Monero гэж юу вэ?
Валютийн тэмдэглээ: XMR
Өмнөх нийтлэлүүд дээр дандаа ил Блокчэйнүүдийн талаар бичсэн байгаа. Блокчэйн нь төвлөрсөн бус хэлбэрт оршихын тулд түүнд хамаарах нэгжүүд тус бүрдээ гүйлгээ бүрийг шалгаж байх ёстой. Биткойн болон Эфириумээс уншигч Та тэдний сангууд хэр ил тод байдгыг мэддэг болсон байгаа байх.
Ил тод байдал нь олон давуу талтай боловч, хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг алдагдуулдаг дутагдалтай. Ажиглагчид гүйлгээнүүд болоод, хаягуудыг холбох замаар эзэмшигчийг нь хөөж олох боломжтой байдаг.
Хэдийгээр шилэн данс олон төрлийн аппуудад, олон төрлийн ашигтай ч, санхүүгийн мэдээллээ нууцлах хүсэлтэй хэрэглэгчид privacy coin буюу нууцлалтай зооснуудыг илүүд үзэх нь тодорхой. Ийм төрлийн зооснууд цөөн хэдхэн байгаагын 1 нь Monero юм.
Monero гэж юу вэ?
Monero нь Эсперанто (уг хэлний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг нэвтэрхий толь дээрээс харах бол ЭНД дарна уу) хэлээр мөнгө гэсэн утгатай үг юм.
Монеро нь холбож, мөрдөх боломжгүй байхаар бүтээгдсэн. Өөрөөр хэлбэл энэ зоосоор хийсэн гүйлгээнүүдийн хоорондын холбоо хамаарлыг болоод илгээгч, хүлээн-авагч нарын мэдээллийг олох ямар ч боломжгүй.
Монеро нь Блокчэйн дээрээ бүхий л гүйлгээний мэдээллийг бүртгэж байгаа хэдий ч, тусгай криптографынхаа тусламжтайгаар тухайн гүйлгээний илгээгч, хүлээн авагч болон дүнг далдлаж чаддаг. Үүнийг зургаар харьцуулан тайлбарлая л даа.
Эхлээд Биткойн ямар зарчмаар ажилладгыг сэргээн санацгаая.
Харин Монеро:
иймэрхүү байдалтай харагдах нь. Сонирхож байвал нийтлэлийнхээ үргэлжлэлээс хэрхэн ингэж нууцладгыг нь уншаарай.
Монерогын товч түүх
Монеро нь 2012 онд анх гарч ирж байсан Bytecoin хэмээх нууцлалыг голчилсон зоосноос салаалж гарч ирсэн зоос юм. Байткойн нь CryptoNote гэх нээлттэй эхийн технологи дээр суурилсан анхны протокол байсан. Уг технологи нь Биткойны дутагдалтай талуудыг нөхөх зорилгоор бүтээгдсэн. Тэдгээрээс нь:
- ASIC буюу тусгай зориулалтын олборлогч төхөөрөмжүүд;
- Гүйлгээнүүдийн мэдээллийн нууцлал;
зэрэг юм.
2014 онд хөгжүүлэгчид нь Байткойны хуваарилалтын зарчимтай санал нийлээгүйн улмаас түүнээс салаалуулж, Bitmonero гэх шинэ төслийг хөгжүүлсэн нь өдгөө Монеро хэмээх крипто валют болон хөгжсөн байна.
Монеро хэрхэн ажилладаг вэ?
Хэрэв Та бие даан Монерог судласан бол ring signature, stealth address гэсэн үгстэй их тааралдсан байх учиртай. Эдгээр нь Монерогын гүйлгээний нууцлалыг өндөржүүлсэн гол шийдлүүд юм. Ажиллах зарчимтай танилцахын тулд эдгээрийн талаар заавал ч үгүй судлах хэрэгтэй учир, тэдгээрийг доор 1 бүрчлэн, нарийн танилцуулж бичлээ.
Ring signatures буюу Confidential Transactions гэж юу вэ?
Ring signature буюу Цагариган гарын үсэг (ЦГҮ) нь харгалзах бүлгэмийн нэгжүүдийн 1-ийнх нь үүсгэсэн ДГҮ юм. Тэрхүү гарын үсэг болоод, тухайн бүлгэм дэх гишүүдийн ил түлхүүрээр нь хэн ч, тухайн гарын үсгийг гишүүдийн 1 нь үүсгэснийг мэдэх боломжтой байна. Гэвч яг аль гишүүн нь үүсгэснийг мэдэх ямар ч арга байхгүй.
2001 онд нийтлэгдсэн "Нууцыг хэрхэн задруулах вэ?" баримтыг ашиглан, засгын газрын нэгж дээр жишээ авч ЦГҮ-ийн ажиллах зарчмыг тайлбарлая.
А нь З.Г.-т алба хашдаг бөгөөд Ерөнхий сайдын нэр хүндэд халтай баримтыг дэлгэх гэж байгаа гээд төсөөл. Тэгэхийн тулд А сэтгүүлчид өөрийгөө үнэхээр З.Г.-т алба хашдаг, найдвартай эх сурвалж мөн болохоо нотлох хэрэгтэй ч, тэрээр бас өөрийгөө хэн бэ гэдгийг нууцлах шаардлагатай.
Энэ тохиолдолд энгийн ДГҮ-ийн тусламжтайгаар зорилгоо гүйцэлдүүлэх боломжгүй. Ил түлхүүрээр нь хөөгөөд, А-н далд түлхүүр л тухайн ДГҮ-ийг үүсгэснийг хэн ч төвөггүй олоод мэдчихэж дөнгөнө. Ерөнхий сайдын эсрэг хийсэн энэ үйлдлээсээ болоод А том асуудалд унах аюултай. Тиймээс, тухайн нэгжийн бүх ажилчдын түлхүүрийг хамруулан хэрэглэсэн ЦГҮ системийг хэрэглэж, чухам хэн нь шүгэл үлээснийг нууцалж болох юм. Энэ нэгжид байгаа ажилчдын 1 нь үнэхээр тухайн мэдээллийг илгээсэн гэдгийг л мэдэх боломжтой ба тэр нь тухайн мэдээллийн үнэн бодит байдлыг гэрчлэх баталгаа болно.
Монеро дээрх гүйлгээ бүр яг ийм аргаар боловсруулагдан гардаг учир, гүйлгээтэй холбогдогч талуудыг олох боломжыг үгүй хийдэг. Ингэхдээ Монерогын хэтэвч нь цагариган дахь бусад хэрэглэгчдийн түлхүүрүүдийг хуулж аваад, өөрийнхийгээ дунд нь хольж нуудаг учир ажиглагчдад тэдний яг хэн нь гүйлгээ хийгээд байгааг олох боломж олгохгүй. Түүнчлэн, гадны этгээд ямар хэмжээний орлого/зарлага хийгдсэн, тэр ч байтугай, ер нь гүйлгээ хийгдсэн үү гэдгийг олж мэдэх ямар ч боломжгүй. Гадны этгээдийн хувьд мэдэж чадах зүйл нь ердөө л: "цагариган дахь хэтэвчнүүдийн аль 1 нь гүйлгээ хийсэн байж магадгүй" төдийхөн байх юм.
Дээрх зурагт ногоон өнгөөр үнэхээр хийсэн гүйлгээг ялгаж харуулсан бөгөөд улаан өнгөөр Блокчэйн дээрээс санамсаргүйгээр түүвэрлэгдэн, цагариганд оруулж ирсэн бусад гүйлгээнүүдийг харуулсан байгаа.
Урьд нь гүйлгээний хэмжээ ил байдаг байсан тул цагариг бүтээхдээ адил хэмжээтэй өгөгдлүүдийг татдаг байжээ. Сүүлд шинээр нэмж оруулсан Ring Confidential Transactions (RingCT) буюу Цагаригийн гүйлгээний нууцлалын ачаар гүйлгээний хэмжээг нууцалдаг болсон тул цагариг бүтээхэд гүйлгээнүүдийн хэмжээ хамаарахаа больсон. Уг нууцлалын арга нь Confidential Transactions буюу Гүйлгээний нууцлалын аргаас улбаатай бөгөөд үүнийг суулгаж өгснөөр Монерогын нууцлалын төвшин 1 шатаар ахисан юм.
Stealth address гэж юу вэ?
ЦГҮ нь гүйлгээг хаанаас шилжин ирж байгааг ердийн нээлттэй хаягаар халхалж нуудаг. Гэхдээ ямар хаягруу илгээгдэж байгааг далдалдаггүй учир, хэрэв хэрэглэгчдийн хаягуудын аль 1 нь хэрэглэгчийн бүртгэлтэй уягдсан байдаг бол асуудал үүсгэж мэднэ.
Stealth address буюу Нуугдмал хаяг нь тэрхүү шилжүүлэх хаягаа нууцлахад тусладаг. Ингэхдээ илгээгчид нь тухайн 1 гүйлгээг л хүлээж авахад нь зориулан, нийтэд ил хаягуудаас 1-г нь дуурайлган, 1 удаагын хэрэглээнд зориулсан түр хаягыг үүсгэж өгдөг.
Монерогын блокын хөтчөөр дамжуулан хаягуудыг шалгасан ч хэтэвчин дэх гүйлгээний мэдээллийг олох боломжгүй. Гүйлгээ хийх гэж оролдох бүрт, өмнө нь хэрэглэж байсан хаягаас тэс ондоо, шинэ хаяг үүсгэж байдаг учир, аль хаяг, аль хэтэвчтэй холбогдож байгаа нь ч нууцлагддаг байна.
Мэдээж, тухайн хэтэвчний эзэнд дараах 2 боломж нээлттэй. Үүнд:
- Private view key буюу Хувийн харах түлхүүр нь өөрийн хийсэн бүх гүйлгээгээ харах боломжыг олгох ба үүнийг нягтлан бодогчдоо хянуулж байх зорилгоор ч юм уу өгч болно.
- Private spend key буюу Хувийн зарцуулах түлхүүр нь харин крипто валютийн Далд түлхүүртэй ижил, хөрөнгөө захиран зарцуулахад хэрэглэгдэх тул, бусдад алдаж болохгүй.
Нууцлал нь Монерогын гол зорилго тул, Нуугдмал хаяг хэрэглэхгүй байх сонголт аль ч хэрэглэгчид байхгүй.
Гэхдээ өөрийн хүссэн хүндээ гүйлгээнийхээ мэдээллийг харуулах (хянуулах зорилгоор ч юм уу) боломж нь бол бүгдэд нээлттэй.
Монеро, Биткойн 2-ын аль нь илүү вэ?
Крипто валют гэдэг утгаараа адил мэт боловч, ихээхэн ялгаатай зүйлс юм шүү. Зах зухаас нь дурьдвал:
Уян чанар
Уян хатан төлөв гэдэг нь 1 зүйлийг яг адил өөр зүйлээр солих боломжтой байхыг хэлж байгаа. Жишээлбэл, Та өөрт байгаа 10 грамм алтаа, өөр хэн нэгний 3+7 грамм алтаар сольж болно шүү дээ. Тэгвэл Биткойнд ийм чанар байдаггүй. Ийм уян бус чанартай эд зүйлсийн жишээ гэвэл Да Винчийн Мона Лизаг нэрлэж болох юм. Учир нь энэ зураг цор 1 хувь л байгаа.
Ихэнх крипто валютийн хувьд уг солилцож болох уян чанарыг тодорхойлох нь толгой өвтгөсөн асуудал болдог. Биткойны хувьд програм хангамж нь BTC нэгжүүдийг өөр хооронд нь ялгадаггүй учир, нэгжүүдийн солилцоо нь протоколын түвшинд хориглогдсон байдаг.
Биткойнын блокчейн нь шилэн данстай учир, гүйлгээнүүдийн мэдээллүүд нь бүгд ил тод байдаг ба тэдгээрийг өмнө нь буруу зорилгоор ашиглаж байсан нь тогтоогдсон бол тэдгээрийг гүйлгээнд орохыг нь хаах зэрэг тохиолдол гарах боломжтой. Жишээ нь 1-н хэрэглэгчийн худалдан авалтынхаа хариултанд авсан бутархай BTC нь 10 гүйлгээний өмнө терроризмийг санхүүжүүлэхэд хэрэглэгдэж байсан байж болно. Хэдийгээр тэглээ гээд яг тухайн BTC-ын ханш бусад BTC-ыхоос бага үнэлгээтэй болохгүй, хүлээн авч байгаа хэрэглэгч нь түүнийг өмнө нь хэн, ямар зорилгоор хэрэглэж байсныг мэдэхгүй ч, хэлхээг ажиглагчид түүнийг нь валют хэлбэрээр ашиглахыг нь хориглосон байх боломжтой. Магадгүй, ийм учраас уян чанаргүй байдаг байх гэж үзэх хүмүүс ч бишгүй бий.
Дээрхээс болж зарим хүмүүс крипто валютийн ил тод байдлаас нь цааргалдаг байж болох юм. Эсрэгээр эдгээр нь шинэ зүйлийн эхийг тавьж байна гэж үзэх хүмүүс ч байдаг. Жишээ нь, ямар ч түүхгүй, "шинэхэн" гарч ирсэн зоос нь, "бохирдсон" зоосноос илүү үнэд хүрдэг болох ч юм билүү.
Зоос холигч болон CoinJoining буюу зоос нийлүүлэгчид зоосны гарал, хэрэглээний түүхийг хянах боломжгүй болгож байгаа учир, шинэ хуучин зоосыг тусад нь ангилж, ханш тогтоох нь утгагүй гэж үзэх хүмүүс ч их байдаг.
Монерогын хувьд гүйлгээг, түүний мэдээллүүдийг тэртээ тэргүй хэн ч харж, мэдэж, хянаж чадахгүйгээс хойш, дээрх асуудал тулгардаггүй. Бараг бэлэн мөнгөнөөс ч илүү найдвартайд тооцогдох ч боломжтой юм. Ямар ч нарийн шалгууртай, сэжигч хүн/байгууллага байсан, тэдний дансанд XMR-р хийгдсэн гүйлгээ ороод ирвэл дуртайяа хүлээн зөвшөөрдөг.
Гэвч Монерогын ийм нууцлалтай байдал нь сул талыг бий болгоод байгаа. Тэр нь юу вэ гэвэл, гүйлгээний хэмжээ. Аварга хэмжээтэй гүйлгээний мэдээллийг дамжуулах, боловсруулах нь системд ихээхэн ачаалал учруулдгын дээр, тэр хэмжээгээрээ хурд багатай байдаг.
Түүнчлэн, уян чанар, өндөр нууцлал зэргээс нь шалтгаалан, гэмт хэрэгтнүүд уг зоосыг Биткойноос ч илүүгээр хэрэглэх болоод байгаа гэх судалгаа ч гарсан.
Блок болон Олборлолт
Биткойнын 1-н адилаар, Монеро нь Блокчэйндээ блок нэмэхийн тулд PoW алгоритм хэрэглэдэг. Гэхдээ CryptoNote-д суурилсан протоколуудынхаа ачаар, уг зоос нь ASIC-аас дархлаатай байдаг.
Монерогын PoW алгоритм нь саяхнаас CryptoNight-аас RandomX-д шилжсэн бөгөөд үүний дүнд GPU-ээр олборлох, CPU-ээр олборлох хоорондын ялгааг эрс багасгаж, харилцан эрх тэгш, тэнцвэртэй байдлыг бий болгоод байгаа. Гэсэн ч зарим Олборлогч сангуудад одоо хэр нь Хэшлэх чадвар ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр байгаа юм.
Блокын хэмжээний хувьд, Монерод заасан хязгаар байдаггүй. Харин хэрэгцээ, шаардлага ихсэхийн хэрээр блокын хэмжээг томруулж, буурахын хэрээр багасгаж байдаг. Тэрхүү хэмжээг нь өмнөх хаагдсан 100 блокын хэмжээний дунджаас тооцно. Монерогын хувьд ойролцоогоор 2 минут тутамд 1 блок хаагддаг.
Мөн, Монерогын нөөц нь Биткойных шиг хязгаарлагдмал биш гэдгийг энд дурьдах хэрэгтэй байх. Дээрээс нь бас, Монерогын блок хаасны урамшууллын хэмжээ нь ч багасч байдаг. Гэхдээ хугацаанаас хамааралтайгаар буурдаггүй, тогтсон дүнгээр татаас авах байдлаар ажилладаг.
Сэт салаалалт
Биткойн болон Монерогын хувьд өөр 1-н сонирхолтой ялгаа нь тэдгээрийн засаглалын хэлбэр нь юм. Биткойн дээр багахан сайжруулалт хийхэд ч ихээхэн зөвшилцөл, цаг хугацаа ордог. Тэгэх нь ч аргагүй биз. Системийнхээ тогтвортой, аюулгүй, төвлөрсөн бус хэв шинжийг нь хөгжүүлэгчид нь алдагдуулахгүй барьж байх хэрэгтэй шүү дээ.
Мэдээж салаалалт хэрэгтэй, тэдний ачаар л алдааг засаж, шинэ боломж, сайжруулалтууд хийгдэж байгаа. Гэвч Биткойны хувьд салаалахаас аль болох татгалзах хэрэгтэйн шалтгаан нь хэрэглэгчдийг талцуулж, төвлөрсөн бус байдлаа алдахаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Тиймээс одоо байгаа системээс хуулбарласан, шинэ системийг босгох хэлбэрээр болон ноцтой алдааг засах зорилгоор л салаалалт хийдэг болоод байна.
Харин Монерогын хувьд давтамжтайгаар салаалах нь хөгжлийн хөшүүрэг болдог. Тэр хэмжээгээрээ сүлжээний аюулгүй байдал, өөрчлөлт шинэчлэлтүүд тогтмол нэмэгдэн, сайжирч байдаг. Зарим хүмүүс тогтмол өөрчлөлт нь явцдаа алдаа, сул талыг бий болгоно гэж харддаг ч, Монеро нь бусад зоосууд дээр гарч байсан шиг доголдолтой салаалалт хийж байсан түүх байдаггүй. Мэдээж, энэ нь доголдох огт боломжгүй гэсэн үг биш, түүний дээр шинэчлэлтийг хүлээж авалгүй, хоцорсон хэрэглэгчдийг сүлжээнээс гаргах, ойр ойрхон гарч байгаа шинэчлэлтүүд нь өмнө гарсан алдааг, олж засалгүй орхигдуулах зэрэг эрсдлүүд байгааг анхаарууштай.
Хөгжүүлэлт
Биткойны адил, бүгдэд нээлттэй тул, хэн ч гар бие оролцох боломжтой. Код бичих, бичиг баримтыг нь орчуулах, сайжруулах, өөрчлөх гээд л ямар ч хэлбэрээр оролцож болно. Хэрхэн өөрчлөхийг нийтээрээ хэлэлцэж шийддэг ба өдгөө 500 гаруй хүнээс бүрдсэн хамтрал үүссэн байна.
Хандив тусламжаас гадна Community Crowdfunding System (CCS) буюу Хамтран санхүүжилт босгох системээс хэрэгцээт хөрөнгөө бүрдүүлдэг бөгөөд хэрэглэгчдээс ирүүлсэн саналыг хэлэлцэж, дэмжсэн тохиолдолд төсвийг нь баталж, ажил хэрэг болгодог. Санал санаачлага нь үр өгөөж авчирсан тохиолдолд, тэрхүү санаачлагыг гаргасан, хэрэгжүүлэхэд оролцсон хүмүүст сангаасаа мөн хувь хүртээдэг байна.
Уг крипто валютийн зах зээлтэй холбоотой үзүүлэлт, яг одоогийн ханш, төсөлтэй нь холбоотой мэдээллүүдийг ЭНД дараад CoinMarketCap хуудсаас нь харах боломжтой шүү!
Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр нууцлал нь улам бүр сайжирсаар байгаа цөөхөн хэдхэн зоосны 1 учраас уг зоосыг сонгон танилцууллаа. Гэхдээ уг нийтлэл нь ямар 1 байдлаар криптод хөрөнгө оруулахад уриалж, арилжаа хийх зөвлөөгүйг анхаарна уу. Крипто зах зээл нь өөрөө эрсдэл өндөртэй тул, судалгаа шинжилгээгээ Та өөрөө хийж, хариуцлагаа 100% бүрэн үүрнэ гэдгээ ухамсарлах хэрэгтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation