Крипто тайлбар толь [7-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Энэ дугаарт:
CFTC
Commodity Futures Trading Commission (CFTC) буюу Түүхий эдийн нэрлэсэн ханшийн арилжааны хороо нь АНУ-д байрладаг, арилжаа, үнэ ханшинд хяналт тавьдаг байгууллага юм. Анх 1974 онд Commodity Exchange Authority (CEA) буюу Түүхий эдийн биржүүдийн удирдах газар нэрээр байгуулагдаж байсан ба анхандаа зөвхөн газар тариалангийн чиглэлд дагнан ажилладаг байж байгаад өдгөө бүхий л түүхий эдийн худалдааг зохицуулах болсон.
CFTC-ийн үндсэн зорилго нь, АНУ-ын түүхий эдийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах явдал гэж заасан байдаг.
Олон салбар чиглэлийг ерөнхийлөн хянадаг нь, зарим талаараа SEC-тэй төстэй үйл ажиллагаа эрхлээд байгаа мэт харагдаж болох юм. Жишээлбэл, эдгээр байгууллагуудын аль аль нь зах зээлийн тогтвортой байдлыг сахин хамгаалах, луйврыг илрүүлж, таслан зогсоох үүргийг гүйцэтгэж байгаа. Гэвч, ямар зах зээлд оролцож байгаагаараа ялгаатай бөгөөд CFTC нь "шүгэл үлээгч" хөтөлбөрөөрөө дамжуулан, луйврын талаар чухал мэдээллийг илчилж, таслан зогсооход тусласан иргэдийг урамшуулдаг. Уг хөтөлбөр нь 2014 онд зарлагдсанаасаа хойш 90 гаруй сая долларын урамшууллыг олгосон тоо баримт байдаг.
2008 оны эдийн засгийн хямралын дараа, тухайн үеийн ерөнхийлөгч Барак Обама энэ салбарт илүү ихээр анхаарал хандуулж, тэдний үйл ажиллагааг өргөжүүлсэн нь өдгөө дараах салбар бүрэлдэхүүнтэй, томоохон байгууллага болоход ихээхэн түлхэц өгсөн юм.
- Солилцоог гүйцэлдүүлэгч болон зуучлагчийг хянах хэлтэс
- Зөвшөөрөл ба эрсдлийн хэлтэс
- Зах зээлийн хяналтын хэлтэс
- Хууль сахиулах хэлтэс
- Эдийн засагчдийн хэлтэс
- Зөвлөхүүдийн хэлтэс
- Захирлуудын хэлтэс
- Шүгэл үлээгчдийн хэлтэс
Үндсэн сүлжээ
Mainnet гэж гүйцэт хөгүүлэгдэж, хэрэгжсэн Блокчэйн протоколыг тодорхойлно. Өөрөөр хэлбэл, гүйлгээний мэдээллийг дамжуулж, шалгаж, баталгаажуулж, Блокчэйнд хуулах чадамж нь бүрдсэн протоколыг mainnet гэнэ.
Харин testnet буюу туршилтын сүлжээ гэдэг нь, бүрэн хүчин чадлаар ажиллаж эхлээгүй, хэрэглээнд нэвтрээгүй, шалгагдаж байгаа mainnet юм. Энэ төрлийн сүлжээ нь, алдаа илрүүлэх, засах, туршилтаар ашиглах зорилгоор хэрэглэгдэж, сайжирсаар эцсийн бүтээгдэхүүнийг бүрэн төгс хэлбэржүүлэх нөхцлийг бүрдүүлдэг.
Ихэнх тохиолдолд, mainnet залгагдмагц, ICO эсвэл IEO зэрэг хөтөлбөрүүд хэрэгжих ба тэдгээрээс цугларсан санхүүжилтээр, testnet дээрх хөгжүүлэлтүүд хийгдэж, шалгагдаж байдаг.
Үндсэн сүлжээний шилжилт
1 Блокчэйнээс, нөгөөрүү шилжих хөдөлгөөнийг mainnet swap гэнэ. Ийм төрлийн нүүдэл нь ихэвчлэн, өөр бусад платформ дээр байрладаг байж байгаад, өөрийн гэсэн Блокчэйн сүлжээтэй болж, түүнрүүгээ хөрвөх үед хийгддэг ба энэ үед, крипто токенууд нь шинэ токенуудаар солигдож, Блокчэйнийн үйлдлүүд нь шинэ хэлхээн дээр бүртгэгдэж эхэлнэ.
Жишээ болгон BNB токенийг онцлоё. Анх өөрийн гэсэн Binance Chain-н үндсэн сүлжээгээ залгах үед хэрэглэгчдийг хуучин сүлжээ болох Ethereum-с нүүхийг уриалж байсан бөгөөд ингэж нүүснээр, хэрэглэгчдийн ERC-20 BNB токен нь, цоо шинэхэн BEP2 BNB-р бүртгэгдэх боломж бүрдэж байгаа юм. Уг шилжилтийн харьцаа 1:1 байсан ба, шилжилт хийгдэж дуусмагц, үлдсэн бүх ERC-20 BNB-г шатаасан. Ингэснээр зөвхөн шинэ хэлхээн дээрх BNB-г л хэрэглэх боломжтой болсон.
Дээрхээс дүгнэвэл, уг шилжилт нь, өмнө гаргасан байсан токеноо, өөрийн гэсэн Блокчэйн сүлжээн дээр ажилладаг, шинэ крипто валютаар солих үед хийгддэг гэж ойлгож болохоор байна. Тийм ч учраас, энэ шилжилтийг "токений нүүдэл" гэж бас нэрийдэж болох бөгөөд уг шилжилт нь ихэнхдээ, үндсэн сүлжээ залгагдсаны дараахан хийгддэг.
Гэхдээ, токений нүүдэл нь шинэ Блокчэйн үүсэх бүрт хийгдээд байдаг гэж ойлгож болохгүй. Заримдаа ийм нүүдэл, 1 протоколоос, нөгөөрүү шилжих үед ч хийгдэж болно. Жишээлбэл, Storj нь, өөрийн сүлжээний өргөжих чадвараа тэлэх үүднээс, Биткойнд суурилсан протоколоо, Эфириумийнхээр солих үед мөн адил шилжилтийг хийж байсан.
Үндсэн сүлжээний шилжилт бүр, хэрэгжүүлэлтийн өөр өөр өвөрмөц шинжийг агуулдаг. Зарим нь хэрэглэгчиддээ зоосоо нүүлгэх хугацааг нь цаанаас нь зааж өгдөг ба, тус хугацаанд л амжиж нүүлгэхгүй бол, хөрөнгөө бүрэн алдах аюултай. Учир нь, хуучин сүлжээн дээрх бүх хөрөнгө 1 бол устгагдаж, үгүй бол хөлдөнө.
Гэтэл бас хугацаа заалгүй, хүлээдэг нүүдэл ч бас бий. Байнансийн хувьд, энэ асуудлыг биржийн талаас нь зохицуулж өгсөн байдаг ба ингэхдээ, хөрөнгөө авах хүсэлт гаргах төдийхнөөр л нүүлгэж авах боломжтойгоор шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хуучин сүлжээн дээр байсантайгаа тэнцүү хэмжээний хөрөнгөө, хүсэлт гаргаад л шинэ сүлжээн дээрх хэтэвчиндээ бүртгүүлсэн нь аль аль талдаа цаг хугацаа, хөдөлмөр хөнгөвчилсөн их оновчтой зохицуулалт болсон.
Зарах хана
Sell Wall : Маш их хэмжээний эсвэл олон тооны, маш ойролцоо дүнгүүд бүхий нэрлэсэн ханштай зарах захиалгуудын бөөгнөрлийг ийн нэрлэнэ. Өөрөөр хэлбэл, 1 хүний эсвэл нилээд олон хүмүүсийн захиалгуудаас ийм хана үүсэх боломжтой байдаг ба 1 хүний захиалгаас бүрдэж байвал тэрхүү захиалгыг оруулсан хүнийг "халим" гэнэ.
Хананууд нь ихэвчлэн, бусад арилжаачдыг сандаргах, айлгах эсвэл хөөргөх зорилгоор тавигддаг ба захиалга нь гүйцэт биелэгдэх нь ховор байдаг. Мөн ханыг, ханшинд нөлөөлөх зорилгоор хэрэглэх нь ч бий. Зарах ханыг давж, захиалгаа гүйцэлдүүлэхийн тулд, зарах захиалгын ханшаа хананыхаас буулгаж тависнаар ханш унах чиглэлийг нь олгож орхидог.
Ханыг хялбар олж таних боломжыг олгох үүднээс дийлэнх биржүүд, граф дээрээ, depth chart буюу гүнийн хэмжээс гэх хэрэглүүр/цэсийг тусгаж өгсөн байдаг.
Авах хана
Зарах ханатай төстэй боловч, эсрэг чиглэлд хийгдсэн захиалг(ууд)ыг Buy wall гэнэ. Ханш доош унахыг зогсоодог тул "хана" гэж нэрлэгддэг боловч, үүнийг гүйцэлдүүлэгч нь бот байх магадлал нэн өндөр. Тэдгээр ботууд нь ханшийг заасан хэмжээнд барих зорилгоор бүтээгдэж, ашиглагддаг. Гэвч, баавгайн довтолгоо хүчтэй байгаа үед buy wall маш хурдан "нурдаг" гэмтэй.
Ханшийн зөрүүнээс ашиг олох
Arbitrage: 2 буюу түүнээс олон бирж дээр хөрөнгийн арилжаа хийж, ханшийн зөрүүнээс ашиг хүртэхийг арбитр гэнэ. Өөрөөр хэлбэл, 1 бирж дээрээс ямар 1 хөрөнгийг худалдаж аваад, түүнийгээ гялс өөр 1 биржрүү оруулж, тэндээ арай илүү үнээр зарахыг арбитр гэнэ.
Биржүүдийн хооронд, ханшийг тэнцүүлж байдаг зохицуулалт байдгүйгээс үүдэлтэй боловч үүний ачаар ханшийн хэт зөрүүтэй байдал үүсэх боломж багасдаг.
Зөв гүйцэтгэж чадвал, ханшийн зөрүүний хооронд ашиг хийх, аюулгүй арга болдог ч, маш олон арилжаачин ботууд мөн арбитр хийж байдгыг санаж байх нь зүйтэй болов уу. Арбитрийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтээс хамаарч бага хэмжээний эрсдэл үүсч болох учир ийн сануулж байгаа юм.
Крипто валютийн бирж дээр ийм хэлбэрээр ашиг хийх бол, 2 өөр бирж дээр, 2 тусдаа бүртгэлтэй, тэдгээртээ тодорхой хэмжээний хөрөнгүүдийг байршуулсан байвал илүү зохимжтой байдаг. Ийм байдлаар бэлтгэх нь шууд авах эсвэл зарах үйлдэл гүйцэтгэхэд саадгүй байх нөхцлийг бүрдүүлж өгөх ба аль аль биржийн ханшийг манаж байгаад арилжаанд оролцох замаар ажиллаж болно.
Хэдийгээр арбитрийн 10 өөр төрөл байдаг хэдий ч, дээрх аргыг хамгийн өргөн хэрэглэдэг. Энэ арга цаг хугацаа хэмнэхээс гадна, сүрхий судалгаа шинжилгээ шаарддаггүй, эрсдэл багатай арга юм.
Сатоши Накамото
Satoshi Nakamoto: Биткойныг бүтээгч гэх энэ нэрний цаана 1 эсвэл нилээд тооны хүн, бүүр хэд хэдэн байгууллага ч байх боломжтой. Хэдийгээр энэ нэр нь Япон гаралтай нэр боловч, Биткойны whitepaper/танилцуулга нь англи хэл дээр тун төгс бичигдсэн байдгаас нь улбаатайгаар түүнийг/тэднийг англи хэлтэй улсаас гаралтай байх гэж таамаглах нь бий.
Яагаад нууц нэр хэрэглэх болов?
Өмнө нь гарч байсан цахим мөнгөний төрлүүд нь бүгд тодорхой хэмжээгээр, төр засгийн шахалт дарамтанд орж, түүнээсээ шалтгаалан төслөө зогсоож байсан зэргээс харгалзан Сатоши Накамото гэх хуурамч нэрийг зохион хэрэглэсэн байх үндэслэлтэй юм.
Түүнээс гадна, Биткойны авч ирсэн төвлөрсөн бус систем нь, дундын хяналт, зуучлалгүй, шууд хэрэглэгч хоорондын шилжүүлэг, арилжааг нээж өгсөн шигээ, хөгжүүлэх эрхийг нь бүгдэд тэнцүү олгож, өөрөө ч бусдаас дээгүүр байр суурь эзлэх гээгүй гэдгээ нотлон, сэмээрхэн олныхоо дунд орж, бүгсэн ч байж болох юм.
Үнэхээр япон хүн байх боломжтой юу?
Мэргэжлийн судлаач нар, Сатошигийн бичсэн Биткойны танилцуулга, нээлттэй хэлэлцүүлэг дээрх нийтлэл, сэтгэгдлүүд, бүүр ц-шуудангуудыг нь хүртэл судалж үзсэн бөгөөд түүнийг япон хүн байсан байх боломжтой гэх ширхэг ч баримт олоогүй гэдэг.
1 хүн юм уу, эсвэл бүлэг хүмүүс юм уу?
Ц-шуудангаас нь харвал, 1 хүн байсан байх боломж туйлын өндөр бөгөөд түүнтэй харилцаа холбоотой байсан програм хөгжүүлэгчид нь түүнийг сэтгэцийн асуудалтай хүнтэй зүйрлэх нь элбэг.
Тэрээр олон хоног сураг чимээгүй алга байж байгаад Баасан гараг болмогц, ц-шуудангуудаар бөмбөгддөг байсан ба хэн нэгэн Биткойныг баллах эсвэл өөрөө алдаа гаргачих вий гэхээс ихээхэн айдаг байсан зэргээс нь харвал ажлынхаа хажуугаар, энэ төслийг санаачлан туршиж үзэж байсан код бичээч байсан бололтой.
Хэн байсныг нь таамагласан онолууд байдаг уу?
Хамгийн боломжтой таамаглалууд нь, 2-р Гарольд Томас Финни (Hal Finney) болон Ник Сабо (Nick Szabo) нар юм. Гэвч, тэдний аль аль нь өөрсдийгөө Сатоши биш, түүнтэй ямар ч холбоо хамааралгүй гэж мэдэгдсэн.
Түүнчлэн 2014 онд, Дориан Сатоси Накамото (Dorian Prentice Satoshi Nakamoto) гэгч эрхмийг, хэвлэлийнхэн жинхэнэ Сатоши хэмээн зарласан ба тэрээр Калифорнийн харъяат, физикч, системийн инженер нэгэн юм. Харамсалтай нь, тэр ч мөн адил өөрийгөө, Биткойнтой огт холбоогүй хэмээн мэдэгдсэн байна.
Гэхдээ энэ бүх хугацаанд, Крейг Стивен Райт (Craig Steven Wright) гэгч Австрали гаралтай компьютерийн шинжлэх ухаанч, бизнес эрхлэгч нэгэн өөрийгөө Сатоши мөн гэж гэрчилсээр байсан ч, тэрээр түүнийгээ нотлох баримт гаргаж ирж чадаагүй л байгаа юм.
Магадгүй, санамсаргүйгээр дэлхийн түүхийг өөрчилж, Блокчэйн дээр суурилсан анхны цахим мөнгийг бүтээсэн түүний жинхэнэ нэрийг бид хэзээ ч олж мэдэж чадахгүй байх. Өөрөө ч мэдэгдэхийг хүсээгүй учраас л нууцласан ч юм билүү?
Авах/Зарах ханшийн зөрүү
Bid-ask spread: Авах хамгийн дээд, зарах хамгийн доод ханшуудын хоорондын ялгааг Авах/Зарах ханшийн зөрүү гэнэ.
Ийм зөрүү нь, 2 өөр аргаар үүсгэгддэг ба тэдний 1 нь, зуучлагчын ашиг олох гэсэн оролдлогын дүнд бүтдэг бол, нөгөө нь арилжаанд оролцогчдын сонирхлоос үүддэг байна.
Уламжлалт зах зээлд, ийм зөрүү нь ашиг хийх дэлгэрсэн арга байдаг. Энэ аргын хүрээнд, зуучлагчийн тогтоосон ханшаар л арилжаа хийгдэх ба авах, зарах ханшийг цаанаас нь ингэж зөрүүтэй зааж өгөх нь эргээд зуучлагчид ихээхэн ашиг оруулдаг. Үүний хамгийн тод жишээг, арилжааны банкин дахь гадаад валютийн самбараас харах боломжтой.
Харин, крипто валютийн хувьд, арилжаанд оролцогч хүмүүс өөрсдөө ханшаа тогтоодог тул, бирж нь зөвхөн шимтгэлээс л ашиг олох боломжтой байдаг.
Дэгдэлт
Хэр богино хугацаанд, ханш хэр их өөрчлөгдөхийг volatility буюу дэгдэлт хэмээн тодорхойлно. Хөрөнгө оруулалтын хувьд энэ ойлголт нь, эрсдлийг тооцоолоход чухал үүрэгтэй хэрэглэгддэг.
Уламжлалт зах зээлийн хувьд
Ихэвчлэн үнэт цаасны арилжаанд хэрэглэгдэх ба боловсронгуй биржүүд дээр дэгдэлтийн индексийг харуулах, түүн дээр тулгуурлан таамаглан тоцоолол хийж болох хэрэглүүрийг хөгжүүлэн, тусгасан байдаг.
Хувьцаанаас гадна, бонд, гадаад зах зээл дээрх худалдаанд ч, боломжыг тооцоолох чухал хэрэгсэл болдог.
Крипто зах зээлийн хувьд
Бусад зах зээлтэй харьцуулахад крипто нь жижиг, шинэ учир дэгдэлт ихтэй байдаг бөгөөд түүнээс нь шалтгаалан богино хугацаанд ихээхэн ашиг хийж болдог. Гэвч, зах зээл нь тэлж, хөрөнгө оруулагчид олшрохын хэрээр улам бүр тогтворжих нь тодорхой юм.
Өдгөө Биткойн, Эфириум, Лаяткойн зэрэг зоосууд дээр дэгдэлтийн индексийг хэмждэг болоод байна.
Зах зээлийн үнэлгээ
Крипто валютийн үнэ цэнийн хэмжээг хэмжих хэмжилтийг, market capitalization (товчоор: market cap) гэнэ. Уг хэмжилт нь, тухайн 1 зоос/токений, эргэлтэнд буй хөрөнгийн тоог, яг одоогийнх нь ханшаар үржүүлж тооцдог ба томъёог нь доор тодоор тэмдэглэв.
Зах зээлийн үнэлгээ = Одоогийн ханш х Эргэлтийн хэмжээ
Жишээлбэл, $10 USD ханштай зоосны 50᠋'00᠋᠋'000 ширхэг нь арилжаалагдах захиалганд орсон байгаа гэвэл, түүний зах зээл дээрх үнэлгээ нь $500'000'000 USD-той тэнцэнэ гэсэн үг.
Market Cap-с нь тухайн байгууллага/төслийн хэмжээ, амжилтыг харж болох ч, үүнийг мөнгөний урсгал гэж ойлгож болохгүй. Ихэнх хүмүүс, зэх зээлийн үнэлгээг эргэлтэнд буй мөнгөний асар их урсгал гэсэн буруу ойлголттой байдаг. Энэ үзүүлэлт нь үнэндээ, нийт хөрөнгийн хэмжээг тухайн агшиных нь ханшаар л үнэлж харуулж байгаа хэмжээс төдий ойлголт юм. Ханшийн багахан хэлбэлзэлд л, энэ үнэлгээний хэмжээ маш их хэмжээгээр өөрчлөгдөж болдог гэдгийг мэдэж байх нь чухал.
Өмнөх жишээн дээрээ үргэлжлүүлэн тайлбарлая л даа. Ханш $15 USD болж ердөө 5 доллараар өсөхөд л, зах зээл дээрх үнэлгээ нь $750'000'000 болж бүтэн 250'000'000 долларын зөрүү гарах боломжтой. Ийм их өөрчлөлтөнд хүргэж буй гол "буруутнууд" нь арилжаанд буй хөрөнгийн тоо хэмжээ болон хөрвөх чадвар юм. Энэ 2-ын хэмжээ өсөхийн хэрээр, дэгдэлт буурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнэлгээ тогтворжихын хэрээр, халимнуудад зах зээлийг савлуулахад улам бүр хэцүү болдог.
Крипто зах зээлийн үнэлгээг маш дэлгэрэнгүй танилцуулж байдаг, хамгийн том, олон танигдсан талбар бол CoinMarketCap юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation