Fractional Reserve гэж юу вэ?
Fractional Reserve буюу Хэсэгчилсэн нөөц гэдэг нь, арилжааны банкуудад, харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ мөнгийг бусдад зээлдүүлэх замаар ашиг олох боломжыг олгодог тогтолцоо бөгөөд, уг системийн нөлөөгөөр, нийт хөрөнгөний багахан хувь нь л бэлнээр хадгалагдаж, бусад нь эргэлтэнд орсон байдаг. Өөрөөр хэлбэл, харилцагчдынхаа хөрөнгөний дүнг ашиглан, хий хоосноос мөнгө үүсгэх аргыг ийн нэрлэнэ.
Бэлэн мөнгө гаргах шаардлагатай үед хэрэглэх зорилгоор багахан хувийг заавал хадгалах боловч, үлдсэнийг нь бүгдийг нь барьцаалж, зээлдүүлэх зарчмаар тогтмол орлого олох боломжтой. Ингэхдээ, тухайн мөнгийг зээлдүүлэгч банк болон зээлдэгч нарын аль аль нь уг хөрөнгийг түр эзэмшигч болох тул, эдийн засгийн ухаанд дүн нь 2 дахин их болж бичигдэх бөгөөд түүнийг дахин дахин хэрэглэж, хөрөнгө оруулж, зээлдэж болдог тул "үржүүлэг" хийгдэж байдаг. Тийм ч учраас үүнийг "мөнгө үйлдвэрлэлт" гэж нэрийддэг.
Зээл, түүний эргэн төлөлт нь энэ төрлийн системийн салшгүй хэсэг бөгөөд, төв банкыг гүйлгээнд шинэ мөнгө нэвтрүүлэх шаардлагад хүргэдэг гол хүчин зүйл нь болдог. Эс бөгөөс, арилжааны банкууд бэлэн мөнгө гаргаж чадахгүйд хүрэх юм. Ихэнх төв банкууд, уг нөөцийн шаардлагатай доод хэмжээг тооцоолж, тогтоох алба хэсгүүдийг ажиллуулдаг. Өнөөгийн бараг бүх санхүүгийн байгууллага, нэгжүүд ийм системээр ажиллаж байгаа.
Үүсэл хөгжил
1668 онд, Шведийн Riksbank гэх банкныхан анх санаачлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, уг банк нь дэлхийн хамгийн анхны төв банк юм. Тухайн үед, хэсэгчилсэн нөөцийн бусад арга хэлбэрүүд хэрэглэгдэж байсан хэдий ч, "зүгээр хэвтэж байгаа" мөнгийг зээлдүүлэх замаар ашиг олж, эдийн засгаа тэлэх боломжтой байдал нь уг тогтолцоог хурдтайгаар цэцэглүүлсэн байна.
Үүнийг нь хуулбарлаж, 1791 болон 1816 онуудад, АНУ-д 2 ч шинэ төв банк үүссэн боловч, тэдгээрийн аль нь удаан оршин тогтнож чадаагүй. Үүнээс бараг 100 жилийн дараа буюу 1913 онд, АНУ-ын өнөөгийн төв банк байгуулагдсан түүхтэй.
Ажиллах зарчим
Банкинд мөнгөө байршуулах үед, тэр нь 100% тухайн үйлчлүүлэгчийн эзэмшил биш болдог. Өөрөөр хэлбэл, мөнгийг нь банк эзэмшиж, оронд нь мөнгө авах боломжтой бүртгэл, харгалзах дүн бүхий данс үүсгэж өгнө. Банкны дүрэм журмын дагуу, тухайн үйлчлүүлэгч тэрхүү бүртгэл дэх дүнгээ эргүүлэн мөнгө болгож авах боломжтой байх боловч, тэрхүү мөнгийг нь захирах эрх банкинд бүрэн олгогдсон байх тул банк, уг хөрөнгийн нийт дүнгийн 3% - 10% орчмыг нь бэлэн нөөцлөөд, үлдсэнийг нь бусад үйлчлүүлэгчдэд зээлдүүлдэг.
Зээл хэрхэн мөнгийг хувилж, олшруулдгыг доор жишээн дээр тайлбарлая.
- Үйлчлүүлэгч А, 1-р банкинд 500'000 төгрөг хадгалуулсан гэж бодъё. 1-р банк, түүнээс нь, 450'000-г нь үйлчлүүлэгч Б-д зээлдүүлсэн.
- Үйлчлүүлэгч Б, тэр мөнгөө бүгдийг нь 2-р банкинд хадгалуулав. 2-р банк, тухайн хөрөнгөний 405'000-г нь, үйлчлүүлэгч Г-д зээлдүүлэв.
- Үйлчлүүлэгч Г, зээлж авсан мөнгөө, 3-р банкинд тушаасан ба 3-р банк үүнийх нь 364'500-г үйлчлүүлэгч Д-д зээлүүлжээ.
- Үйлчлүүлэгч Д, зээлж авсан 364'500 төгрөгөө бүгдийг нь, 4-р банкинд тушаасан байна. Банк, түүний хөрөнгөнөөс 328'050-г нь, үйлчлүүлэгч Е-д зээлүүлэв.
- Үйлчлүүлэгч Е, 4-р банкаас зээлж авсан мөнгөө, 5-р банкинд аваачиж өгснөөс, 295'245-г нь 5-р банк, үйлчлүүлэгч Ж-д зээлдүүлсэн.
10 хувийг нь заавал нөөцлөх ёстой учир, анхны 500'000 төгрөг маань, дээрх жишээн дээр яван явсаар, 2'342'795 төгрөгтэй тэнцэхүйц хэмжээтэй болсон байна. Дээрх бүх дүнг нэмж тооцоод, энэхүү дүнг гаргасан ба, дээрх жишээ нь маш их хялбарчилсан байдлаар бүтээгдсэн боловч, ерөнхий зарчмыг бүрэн тайлбарлаж чадна.
Дээрх дүнгүүдэд, хүү, шимтгэл зэргийг огт тооцоогүй болохыг анхаараарай. Банк нь, хадгаламжин дахь дүнгээс илүү дүнг зээлдүүлэхийн хэрээр илүү ашиг олж байдаг тул, зээл санал болгох сонирхол өндөртэй байдаг.
Шавхалт
Тухайн банкны харилцагчид бүгд нэгэн зэрэг бүх мөнгөө эргүүлэн авахаар болвол, банк тэдгээр хүсэлтүүдийг гүйцэлдүүлж чадахгүйд хүрнэ. Уг систем нь, бүх харилцагч, 1 дор, бүх хөрөнгөө гаргаж авах боломжгүй гэсэн тооцоолол дээр тулгуурлан бүтээгдсэн байдаг хэдий ч, ийм үзэгдэл түүхэнд тохиолдож байсан удаатай. Тэгэхдээ, тэр нь харилцагчдын сонирхлоос бус, банкны нөхцлөөс шууд хамаардаг. Тодруулбал, тухайн банкыг ноцтой асуудалд орсон гэдэгт итгэснээс улбаалдаг байна.
Зарим банкууд, үүнээс сэргийлэх зорилгоор заасан хувь хэмжээнээс өндөр дүнг нөөцлөдөг ба энэ нь шавхагдах эрсдлийг бууруулах зорилготой, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм.
Давуу талууд
Дээд дурьдсанчлан, эдийн засгийг тогтворжуулж, тэлэх давуу талтайн дээр, зээлдүүлж олсон ашгаасаа, хөрөнгө хадгалуулсан харилцагчиддаа маш бага хэдий ч, ашиг хүртээдэг зэрэг давуу талууд бий.
Сул талууд
Эрсдэл ихтэй, тогтворгүй гэж дүгнэх боломжтой. Бодит мөнгөн дээр бус, зээл, түүний эргэн төлөлтийн дүн дээр бүхий л эдийн засаг тогтож байгаа гээд бодвол, энэ дүгнэлт бүүр ч батлагдана. Дээрх тогтолцоо болон, өнөөгийн дэлхий дахины эдийн засаг тэр чигтээ, засгийн газраас баталсан цаасан дэвсгэрт, түүнийг хөдөлгөж буй банк 2-т итгэх хүмүүсийн итгэлцэл дээр л тогтож байна.
Хэсэгчилсэн нөөцийн систем ба крипто валют
Өнөөгийн эдийн засгийн тогтолцоотой харьцуулахад, Биткойн бидэнд тэс ондоо зарчмаар ажилладаг системийг бүтээх нөхцлийг бүрдүүлж өгсөн. Төв банк гэж байхгүй, нөөцийн хэмжээ хязгаартай, гүйлгээний мэдээлэл нь ил тод бүртгэгдэж байдаг, газар нутгаар хязгаарлагдахгүй гээд л нэрлэж болох асар олон ялгаа бий.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation