Крипто тайлбар толь [10-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Алтан зөрлөг
Golden Cross гэдэг нь, графийн загваруудын 1 бөгөөд богино мужын MA, урт хугацааны MA-г дээш цөмлөж гарах үзэгдэл юм. Ийм төрлийн загвар нь ихэнх тохиолдолд бух ирж айсуйг бэлгэддэг.
Алтан зөрлөг бүрэлдэхийн тулд дараах 3 үеийг туулна. Үүнд:
- Уруудалтын үед богино хугацаан дээрх MA, урт хугацааны MA-аас доогуур түвшинд орших;
- "Салхи эргэж", богино хугацааны MA, уртыгаа нэвт цойлох;
- Өсөлт үргэлжилсэн хэвээр байх ба энэ үед богино хугацааны MA, урт хугацааныхаа MA-ын дээгүүр хөөрсөн хэвээр байх;
Уг загварыг, 50 болон 200 үет MA-ууд дээр голчлон шинждэг хэдий ч, олон өөр үеийг тооцоололдоо хэрэглэх нь бий. Жишээлбэл, day trader буюу өдрөөр арилжаалагчид 5 болон 15 үет загварыг өргөнөөр хэрэглэдэг. Мөн, 15 болон 50, 100 болон 200 үеүүд мөн түгээмэл хэрэглэгдэж байгаа.
Алтан зөрлөг нь, SMA, EMA хослуулсан үед илүү үнэн бодитоор загварчлагдах боломжтой ба зарим арилжаачид үнэхээр ийм загвар үүссэн эсэхийг, арилжааны хэмжээг давхар тулган харах замаар баталгаажуулж байдаг.
Нэвтэлж гараад, зөрлөг үүссэний дараа, урт хугацааны MA шугам нь хүчтэй шал болж өгөх хэдий ч, зарим арилжаачид, энэ шугамыг дахин шалгатал нь хөрөнгө оруулалгүй хүлээх нь бий.
Бүхий л загварын адилаар, урт хугацаан дээр үүсч буй дохио нь, бага хугацааныхаасаа илүү найдвартай байдаг. Энгийнээр бол, өдрийн график дээр үүссэн алтан зөрлөгөөс, цагийнх дээрх нь, ханшинд үнэмлэхүй нөлөөг үзүүлнэ. Гэхдээ, бага цаг дээрх дохио нь худал дохио байх магадлал өндөртэй байдгыг санаж явахад илүүдэхгүй шүү. Өөрөөр хэлбэл богино хугацааны граф дээр үүссэн алтан зөрлөгийн дараа ханш унах боломжтой. Тийм учраас, ямагт эрсдлийн зохицуулалт хийж байх хэрэгтэй.
Уг зөрлөгийн эсрэгийг, death cross буюу үхлийн зөрлөг гэх ба энэ нь богино MA, уртыгаа нэвтэлж, доош цутгах үед үүсдэг. Баавгай ирж буйг зөгнөнө.
Унаж буй хутга
Falling Knife - Уг хэллэг нь, "Унаж буй хутгыг барих" гэсэн хэлцээр өргөн хэрэглэгддэг. Ханш эрчтэйгээр унаж байх үед, худалдаж авах үйлдлийг нэрлэсэн энэ хэллэг нь, Wall street-ийн дараах сургаалиас үүдэлтэй.
If you like to catch falling knives, you might need a good surgeon with plenty of stitching thread to accompany you.
Үүнийг үгчлэн орчуулвал:
Хэрэв Та унаж байгаа хутгыг барьж авах дуртай бол, Таньд сайн мэс засалч, их хэмжээний оёдлын утас хэрэг болох нь дээ.
Энэ үйлдэл нь ихэвчлэн, удахгүй "Үүлэн чөлөөний нар" эсвэл чиг хандлагын эргэлт тохиох гэж байна гэсэн таамаглалаас улбаалан үйлдэгддэг бөгөөд хэрэв таамагал үнэн байгаад, ханшийг бараг ёроолд нь тулгаж авч чадвал түүнийг "хутгыг амжилттай барьж чадлаа" гэх бөгөөд залган орж ирэх өсөлтөөс нилээд өндөр ашиг хийх боломжтой болдог.
Гэхдээ, энэ үйлдэл нь туйлын өндөр эрсдэлтэйн дээр, амжилттай хэрэгжиж байсан түүх маш цөөн байдаг гэдгийг анхаарах хэрэгтэй. Үүний жишээ болгон, 2017 оны 12-р сард тохиолдсон Биткойны ханшийн уналтыг нэрлэж болно. $20'000 USD-с $17'000 USD хүртэл унаад, багахан "амсхийх" үед нь, олон хүн эргээд "пуужиндана" гэж итгээд их хэмжээгээр авсан боловч, уналт дахин үргэлжилж, $10'000 USD хүрч, өнөөх "сайхан боломж" нь 35% алдагдлыг авч ирсэн түүхтэй.
Үүлэн чөлөөний нар
Dead Cat Bounce гэдэг нэр томъёог ингээд орчуулчихлаа. Зарим 1 хүмүүс "үхсэн нохойн оцгор" гэж хошигнож нэрлээд байгаа харагдана лээ. Үгчлэн орчуулбал, "Үхсэн муурын ойлт" гэх юм уу даа. Ерөнхийдөө бол Wall street-ийн энэ нэршил нь, уналтын дундаас түр өндийгөөд эргэн унах үзэгдлийг л нэрлэдэг юм.
Ингэж нэрлэх болсон шалтгаан нь, "Их өндрөөс унаж байгаа үед, үхсэн муур ч ойно" гэсэн хэлцээс гаралтай. Харин "Үхсэн нохойн оцгор" гэдэг хэлцийн хувьд, "Уналт дууссан гэж санав уу? Ёстой тэгж баярлуулна гэж байхгүй шүү" гэх санааг илтгэсэн юм болов уу, харин би хувьдаа тэрхэн зуурт ч гэсэн гэгээ татаад буцаад бүүдийхтэй зүйрлэж, ийнхүү орчуулсан юм.
Зарим тохиолдолд, уг хэлц TA-ний загвар болон хэрэглэгдэх нь ч бий. Ингэхдээ, хэд хэдэн давтагдсан загвараар дүрслэгдэж болно. Уг загварыг, зах зээлийн чиг хандлагын эргэлттэй андуурч болох. Гэтэл үнэндээ, сэргэлт зуурдынх байж таараад, шалаа цөмлөж, доош цутгасаар шинэ шалан дээр нэвсийтлээ унаж ч мэднэ. Зарчмын хувьд бол, энэ загвар нь, Бухын урхийг илтгэнэ.
Dead Cat Bounce гэх хэллэгийг анх 1985 оны 12-р сард хэвлэлийнхэн мэдээндээ хэрэглэсэн нь өнөөдөр, арилжаачдын хэрэглээ болоод байна.
Гоожих
Санхүүгийн салбарт, аливаа хөрөнгийн ханш эрчтэйгээр уруудаж байгаа үзэгдлийг tank/tanking гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, маш огцом унахыг ингэж ба манайхан "Асгарах", "Цутгах" зэргээр хэлж байгаа.
Мөн, ханш нь өсөхгүй удаж байгаа үед, in the tank буюу Монголчилвол, "хог дээр үсэрч", "шалаар 1 хөглөрч" байна гэдэг.
Эсрэг утга болох rally/rallying-г нь, "хөөрөх", "харвах" гэх зэргээр орчуулан хэрэглэж байгаа ба эдгээр үгс нь, dump/dumping болон pump/pumping гэх хэллэгүүдтэй ижил утга санааг илэрхийлнэ.
Төстэй өөр нэгэн хэллэг нь bleeding буюу "урсах", "хатах" юм. Гэвч уг томъёо нь цутгалттай харьцуулахад хамаагүй удаан, тогтвортой уналтыг тодорхойлоход хэрэглэгддэг.
Граф
Chart - Өгөгдөл, мэдээллийг зураг болон дүрст хэлбэрээр харуулах арга хэрэгслийг хэлнэ. Харуулах мэдээлэл, түүнийг зохион байгуулах аргаас хамааран маш олон төрлийн граф байгуулж болдог ба ихэвчлэн геометрийн дүрс, хүснэгт зэрэг хэлбэрээр дүрслэх нь бий.
Энгийн болоод ахисан түвшний хэрэглэгчдэд тохиромжтой граф бүхий, крипто валютийн зах зээлийн хамгийн том мэдээллийн самбар болох CMC-д зочлоод үзээрэй.
Жишиг
Standard - Баримтлах хэм хэмжээг зааж буй, хүлээн зөвшөөрөх шалгуурын түвшинг заах, дундаж болон зохих үзүүлэлтийг тодорхойлох ойлголт.
Төлөв
Position - Хөрөнгө оруулагчийн 1 болон хэд хэдэн хөрөнгөнд оруулсан, тодорхой хугацааны үе дэх цэвэр дүн болон арилжаа хийхээр зарласан байдлыг ийн нэрлэнэ.
Загвар
TA хийх үед, граф дээрх ханшийн үзүүлэлтээс үүсч буй, таньж уншигдахуйц буюу тооцоолол хийх боломжыг бүрдүүлэх хэлбэрийг Pattern гэдэг.
Уналт
Dip - Ханшийн сөрөг чиглэлд явагдаж буй өөрчлөлт.
Buy The Fucking Dip (BTFD) буюу "Унасан дээр нь ав" гэсэн хэллэг ч бий.
Үндсэн хөрөнгийн зохион байгуулалт
Хөрөнгөө зохион байгуулахад зорилгоор хэрэглэж болох бүхий л төрлийн арга барил, системийг Asset Management гэсэн ойлголтонд хамруулна. Хөрөнгө нь, биет (байшин, машин г.м.) болон биет бус (оюуны өмчийн гэрчилгээ, крипто валют г.м.) ямар ч хэлбэрийн хөрөнгө байж болох бөгөөд тэдгээрийн зохион байгуулах төлөвлөгөө нь олон хэлбэр янз байдаг.
- Санхүүгийн хөрөнгийн ЗБ - Хөрөнгө оруулалт;
- ААН-ын өмчийн ЗБ - Үндсэн хөрөнгө;
- Дэд бүтцийн ЗБ - Зам, гүүр зэрэг нийтийн эзэмшлийн дэд бүтэц;
- Төрийн өмчийн ЗБ - Сургууль, хүрээлэн;
- Мэдээлийн технологийн хөрөнгийн ЗБ - Програм болон техник хангамж;
- Цахим хөрөнгийн ЗБ - Өгөгдөл, мэдээллийн бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалт;
Дээрхээс зөвхөн санхүүгийн чиглэлийнхийг нь л авч үзье.
Энэ төрлийн зохион байгуулалтыг хөрөнгө оруулалтын мэргэжилтэн эсвэл хөрөнгийн зохион байгуулагч хүн удирдан гүйцэтгэдэг ба тэдний зорилго нь хөрөнгөө хамгийн өндөр үр өгөөжтэйгээр зарцуулах явдал байдаг. Ажлын сайн гүйцэтгэл нь, санхүүгийн эрсдлийг боломжинд нь тулган багасгах эсвэл бүүр ашигтай ажиллахад хүргэх боломжтой.
Хөрөнгийн үнэлгээг өсгөхийн тулд зах зээлийн баримжаа сайтай байх хэрэгтэй ба ийм төрлийн үйлчилгээг үзүүлэгч хувь хүн эсвэл албан газрууд чамгүй олон бий. Тэдний дийлэнх нь мэргэжлийнхэн байх бөгөөд зарим нь үйлчлүүлэгчид болоод ажилтнуудын жагсаалт, амжилтуудын бүртгэл, төлөвлөгөөний танилцуулгаа хүртэл гаргасан байдаг.
Хөрөнгийн зохион байгуулалт хийхийн гол зорилго нь, бага эрсдэлтэйгээр урт хугацаанд өгөөжөө өгөх ашигтай нөхцлийг бий болгох явдал юм.
Ийм үйлчилгээг эрэлхийлэгч, захиалагч, хөлслөгч нар нь ихэвчлэн ихээхэн хөрөнгөтэй хувь хүмүүс, албан газрууд, засгийн газрын салбар нэгжүүд байдаг.
Хөрөнгийн жагсаалтанд үл хөдлөх, үнэт цаас/хувьцаа, ашигт малтмал, крипто валют гэх зэрэг олон төрлийг хамруулсан байж болох ба ямар хэлбэрийн зохион байгуулалт хийж байгаагаас хамааруулан active буюу идэвхтэй зохион байгуулалт эсвэл passive буюу тогтсон зохион байгуулалтын төлөвлөгөөнүүдээс хэрэгжүүлэх боломжтой. Идэвхтэй гэдэг нь, зохион байгуулагчийн байнгын хараа хяналт, үйл ажиллагааг шаардаж байдаг төлөвлөгөөний төрөл юм. Харин тогтсон төлөвлөгөө гэж, тогтмол ажиллагаагүйгээр гүйцэтгэгдээд явах боломжтой хэлбэрийг хэлнэ. Эдгээрийн талаар Крипто тайлбар толь цувралынхаа дараагийн дугаарт дэлгэрэнгүй тайлбарлаж өгье.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation