SegWit гэж юу вэ?

Segregated Witness (SegWit) буюу Гэрчийг тусгаарлагч нь 2015 онд хөгжүүлэгдсэн, протоколын шинэчлэлт юм. Энэхүү шинэчлэлт нь өнөөдөр ч асуудал хэвээр байсаар байгаа Блокчэйн сүлжээний өргөтгөтгөлийн асуудлын шийдэх зорилгоор бүтээгдэж байсан.

Биткойнын сүлжээ нь ойролцоогоор 10 минутанд, 1 шинэ блок үүсгэх чадалтай бөгөөд блок бүр, хэд хэдэн гүйлгээний мэдээллийг багтаасан байдаг. Тиймээс, блокын хэмжээ нь, түүнд агуулагдах гүйлгээний тоонд нөлөөлнө. SegWit-н ачаар, өдгөө 1 секундэд, дунджаар 7 гүйлгээг баталгаажуулж байгаа.

SegWit нь дээрх үр дүнд хүрэхийн тулд, блокт агуулагдах мэдээллийг шинээр зохион байгуулах буюу гүйлгээний мэдээллийг, түүнд харгалзах ДГҮ-ээс нь салгаж хадгалах аргыг хэрэглэсэн. Ингэснээр, блокт бичигдэх гүйлгээний тоо нэмэгдэж, тэр хэмжээгээр боловсруулах хурд сайжирсан.

Гэвч, 1 секундэд 7 гүйлгээ гэдэг нь, олон хэрэглэгчтэй, том сүлжээний хувьд маш тааруу үзүүлэлт юм. Уламжлалт систем, 1 секундэд хэдэн мянган гүйлгээг боловсруулах чадалтай шүү дээ.

Уг шинэчлэлтийг 2017 онд Биткойнын сүлжээнд сул салаалалт хэлбэрээр суулгасан ба одоо үүнийг ашиглаж буй Litecoin (LTC) тэргүүтэй хэд хэдэн крипто төслүүд хэрэгжиж байна.

SegWit-н онцлох давуу талууд юу вэ?

Багтаамж нэмэгдүүлэх

Блок дахь зайг оновчтойгоор зохион байгуулсны хүчинд, 1 блокт илүү их өгөгдлийг багтаах боломжыг бүрдүүлсэн.

Гүйлгээ нь оролт, гаралт гэсэн 2 үндсэн хэсгээс бүрддэг ба оролт нь тухайн гүйлгээг хийгч буюу илгээгчийн хаягыг агуулдаг бол, гаралт нь хүлээн авагчийнхийг хадгалж байдаг. Мэдээж, гүйлгээний дүнгийн мэдээллийг зөрүүгүй болохыг нотлохын тулд илгээгч нь, ДГҮ-ээ хэрэглэх шаардлагатай.

ДГҮ-ийн мэдээлэл нь блокын нийт багтаамжын 65%-г эзлэдэг байсан ба, түүнийг гүйлгээний мэдээллээс нь салгаснаар, блокын багтаамж бараг 4 дахин ихэссэн мэт үр дүнд хүрэх боломж бүрдсэн.

SegWit-ийн нөлөөгөөр мөн, Блокын жин гэх ойлголт үүссэн бөгөөд энэ ухагдахуун нь блокын нийт хэмжээ (1 Mb) болон түүнд харгалзах ДГҮ-ийн өгөгдлийн хэмжээний (3 орчим Mb) нийлбэрээр хэмжигддэг.

Гүйлгээ боловсруулах хурдыг сайжруулах

Хэдийгээр, шинэ блок үүсэх хугацаанд өөрчлөлт огт хийгдээгүй ч, SegWit-ийн ачаар түүнд хуулагдах өгөгдлийн хэмжээ нэмэгдсэн нь, блок хаах хугацаанд хийгдэх нийт гүйлгээний тоог нэмсэн.

Хурд нэмэгдсэн нь мөн, Биткойнын сүлжээн дэх гүйлгээний зардлыг бууруулахад тусласан. SegWit-с өмнө нэгж гүйлгээ бүрийн зардал нь $30 USD-с багагүй байдаг байсан бол, SegWit гарч ирснээр гүйлгээ бүрийн нийт зардал $1 USD-с хэтрэхгүй хэмжээнд хүртлээ буусан байдаг.

Гүйлгээний уян хатан чанарыг бататгах

Биткойнын хувьд, гүйлгээний ДГҮ-ийн мэдээллийг нь өөрчлөх замаар тухайн гүйлгээг гацаах аюул байдаг. Нэгэнт Блокчэйн дээр бичигдсэн мэдээллийг өөрчлөх боломжгүй учир, ийм гацаанд орсон, алдаатай мэдээлэл хуулагдчихвал, түүнийг сэргээх, засах боломжгүй болж, тэрхүү гацалт нь үүрдийнх болж хувирна.

Тэгвэл энэ асуудлыг SegWit мөн шийдсэн байгаа. Учир нь SegWit-тэй үед, Блокчэйнд ДГҮ-г хуулдаггүй. Мөн уг шийдэл нь, Блокчэйнд 2-р давхаргын протоколууд, Ухаалаг гэрээнүүдийг тусгах боломжыг ч бий болгож өгсөн.

SegWit ба SegWit2x

SegWit нь сул салаалсан шинэчлэлт байсан учир, уг шинэчлэлтийг заавал хийх шаардлагагүй бөгөөд үүнийг хийсэн зангилаанууд нь, хийгээгүй зангилаатайгаа уялдаатайгаар ажиллах боломжтой хэвээр байна. Харин, SegWit2x (S2X) нь сэт салаалалтаар л бүтээгдэх боломжтой шинэчлэлт юм.

Эдгээрийн гол ялгаа нь, блокын хэмжээг 1 биш, 2 Mb болгон өргөтгөсөнд л оршино. Хэдийгээр, энэ өртгөтгөл нь гүйлгээг боловсруулах хурданд нааштай өөрчлөлт авч ирэх боловч, нөгөө талаас олборлогч нарт дараа болж мэднэ.

Энд мөн, SegWit-г Биткойнын хэрэглэгчдийн нэгдэл бараг дуу нэгтэйгээр дэмжиж байсныг дурьдах нь зүйтэй байх. Харин, S2X-г нэвтрүүлэх тал дээр тэд санал нийлж чадаагүй учраас, түүний хөгжүүлэлт өдгөө бараг бүрэн зогссон байна.

Nested SegWit болон Native SegWit (bech32)

Native SegWit (bech32) буюу Уугуул SegWit нь, Nested SegWit буюу Суурь SegWit-ийнхээ сайжруулсан хувилбар нь юм. Уг шинэчлэгдсэн хувилбар нь, гүйлгээ боловсруулах илүү өндөр хурд, алдаа илрүүлэх илүү дэвшилтэт арга хэрэгслүүд, мэдэгдэхүйц бага шимтгэлийг санал болгодог. Түүнчлэн, bech32-н хаягууд нь ТОМ үсгүүд агуулдаггүй учир үсэг андуурах зэрэг алдаа гарах магадлал буурсан.

Түүнчлэн, non-SegWit буюу Анхны SegWit-гүй хувилбар, Nested SegWit болон Native SegWit (bech32) нарын хооронд Блокчэйн дээр гүйлгээ хийх бүрэн боломжтой тул, эдгээр хувилбаруудын хаягууд өөр боловч, саадгүй холбогдон ажилладаг. Гэхдээ, бүх хэтэвчүүд болон биржүүд эдгээр хувилбаруудыг бүгдийг нь дэмжиж ажилладаггүйг анхаараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!