Крипто тайлбар толь [9-р хэсэг]
Блокчэйн технологи болон Крипто валюттай холбоотой нийтлэлүүдийг маань унших явцад их тааралдах харь үгсийг товч бөгөөд тодорхой тайлбарын хамтаар 10, 10-аар нь багцлан цувралаар нийтлэн хүргэж байна.
Санамсаргүй түүврийн арга
Random - Дурын байдлаар буюу санаандгүйгээр сонгохыг ийн нэрлэдэг.
Хөрөнгийн багц
Portfolio - Дарж/хадгалж буй болон хөрөнгө оруулсан крипто эсвэл бусад баялагын жагсаалт.
Сатоши
Satoshi - Биткойны хамгийн бага, бутархай нэгжийг Сатоши гэнэ. Маш товчхон тайлбарыг ЭНД дараад уншиж болно. Эсвэл урт тайлбарыг уг нийтлэлээс, үргэлжлүүлэн уншаарай.
1 satoshi = 0.00000001 BTC буюу 100 сая сатоши = 1 Биткойн
Зохиогчийнх нь нэрээр нэрлэсэн бөгөөд ихэвчлэн sat. гэж товчилж хэрэглэдэг. Олон тоон дээр мөн адил satoshi эсвэл satoshis гэж дуудаж болно.
Хэт олон орон тоо харуулах, орон андуурах асуудал үүсэхээс сэргийлж, зарим вебүүд тусгай нэгжүүдийг хэрэглэдэг ба тэдгээрээс жишээ болгон доор орууллаа.
Танилцуулга
Whitepaper - Уншигчдад тухайн 1 зүйлийн талаарх нарийн ойлголтыг, энгийн, ойлгомжтойгоор тайлагнах, түүнийг танилцуулагчийнх нь өнцгөөс тайлбарлаж буй бичиг баримт юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчдэд шийдвэр гаргахад нь болон тулгарч буй/болох асуудлыг ухаж ойлгоход нь туслах гарын авлагыг ийн нэрлэнэ. Үүнийг мөн "Техник, технологи, эдийн засгийн үндэслэл" гэх буюу товчоор, ТТЭЗҮ хэмээн нэрийдэж, ашиглах нь бий.
Крипто валютийн хувьд, шинэ гарч ирж буй төсөл, зоос/токенууд өөрсдийн сурталчилгаа, танилцуулгыг хослуулан хийх, зорилго, ашиг, боломжууд болон алсын хараа, төлөвлөгөөгөө үүндээ тусгах ба энэ нь хөрөнгө оруулагчдыг татах чухал хэрэгсэл болж байдаг.
Хөрөнгө оруулах гэж буй төслийнхөө бүхий л ханш, зах зээлийн үнэлгээ, үйл ажиллагааны болон арилжааны үзүүлэлтүүдийг харах, төслийн болоод түүний хөгжүүлэгч(д)ийн талаарх мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах, нийгмийн сүлжээнүүдэд нь элсэх, танилцуулгыг нь унших боломжыг 1 дор төвлөрүүлсэн, хамгийн том сан болох CoinMarketCap-р зочлоод 1 үзээрэй.
Lightpaper
Уг бичиг баримтын хураангуйлсан, цомхон хувилбарыг Lightpaper буюу Товч танилцуулга гэнэ. Гэвч, энэ төрөл нь бусад төрлийн баримтуудтай харьцуулахад маш цөөхөн бичигддэг.
Yellowpaper
Албан ёсны бичиг баримтанд тусгагдаагүй, туршилт болон судалгааны ажлын зорилго, хэрэгжилтийн явц, үр дүн, бүтцийг дэлгэрэнгүй танилцуулсан бичиг баримтыг ийн нэрлэнэ.
Товлосон арилжаа
Futures Contract буюу Фьючерс хэлцлийг ихэвчлэн Фьючерс (Futures) гэж дууддаг ба энэ нь тогтсон хугацааны дараа, нэрлэсэн ханшаар зарах эсвэл авахаар 2 талаас харилцан тохиролцсон арилжааны хэлцэл юм.
Hedger буюу алдагдлаас зайлсхийж, барьцаа хөрөнгө бүрдүүлэгч арилжаачид болоод дамлан наймаалагч нар нь, энэхүү арилжааны гол оролцогчид болж байдаг. Өөрөөр хэлбэл, оролцогчдын 1 хэсэг нь оруулсан хөрөнгө оруулалтаа алдагдалгүй гаргаж авах зорилготой байдаг бол, нөгөө тал нь ханшийн хөдөлгөөний урьдчилсан таамаглалдаа тулгуурлан, тухайн үед гарч болох боломжинд найдаж хөрөнгө оруулалт хийдэг.
Энэ төрлийн арилжааны үед, арилжих тоо ширхэг, шилжүүлэгдэх хугацаа болон арилжаалагдах ханшийг заавал оноож өгсөн байх ёстой ба тэрхүү заасан хугацаа нь болмогц, арилжаа автоматаар, нэрлэсэн үнээр гүйцэтгэгдэнэ.
Товлосон хугацаа нь гүйцээгүй байгаа хэлцлийг хадгалж, арилжиж болдог ба нэгэнт арилжаагаа нээчихсэн бол хийж болох 3-хан л сонголт үлдэнэ. Эдгээр нь:
- Адил хэмжээ, үнэлгээгээр өөр position буюу төлөв нээх замаар өмнөх төлвөө хаахыг offsetting буюу гаргалт гэх ба энэ нь хамгийн өргөн хэрэглэгддэг арга юм.
- Удаах өргөн хэрэглэгддэг аргыг rollover буюу эргүүлэлт гэнэ. Энэ арга нь, нээсэн байгаа төлвөө хаагаад, адил дүн, хэмжээтэйгээр, гэхдээ өөр буюу уртасгасан хугацаанд хаагдахаар өөрчлөн тохируулж, шинээр нээхийг хэлнэ.
- Сүүлийнх нь арга нь, заасан хугацааг хүртэл нь хүлээх явдал байдаг. Энэ үед, хэлцэл хэрэгжиж, түүнд тусгасан хөрөнгийг мөн адил тусгасан хэмжээ болон ханшаар 2 тал харилцан шилжүүлж байж төлвөө хаах боломжтой болно.
Хэдийгээр фьючерс хэлцэл нь, options буюу сонголтот (опцион) болон forwards буюу урьдчилсан (форвард) хэлцлүүдийн адил, derivative буюу хөшүүрэгт төрлийнх боловч, тэднээс ялгарах өөрийн гэсэн онцлогтой байдаг. Жишээлбэл, сонголттой хэлцэл нь арилжаачдад хугацаагаа сонгох боломжыг олгодог ч, фьючерс шиг түүнийгээ заавал гүйцэлдүүлэхийг тулгадаггүй. Харин урьдчилсан хэлцэл гэдэг нь, товлосон хэлцэлтэй адил боловч биржээр дамжилгүй, 2 талын хооронд шууд хийгдэхээр тохиролцсон арилжааны хэлцэл юм. Өөрөөр хэлбэл товлосон хэлцэл нь жишгийн дагуу, хатуу чанд дүрэмтэй гүйцэтгэгддэг учир найдвартай байдал өндөртэйд тооцогддог бол, урьдчилсан хэлцэл нь дүрмүүдээ харилцан тохиролцож, өөрчлөх боломжыг олгодог давуу талтай.
Товлосон хэлцлээр, фиат, крипто валютууд болон үнэлэмж, үнэт цаас/хувьцаа, газрын тос, ашигт малтмал, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн зэрэг таваарын эд зүйлсийг арилжиж болдог.
Ямар төрлийн хөрөнгө, баялгыг, ямар нөхцөлд арилжаалж байгаа зэргээс хамаарсан хэлцлийн ялгаанууд үүсч болох боловч тэдгээрийг дараах үндсэн 2 хэрэгжүүлэлтийн төрөлд ангилж авч үзэж болно.
- Бодит хэрэгжүүлэлт - Худалдан авагч талд, хөрөнгийг нь шууд хэлбэрээр хүргэж/илгээж хүлээлгэж өгөх;
- Мөнгөн дүнт хэрэгжүүлэлт - Худалдан авагч талд, хөрөнгийг нь тохиролцсон ханшаар нь дүйцүүлж тооцсон мөнгөн дүнд нь тааруулж хэлцлээр хүлээлгэн өгөх. Жишээ нь, Биткойныг ийм төрлийн хэлцлээр арилжаалж байгаа үед, шууд хэтэвчний хаягаар нь илгээхийн оронд, тэнцүүлсэн USD дүнгээр нь тооцож, фьючерс гэрээг шилжүүлж болдог;
Бусад арилжааны арга хэлбэрүүдийн адилаар, уг төрөл дээр ч мөн адил, TA болон FA хийж, тооцоолох боломжтой.
Гадаад валютийн арилжаа
Forex (FX) - Foreign exchange буюу Гадаад валютийн арилжаа гэсэн үгний товчлол бөгөөд өөр улсын мөнгөн дэвсгэртийг худалдан авч, борлуулах ажиллагааны нэршил юм. Форекс нь, дэлхий дээрх хамгийн өргөн цар хүрээлэлтэй, хамгийн өндөр хөрвөх чадвар бүхий, өдрийн арилжааны дүн нь олон их наядаар хэмжигдэж буй аварга зах зээл билээ.
Манайхны "Урт цагааны ченжүүд" гэх нэрээр нь сайн мэддэг гадаад валютын наймаачид нь энэ төрлийн арилжааг эрхлэгчдийн гол жишээ хэдий ч, өдөр тутам арилжаалагчдаас эхсүүлээд, арилжааны, төв болон олон улсын банкууд санхүүгийн байгууллагуудыг цөмийг нь нэрлэж бас болно. Эдгээр бүх оролцогч талууд нь шууд болон цахим ямар 1 хэлбэрээр байнга харилцаж байдаг.
EUR/USD, GBP/CNY, JPY/CHF, AUD/NZD зэрэг маш олон сонголт байх боловч арилжаалагдах хөрөнгө нь, Фиат валютийн төрлөөр хязгаарлагдана. Гэхдээ, энэ төрлийн арилжаа нь жилийн 365 хоног, өдрийн 24 цагийн турш тасралтгүй хийгдэж байдгаараа онцлог.
Үнэт цаас шиг, харгалзах хөрөнгийн бирж дээрээ л арилжаалагдаггүй, арилжаа бүрийг 3-дагч буюу зохицуулагч тал хянадаггүй зэрэг талаас нь харвал крипто шиг төвлөрсөн бус бүтэцтэй гэж хэлж болох юм.
Бидний мэддэг, өнөөгийн Форекс нь, 1971 онд Бреттон-Вудсийн (Bretton Woods) систем халагдсанаар эрчтэй хөгжиж эхэлсэн залуухан систем юм. Уг систем нь таамаглах боломжтой гэж тооцогддог бөгөөд Spot буюу уламжлалт арилжааны биржүүд дээр ихэнх арилжаа нь хийгддэг. Spot буюу шууд арилжааны талбарт ашиг олохын тулд арилжаачид TA, хөшүүрэг, хуйхлалт зэрэг аргуудаас өөрийн сонирхол, боломжоор хослуулан хэрэглэж байна.
Барьцаа
Collateral - Ямар 1 зүйлийг авахын тулд, баталгаа болгон өгч байгаа үнэ бүхий зүйлийг ийн нэрлэнэ. Зээл, "Ломбард"-ны талаар мэдлэгтэй хэн ч энэ үгийн утгыг ойлгож байх учиртай. Зээлсэн хөрөнгөө буцаан төлж чадахгүй болсон тохиолдолд зээлдүүлэгч талын хохирлыг барагдуулахад барьцааг хэрэглэнэ.
Барьцаат зээл нь, барьцаагүй зээлтэй харьцуулахад маш бага хүү нэхэмжилдэг бөгөөд барьцааны олон төрөл бий. Жишээлбэл, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл, leveraged trading буюу хөшүүрэгт арилжааны барьцаа г.м.
Эдгээр төрлүүдээс, үл хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл нь хамгийн түгээмэл хэрэглэгддэг. Байр, машин, эдлэн газар, орон сууц зэрэг хөрөнгөөрөө баталгаа хийж, түүнд зохих үнэлгээнд багтаан санхүүжилт авах боломжтой хэдий ч, тохиролцсон хугацаандаа эргүүлэн төлж чадаагүй тохиолдолд, хуулийн дагуу, тэрхүү хөрөнгө нь зээлдүүлэгч талын өмч болно.
Хөшүүрэгтэй арилжаа хийж байгаа үед, алдагдал хүлээсэн тохиолдолд түүнийгээ төлөх чадамжтайгаа нотлох, алдагдлаа төлөх үүднээс байршуулсан хөрөнгийг энд мөн адил Барьцаа гэж нэрлэнэ. Бусдаас (биржээс эсвэл бусад хөрөнгө оруулагчдаас) хөрөнгийг нь зээлж, түүгээрээ хөшүүрэгт арилжаанд орох үед, үүнийг заавал шаардах ба алдагдлын нөхөн олговорт уг барьцаагаа хэсгээр болон бүтнээр алдах эрсдэлтэй байдаг.
Хөрөнгө оруулагч сахиусан тэнгэр
Гараагаа эхлүүлж буй бизнес, байгууллагуудад санхүүжилт олгодог хөрөнгө оруулагчдыг Angel Investor хэмээн нэрлэнэ. Тэдний ихэнх нь их хэмжээний хөрөнгөтэй, түүнийгээ улам баяжуулж, өргөжүүлэх зорилгоор, ирээдүйтэй төсөл, бизнес, санааг эрэлхийлж байдаг хувь хүмүүс байдаг. Ингэхдээ, мөнгө хандивлах юм уу, зээлдэггүй, харин тухайн бизнесийг хамтран эзэмшигч болох сонирхолтой байх ба зарим тохиолдолд тухайн бизнесийг том албан байгууллага болтол нь үргэлжлүүлэн хөрөнгө оруулах ч тохиолдол бий. Гэвч, ихэвчлэн төслөө хэрэгжүүлэх, гарааны төсвийг нь л бүрдүүлдэг.
Туршлагатай болон шинэхэн хөрөнгө оруулагчдын аль алинд ашигтай байх нь олонтаа. Биржтэй харьцуулахааргүй өгөөжийг авч ирэх боломжтой байдгын дээр, зээл өгснөөс харьцангуй өндөр хувиар эргэн төлөлт хүртэж болдог онцлогтой.
Гэвч, бас эрсдэл өндөртэйд тооцогддог гэдгийг мартаж болохгүй. Эрсдлийг нь дагасан ийм төрлийн хөрөнгө оруулагч болох сургалт, зөвлөгөө өгөх үйлчилгээнүүд байдаг гэхээр хэр их эрсдлийг дагуулж болдог нь ойлгомжтой биз? Гэхдээ түүнийг, шат дараатай төлөвлөлт, ухуулга сурталчилгааны арга барил, хэрэгжүүлэлт, нэвтрүүлэлт болон таниулалт зэргийн ачаар бууруулж болдог.
Сахиусан тэнгэрүүд нь, эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй байдаг ба өөрсөддөө ашиг олохынхоо хажуугаар өрөөл бусдыг орлогын үүсвэртэй болгох эсвэл түүнийгээ өргөжүүлэхэд нь тусладаг. Тэдэнгүйгээр өнөөдрийн Та бидний мэдэх олон бизнес байхгүй байх байсан гээд төсөөл дөө.
Харин крипто ертөнцийн хувьд, сахиусан тэнгэр/тэнгэрийн элч гэж, нийтэд зориулагдсан арга хэмжээнүүд болох ICO зэрэг хөтөлбөрт оролцсон хөрөнгө оруулагчдыг өргөмжилдөг.
Нэр дэвшигч блок
Candidate Block - Ерөнхийдөө бол, блок хаасны урамшуулал хүртэх гэж, олборлолт хийж буй олборлогч зангилааг ингэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигч блок гэдэг нь, сүлжээнд хүлээн зөвшөөрөгдөж ч магадгүй, зөвшөөрөгдөхгүй ч байж магадгүй түр зуурын зангилааг юм. Олборлогч нар, түрүүлж блок хаахаар өөр хоорондоо хүчин чадлаараа өрсөлдөж байдаг ба уралдахын тулд, өмнө нь заавал уг блокыг үүсгэдэг.
Буулт
Capitulation гэх нэр томъёо нь, зарах захиалгуудын хүчтэй түрэх урсгалын өмнө хүчин мөхөсдөж, оруулсан хөрөнгөө бушуухан гаргаж авах, зарах захиалгаа гялс гүйцэлдүүлэх зэргээр бууж өгөх үзэгдлийг тодорхойлно. Үүнийг мөн, panic sell буюу сандарч зарах үйл явц гэж нэрлэдэг бөгөөд 1 нөгөөгөөсөө өрсөж, хурдан хурдан зарах захиалгаа хаахаар яарч байгаа арилжаачдын энэ үйлдэл нь ханшийг хурдтайгаар унахад хүргэдэг. Тэр тусмаа бүүр шал дээр буутал нь унагаах нь ч элбэг тохиолдоно.
Итгэл найдвар алдарч, алдагдлаа хүлээн зөвшөөрөх үеийг нь ингэж нэрийдэж болох бөгөөд сандарч зарах захиалгууд татраснаар буулт дуусгавар болох бөгөөд дууссаны дараа 1 бол хажуу тийш чиглэлтэй, тогтворжсон хөдөлгөөн хийх эсвэл бухын улирал эхлэх магадлал өндөр байдаг.
Араас нь, өсөлт ирэх магадлал их байдгын шалтгаан нь, буултанд хүргэсэн гол хүчин зүйлс нь FUD болон сандрал байсантай холбоотой. Тиймээс зохих түвшнээ хэдий чинээгээр алдаж, хэт их арилжаалагдсанаас хамаарч, төдий чинээ хүчтэйгээр эргэн "ойх" боломжтой.
Буулт гэдэг үгний анхны үүсэл гарал нь, цэргийн хүчнийхнээс үүдэлтэй буюу, дайсны талынхантай харилцан тохиролцсон үндсэн дээр ялагдал хүлээж байгаа үйл явдлыг ийнхүү хэлдэг байснаас улбаатай юм. Орчин үед, тэр дундаа санхүүгийн салбарт зах зээлийн хүчтэй чиглэлд бууж өгөхийг ингэж нэрлэх болсон.
Сэргэхийг нь хүлээж, HODL хийхийн оронд, тухайн агшиндаа аль болох хурдан, байгаа ханшаар нь арилжах явдлыг Буулт гэнэ.
Ханш маш хурдтайгаар унаж, тун богино хугацаанд, асар их хэмжээний зарах захиалгууд ар араасаа овоорч байвал, үүнийг буулт явагдаж байна гэж хэлж болно. Ийм үзэгдэл тохиолдох гэж эсвэл тохиолдож байгааг амжиж мэдэх боломж бас бага.
Уламжлалт зах зээлтэй харьцуулахад, крипто зах зээл дээр, Буулт илүү хүчтэй, олон удаагийн давтамжтайгаар, харьцангуй өндөр хурдтайгаар тохиолдож байдаг. Үүний тод жишээ нь, Биткойны 2015 оны 1-р сард тохиолдсон, том уналт юм.
2014 онд удтал сунжирсан баавгайн улирал, 2015 он гармагц FUD үүсгэж, 1-р сарын 15-ны өдрөөс эхлэн 2 хоногийн дотор зах зээл 38% унасан байдаг. 2013 онд хүрсэн хамгийн өндөр дүн болох $1'153 USD-с, уг уналтын доод цэг болох $167 USD хүртэл, нийт 85.5 хувиар уруудсан нь, 1 өрийн дотор эргэн 38% сэргэх үндсэн шалтгаан болсон.
Буулт нь, жижиг биржүүд дээр илүү их тохиолдох боловч, тэднийг танихад тэр чинээгээрээ хялбар байдаг ба түүнийг нь өндөр хэлбэлзэлтэй гэж нэрлээд байгаа юм. Гэхдээ, буулт бүрийг бух дагаж ирдэггүйг анхаарах нь зүйтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation