Мөнгө
Өнөөгийн нийгмийн салшгүй бөгөөд хамгийн чухал зүйлсийн 1 нь мөнгө гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Бүтэн мянганы турш, үнэ цэнийн хэл, арилжааны зохицуулагч, хөдөлмөрийн үнэлгээг тодорхойлж ирсэн зүйл нь мөнгө юм.
Бараа үйлчилгээний төлбөр болгохыг зөвшөөрсөн зүйлийг мөнгө гэж нэрлэж болно. Улс бүр, түүхэндээ өөр өөр зүйлсийг мөнгө болгон хэрэглэж ирсэн учир, дээрхээс өөрөөр тодорхойлоход төвөгтэй байдаг.
Мөнгө үүсэхээс өмнөх үе - Солилцоо
1 бараа эсвэл үйлчилгээг, өөр 1 бараа үйлчилгээгээр харилцан тохиролцож солилцох явдлыг barter гэнэ. Хэдийгээр байгаа байгаагаа солилцох байдлаар харилцан ашигтай ажиллах боломжыг олгодог боловч ийм төрлийн наймааг гүйцэлдүүлэхэд ихээхэн төвөг учирч болно. 1 бараа нь урт хугацаанд хэрэглэж болдог байхад, нөгөө нь дорхноо үгүй болчихдог, 1-д нь байгаа барааг нөгөө нь сонирхохгүй байж болно гэх зэргээр ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэх боломжтой. 2 тал харилцан, нөгөө нөгөөгөөсөө авах, өгч чадах зүйлтэй байж байж л ийм солилцоог гүйцэтгэх нөхцөл бүрддэг.
Бараа таваарын мөнгө
Өөрийн гэсэн үнэ цэнэ бүхий бараа бүтээгдэхүүн болон өөрийн хэрэглээтэй түүхий материалыг таваар гэнэ. Алт, мөнгөнөөс эхсүүлээд, гурил, будаа хүртэл маш олон зүйлсийг энэ ангилалд хамааруулж болно. Ийнхүү эд барааг мөнгө болгон хэрэглэх нь, таваарын мөнгө гэх ойлголтыг үүсгэсэн. Жишээ нь л гэхэд, 1600-аад оны үед АНУ-ын Виржини муж тамхийг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг.
Солилцооны системээс ялгаатай нь өргөн хэрэглээний, хүлээн зөвшөөрөгдсөн барааг албан ёсны хэрэгсэл болгохоос гадна, түүнтэй харьцуулсан хэмжээгээр бусад бараа үйлчилгээний үнийг тогтоодог. Жишээ нь цагаан будааг солилцооны хэрэгслээр тодорхойлсон үед, зарах гэж байгаа ном тань хэр их будаатай тэнцэж байвал, эргээд Та тэр будаагаар юу авч болох вэ гэсэн тооцоолол дээр тулгуурлана гэсэн үг. Тэгэхээр, будаа нь хоол хүнс биш, мөнгө болон хувирч байгаа хэрэг.
Ингэснээр, таваарын наймааны үед, ашиг сонирхлын зөрүү солилцооны системийнх шиг хүнд асуудал болохгүй. Хэрэггүй бүтээгдэхүүн авсан байсан ч, түүнийгээ цааш адил үнэлгээгээр борлуулах боломж бий учраас тэр. Ийм төрлийн арилжааны хэлбэрийн үед, төлбөрийн гол хэрэгслээр нь алт болон мөнгө, зэс, гууль зэргийг нэрлэж болно. Ялангуяа, алт нь нийгэмшлийн бүхий л үе шатанд, үйлвэрлэл болон мөнгөний аль алинд чухал үүрэгтэй металд тооцогдсоор ирсэн. Одоо хэр нь, алтан зоос болон гулдмайнууд нь үнэ цэнэ хадгалагч гэж тооцогдсон хэвээр байна. Хөрөнгө оруулагчид, алсдаа өгөөж хүртэх зорилгоор ийм төрлийн метал, чулаалагт мөнгийг ихээр зориулдаг.
Хэдийгээр энэ төрлийн төлбөрийн системийг халж, мөнгөн дэвсгэртүүд төлбөрийн гол хэрэгсэл болсон хэдий ч, таваарын систем хэрэглээнээс бүрэн халагдаагүй хэвээр байсаар байгаа.
Төлөөлүүлсэн мөнгө
Таваарын систем, солилцооны системийг халж чадсан хэдий ч, бас л ихээхэн учир дутагдалтай байсан нь үнэн. Ялангуяа өндөр үнэтэй таваарын бараагаар, хямд үнэтэй, багахан зүйл авна гэдэг толгойн өвчин болдог байв. Жишээ болгоод өнөөдөр энэ системийг хэрэглэсэн хэвээр байсан бол, Та хүнээс 1 ширхэг Биткойныг 100 сая төгрөгөөр авахаар тохиролцлоо гэхэд, 100 саяын үнэд хүрэх их хэмжээний барааг ачиж очих, тэдгээрийгээ 1 бүрчлэн тоолж, хэмжих гээд л ажил их орох байсан.
Уг асуудлыг шийдвэрлэх үүднээс төлөөлүүлсэн мөнгө буюу бодит хөрөнгийг гэрчлэх баталгааны хуудсыг хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Улс орнуудад өөр өөр цаг үед нэвтэрсэн энэ шинэлэг арга нь, хүссэн үедээ бодит хөрөнгийг гаргаж авах боломжыг олгодог гэрчилгээ мэтээр ажиллана. Ингэхдээ, тэрхүү хөрөнгийг нь хэмжиж, баталгаажуулж, зохих хэмжээгээр гэрчилгээг эзэмшигчид гаргаж өгөх үүргийг гүйцэтгэгч дундын зохицуулагчийн тусламжтайгаар хэрэгждэг.
10, 20 кг чулуу халааслаад явахын оронд, түүнийг гэрчлэх, түүнээс заасан хувь хэмжээгээр авах эрхийг олгох баримтыг өвөртлөөд явах боломжыг энэ систем бүрдүүлж өгсөн. Тухайн гэрчилгээгээ ашиглан өөрөө эсвэл өөр хэнбугай ч хөрөнгийг гарган авах боломжтой тул, бусдад төлбөр болгон шилжүүлэх бүрэн боломжтой. Тогтвортой зоос нь яг ийм хэлбэрээр ажилладаг.
Хэдийгээр ийм үйлчилгээг үзүүлэгч байгууллагууд олон байдаг ч, тэдгээрийг цаана нь төв банк хянаж, зохицуулж байдаг. Үндэсний мөнгөн дэвсгэртийн үнэ цэнийг төв банкин дахь алтны хадгаламжаар даатгасан алтны систем ч мөн үүнтэй төстэй зарчмаар ажилладаг. Хэдийгээр энэ систем өдгөө хуучирч хоцрогдсон мэт санагдаж болох ч, арваадхан жилийн өмнө л хэрэгжиж байсан шүү дээ.
Энэ системд олон давуу чанар байсны 1 нь, засгийн газар зохиомлоор инфляцийг хөдөлгөх боломжгүй буюу агаараас мөнгө үүсгэж болдоггүй байсан. Банкны санд төвлөрсөн алтны хэмжээнээс илүү, дүнд дэвсгэрт нийлүүлэх боломжгүй байдал нь, онолын хувьд, зах замбараагүй хэвлэхээс сэргийлдэг байв. Хэсэгчилсэн нөөцийн аргыг хэрэглэж эхлэсэн нь, энэ уяаг тайлж, төв банкны шинэ мөнгө хэвлэх эрх дархыг нь хязгаарлалтгүй болгосон.
Алтны жишиг систем нь, эзэмшиж байгаа алтаа байнга биедээ авч явах, бага дүнтэй арилжаанд түүнийгээ заавал хэмжиж хуваах зэрэг шаардлагаас чөлөөлсний дээр, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Ялангуяа, алтны системийг баримтлагч улсууд, бусад улсуудтай харьцангуй чөлөөтэй наймаалцах боломжтой байдаг.
Хэвлэмэл мөнгө буюу фиат валют
Төлөөлүүлсэн мөнгөний тогтолцоог дарж, гарч ирсэн шинэ систем нь цаасан дэвсгэрт юм. Таваар болон алт зэрэг бодит, үнэ цэнэтэй хөрөнгийн баталгааг огтоос агуулаагүй уг шинэ системийг дэлхий даяар ашиглаж байна.
Тухайн улсын засгийн газраас баталгаажуулсан энэ мөнгөн тэмдэгтүүдийн үнэ цэн нь тухайн улсын засгийн газар болон төв банкаас шууд хамаардаг. Өөрөөр хэлбэл, тухайн улсын удирдлагуудын хэлсэн ханшаар үнэлэгддэг цаасыг фиат валют гэнэ.
Саяхнаас шахуу төлбөрийн гол хэрэгсэл болсон мэт харагдах хэдий ч, цаасан мөнгө нь, 11-р зууны үеийн Хятад улсаас гаралтай бөгөөд 17-р зуунаас Европ болон Америкт хэрэглээнд нэвтрүүлэхээр туршиж эхэлсэн түүхтэй.
Дээр танилцуулсан бусад мөнгөний төрлүүдээс, фиат валют нь хомсдолд орох боломжгүйгээрээ ялгаатай. Энгийнээр бол, шавхагдашгүй нөөцтэйд тооцогддог. Учир нь, үйлдвэрлэх түүхий эд нь олдоц нэн арвинтайн дээр, үйлдвэрлэхэд хялбар, хурдан байдаг. Харах өнцгөөс хамаарч энэ чанар нь түүний хамгийн том давуу эсвэл сул тал гэж нэрлэгдэж болно. Хэвлэмэл мөнгөн дэвсгэртийн талаарх дэлгэрэнгүй тайлбар нийтлэлийг ЭНД дараад уншаарай.
Крипто валютийн тухайд ... ?
Биткойныг цахим алт, цахим төлбөрийн хэрэгсэл гэж 2 янзаар нэрийддэг. Ерөнхийдөө бол, мөнгө гэж хүлээн зөвшөөрөх бүхий л чанар түүнд бий. Гэхдээ бас, үнэ цэнээ хадгалагч гэж ч үзэх боломжтой. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНД дараад харгалзах нийтлэлээс нь уншиж болно.
Өнгөц харахад Биткойн нь, таваарын мөнгө шиг харагдах боломжтой ч, бодит үнэ цэн, хөрөнгийн баталгаагүйг нь бодолцвол цахим мөнгөнөөс хэтрэхгүй мэт санагдаж ч бас болно. Биткойны үнэ цэнийн талаар нарийн судлахыг хүсвэл ЭНД дараарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation