Moving Averages гэж юу вэ?
TA ердөө 1 л зориулалттай бөгөөд тэр нь, зорьсон үр дүндээ хүрэхийн тулд, байгаа дүн мэдээлэлдээ шинжилгээ хийж, зохистой шийдвэр гаргах юм. Зах зээл өргөжин тэлж, хөгжихийн хэрээр хувьсан сайжирч байдаг TA-нд, сүүлийн 10 жилд асар олон арга барил шинээр нэмэгдсэн боловч тэдний цөөн нь л өргөн хэрэглэгддэг болоод байгаа. Тэдний 1 нь moving averages (MA) буюу хөдөлгөөний дунджыг тооцоолох арга юм.
MA-г шинжлэх олон тусдаа арга байдаг хэдий ч, бүгд графын чиглэлийг таамаглах зорилгоор л зурагддагаараа адил. Энэ арга нь граф дээрх хандлагыг дүрслэх, дүрсэлсэн зураглалаасаа дараагийн чигийг баримжаалах зарчмаар үйлдэгддэг ч, өмнөх дунджуудад тулгуурлан хэмжигддэг тул урсгалыг мөшгигч буюу хандлагыг дагагч гэж тодорхойлогдох боломжтой. Гэсэн хэдий ч, үнэхээр үр өгөөжтэй байж чаддаг гэж нотлох хүмүүс ч бас бий.
MA-н төрлүүд
Хийж буй арилжааны төрлөөсөө хамааруулан сонгож хэрэглэдэг хэд хэдэн төрлийн MA шинжилгээний аргууд байдаг боловч ийм төрлийн шинжилгээг 2 үндсэн төрөлд хуваан авч үздэг. Тэдгээр нь simple moving averages (SMA) буюу хөдөлгөөний дунджыг тооцоолох энгийн болон exponential moving averages (EMA) буюу хөдөлгөөний дунджыг тооцоолох өсөлтөт аргууд юм. Зах зээлийн төрөл болон хүсэж буй үр дүнгээсээ хамааруулан эдгээр аргуудаас сонгон хэрэглэдэг.
SMA
Хамаарах хугацааны муж дахь дүнгүүдийн дунджыг олдог энэ арга нь, мэдээллийн шинэ багц нэмэгдэж орж ирмэгц, хамгийн хуучин мэдээллийн багцыг тооцооллоос хасдгаараа ердийн дундажлалтаас ялгагдана. Өөрөөр хэлбэл, тооцооллыг 10 хоногоор гүйцэтгэж байгаа тохиолдолд, зөвхөн сүүлийн 10 хоног дахь үзүүлэлтүүд дээр л хэмжилт хийгдэж, өдөр бүр шинэчлэгдэж байна гэсэн үг.
Гэхдээ, SMA шинжилгээний үед өгөгдөл бүр ижил үнэлэмжтэй байдгыг анхаараарай. Хэзээний өгөгдөл гэдгийг нь энэ аргын хувьд огт авч хэлэлцэхгүй. Харин шинэ өгөгдлийг илүү өндрөөр үнэлж хэмждэг тооцоллын аргыг EMA гэнэ.
EMA
Ханшийн савлагааны түүхээс дунджыг нь тооцоолдгоороо EMA, SMA 2 төстэй. Гэвч, шинэ өгөгдөлд илүү ач холбогдол өгдгөөрөө EMA нь бага зэрэг төвөгтэй санагдах боломжтой. Дээрх аргууд адилхан өргөнөөр хэрэглэгддэг хэдий ч, огцом, хүчтэй савлагааны үед EMA нь илүү уян байдаг.
Ханшийн өөрчлөлтөнд мэдрэг чанар нь short-term буюу богино хугацаанд ашиг хийх зорилгоор арилжаанд оролцогчдод илүү зохимжтой боловч, MA-г хэрэглэж буй хэн бүхэн өөрсдийн хувийн төлөвлөгөө, зорилгоо оновчтой тодорхойлж, түүндээ нийцүүлэн шинжилгээгээ хийх нь хамгийн зөв гэдгийг анхаарах нь зүйтэй.
MA-г хэрхэн гүйцэтгэдэг вэ?
Одоогийн биш, өнгөрсөн дэх ханшийг шинжилж байгаа учир, тодорхой хэмжээгээр хоцорсон дүгнэлт гарч болохыг ойлгож байвал зохино. Хэдий өргөн цар хүрээгээр тооцоолох гэж оролдоно, тэр хэмжээгээрээ хоцрогдсон дүгнэлтэнд хүрэх боломжтой. Жишээлбэл, 10 өдрийн хэмжилт дээр хийгдсэн шинжилгээний дүн, шинэ өгөгдөлд, 100 өдрийнхөөс харьцангуй хурдан урвал үзүүлнэ. Учир нь, бусад өгөгдлийн дүн хэмжээнд, шинэ өгөгдлийн учруулж чадах нөлөө тэр чинээгээрээ бага байдагтай холбоотой.
Гэхдээ, эдгээрийн аль аль нь, арилжааны хэлбэр, бүтцээс хамааран ашигтай байх боломжтой байдаг бөгөөд их хэмжээний өгөгдөл дээр хийсэн дүгнэлт нь long-term буюу урт хугацаанд өгөөж хүртэх зорилготой хөрөнгө оруулагчдад илүү тохиромжтой.
Уламжлалт зах зээл дээр 50, 100, 200 хоногийн MA илүү өргөн хэрэглэгддэг. Тэр дундаа, үнэт цаасны арилжаачид, 50 болон 200 хоногийн MA шугамыг ханш сэтлэж гарахыг хүлээн, ажиглаж байдаг. Ялангуяа, сэтлэлтийн дараах crossover буюу огтлолцол нь чухал дохио хэмээн үздэг бөгөөд энэ онол нь крипто валютийн арилжаан дээр ч ихээр хэрэглэгддэг. Гэхдээ, өндөр дэгдэлттэйг нь бодолцон, MA-н тохиргоо болон төлөвлөлтөө арилжаачин бүр өөрсдийн нөхцөлд нийцүүлэн гүйцэтгэх шаардлагатай.
Огтлолцлын дохио гэж юу вэ?
Ерөнхийдөө бол, MA-н өсөлт нь ханшийн өсөлтийг, бууралт нь ханшийн уналтыг илтгэдэг. Гэхдээ, MA нь дангаараа найдвартай үзүүлэлт болж чадахгүй гэдгийг мартаж болохгүй. Тиймээс MA-г хийхдээ, баавгай болон бухын чигийн шугамуудын огтлолцлыг анзаарах нь зүйтэй.
Crossover signal буюу огтлолцлын дохио нь, 2 тусдаа MA шугамын огцтлолцол дээр үүсдэг. Ингэхдээ, богино хугацааны MA, урт хугацааны MA-г давж гарвал түүнийг bullish crossover буюу Бухын огтлолцол (зарим тохиолдолд golden cross буюу Алтан зөрлөг гэх нь ч бий) гэх ба энэ нь айсуй өсөлтийг бэлгэддэг. Харин богино хугацааны MA, урт хугацааныхад дарагдаж огтлолцвол, түүнийг bearish crossover буюу Баавгайн огтлолцол (эсвэл death cross буюу Үхлийн зөрлөг) гэж нэрлэх бөгөөд энэ нь уналтын дохио болдог гэж үздэг.
Анхаарах шаардлагатай бусад хүчин зүйлс
Дээрх тайлбар болон жишээндээ дандаа өдөр хоногоор тооцох талаар бичсэн байгаа ч, цагаар тооцоолж бас болдог. Ялангуяа, өдөр тутам арилжаанд оролцохдоо, сүүлийн 2-4 цагаар нь харах нь илүү бодит үр дүнд хүргэх боломжтой байдаг ба энэ тохиолдолд сараар харах ямар ч шаардлагагүй юм. Мөн, арилжааны төлөвлөгөөтэйгээ уялдуулан хийсэн, өөр өөр хугацааны мужуудад дээрх шинжилгээнүүдээ нэгтгэн харах нь илүү оновчтой ч байж болдог.
MA-н гол дутагдал нь, түүний хоцролт гэж дээр дурьдсан даа? Түүнээс улбаалан дохиог хожуу илрүүлэх магадлал их өндөр байдаг. Тиймээс, хэдийгээр худалдаж авах дохиог илрүүлээд, хөрөнгө оруулсны дараа өсөлт үргэлжиллээ ч, тооцсон хэмжээний ашиг олох боломж хэдийн үгүй болсон байх боломжтой. Мөн, хуурамч алтан зөрлөгт итгээд, уналтын өмнө хөрөнгө оруулж, хохирол амсах ч тохиолдол байж бас болно. Ийм хуурамч дохионуудыг нийтэд нь, bull trap буюу бухын урхи гэдэг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation