Крипто тайлбар толь [13-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Төв банк
Улсын мөнгөний бодлогыг хянаж, хэрэгжүүлдэг гол байгууллага нь төв банк юм. Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн хүүг эднийх мөн удирдах ба ингэсний хүчинд, ажилгүйдлийг бууруулж, инфляцийг тогтвортой түвшинд барьж, мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг алдагдахаас сэргийлж байдаг.
Мөнгө хэвлэгчээ асаагаад Бррррр
2020 оны эхэн үеэр, интернэтэд цацагдсан meme буюу миймээс гаралтай, "Haha Money Printer Go Brrrrr" гэсэн хэлц нь, уламжлалт мөнгөний системийг шүүмжилсэн хэллэг юм.
Дээрхийг орчуулвал, залуу: "Эдийн засгийн уналт бүрт, ингээд л зүгээр шинэ мөнгө хэвлээд л, инфляцийн хуурамч өсөлт үүсгээд байж болохгүй шүү дээ. Мөнгөний бодлогоороо, зах зээлийн дохиог тааллаараа өөрчлөөд байгаа чинь шударга биш байна. Зээлийн хүүний зөв зохилдлого нь алдагдчихна шүү дээ, үгүй ээ"
Хариуд нь, санхүүгийн хорооны ажилтан: "Хаха, мөнгө хэвлэгчээ асаагаад Бррррр" гэж хэлээд, хэвлэж эхэлснийг дүрслэн харуулсан байна.
Дээрх миймийг, COVID-19 цар тахлын үед, эдийн засгийн доройтолттой тэмцэх зорилгоор, АНУ-ын санхүүгийн хороо, мөнгөний бодлогын хэлтсийнхний гаргасан, $1.5 их наяд USD-г шинээр богино хугацааны зээлд зориулан нийлүүлэх шийдвэрийг эсэргүүцэж зурсан боловч, "агаараас мөнгө үүсгэж чаддаг", дэлхий нийтийн өнөөгийн эдийн засгийн системийг тэр чигт нь шүүмжилсэн бүтээл болж чаджээ.
Тэр тусмаа, шүүмжлэгч талыг залуу, банкны ажилтныг хөгшин дүрсэлсэн нь, тэдний шинэлэг болон хуучинсаг үзлийг төлөөлүүлсэн гэж хэлж болохуйц бөгөөд, залуугын эрвээхий зангиа нь, anarcho-capitalist буюу төвлөрсөн хэлбэрийг шүүмжлэгчдийн тугны өнгөөр зурагдсан байгааг шууд харж болохоор байна.
Хий
Эфириум сүлжээний хураамжын системийг gas гэж тодорхойлдог. Ухаалаг гэрээг ачааллуулсны эсвэл гүйлгээ хийсний шимтгэл зардлыг ийн нэрлэсэн гэж ойлгож болно. ETH нь, Эфириумийн төслийг хөгжүүлэх санхүүжилтийг бүрдүүлдэг бол, хий нь тодорхой 1 үйлдлийг хийхэд хэр их ажил гүйцэтгэгдэхийг тооцоолно. Хийг, маш бага, бутархай ETH-р төлөх ба сүлжээний ачааллаас хамаарч дүн нь байнга өөрчлөгдөж байдаг.
Тооцоолох ажлыг gas cost буюу хийн зардал гэх нэгжээр хэмждэг бол, тухайн хий бүрт харгалзах gas price буюу хийн үнэ бий. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх ажлын хэмжээг хийн зардлаар хэмжиж, тухайн ажлыг гүйцэтгэхэд зарцуулсан хугацааны төлбөрийг хийн үнээр тооцно. Эдгээр дээр хийн хязгаарыг гэсэн ойлголтыг хамааруулж хэмжсэнээр, тухайн үйлдлийн нийт өртгийг тооцож гаргадаг.
Хийж буй гүйлгээгээ хэр яаралтай гүйцэтгэхийг хүсч байгаагаасаа хамааруулан, хийн төлбөрөө өндөр тогтоож өгч болно. Яараагүй үед бол тухайн үеийнхээ дундаж хэмжээг нь харж байгаад хүссэнээрээ тохируулах боломжтой байдаг.
