгөний худалдан авах чадвар буурч байдаг тул, мөнгө үнэ цэнээ хадгалж чадахгүй гэж тооцох нь илүү оновчтой. Жишээн дээр тайлбарлая л даа. Монгол улс өнөөдөр нийт 100 тэрбум төгрөгийг зах зээлд нийлүүлсэн байгаагаас 0.25% буюу 250 сая нь Таньд байлаа гэж төсөөлье. Та түүнийгээ гэрийнхээ сейфэнд хийгээд мартсан байж байтал, цаг хугацаа өнгөрсөөр нийт эргэлтийн хэмжээ 800 тэрбумаар нэмэгдэж, 900 тэрбумд хүрсний дараа, Таньд мөнгөний хэрэг гарч, Та сейфээ нээсэн гэвэл, Таны 250 сая төгрөг, анх байсан үеийнхээс худалдан авах чадвар 3% буурсан байх болно.
Дээрх гоймонгийн жишээний адилаар, мөнгийг маш хялбархнаар, богино хугацаанд үйлдвэрлэх боломжтой тул, дээрх худалдан авах чадварын бууралтын жишээ урт хугацаанд бус хэдхэн өдрийн дотор хэрэгжих ч боломжтой. Жинхэнэ үнэ цэнээ хадгалдаг хөрөнгө бол үнэлгээгээ барагтаа л бол алдахгүй, алдсан ч эргэн нөхөж, улам үнэд хүрэх боломжтой байх ба ямар ч нөхцөлд ханшийн өөр хэмжилтээр үнээ бариад явах онцлогтой байдаг.
Алт нь, үнэ цэнээ хадгалагч хөрөнгийн гол жишээ юм. Учир нь, түүнийг олборлох хэцүү байдгын дээр, нөөцийн хязгаартай, хомсдмол байдал нь үнэ буурахгүй байхын баталгаа болж байдаг. Эрэлт огцом нэмэгдсэн үед, хэвлэгч асаагаад л асуудлыг шийдчих боломжгүй тул, байгаа нөөцөө ухаж, нийлүүлэлтээ байгаа нөөцөөрөө зохицуулахаас өөр аргагүй учир үнэ цэнэ нь өсөх нь баараггүй.
Биткойны хувьд ... ?
Анх гарч ирсэнийх нь дараахнаас л түүнийг цахим мөнгө биш цахим алт гэж нэрийдсэн байдаг ба Биткойныг дэмжигчид уг нэршлийг хий хоосон биш гэдгийг нотлох гэж оролдсоор ирсэн. 1 өдрийн дотор ханш нь 20% унаж байсан гэхээр үнэ цэнээ хадгалдаг гэхэд итгэхэд хэцүү санагдах боломжтой. Гэвч, уналтын дараа эргээд сэргэхдээ эрчтэй байдгыг мартаж болохгүй. Хэдийгээр түүхэн олон уналттыг үзүүлсэн хэдий ч, тогтмол өсөлтөө хадгалж буй цорын ганц зоос нь Биткойн юм.
Үнэ цэнээ хадгалагч мөн гэдгийн нотолгоо юу байна?
Нөөцийн хязгаарлагдмал байдал
Ердөө 21 сая ширхгийн л нөөцтэй гэж мөн ч их тайлбарласан даа. Энэ талаар манай "Биткойн гэж юу вэ?" болон "Биткойны үнэ цэн" зэрэг нийтлэлээс дэлгэрүүлж уншаарай.
Төвлөрсөн бус байдал
Нээлттэй эхийн програм учир, кодыг нь хуулбарлаад, 100 сая зоосны нөөц нэмж бичээд, түүнийгээ ачааллуулаад, зангилаа ажиллуулчихад л болох юм биш үү? гэж бодож байвал, тийм ээ, тэгж болно. Гэхдээ, түүнийг тань бусад зангилаа/хэрэглэгчид хүлээн зөвшөөрөхгүй учир Та хэзээ ч, жинхэнэ Биткойны сүлжээрүү уг мэдээллээ оруулж чадахгүй. Учир нь, энэ үйлдэл тань Мона Лизагын хөргийн гэрэл зургыг дарсныгаа 2 дахь бодит хуулбар гэж буйтай адил утгагүй хэрэг болох бөгөөд, ихэнх хүн түүнийг тань албан ёсны бүтээл мөн гэж хүлээн зөвшөөрөхгүй л бол жинхэнэ гэж тооцогдохгүй гэсэн үг. Мэдээж, дийлэнх нь гэрэл зураг гээд хараад л шууд таньчихна шүү дээ.
Зөвшилцлийн алгоритм нь дээрх жишээний дагуу ажиллах бөгөөд сүлжээнд холбогдогсдын тоо нэмэгдэхийн хэрээр тэднийг хуурахад төвөгтэй болох буюу хамгаалалт сайжирч байдаг. Өөрөөр тодорхойлбол, програм нь хүний бүтээсэн технологи мэт ажиллах боловч, Биткойн нь байгалийн гаралтай хөрөнгө мэтээр бүтээгдсэн байна.
Мөнгөний шинж чанар
Дэлхийн олон улс оронд, олон ААН, хувь хүмүүс үүнийг бодит хөрөнгө хэмээн хүлээн зөвшөөрч, арилжиж, хэрэглэж, хадгалж, хөрөнгө оруулж байгаа нь түүнийг байдаг л 1 байгалийн чулуу биш үнэт метал мэт үнэ цэнэтэй болохыг илтгэнэ. Алтыг санхүүгийн хэрэгсэл, мөнгө болгон хэрэглэж байсантай адил шалтгаанаар Биткойныг хэрэглэж байгаа гэж үзэх боломжтой ба мөнгө мөн гэж хүлээн зөвшөөрөх бүхий л шалгуурыг Биткойн хангаж чадсан. Тэдгээр нь: Арилжаалагдах чадвар, Зөөвөрлөгдөх боломж, Хуваагдах чадвар юм.
Арилжаалагдах чадвар
Fungibility гэдэг нь, нэгж хоорондын ялгаагүй гэсэн үг. Жишээлбэл, 1 грам алт, 1 грам өөр нэгэн алтны хэлтэрхийтэй яг адил үнэлгээтэй байна. Ямар ч нэгжээр хэмжсэн хамаагүй, адилтайгаа тэнцүү ханштай байх чадварыг арилжаалагдах чадвар гэж нэрлэдэг. Энэ ойлголт Биткойнд байдаг хэдий ч, жаахан төвөгтэй болоод байгаа. Ердийн үед 1 BTC = 1 BTC харьцаатай байх боловч, тухайн нэгж Биткойны хувьд, урьд өмнө нь гэмт хэргийн чанартай үйлдэлд хэрэглэгдэж байсан бол түүнийг арилжаалахаас татгалзах зэрэг хязгаарлалт хийгддэг болоод байгаа нь асуудал үүсгэдэг. Гэвч, одоохондоо ийм эрсдэл тун бага байгаа тул санаа зовохгүй байж болно.
Зөөвөрлөх боломж
100 сая төгрөгийг авч явахад амархан, 100 сая төгрөгийн үнэтэй шатахуун, үнэт чулууг тээвэрлэх хэцүү. Тээвэрлэх талаас нь бодвол крипто валют шиг хялбар шилжүүлэх, хөдөлгөх боломжтой өөр хөрөнгө бараг огт байхгүй. Ялангуяа, бодитоор зөөхгүй байж ч болно гэхээр бас их онцлогтой. Алтыг тээвэрлэхэд хялбар гэж тооцдог ч, тээврийн зардал, хамгаалалт гээд л асуудал их бий.
Хуваагдах чадвар
Жижиг нэгжид задрах чадвар их чухал, эс бөгөөс зөвхөн бүхэл дүнгээр шилжүүлэх, арилжаалах шаардлагаас болж олон ч хүн хэрэглэгч нь болж чадахгүйд хүрч болно. Алтыг жижиглэн бутлаад, хэмжиж болдог тул мөнгө болгон хэрэглэх боломж өндөртэй байсан. Биткойн энэ тал дээр ч мөн адил өндөр чадамжтайд тооцогдоно.
Боломж
Үнэ цэнээ хадгалагч, бодит мөнгө болохын тулд тодорхой үе шатыг даван гарах ёстой гэж Биткойныг дэмжигчид үздэг ба Биткойн тэрхүү үе шатуудыг туулж яваа гэж тэд батлахыг оролддог. Тэдгээр үе шат нь, цуглуулга хэлбэрээр гараагаа эхлэх ёстой бөгөөд өдгөө энэ шатан дээрээ байгаа эсэх дээр мэтгэлцсээр байна. Найдвартай, аюулгүй ажиллагаатайгаа хэдийн баталсан боловч, бүх нийтийн хэрэглээнд нэвтрэх болоогүй байгаагийн хажуугаар, гол хэрэглэгчид нь сонирхогчид болон ажиглагчдаас бүрдэж байна.
Хангалттай судлагдаад, хөгжөөд, өргөн тархаад ирэхийн хэрээр мөнгө гэж хүлээн зөвшөөрөгдөх боломжтой болж, хүлээн зөвшөөрөгдөхийн хэрээр үнэ цэнэ хадгалагч гэж тооцогдоно гэж үздэг. Зарим хүмүүс энэ түвшинд хүрчихсэн гэдэгт ч итгэж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Грешемийн "муу мөнгө сайнаа дийлдэг" гэх хуулийн дагуу Биткойн, хэвлэмэл мөнгийг дийлж чадахгүй байгаа гэж үзэх хүмүүс ч бий. Уг онолоор бол, хүмүүс мууг нь үрж, сайныг цуглуулж, хадгалж байдаг гэх ба Биткойныг алсдаа өндөр үнэд хүрэх учир, түүнийг аль болох үрэхээс зайлсхийж, цаасан дэвсгэртийг ханшаа алдах учир хадгалахаас төвөгшөөж байгаа явдалтай дүйцээд буй.
Олон хүн хэрэглээд ирэхийн цагт, Биткойны үнэ ханш тогтворжиж, хөрвөх чадвар нэмэгдэнэ. Тэр үед ханш бусад валютаас харьцангуй өндөрт тогтох учир, худалдан авах чадвар өндөртэй байна гэж үздэг. Худалдан авах чадвар өндөр байна гэдэг нь, ханшийн тогтвортой байдлыг бататгахад тустай бөгөөд яваандаа ханшийн гол харьцуулагч нэгж болох боломжтой юм.
Няцаалт
Дээрх нотолгоо зарим уншигчдад маань үнэний ортой, гарцаагүй мэт санагдаж болж байхад, заримд нь утгагүй, итгэхэд бэрх санагдаж бас болно. Тиймээс, одоо эсрэг өнцгөөс тайлбар хийе.
Цахим мөнгө
Биткойны танилцуулгыг нь уншсан хүмүүс түүнийг цахим мөнгөний 1 төрөл гэж үзэх нь бий. Ялангуяа Сатошигийн өөрийнх нь бичсэн тодорхойлолт нь, хэрэглэгч хоорондын цахим төлбөрийн систем гээд заачихсан байгаагаас нь дүгнэвэл, Биткойн нь үнэ цэнээ хадгалагч хөрөнгө биш, байдаг л 1 цахим мөнгөний зорилгоор бүтээгдсэн гэж тэд үздэг.
Дээрх үзлээр бол, хадгалах хураах нь Биткойны үнэ цэнийг үгүй хийх аюултай, харин зарцуулж хэрэглэх нь түүний үнэ цэнийг тогтворжуулах 1 арга болно. Цахим төлбөрийн хэрэгсэл учир хэрэглэж байж л нийтийн хэрэглээнд нэвтэрнэ шүү дээ.
Дээрх үзэл суртлуудын ялгаанаас үүдэлтэйгээр, 2017 онд сэт салаалалт хийгдсэн нь Bitcoin Cash (BCH) юм. Түүнтэй зэрэгцэн анхны сүлжээн дээр SegWit болон LN сайжруулалтууд хийгдсэн ч, LN нь бодит байдал дээр, онолынх шигээ өндөр үр дүнг үзүүлж чадаагүй байна.
Өөрийн гэсэн бодит үнэ цэнгүй
Алт, Биткойн 2-г харьцуулах нь утгагүй гэж үзэх хүмүүс зөндөө бий. Учир нь, алтны түүх нь, хүн төрөлхтөний хөгжил, нийгэмшлийн түүхтэй салшгүй холбоотой, том сэдэв болдог, хэдийгээр мөнгөний хэрэгсэл биш болсон ч, үнэ цэнээ хадгалсан хэвээр байгаа чухал чулуулаг юм. Мэдээжийн хэрэг ийм чухал зүйлийг, 10 гаруйхан жилийн түүхтэй, 1 жижигхэн протоколтой харьцуулах нь зохисгүй санагдаж болно.
Нарийн ярьвал, Биткойн нь өөрийн сүлжээнээс гадуур хэрэглээгүй, гарт баригдахгүй зэрэг олон "хийсвэр" чанартай гэж шүүмжлэх нь бий. Гэхдээ, бүр нарийн ярьвал гарт баригдаад буй цаасан дэвсгэртүүд ч цаг дээрээ, засгийн газраас үнэ цэнтэй гээд зарлачихсан, "хоосон" цаас шүү дээ. Тэгэхээр, аль ч онол суртлыг дэмжиж байлаа гэсэн, цорын 1, үнэ цэнээ хадгалагч бодит хөрөнгө нь алт болж таарч байгаа юм. Биткойнд Та итгэдэг байсан ч, дийлэнх хүн түүний талаар мэдлэггүй, сонирхохгүй байгаа үед, Биткойн үнэ цэнээ хадгалагч хөрөнгө битгий хэл, төлбөрийн хэрэгсэл ч болж чадахгүй.
Дэгдэлт
Биткойнд эрт хөрөнгө оруулсан хүмүүсийн хувьд бол, Биткойн бол яалт ч үгүй, үнэ цэнээ хадгалагч хөрөнгө мөн. Учир нь тэд ашгийг "өм цөм" хийсэн байгаа. Гэтэл, орой дээрээс нь аваад, уналтанд орчихсон хүмүүст огт тэгж санагдахгүй л болов уу.
Биткойны ханш хэт хэлбэлзэлтэй, зах зээл нь тогтворгүй хэвээр байгаа. Ханш одоогоор хэлбэлзбэж байгаа ч, алсдаа тогтворжино гэдэг онол нь, эргээд үнэ цэнэ хадгалагч гэсэн онолтойгоо зөрж байна. Бусад хөрөнгүүд уналтанд орж байхад, Биткойн ханшаа тогтвортой барьж эсвэл тогтвортой өсөж чадаж байхыг нь харахгүй л бол түүнийг үнэ цэнээ хадгалагч мөн гэж үзэхэд хэцүү гэж хэлсэн мэргэжилтэн ч байдаг.
Tulip Mania ба Beanie Babies
Эдгээр сэдвийг хөндөхгүйгээр, Биткойныг үнэ цэнээ хадгалагч гэж ярих нь зүйд нийцэхгүй болов уу. Эд нар нь, хэдийгээр зохистой харьцуулах сэдэв биш хэдий ч, хөөс, хөөсрөлт, түүний хагаралтын гол жишээ юм.
Tulip Mania, Beanie Babies төслүүдийн аль алинд, хөрөнгө оруулагчид ховор зүйлсийг цуглуулаад, алсдаа өндөр үнэд хүргэж зарна гэсэн асар их найдварыг тээж оролцсон байдаг. Гэвч, бодит байдал дээр, тэдгээр зүйлс нь тийм ч өндөр үнэд хүрэхгүй, бүтээхэд хялбар зүйлс байсан. Үнийг нь хэт хөөсрүүлснээ ухаарч эхэлмэгц зах зээл нурсан гашуун түүх бий.
Хэдийгээр эднийг Биткойнтой жишихэд тохиромжгүй ч, ийм боломж бас байж болохыг үгүйсгэшгүй юм. Магадгүй Биткойн ч бас алгуурхнаар хөөсөрч байгаа ч юм билүү? 1 л өдөр хагарах ч юм билүү? Үүнийг цаг хугацаа л харуулах байх даа.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation