Арилжааны сэтгэл зүй

"Зах зээлийн төлвөөс, сэтгэл санаагаа ангижруулж сурваас, амгалангийн манлайд хүрнэ" гэсэн Марк Дугласын эшлэлээр энэхүү нийтлэлээ эхлүүлье.

Арилжааны сэтгэл зүй гэж юу вэ?

Market psychology - Зах зээл, түүнд оролцогчдын сэтгэл санааны байр байдлаас хамааралтай/нөлөөтэйгээр хөдөлж байдаг гэсэн үзэл санааг арилжааны сэтгэл зүй гэнэ. Энэхүү санаа нь, эдийн засгийн шинжлэх ухааны судладаг үндсэн сэдвүүдийн 1 юм. Уг ШУ салбар нь, эдийн засгийг хөдөлгөгч хүчнүүдийг судладаг бөгөөд, хүний сэтгэл зүй нь, тэдгээр хүчин зүйлсийн 1-д тооцогддог.

Санхүүгийн салбарт өөрчлөлтүүдийг авч ирдэг гол зүйл нь, хүмүүсийн сэтгэл зүй гэж итгэдэг хүмүүс ч олон бий. Арилжаанд оролцогчдын дийлэнх ямар бодол, таамаг, байр суурь, төлөвтэй байгаагаас тухайн хөрөнгийн ханш, зах зээлийн үзүүлэлт шууд хамаарч байдаг гэж тэд үздэг.

Нэгж арилжаачны болоод нийт олонхийн аль алины сэтгэл зүйг энд хамааруулж авч үзнэ. Гэхдээ, дан ганц арилжаачны сэтгэл зүй, нийтийнхэд дорвитой нөлөө үзүүлж чадахгүй. Арилжааны сэтгэл зүйн онолоор бол, үнэ ханш нь, олонхийн байр байдал, зан төлвөөс хамааралтайгаар өөрчлөгдөж байдаг, хувьсамтгай хэмжигдэхүүн юм. Тийм биш байсан бол, арилжаа хийнэ гэдэг маш хүнд ажил байх байсан биз.

Ханшийн өсөлтийн үед, арилжаачдын хандлага сайжирч, итгэл батжиж байдаг учир, эрэлт ихэсч, нийлүүлэлт багасдаг. Тэр нь эргээд, ханшийг улам дэвэргэж өгнө. Эсрэг тохиолдолд, сэтгэл зүй нь, мөн адил улам бүр уруудах шалтгаан нь болно.

Зах зээлийн мөчлөгийн үед сэтгэл хөдлөл хэрхэн өөрчлөгдөж байдаг вэ?

Өсөлтийн үед

Уналт болон өсөлт нь, жаргал зовлон ээлжилдэгтэй адил, жам ёсны хөдөлгөөн юм. Ханшийн өсөлтийг, арилжаачдын өөдрөг үзэл, итгэл найдвар, шунал даган нэмэгдэж байдаг ба эдгээр нь, худалдан авалтын гол шалтгаанууд болдог.

Зах зээлийн мөчлөг болон сэтгэл санаа харилцан уялдаатай хөдөлдөг. Үнэ өсөх гэж буйд итгэх итгэл нэмэгдэхийн хэрээр, ханш өсч, ханш өсөхийн хэрээр, итгэл улам бүр нэмэгдэж байдаг.

Хэт их шунал нь, заримдаа ханшийг асар хүчтэй хөөрөгдөж, "хөөс" үүсгэх нь бий. Ийм хийсвэр өсөлтийн үед, олон олон арилжаачид, тухайн хөрөнгийн бодит үнэ цэнийг мартаж, сэтгэл хөдлөлдөө автан, ханш цаашид үргэлжлэн өснө гэдэгт итгэснээр, түүнд хөрөнгө оруулах буюу буруу шийдвэр гаргадаг.

Зах зээлийн эрчийг бахдаж, халаглахдаа ийнхүү "сохроор азаа үзэх" нь, огцом өсөлтийг сүүдэр мэт дагах, хүчтэй уналтын "золиос" болгон өөрийгөө "шатаахтай" агаар нэгэн ойлголт юм шүү. Учир нь, энэ л үеийг хамгийн өндөр эрсдэлтэй үе гэж тодорхойлдог. Гэхдээ, зарим тохиолдолд шууд унахгүй, хажуу тийш чиглэн хөдлөхтэй таарч болно.

Уналтын үед

Ханш буураад ирмэгц, сандрах, түгших мэдрэмжүүд бүрэлдэж эхлэх хэдий ч, дахин өснө гэх итгэл зонхилсон хэвээр байдаг. Гэвч, уналт үргэлжлэхийн хэрээр итгэл алдарч, гутранги үзэл түгэх ба сандарч, түгшиж, итгэл алдарч эхэлнэ. Эхлээд, уналтын шалтгааныг гайхаж байгаад, уналтыг зуурдынх гэж итгээд, алдагдал хүлээхээс татгалзах ч, бүр их уналттай тулмагцаа алдагдлаа хүлээн зөвшөөрдөг. Эдгээр үе шат бүр, улам араасаа улам их уналтыг дагуулсаар байна.

Унаж дуусаад, хэлбэлзэл үүсч, нэмэгдэхийн хэрээр ханш тогтворжих ба нийтийн сэтгэл санаа ямар байгаагаас хамаарч дахин хөдөлгөөнд орно. Яг энэ, чиглэл нь тодорхойгүй үеийг л хуримтлуулах үе гэдэг.

Хөрөнгө оруулагчдад, арилжааны сэтгэл зүй хамаатай юу?

Ханш үнэхээр хүмүүсийн сэтгэл санаанаас хамаарч хөдөлдөг гэж үзвэл, дийлэнхийн сэтгэл санааг гадарлах эсвэл залуурдах нь, ашиг олох гол арга болж болох юм. Гэхдээ, сэтгэл зүй болоод үйлдэл зөрж байж учиртай. Энгийнээр бол, дийлэнх гутарч, итгэл алдарсан үед, тухайн хөрөнгийн үнэлгээ байж болох хамгийн доод түвшиндээ буюу шал дээр буусан үед нь худалдаж авах эсвэл хөрөнгө оруулах нь, яваандаа өндөр ашиг авч ирэхгүй юм гэхэд, учруулж чадах алдагдал туйлын бага байдаг. Ханш өндөр байх тусмаа, учирч болох эрсдэл их байдгыг ямагт санаж яваарай.

Зарим арилжаачид, нийтийн байр байдлыг тандах замаар, сэтгэл зүйн мөчлөгүүдийг олж тогтоохоор оролдож байдаг ба эндээс олсон мэдээлэл дээрээ үндэслэн, уналт, сэргэлт, мандалт, сулралтыг илрүүлж, тухай бүрд зохих арга хэмжээг авах замаар ашиг олж байдаг. Гэвч, ингэж тогтоох бараг боломжгүй буюу асар төвөгтэйн дээр, бодит үр дүн үзүүлдэггүй. Шал гэж харагдаж байгаа дэмжих бүс сэтэрч, ханш дахин доош унах, шинэ шал үүсэх боломж үргэлж байдгыг анхаарах хэрэгтэй.

Техник шинжилгээ ба арилжааны сэтгэл зүй

Түүхэн үзүүлэлтүүдээс, тухайн үед арилжаачдын сэтгэл зүй ямар түвшинд байсан хийгээд, хэрхэн өөрчлөгдөж байсныг мэдэх амархан. Тэндээс ямар үйлдэл, ямар шийдвэр хамгийн ашигтай, зөв байсныг ажиглаж болдог.

Гэсэн хэдий ч, зах зээл хэрхэн хувьсаж, өөрчлөгдөж байсныг ойлгоход ихээхэн төвөгтэй, ирээдүйд яаж өөрчлөгдөхийг таамаглах нь бүүр ч ярвигтай. TA-ний тусламжтайгаар, ханшийн чиглэлийг баримжаалах гэж оролдох нь түгээмэл. Тиймээс, TA-ний үзүүлэлтүүдийг, арилжаачдын сэтгэл зүйд гарч болох өөрчлөлтүүдийг тааварлах хэрэгсэл гэж ч тодорхойлж болох юм. Жишээл нь, RSI эрэлт их байгаагаас шалтгаалж, ханш өссөнийг харуулдаг шүү дээ. Мөн, MACD нь, ханшийн эрч, өөрчлөлт буюу хүмүүсийн шунал/айдсын мөчлөгийг тодруулан дүрсэлж байдаг.

Биткойн ба арилжааны сэтгэл зүй

Биткойны ханшийн, 2017 оны их өсөлт нь арилжаачдын сэтгэл зүйн нөлөөний тод жишээ билээ. 12 сарын хугацаанд, $900 USD хүрэхтэй үгүйтэй байсан BTC, $20'000 USD буюу ATH-даа хүрсэн нь, хуучин хөрөнгө оруулагчид болон арилжаачдын итгэлээр гараагаа эхлүүлж, замдаа олон мянган шинэ арилжаачдыг нэгтгэн элсүүлсний үр дүн юм. Өөрөөр хэлбэл уг амжилт нь, FOMO, хэт өөдрөг үзэл, шуналаар хөтлөгдсөн байсан ба тэдгээр нь ханаж эхлэх цагаас буцаж унасан юм.

Чиг хандлага тухайн оныхоо сүүлээс, 2018 оны эхэн үеийг хүртэл үргэлжилж, өндөр дээр орсон, шинэ болон шуналдаа хөтлөгдсөн арилжаачдыг ихээр хохироосон түүхтэй. Уналт дуусч, ханш тогтворжсоны дараа ч, дахин өснө гэх итгэл тээн, HODL хийсэн хөрөнгө оруулагчид ч зөндөө байлаа.

Гэсэн ч, хэдэн сарын дараа ахин өсөх найдвар тасарсан гэж үзсэнээр, хөрөнгө оруулагчид REKT хийж, ханш ATL-даа хүрсэн. FUD болон сэтгэл түгшилтийг, энэ үзэгдлийн гол шалтгаанаар нэрлэж болно. Бараг орой дээрээс нь ороод, шалруугаа "гоожсон" үед нь зарж, байж боломгүй их алдагдал хүлээсэн хүмүүсийн зарим нь, тэр үед Биткойнд бүрэн итгэл алдарч, луйвар, хөөс гэж чичлэх болсон. Гэтэл, Биткойн, түүний цаадах технологи нь тэр чигтээ маш гайхалтай бүтээлүүд бөгөөд, тасралтгүй хөгжүүлэгдэн сайжирсаар байгаа.

Муйхарлал

Мэдлэгийн дутмаг эсвэл хуурмаг байдлаас шалтгаалж, хүмүүс буруу шийдвэр гаргадаг. Энэ нь, зах зээл, эдийн засаг, арилжааны явцад ч мөн адил үр дагаварт хүргэж байдаг. Үүний цөөхөн хэдхэн жишээг доор жагсаав.

  1. "Үнэн гэдэг нь, Таны итгэж буй худал зүйл юм" - Өөрийн бодол, хүсэл, таамагтай нийцэж буй мэдээллийг, илүүд үзэх зан хүн бүрт байдаг. Бухын төвөргөөний үед, таагүй мэдээ, ханш эргэх дохио байсаар байтал, сайн мэдээ, өсөлтийн хуурамч дохиог л олж хараад байх явдал бишгүй тохиолддог.
  2. "Амжилт мартагдаж, алдаа дурсагдана" - Олсон ашиг, учирсан хохирлын хэмжээ тэнцүү байсан ч, алдсаныхаа араас харамсаад байдаг нь хүний төрөлхийн араншин гэлтэй. Сандарч зарах үзэгдэл нь, үүний илрэл юм.
  3. "Өөрийн өмч өнгөнд дараастай, хүний өмч хогонд булаастай" - Хэдэн зоос, токенд хөрөнгө оруулсныгаа, ямар ч зоосгүй хүнээс илүү ашигтай ажиллаж, амжилт олж, авхаалж гаргаж, үнэ цэн бүтээсэн мэтээр төсөөлөх нь нийтлэг тааралдах сэтгэлгээний буруу хэлбэр билээ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!