Хий яг одоо, ойролцоогоор хичнээн Гвейтэй тэнцэж байгааг, дэлхийн хамгий том крипто валютийн бүртгэлийн сан болох CMC дэрээс хараарай.
Хийн хэмжээний хязгаар
Эфириумийн блокчэйн дээр хийхийг хүссэн үйлдлийнхээ төлбөрт тушааж болох дүнд доод болон дээд хязгаар заасан байдаг ба энэ нь ямар 1 алдаанаас шалтгаалан хэт өндөр шимтгэл хураагдахаас сэргийлэх зорилгоор тогтоогдсон.
Зарим хэтэвчүүд энэ хэмжээг цаанаас нь тогтоож өгсөн байдаг бол, зарим нь өөрсдөө тохируулах сонголтыг хэрэглэгчиддээ олгодог. 21'000 гвей нь дундаж дүн байх ба, үүнээс ихийг төлөх нь, боловсруулагдах хурдыг нэмж, багыг төлөх тусам хойшлогдох, зарим тохиолдолд цуцлагдах нөхцлийг бүрдүүлнэ.
Гвей
ETH-ийн бутархай нэгжийг gwei гэнэ. Уг нэршлийг, ихэвчлэн хийн төлбөртэй холбоотойгоор хэрэглэдэг.
1 Gwei = 0.000000001 ETH
харьцаатай байх ба хэмжээний харьцаа бүрт харгалзах өөр өөр нэршлүүд байдаг ба тэдгээрийг доор харгалзах утгын хамтаар жагсаав.
1 Wei (хамгийн жижиг нэгж) = 0.000000001 Gwei = 0.000000000000000001 ETH
1 Kwei = 1'000 Wei = 0.000001 Gwei = 0.000000000000001 ETH
1 Mwei = 1'000'000 Wei = 0.001 Gwei = 0.000000000001 ETH
1 Gwei = 1'000'000'000 Wei
1 Microether = 1'000'000'000'000 Wei = 0.000001 ETH
1 Milliether = 10¹⁵ Wei = 0.001 ETH
Ether (ETH) = 10¹⁸ Wei = 1'000'000'000 буюу 10⁹ Gwei
Дээрхээс гадна, Gwei-г Shannon, NanoEther эсвэл Nano гэх зэргээр нэрлэх нь бий.
Ягер
BNB-ийн хамгийн бага, бутархай нэгжийг Jager гэнэ.
1 Jager = 0.00000001 BNB буюу 1 BNB = 100'000'000 Jager
Байнансийг анх үүсгэн байгуулагдсан цагаас, үнэнч байсан Сахиусан тэнгэртээ талархан, Байнанс токений бутархай нэгжийг түүний нэрээр нэрлэсэн гэдэг.
ERC-721
NFT буюу Давтагдашгүй токенууд.
ERC-20, ERC-55, ERC-137, ERC-162, ERC-165, ERC-181, ERC-190, ERC-721, ERC-1167 г.м. олон төрөл байдаг ба, ERC-721 жишиг нь анх 2018 оны 1-р сарын 24-нд бүтээгдэж байсан. Cryptokitties зэрэг алдартай аппууд уг жишиг дээр суурилсан контентуудыг агуулсан байдаг буюу уг тоглоом дээрх муужгай бүр өөр хоорондоо ялгаатай, дахин давтагдашгүй, онцгой зурагдсан байна. Тэр ч утгаараа, муур тус бүр өөр өөрийн үнэлгээтэйгээр зарагддаг.
Ийм төрлийн токенд хөрвүүлж, арилжиж болох зүйлсэд, байшин, урлагын бүтээлүүд, цуглуулгын хөзөр зэрэг хосгүй зүйлсийг нэрлэж болно. Гэхдээ ийм төрлийн токен бүтээхийн тулд, гэрээгээ ERC-721 болон ERC-165 загваруудын аль алинд нийцүүлэх ёстойг анхаараарай.
Бүртгэлд нэмэх
Listing - Бирж дээр, арилжааны хослол шинээр нэмэх үйлдлийг ингэж нэрлэж байгаа. Саяхны Ард санхүүгийн нэгдлийн харъяаны DAX арилжааны бирж дээрх ARDX/BTC, ARDX/ETH хослолуудыг шинээр нэмсэн явдал нь үүний нэгхэн жишээ юм. Тухайн биржээс хамаарч энэ үйлдэл 7 хоногоос сар, жижиг биржүүдийн хувьд улирал, жил тутамд гүйцэтгэгдэж, шинэ зоос болон токенууд тогтмол нэмэгдэж байдаг.
Бүртгэлээс хасах
Delisting гэдэг нь, дээр тайлбарласан нэмэх үйлдлийн эсрэг буюу бирж дээр хийгдэх боломжтой арилжааны хослолыг цуцлах үйл явц юм. Харгалзах бирж дээрх, тухайн зоос/токений арилжаа хангалттай тоо, хэмжээнд хүрэхгүй байгаа үед, түүнийг арилжааны хослолын жагсаалтаас хасдаг. Ингэхдээ, хасах болсон шийдвэрээ, нийт хэрэглэгчиддээ урьдчилж танилцуулах ёстой.
Хасах шийдвэрт хүргэх хүчин зүйлс:
- Хөгжүүлэгч багийнханы төсөлдөө хандаж буй байр байдал;
- Хөгжүүлэлтийн идэвхи болон чанар;
- Ухаалаг гэрээ болон төслийн сүлжээний тогтвортой байдал;
- Хөгжүүлэгчдийн, олон нийттэй харилцаж байгаа байдал;
- Биржийн хүсэлтэнд өгч буй хариу;
- Луйврын болон хууль бус үйлдэл гаргасан байдал;
- Крипто валютийн болон Блокчэйний экосистем, төслийн эрүүл, тогтвортой хөгжил;
- Аюултай эсвэл асуудалтай гэж үзэх бусад шалтгаанууд;
Арилжааны жагсаалтаас хасагдсан тохиолдолд, уг хөрөнгийн харгалзах бүх хослолууд мөн адил хасагдана. Гэхдээ ихэвчлэн, өөр бусад биржүүд дээр арилжаалагдсан хэвээр байх тул, хасагдахаас өмнө арилжаалж амжаагүй бол, дараа нь шилжүүлээд, арилжаалах боломжтой. Гэхдээ, арилжаалагдахаа больсон бирж дээрээ, удаан хугацаанд хадгалагдахгүй гэдгийг анхаарч, эртхэн шилжүүлж, гаргаж авахыг бодоорой. Эс бөгөөс, бүр мөсөн алдах аюултай шүү.
Нийтийн хэрэглээний эрх
Үнэгүй, нээлттэй хэрэглээтэй програм хангамжуудын хэрэглэгчиддээ олгож буй эрхийн зохицуулалтыг, General Public License (GPL)-р зохицуулна. Ийм эрхтэй програмыг хэн ч, хэрэглэж, бусадтай хуваалцаж, өөрчилж ашиглаж болдог. 1989 оноос санаачлан хэрэглэх болсон энэ эрх нь, оюуны өмчгүй хэдий ч, анхны загварт тусгасан заалтуудын дагуу өөрчлөх, хэрэглэх, эзэмших зөвшөөрлийг олгодог.
GPL-тэй бүтээлийг хуулбарлаад, өөрчилж гаргасан бүтээлээ өөр бүртгэлээр баталгаажуулж хэрэглэж болдог. Энэ төрлийн эрхийн бүртгэл нь, Free Software Foundation (FSF) буюу үнэгүй програмын сангийн GNU төсөлд (үнэгүй үйлдлийн систем ба програм хангамж) зориулагдан бүтээгдсэн орчин цагийн хамгийн өргөн хэрэглэгдэж буй эрхийн гэрчилгээ болоод байгаа.
Үүнтэй төстэй Berkley Software Distribution (BSD) зэрэг үнэгүй хэрэглэх эрх олгох зөвшөөрлүүд байдаг боловч, эдгээр нь олгох эрх, хязгаарлах нөхцөл зэргээрээ өөр хоорондоо ялгаатай байдаг. Энэ төрлийн эрхийн хүрээнд, програм хангамжийг нь өөрчлөн хэрэглэж байгаа бол анхны програмын нэр, түүнийг хөгжүүлэгчдийн талаар заавал өөрийн бүтээлдээ дурьдсан байх шаардлагатай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation