Fundamental Analysis гэж юу вэ?
Олон зууны түүхтэй байгууллагын хувьцаа, саяхан мэндлэсэн крипто валютийн аль нь ч байсан, түүнд хөрөнгө оруулах, арилжаалахтай холбоотой шинжлэх ухаан гэж байхгүй. Байдаг байсан ч, түүнийг нь Wall Street-ийн томчууд хав дарсан байдаг байх.
Бидэнд байгаа зүйлс нь, арилжаачид болоод хөрөнгө оруулагч, ажиглагч, судлаачдын бичсэн, онол, таамаглалууд л төдий бөгөөд тэдгээрийг дотор нь TA буюу техник шинжилгээ, FA буюу суурь шинжилгээ гэж 2 ангилдаг.
Суурь шинжилгээний талаар товч тайлбарыг ЭНД дараад Крипто тайлбар толиос уншиж болно. Мөн, ЭНД дараад TA-ний талаар дэлгэрэнгүй нийтлэлтэй танилцах боломжтой.
Тухайн төсөл, байгууллагын хувьцаа/үнэт цаас, крипто валютийн бодит үнэ цэнийг тодорхойлох зорилгоор гүйцэтгэгддэг судалгааг суурь шинжилгээ гэнэ. Ингэхдээ, түүний үнэ ханшинд нөлөөлж болох хүчин зүйлсийг бүгдийг нь судлах нь уг шинжилгээний аргын гол зорилт болно. Шинжилгээний дүгнэлт нь, хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, арга барилаа тодорхойлоход голлох үүргийг гүйцэтгэдэг.
Жишээлбэл, хөрөнгө оруулах гэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагынхаа талаар эхлээд судлаж, мэдэх нь, алсдаа алдагдал хүлээхээс сэргийлэхийн хажуугаар, олж болох өгөөж, түүний хэмжээг багцаалах боломжыг олгох давуу талтай. Ийнхүү шинжлэхдээ, ашиг орлого, тайлан нэгтгэл, мөнгөний зарцуулалт, санхүүгийн зохицуулалт, өсөлт хөгжил, хэтийн зорилт, төлөвлөөгөө түүний хэрэгжүүлэлт зэргээс эхсүүлээд, зах зээлд эзлэх байр суурь, арилжаалагдах хувь, хэмжээ, харгалзах салбарын ирээдүй, зах зээлийн чиг хандлагын ойрын болон холын төлөв, өрсөлдөгчдийн хүч чадал, хөгжлийн түвшин нь, боломжит хэмжээтэйгээ харьцуулахад хэр зэрэгт хүрсэн байгаа, удирдлагын чадвар, хүчин чадал, инфляци болон зээлийн хүүгийн өөрчлөлт төсөв, төлөвлөгөөнд хэрхэн нөлөөлж болох гээд асар өргөн хүрээллийг хамруулан шалгах шаардлагатай.
FA-гээ хамгийн бага, энгийн шалгуураас нь эхлэн гүйцэтгэх нь түгээмэл хэдий ч, дээрээс нь доош буюу хамгийн том, хамгийн нөлөөтэй үзүүлэлтээс нь эхэлж шинжлэх ч боломжтой. Учир нь, ийм шинжилгээ хийхийн гол утга учир нь, тухайн төсөл, хувьцааны ханшийн хүрч чадах хэмжээг тодорхойлж, түүнийгээ өнөөгийн ханштай харьцуулах явдал юм. Бодит үнэлгээ нь, өнөөгийн ханшаас бага байвал, ирээдүйд өсөх магадлал өндөр, дутуу үнэлэгдсэн гэсэн дүгнэлтийг гаргаж болно. Дүгнэлт дээрээ тулгуурлан, хөрөнгө оруулах эсэх, оруулах бол хэр хэмжээгээр, хэдий хугацаанд, ямар хэлбэрээр оролцохоо нарийвчлан төлөвлөх боломжтой болдог.
FA болон TA-ний ялгаа
TA-г танилцуулсан нийтлэл дээрээ уг харьцуулалтыг хийсэн байгаа учир, ЭНД дараад, эдгээр шинжилгээний аргуудын ялгаатай танилцаарай.
Зарчмын хувьд, шинжилгээнүүдийн тодруулан гаргаж ирэх үр дүн нь, өөр өөр байдаг буюу FA-г гүйцэтгэснээр үнэ цэнийг тодорхойлох, харин TA-г гүйцэтгэснээр ханшийн түүхэн үзүүлэлтүүдийн тусламжтайгаар, түүний ирээдүйд үзүүлж болох өөрчлөлт, чиглэлийг тогтоох боломж бүрддэг. TA нь, үнэ ханшинд нөлөөлж болох гадны хүчин зүйлсийг, тооцоололдоо огтоос хамааруулж авч үздэггүй ба голчлон граф, түүн дээр үүсэх загвар, зах зээлийн чиглэлд анхаарч, арилжаанд орох, арилжаанаас гарах зохимжтой үеийг олох зорилгоор л гүйцэтгэгдэх нь бий.
Зах зээлийн үр ашгийн тооцооллоор бол, TA үйлдээд зах зээлийн хандлагыг баримжаалаад байх боломж бага гэж үздэг ба түүний учир нь, уг тооцооллын онолоор, тухайн хөрөнгийн үнэ цэнэ нь, түүнтэй хамааралтай бүхий л мэдээ мэдээллээс хамаарах тул, тогтсон загвар хэлбэрт баригдана гэж байхгүй аж. Гэхдээ, энэ тооцоололд мөн FA-г үгүйсгэх тал багагүй ажиглагддаг.
Эдгээр шинжилгээний аргуудын аль аль нь өөр өөрийн давуу болон сул талтай учир, өөрийн арилжааны арга барил, боломж бололцоо, сонирхолдоо нийцүүлэн дангаар эсвэл хослуулан хэрэглэж болно.
Өргөн хэрэглэгддэг үзүүлэлтүүд ба FA
FA-ний үед, лаа, MACD болон RSI үзүүлэлтүүдийг хэрэглэдэггүй хэдий ч, бусад үзүүлэлтүүдээс хэрэглэх нь бий. Тэдгээрээс заримыг нь, доор сийрүүлэв.
Нэгж хувьцааны ашиг
Нэгж хувьцааны өгөөжийг харуулах хэмжээст үзүүлэлтийг earnings per share (EPS) гэх бөгөөд үүнийг доорх томъёогоор тооцоолдог.
(Нийт орлого - Ногдол ашиг) / Хувьцааны тоо ширхэг
Ногдол ашгаа тараадаггүй байгууллага байлаа гээд төсөөлцгөөе. Тэдний ашиг орлого нь 1 их наяд төгрөгт хүрсэн байг. Нийт 20'000'000 ширхэг хувьцаа гаргасан байгаа гэвэл, дээрх томъёогоор, нэгж хувьцаанаас олох ашиг нь 50'000 төгрөг болно. Уг тооцоолол нь гүйцэтгэхэд хялбар бөгөөд үр ашгийн тооцоолол хийх боломжыг бүрдүүлж өгдөг ба хөрөнгө оруулагчид, EPS өндөртэй байгууллагуудыг сонгох магадлал илүү их байдаг.
Diluted EPS буюу нэгж хувьцааны хорогдуулсан ашиг гэдэг нь, алсдаа хувьцааны тоо хэмжээг нэмэгдүүлэх боломжтойгоор тооцож гаргасан хувьцаанаас хүртэх өгөөжийг нэрлэх ба, ийм хувьцааг тухайн байгууллагын ажилчид нь худалдан авах боломжтой. Хэдийгээр, их хэмжээний хувьцаа гаргах нь, нийт орлогоо өсгөх таатай нөхцлийг бүрдүүлэх хэдий ч, EPS бага байх болно.
Арилжаа, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахдаа, дан 1 EPS-ийн үнэлгээн дээр тулгуурлаж болохгүй гэдгийг анхаараарай. Бусад аргуудтай хослуулан хэрэглэх нь ямар ч үед ухаалаг сонголт болно.
Үнэ, ашгийн харьцаа
Price-to-earnings (P/E) ratio гэж, хувьцааны үнийг EPS-д харьцуулсан дүнг хэлнэ. Үнэ/ашгийн харьцааг тооцохдоо дараах томъёог хэрэглэдэг. Үүнд:
Хувьцааны үнэ / Нэгж хувьцааны ашиг
Дээрх жишээн дээрээ дахин тайлбарлая. Нэгж хувьцааны ашиг нь, 50'000 төгрөгтэй тэнцэх уг байгууллагын хувьцааны арилжаалагдах үнэ нь, 100'000 төгрөг гэвэл, үнэ ашгийн харьцаа нь 2 болж таарч байна.
Уг дүнг, төстэй байгууллагын мөн дүнтэй харьцуулснаар, тухайн байгууллагын хувьцааны үнэ зохих хэмжээнээс өндрөөр үнэлэгдсэн байна уу, багаар үнэлэгдэж байна уу гэдгийг мэдэж болдог. Гэвч, бусад шинжилгээний үзүүлэлтүүдийн л адил, уг дүн дангаараа, арилжааны шийдвэр гаргах хүчин зүйл болохгүй гэдгийг анхаараарай.
Үнэ, өмчийн харьцаа
Хувьцааны зах зээлийн үнийг, байгууллагын тайлан дээрх бодит үнэлгээтэй харьцуулсан харьцааг, price-to-book (P/B) ratio гэнэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчдын тухайн байгууллагыг үнэлэх үнэлэмжийн хэмжээ буюу арилжааны ханш, албан ёсны үнэлгээний хоорондох харьцуулалтыг PB ratio гэх ба уг харьцааг дараах томъёогоор боддог.
Нэгж хувьцааны үнэ / Нэгж хувьцааны бодит үнэ
Өмнөх жишээгээ үргэлжлүүлье. Бодит үнэлгээ нь 500 тэрбум, нэгж хувьцаа нь 100'000 төгрөгийн үнэтэй бөгөөд нийт 20 сая ширхэг хувьцаа арилжаалагдаж байгаа гэхээр, нэгж хувьцааны бодит үнэ нь 500'000'000'000 / 20'000'000 = 25'000 төгрөг байх нь. Үүнийг, дээрх томъёондоо оруулж бодвол, 100'000 / 25'000 = 4 гэсэн харьцаа гарч байна. Энэ нь, тухайн байгууллагын хувьцаа цаасан дээр бичигдсэн дүнгээс 4 дахин өндрөөр арилжаалагдаж байгааг илтгэж байгаа юм. Магадгүй, хөрөнгө оруулагчид нь тэднийг удахгүй том амжилтанд хүрнэ гэдэгт бат итгэлтэй байгаагаас ийм үр дүнд хүрсэн байж болох. PB ratio нь, 1-с бага гарч байвал, хөрөнгө оруулагчид нь, тухайн байгууллагыг дутуу үнэлж эсвэл сайтар танилцаж амжаагүй байна гэж ойлгож болно.
Гэвч, уг харьцааг тооцохдоо биет хөрөнгө ихтэй байгууллагыг сонгох нь оновчтой байдаг шүү.
Үнэ, ашгийн өсөлтийн харьцаа
Price/earnings-to-growth (PEG) ratio - Үнэ, ашгийн харьцааг тооцохдоо өсөлтийг хамааруулсан үзүүлэлтийг ийн нэрлэнэ. Харьцуулалтын томъёо нь:
Үнэ, ашгийн харьцаа / Ашгийн өсөлтийн хэмжээ
Тодорхой хугацаанд, байгууллагын ашиг хэр хэмжээний өсөлт үзүүлэхийг багцаалж, ашгийн өсөлтийн хэмжээг тооцох ба түүнийг хувиар илэрхийлнэ. Дараагийн 5 жилд, 10% ашигтай ажиллана гэж үзвэл, дээрх жишээний дагуу 2 / 10 буюу PEG ratio = 0.2 болж байна. Энэ нь, тухайн байгууллага дутуу үнэлэгдсэн буюу хөрөнгө оруулахад, алсдаа өгөөж хүртэх боломжтойг илэрхийлнэ. PEG ratio тооцоход 1-ээс бага дүн гарч байгаа тохиолдолд ингэж үзэх боломжтой бөгөөд, харин 1-с илүү гарч байвал үнэлгээ нь хэтэрсэн, худалдаж авахад тохиромжгүй гэж дүгнэж болно.
Уг үзүүлэлт нь, шинжилгээний нилээд чухал үзүүлэлтэнд тооцогддог.
FA ба крипто валют
Крипто валют дээр шууд хэрэглэх боломжгүй ч, төслийнх нь зарим үзүүлэлтүүдийг тодорхойлж болно.
Сүлжээний үнэ цэн, гүйлгээний харьцаа
Network value-to-transactions (NVT) ratio гэдэг нь, крипто валютийн зах зээлийн үнэ, ашгийн харьцаа гэж үзэж болохуйц, крипто валютийн FA-ний чухал үзүүлэлт юм.
Сүлжээний үнэ цэн / Өдрийн гүйлгээний тоо хэмжээ
Өдөрт боловсруулсан гүйлгээний хэмжээ болон сүлжээний үнэлгээнээс нь NVT ratio-г тогтоох ба 2 өөр зоосыг харьцуулах үед, тэдгээрийн 2-уулангынх нь зах зээлийн үнэлгээ 1 сая USD-той тэнцүү боловч А зоосны өдрийн арилжааны хэмжээ $50'000 USD, Б зоосных $10'000 USD гэж үзвэл, А зоосны NVT ratio нь 20, Б зоосных 100 хүрж байна. NVT ratio бага байх тусам бодит ханшиндаа хүрээгүй, их байх тусам бодит үнэлгээнээсээ хэтэрсэн байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, дээрх харьцуулсан жишээн дээр А зоос, Б-г бодвол ханш өсөх магадлал өндөртэй байна.
Идэвхтэй хаягууд
Хэрэглээ өндөр байх нь, сайн төсөл болсныг, хэрэглэгчдээ татаж чадаж байгааг болон ирээдүйтэй байх боломжтойг илтгэнэ гэж үзээд, тухайн сүлжээн дээр идэвхтэй хэрэглэгдэж буй хаягууд хэр их байгааг тоолж, тогтоогоод, түүнийгээ хөрөнгө оруулах 1 шалгуур үзүүлэлт гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. Хэдийгээр, энэ нь шийдвэр гаргах үед, дангаараа ямар ч дориу нөлөө үзүүлэх үзүүлэлт биш боловч, сүлжээний талаарх чухал мэдээллийг илрүүлж өгөх давуу талтай.
Үнэ, олборлолтын тэнцэтгэлийн харьцаа
PoW алгоритмд суурилсан буюу олборлож болдог зооснуудын хувьд, зоос/токений ханш, олборлолтын зардлыг харьцуулж тооцдог үзүүлэлтийг, price-to-mining-breakeven ratio гэж нэрлэдэг.
Зоосны зах зээлийн ханш / Зоос олборлолтын зардал
Дээрх томъёогоор тооцоологдох энэ үзүүлэлт нь, тухайн зоосны Блокчэйнийн сүлжээний өнөөгийн төлөв байдлын талаарх чамгүй мэдээллийг тодруулж өгдөг. Жишээлбэл, А зоос $5'000 USD-р арилжаалагдаж байхад, Б зоос $20'000 USD үнэлгээтэй, 2 зоос хоёул $10'000 USD дээр зарлага болон орлого тэнцдэг байлаа гэж бодъё. Энэ үед зоосуудын харьцаа нь 0.5, 2 байна гэсэн үг. Харьцаа 1-с бага байгаа учир, А зоосыг олборлох нь ашиггүй байхад, Б зоос нь $10'000 USD зардлаар олборлолт гүйцэтгэх бүртээ $20'000 USD орлого олж, $10'000 USD ашигтай ажиллаж байна.
А зоосны хувьд, уг харьцаа 1-г давж, ханш нь өсөхгүй л бол, олборлох сонирхол буурч, олборлогчид "ажлаасаа гарах", харин Б зоосны хувьд, ашиг олох гэсэн олборлогч бүр хошуурснаар харьцаа буурах тул, аль аль зоосны хувьд ирээдүйд харьцаа 1-рүү зүтгэх нь тодорхой. Ингэж үзвэл, энэ үзүүлэлтээс гарах дүгнэлт нь барьцгүй санагдаж болох хэдий ч, үүний ачаар олборлох ажиллагааны цаадах эдийн засгыг ойлгох, олборлогддог зооснуудын үнэ цэнийн талаарх ойлголтоо зузаатгах боломжтой юм.
Танилцуулга, баг, замнал
Крипто хөрөнгийн үнийг тодорхойлохд хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг аргаар энгийн судалгаа, мэдээлэл цуглуулалтыг нэрлэж болно. Танилцуулгаас нь, тухайн төсөлд ашиглагдсан технологиуд, хэрэглээ болон төслийн зорилгыг нь олж мэдэх боломжтой. Харин, хөгжүүлэгч болон санаачлагч гишүүдийнх нь талаар судласнаар, төслөө хэрэгжүүлэх чадвар, хүмүүст хүргэх чадамж, бүтээлийнх нь чансаа хэр түвшинд хүрэх боломжтой талаар ерөнхий баримжаа гаргах боломж бүрдэнэ. Мөн, түүхэн замналтай нь танилцсанаар үзүүлсэн амжилтууд нь, амласан төлөвлөгөөтэйгээ хэр нийцэж байгааг танихад тусална.
FA-ний давуу болон сул талууд
TA-ний харуулж чадахгүй, нарийн үзүүлэлтүүд бүхий, цогц дүгнэлтийг гаргах боломжыг гагцхүү FA л олгоно. Хөрөнгө оруулагчдын хувьд, үүнийг эхэлж хэрэгжүүлэлгүйгээр, шийдвэр гаргана гэсэн ойлголт байдаггүй. Өнөө цагт, уламжлалт зах зээл дээ, бэлэн өгөгдөл болон туршигдаж танигдсан аргыг хэн ч, хаанаас ч олох, тэдгээрийгээ ашиглаад FA гүйцэтгэх боломжтой болсон. Харин крипто зах зээл залуухан байгаагаас, мэдээллийн дутагдалтай байдал, хөрөнгүүдийн хоорондын уялдааны учир дутагдлаас шалтгаалан, FA-ний үр дүн зөрүүтэй эсвэл бүүр бруу санагдаж болно. FA-г чанартай гүйцэтгэж чадвал, ирээдүйд өгөөж өгөх нь гарцаагүй хөрөнгийг илрүүлэх боломжыг бүрдүүлдэг. FA шинжилгээгээ тогтмол гүйцэтгэж, өндөр амжилтанд хүрсэн эрхмүүдийн тод томруун жишээгээр, Уоррен Баффетт (Warren Buffett) болон Бенжамин Грэм (Benjamin Graham) нарыг нэрлэж болно.
FA гүйцэтгэх амархан, сайн FA хийх хэцүү. Хөрөнгийн бодит үнэлгээг тогтоох нь, хэдхэн томъёонд тоо оруулж бодоод гаргах шиг амархан байхгүй бөгөөд асар их цаг хугацаа, маш их хичээл зүтгэлийг шаарддаг. Судалгаагаа маш олон талаас нь хийх хэрэгцээтэй тулгарах хэдий ч, тэдгээрийгээ гартаа оруулаад авсны дараа олон олон төслүүд, хувьцаануудыг шинжлэх чадварыг эзэмших боломжтой. Мөн, FA нь, урт хугацааны хөрөнгө оруулалтанд хэрэглэхэд илүү тохиромжтой байдгыг мартаж болохгүй. Гэхдээ бас, өнөөгийн үнэ ханш нь, бодит үнэлгээнээсээ доогуур байгаа хөрөнгө бүр ирээдүйд өсөлт үзүүлнэ гэж андуурч болохгүй шүү!
Суурь шинжилгээг анхлан хийж байгаа үед дараах байдлаар шинжилгээний төлөвлөгөөгөө гаргаад, цаашдаа үүнийгээ баяжуулж, хөгжүүлээд явж болно шүү.
Уг шинжилгээний хөтөлбөрийг боловсруулж, хуваалцсан Galileo#3498 (Discord: Swing traders)-д баярлалаа.
FA гүйцэтгэхэд хамгийн их хэрэг болох веб бол яах аргагүй CoinMarketCap байдаг юм шүү, уг вебийн талаарх танилцуулгыг ЭНД дараад уншаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation