Крипто тайлбар толь [12-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Хэрэглэгч шалгалт
CAPTCHA-г мэдэхгүй интернэт хэрэглэгч одоо бараг байхгүй биз. Гэвч, үүний зориулалт болон ажиллах зарчмыг товч танилцуулъя гэж бодлоо. Completely Automated Public Turing test to tell Computers and Humans Apart буюу Хүн, тооцоолуур 2-ыг ялгах зориулалттай бие даасан Тюрингийн шалгуур гэсэн үгний товчлолоор нэрлэгдсэн энэ хэрэгсэл нь, анх 1997 онд бүтээгдсэн. Хэрэглэгчийг хүн эсвэл програм/машин аль нь болохыг тогтоох зорилготой энэ бяцхан багаж өдгөө олон өөр загвар, олон өөр даалгавартай болсон.
Дурын байдлаар сонгогдсон үг, үсэг эсвэл үсэг, тоо холилдсон тэмдэгтүүдийг дарааллын дагуу бичихээс эхсүүлээд, харгалзах зургуудыг олж сонгох, зураг дүрсийн толгойг эргүүлэх, зөв дараалалд эвлүүлэх, байранд нь чирж оруулах г.м.-ээр хувьсан хөгжсөөр байна.
Уг шалгуур нь, хорлон сүйтгэх зориулалттайгаар бүтээгдсэн робот буюу програмыг таньж, хандах эрхийг хязгаарлах боломжыг хөгжүүлэгчдэд олгодог. Хэлбэр бүтэц тогтмол өөрчлөгдөж, улам бүр унших болох харахад төвөгтэй болж байгаа нь хиймэл оюунд суурилсан халдагчдаас үүдэлтэй.
Биткойны ноёрхол
Крипто ертөнцийн хамгийн том зоос бол яалт ч үгүй Биткойн. Уг зоосны зах зээл дээрх нийт үнэлгээ нь, бусад бүх зоосны нийт үнэлгээнээс илүү байгаа нь түүний ноёрхлыг илтгэнэ. Дангаар ноёлож, бараг 100% зах зээлийг эрхшээж байсан үе саяхных, гэхдээ Эфириум болон ERC-20 токенууд, тэдний ICO арга хэмжээний ачаар, одоо энэ байдал огцом, ихээр өөрчлөгдөж байна.
Бусад зоосуудын үнэлгээ өсч, Bitcoin Dominance буюу Биткойны ноёрхол сулрах үеийг alt season буюу бусад зоосуудын улирал гэнэ. Гэхдээ, Биткойны ноёрхол буурах үзэгдэл нь, Бух болон Баавгайн улиралтай шууд хамааралтай байдгүйг анхаараарай. Тодруулбал, Биткойны ханш унахад, бусад зоосуудынх ч бас унасан бол Биткойны ноёрхлын хэмжээ буюу дээрх харьцаа хэвээр байна гэсэн үг.
Уг харьцаа ихсэх/буурах нь сайн эсвэл муу мэдээний аль нь ч болохгүй. Харин зах зээл хувьсан өөрчлөгдөж байдаг, тэрхүү өөрчлөлтүүдийн 1 явагдаж байна гэдгийг ил илтгэж байгаа юм. Яг одоо уг харьцаа хэдтэй байгааг харахыг хүсвэл, крипто зах зээлийн хамгийн том бүртгэлийн сан, CMC вебээр зочлоорой.
Лааны гол
Лаан граф дээрх, зураасан тэмдэглэгээг, Wick буюу гол гэнэ. Нээлт болон хаалтын ханшаас, хэр их хэлбэлзсэнийг харуулах эдгээр зураасыг, сахал, сүүл, сүүдэр ч гэж нэрлэх нь бий.
Гол нь, харгалзах хугацаан дахь ханшийн хамгийн дээд болон доод дүнг илтгэх учир, тухайн цаг үеийн зах зээлийн чиг хандлагыг баримжаалан дүгнэх чухал ач холбогдолтой. Лааны уртыг ажиглах нь бас их чухал бөгөөд, түүн дээр үндэслэн ханшийн чиглэлийг таамаглаж болдог. Жишээлбэл, доошоо урт голтой лаа байвал, ханш унасан боловч, нээлт, хаалт 2 ойролцоо байгаа нь, зарах захиалгууд ихээр биелэгдсэний дараах, авах захиалгууд хүчтэй орж ирснийг илтгэнэ. Үүнээс шалтгаалан, голыг хандлагын өөрчлөлтийг илтгэгч гэж үзэх арилжаачид цөөнгүй байдаг.
Гэвч, лаа, гол, граф нь дангаар ханшийн чигийг тодорхойлоход хангалтгүй байдгыг анхаараарай.
Хэрэглээний үнийн индекс
Consumer Price Index (CPI) гэдэг нь, зах зээл, эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлоход хэрэглэгддэг хэмжүүрүүдийн 1 бөгөөд, олон төрлийн зүйлсийн үнэ ханшийн багц, тэдгээрийн өөрчлөлт дээр тулгуурлан тооцоологдож байдаг ойлголт юм.
CPI нь, бараа бүтээгдэхүүн, үзвэр үйлчилгээ бүрийн үнэ ханшийг хянахад хэрэглэгддэг бөгөөд энгийн хэрэглэгчийн мөнгөө зарцуулж болох бүхий л зүйлс дээр хэрэгжиж байдаг. Тэгэхдээ, сагсандаа авч хийж байгаа бараа бүрийг тань, хэр чухал гэдгээр нь ангилж, харгалзах хугацаагаар нь бүртгэх замаар индексийг тодорхойлно.
Хэрэгцээ шаардлагыг бид, инфляцийн талаарх нийтлэлдээ ерөнхийд нь танилцуулсан байгаа ба хэрхэн тооцоолдгыг доорх жишээнээс хараарай.
2015
21'300
100
2016
24'900
116.9
2017
47'200
206.5
2018
60'700
235.1
2019
66'400
244.5
2020
79'800
264.7
CPI-г эхлээд, жил жилээр нь тооцоолох бөгөөд, гарсан дүнгээс инфляцийг доорх томъёогоор бодож олно.
(Удаах оны CPI - Өмнөх оны CPI) / Өмнөх оны CPI * 100
Дээрх хүснэгт дэх жишээнд оруулсан тоонууд нь бодит дүнгүүд биш шүү, дандаа таамгаар бичсэн байгаа. Түүн дээрх инфляцийн өөрчлөлтийг уг томъёогоор бодвол, 2019 болон 2020 оны хооронд 20.18% өсөлт, харин 2015-2017 оны хооронд нийт 106.5% өсөлтийг тус тус үзүүлжээ.
Тэнцэтгэлийн зөрүү
Зарлага/Орлогыг тэнцүүлэхийн тулд, одоогийн ханш хэд дахин өсөх шаардлагатай, тэрхүү дүнг Breakeven Multiple гэж нэрлэдэг. Худалдан авалтын дараах, ханшийн уналтанд алдагдал хүлээхгүйн тулд ханшийг тодорхой дүнд хүрч өстөл хүлээж болох ба тэрхүү дүн нь одоогийн ханшаас хэр их зөрүүтэй байгааг уг тодорхойлолтоор хэмжнэ.
Заримдаа гэхдээ, үнийн хүрч байсан түүхэн дээд амжилтаас, одоогийн ханш хэр их зөрүүтэй байгааг мөн хэмжихэд хэрэглэх нь бий. Жишээлбэл, ATH нь 100 сая ₮ хүрч байсан, зоос эсвэл токен яг одоо 25 сая төгрөгт хүрсэн байгаа гэж бодвол, түүний зөрүү нь 4 дахин буюу 75% унасан байна. Уг зөрүүг хувиар биш, бүхэл тоогоор хэмждэг гэдгийг анхаараарай, жишээн дээрх хувийг, харьцуулан харуулах үүднээс л бичсэн байгаа шүү. Тооцоолох томъёо нь:
х = Зорьсон ханш / Одоогийн ханш
байх ба, дээрх жишээгээрээ бодвол:
х = 100'000'000 / 25'000'000 = 4
гарах ба зөрүүг "4х" гэж тэмдэглэнэ. Зармын хувьд, уналтын дараа эргэн сэргэхийн тулд ханш, өнөөгийнхөөсөө хэд дахин нугарах шаардлагатайг тооцолох зорилготой юм.
Мөнгөний бодлого
Улсынхаа мөнгөний нөөц, зээлийн хүүг удирдах зорилгоор, удирдлагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Monetary policy гэнэ. Уг бодлогыг ихэвчлэн төв банк хэрэгжүүлдэг.
Зээлийн хүү болон инфляцийг удирдах замаар, эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх нь уг бодлогын гол зорилт юм. Бодлого нь, хумих болон тэлэх 2 хэлбэртэй байдаг ба тэдгээрийн аль 1-г эсвэл хослуулан баримталж болдог.
Мөнгөний хураах бодлого
Улсын эдийн засгийг харьцангуй удаан буюу алгуурхнаар өсгөх шийдлийг ийн нэрлэх бөгөөд төв банк, зээлийн хүүг өндөр тогтоох замаар, арилжааны банкуудын эргэлдүүлэх мөнгөнд хязгаар тогтоох нь энэ төрлийн бодлогын хэрэгжилт юм. Ингэж хязгаарлах нь, инфляцийг тогтвортой барих эсвэл буулгах боломжыг олгоно.
Мөнгөний тэлэх бодлого
Харин, мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэх замаар, эдийн засгийн хөгжлийг хурдасгах зорилготой макро эдийн засгийн бодлогыг мөнгөний тэлэх бодлого гэнэ. Төв банк, зээлийн хүүгээ буулгаж, нөөцийн хувь хэмжээний шаардлагыг багасгаснаар, ажилгүйдэл буурч, эдийн засаг хурдацтай хөгжих нөхцөл бүрдэнэ. Мөн, энэ бодлогын хүрээнд ханш унах сөрөг нөлөөтэй ч, ханшийн сулралт нь гадны худалдаачдыг татах 1 арга болж болно. Гэвч, уг бодлого нь инфляцид хүчтэй түлхэц өгч байдаг.
Дээрхээс дүгнэвэл, уг бодлого нь төв банкны, тухайн улсын эдийн засаг, мөнгөний урсгалыг бүхэлд нь залуурдах хэрэгсэл гэж хэлж болно.
Зөгийн балны сав
Мэдээллийн технологийн системд, зөвшөөрөлгүй хандалт хийгдсэн эсэхийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах зориулалтаар хэрэглэдэг, компьютерийн аюулгүй байдлыг хангах аргыг Honeypot хэмээн нэрийддэг.
Төсвийн бодлого
Татвар болон худалдан авах чадамжыг зохицуулах зорилгоор, тухайн улсын удирдагчдын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг Fiscal policy гэдэг. Төсвийн хөрөнгийг хэрхэн бүрдүүлж, зарцуулахыг шийдэх замаар эдийн засгийг хянаж, чиглүүлэх боломжыг энэ бодлогоор олж авах боломжтой байдаг.
Төсвийн бодлого нь, мөнгөний бодлогын хамтаар хэрэгжих ба эдийн засгийн чиг баримжааг тогтворжуулах зорилготойгоор хэрэгжинэ. Зөв хэрэгжүүлж чадвал, уг бодлого нь, ажилгүйдлийг бууруулах, инфляцийг зохицуулах, мөнгөний үнэ цэнийг зохих түвшинд барих зэрэг нийгэм, эдийн засгийн цөөнгүй давуу талыг авч ирэх боломжтой. Гэвч, худалдагдсан төрийн удирдлагууд үүнийг буруу хэрэгжүүлэх гэж оролдох нь их. Үүнээс үүдэн, эдийн засаг дахь ЗГ-ын оролцооны талаар ихээр хөндөн хэлэлцэх болоод байгаа ч, тодорхой хэмжээгээр оролцох нь эдийн засагт чухал нөлөөтэй гэдэгтэй эрдэмтэд санал нийлж байдаг.
Ерөнхийдөө бол, төсвийн бодлого гэдэг нь засгийн газарт татварын систем үүсгэж, түүнийгээ өөрчлөх боломжыг нь бүрдүүлж өгөх замаар, эрэлт, инфляци, хэрэглээ болон ажилгүйдлийн зэргийг зохицуулж, улс орны эдийн засгийг удирдах боломжыг олгодог хэрэгсэл юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation