Candlestick Chart гэж юу вэ?
Арилжаа болон хөрөнгө оруулалтыг сонирхон, энэ салбарт шинээр орж ирж байгаа хүмүүст граф унших нь төвөгтэй ажиллагаа мэт санагдаж болно. Мэдээж, арилжаачин бүр заавал граф уншдаг байх шаардлагагүй, өөрийн таамаглал дээр үндэслэн, шийдвэр гаргадаг хүмүүс зөндөө бий. Гэхдээ, энэ арга нь ханшийн өсөлттэй үед багахан ашиг авч ирэх боломжтой ч, урт хугацаандаа өгөөж өгөхгүй.
Эцсийн эцэст, арилжаа, хөрөнгө оруулалт гэдэг нь, эрсдлийн зохицуулалт болон магадлал дээр тулгуурласан тоглоом юм шүү дээ. Тиймээс, граф унших мэдлэгтэй байх нь нэн чухал асуудал юм. Энэхүү нийтлэлээрээ, candlestick chart буюу лаан граф гэж юу болох, түүнийг хэрхэн уншихыг ерөнхийд нь танилцуулъя.
Санхүүгийн салбарт, ханшийн өөрчлөлтийн үзүүлэлтийг хугацааны мужид хуваан зураглаж харуулахдаа лаан графыг ашигладаг. Хугацааны мужыг хэрхэн тохируулснаас хамаарч лаа бүр секундээс, жилийг дүрслэх боломжтой.
17-р зууны үед, будааны наймаачин Хомма Мунэхиса (Homma Munehisa) уг лаан графын анхны загварыг санаачлан хэрэглэж байсныг, орчин цагийн TA-н үндсийг тавьсан эрхмүүдийн 1 болох Чарльз Доу (Charles Dow) илүү боловсронгуй түвшинд хүргэсэн юм. Уг графыг зөв хэрэглэж чадвал, ханшийн чиглэлийг тааварлах боломжыг олгох давуу талтай байдаг.
Ажиллах зарчим
Дараах 4 хэсгээс бүрднэ.
- Нээлтийн ханш - Харгалзах хугацаанд хийгдсэн хамгийн эхний арилжааны ханш;
- Дээд ханш - Тухайн хугацааны мужид, ханшийн үнэлгээний хүрсэн дээд дүн хэмжээ;
- Доод ханш - Тухайн хугацааны мужид, ханшийн үнэлгээний хүрсэн доод дүн хэмжээ;
- Хаалтын ханш - Харгалзах хугацаанд хийгдсэн хамгийн сүүлийн арилжааны ханш;
Дээрх багц өгөгдлийг OHLC буюу Нээлт, Дээд, Доод болон Хаалтын ханшууд гэж нэрлэдэг. Нээлт болон, хаалтын дундах талбайг их бие хэмээн нэрлэж, өргөнөөр дүрсэлдэг ба дээд, доод ханшуудын хоорондох хэсгийг гол гэж нэрлээд, нарийн зураасаа тэмдэглэнэ.
Хэрхэн унших вэ?
Уламжлалт (шугаман болон баганан) графуудтай харьцуулахад лаан граф нь уншихад ойлгомжтой боловч, нэгэн адил өгөгдлийг л харуулж байдаг учир, өөрт тохиромжтойг сонгон хэрэглэж болдог.
Бух, баавгай 2-н тулаан тухайн хугацааны мужид хэрхэн өрнөснийг лаан дээрээс хараад шууд таних боломжтой байдаг бөгөөд лааны их биеийн урт нь, тухайн хугацаанд авах болон зарах үйлдэл хэр эрчтэй явагдсаныг илтгэж байдаг. Харин, лааны голын уртаас, тухайн хугацаан дахь ханшийн хэлбэлзэл бага байсныг мэдэх боломжтой.
Бирж, веб, аппынхаа тохиргооноос хамаарч лааны өнгө, тохируулга нь өөр байж болох ч, ногоон өнгөтэй лаа ихэвчлэн, нээлтээсээ өндөр дүнгээр хаагдсан буюу өсөлтийг үзүүлснийг илтгэнэ. Харин улаан нь эсрэгээрээ буюу, нээлтээсээ бага ханштайгаар хаагдсан гэдгийг харуулж байдаг.
Зарим арилжаачид, хар/цагаан граф хэрэглэхийг илүүд үздэг бөгөөд тэр тохиолдолд ногоон лааг гол нь хөндий буюу гадуураа хүрээтэйгээр, харин уналттай лааг битүү буюу цул хар эсвэл цагаан дүрсэлсэн байна.
Лаан графаас юуг олж мэдэх боломжгүй байдаг вэ?
Ханшийн ерөнхий чиглэлийн талаар чиг баримжаа олгох мэдээллийг авч болох ч, бүх хэрэгтэй мэдээллийг өгөхгүй тул, дангаар нь хэрэглэхэд хангалтгүй. Ханш хэдээс хэд хүрсэн, тэгэхдээ дээд болон доод талдаа хэдрүү савласныг л харуулахаас биш дунд нь ямар өөрчлөлтүүд явагдсаныг харуулахгүй, мөн эхлээд дээд ханшиндаа хүрсэн үү? эсвэл доод ханшруугаа хүрсэн үү? гэдгийг ч мэдэгддэггүй. Эдгээрийг гэхдээ, хугацааны мужаа өөрчилж тохируулаад харж болох боловч, хэр их арилжаа хийгдсэн зэрэг бусад мэдээллүүдийг лаан дээрээс харах боломжгүй байдаг.
Бага цаг дээр харах үед маш огцом өөрчлөлтүүдийг үзүүлэхийн дээр, хэт их хэрэгцээгүй дүнгүүдийг агуулсан байж болох тул уншихад төвөгтэй санагдаж болзошгүй.
Япон лаа
Лаан граф дээр тооцоолол, хэмжилт хийх олон арга байдгын 1 нь, Heikin-Ashi буюу Дунджын мөр юм. Энэ арга нь, ханшийн дундаж дээр, тусгай томъёо ашиглан тооцоолсон дүнгээр дүрслэгддэг бөгөөд ингэснээрээ, ханшийн өөрчлөлтийн дүнгээс хэрэгцээгүй хэсгүүдийг нь арилгаж, цэгцэлдэг онцлогтой. Энэ онцлог нь, арилжаачдад ханшийн чиглэл, загвар, удахгүй үүсч болох эргэлтийг танихад тусладаг.
Япон лаа, Хейкин-Аши аргыг хослуулан хэрэглэснээр хуурамч дохионуудаас ангид, үр дүнтэй дүгнэлт хийх боломж бүрэлдэнэ. Тодорхойлвол, доороо голгүй ногоон лаа өсөлтийг, дээрээ голгүй улаан лаа хүчтэй уналтыг илэрхийлдэг.
Бусад шинжилгээний хэрэгслийн адилаар, өргөн хэрэглэгддэг, сайн арга барилд тооцогдох хэдий ч, түүнд мөн адил сул талууд бас бий. Жишээ нь, ханшийн дунджаас нь тооцоолол хийж, зураглалаа гаргадаг учир, дүрслэгдэх явц удаан байдгын дээр ханш хоорондын зөрүүтэй холбоотой бусад өгөгдлүүдийг харуулдаггүй зэрэг учир дутагдлуудыг нэрлэж болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation