Квант компьютер ба Крипто валют

Энэхүү нийтлэлээрээ бид өнөөдөр Та бүхэнд Quantum computer буюу квант компьютерийг товчхон тайлбарлангаа, түүний крипто ертөнцөд үзүүлж болох нөлөөг танилцуулах гэж байна.

Квант компьютер гэж юу вэ?

Маш төвөгтэй тооцооллуудыг энгийн компьютерээс олон дахин хурдтай гүйцэтгэж чадах, "супер" компьютерийг квант компьютер гэнэ. Зарим мэргэжилтнүүдийн хийсэн тооцооллоор квант компьютер нь, өнөө цагийн хамгийн хүчирхэг компьютертэй ч зүйрлэхийн аргагүй хүчин чадалтай буюу түүний хэдэн мянган жил зарцуулсны дараа гүйцэтгэж чадах тооцооллыг минут хүрэхгүй хугацаанд боловсруулж чадах технологийн гайхамшгийн оргил юм.

Хэрэв, дээрх тооцоолол нь алдаагүй байж, үнэхээр квант компьютер нь тэр зэргийн хүчин чадалд хүрч чадвал, эдүүгээ ашиглагдаж буй бүхий л цахим хамгаалалтын болон нууцлалын шийдлүүд цөм нуран унах аюултай. Тэрхүү шийдлүүдэд нь Биткойн болоод бусад крипто валютийн суурилж буй криптограф ч багтана.

Тэгш бус криптограф ба интернэтийн аюулгүй байдал

Тэгш бус криптографын талаар ЭНД дараад дэлгэрэнгүй танилцаарай. Өнөө цагт хэрэглэгдэж буй бараг бүх хамгаалалт, нууцлалын системүүд нь криптограф хэрэглэдэг бөгөөд тэдгээрийг нь ямар ч тооцоолуур/компьютероор эвдэх боломжтой боловч, үүнийг гүйцэлдүүлэхийн тулд өнөөгийн хамгийн хүчирхэг компьютер ч олон мянган жил тасралтгүй ажиллах шаардлагатай байдаг.

Хэдийгээр, нилээд хэдэн мянган жилдээ найдвартай хамгаалагдана гэхээс, хангалттай санагдаж болох ч, өдгөө хэдийн хөгжүүлэгдээд, туршилтуудаа хийгээд эхэлчихээд байгаа шинэ төрлийн, асар хүчтэй компьютер хэрэглээнд нэвтэрчихвэл, энэ бүх итгэл найдвар хормын дотор замхрах боломжтой юм. Уг квант компьютер нь юугаараа тийм агуу юм бэ гэдгийг ойлгохын тулд түүний ажиллах зарчмыг энгийн компьютертэй харьцуулцгаая.

Энгийн компьютер

Таны өдөр тутмын ажилдаа хэрэглэж буй компьютер энэ ангилалд багтана. Ийм төрлийн компьютерууд нь, дарааллаар боловсруулах зарчмаар ажилладаг буюу эхний даалгаврыг гүйцэтгэж дуусаад, дараагийн даалгаврыг боловсруулж эхэлдэг. Учир нь, эдгээр компьютерууд нь 2-тын тооллын хэл дээр (0 ба 1) ажиллахаар бүтээгдсэн байдаг.

Нарийн төвөгтэй тооцооллыг олон тусдаа хэсэгт задлаж, тус бүрчлэн тооцоолох замаар хурдыг нэмэгдүүлдэг олон арга, програм хангамжууд бий. Гэсэн хэдий ч, цувуулан боловсруулсан хэвээр байгаа учир хурдны хувьд, сүрхий амжилт гаргах боломжгүй хэвээр байна. Үүнийг доор жишээн дээр тайлбарлан харуулъя.


Дээрх зурагт харуулсанчлан компьютер, 4 битийн түлхүүрийг таах гэж оролдож байлаа гээд төсөөл. Бит бүр 0 эсвэл 1 байж болно. Тэгэхээр нийт 16 өөр боломж байх нь ээ дээ.

Энгийн компьютер дээрх ажиллагааг гүйцэтгэхийн тулд, эдгээрийг 1, 1-ээр нь харьцуулан шалгана. Зүйрлүүлвэл, 4 цоожтой хаалгыг нээхийн тулд, Та гартаа барьж байгаа 16 түлхүүрээ 1 бүрчлэн хийж, эргүүлж үзэх шаардлагатай болно доо? Тэгэхдээ бүүр бүх 4 цоожин дээр энэ оролдлогоо хийнэ гээд бод доо. 1 түлхүүр, 4 цоожинд бүгдэнд нь таарах ч боломжтой, бүгд өөр ч байх боломжтой учир 4х16 буюу хамгийн ихдээ 64 удаа оролдож байж сая 1 онгойлгож чадах нь. Үүнтэй яг адил үйлдэл хийж байгаа гэсэн үг.

Түлхүүрийн урт нэмэгдэхийн хэрээр, энэ ажиллагаа үнэмлэхүйгээр ярвигтай болно.

5 бит = 32 боломж = 160 оролдлого;

6 бит = 64 боломж = 384 оролдлого;

гээд хөөгөөд үзвэл өнөөгийн жишиг 256 бит маань шөнийн тэнгэрт харагдаж болох орон зайд оршин буй бүх атомын тоотой дөхөхөөр их боломжыг агуулдаг гэхээр, төсөөлшгүй олон оролдлого шаардахаар байгаа биз?

Орчин үед технологи хурдацтай хөгжиж байгаа ч, тооцооллын хурд нь өгөгдсөн хугацаанд, хичнээн нэгж асуудлыг угсруулан шийдэж чадаж байгаагаар л хэмжигдэж байна. Өнөөгийн, энгийн компьютер 55 бит түлхүүрийг тайлах гэж оролдоход, 1 сая жил зарцуулна. Эндээс, харахад Биткойны хамгийн сул 128 бит криптограф, хэтэвчийн 256 битийн нууцлалын алгоритмууд хэр найдвартай нь болоод энгийн компьютерийн крипто ертөнц болон интернэтийн аюулгүй байдалд учруулж чадах заналхийлэл өчүүхэн бага болох нь илэрхий болж байна.

Квант компьютер

Өдгөө, ийм төрлийн компьютер нь хөгжлийнхөө маш эрт үед яваа. Эл компьютер нь Квант механикийн онол дээр тулгуурлан бүтээгдэж байгаа бөгөөд уг онолын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Wiki нэвтэрхий толиос олж унших бүрэн боломжтой.

Энгийн компьютерт, бит нь мэдээллийг илтгэдэг ба 0 болон 1 төлвүүдийн аль 1-д оршино. Харин квант компьютер нь, qubit буюу квант биттэй харьцдаг бөгөөд энэхүү мэдээллийг илтгэгч нь, энгийн компьютерийн нэгэн адилаар 0 эсвэл 1 төлөвт оршдог. Гэхдээ, квантийн өвөрмөц шинжийн ачаар түүний битүүд нь 0 ба 1 хосолсон төлөвт орших боломжтой байдаг.

Дээрх шинж чанараас нь шалтгаалан квант компьютерийн судалгаа, хөгжүүлэлт эрчимтэй хийгдэх болсон бөгөөд томоохон их сургууль, байгууллагууд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгийг уг шинэ төрлийн компьютерт зориулж байна. Онол, тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх гаргалгаа зэрэг нь квант компьютерийг хүн төрөлхтөний түүхэн дэх, технологийн хөгжлийн сор бүтээл болгож ч болох юм.

Гэвч, түүний энэхүү гайхамшигт их хүч чадвар нь ихээхэн ноцтой асуудлыг дагуулж болзошгүй. Дээр хэрэглэсэн, 4 битийн жишээн дээрээ, дахин харьцуулан жишицгээе л дээ.


Онолын хувьд, квант бит нь 1 дор, бүх 16 боломжыг нэгэн зэрэг, ганцхан оролдлогоор шалгаж чадна. Өөрөөр хэлбэл, 4 битийн түлхүүрийг тайлах оролдлого хийсэн тэр даруйдаа, 100% алдаагүй хариултыг олчихно гэсэн үг.

Квантаас хамгаалагдсан криптограф

Крипто валютаас эхлүүлээд, өнөөгийн цахим ертөнцийг тэр чигт нь сүйдлэж болзошгүй, энэ квант нь хувь хүн гэлтгүй, албан газрууд, засгийн газруудад хүртэл заналхийлэх нь ойлгомжтой. Тиймээс, квантийн эсрэг судалгаа, шинжилгээ ч мөн адил хэмжээгээр хийгдэж байгаа ба квантийн тооцооллын асар их хүчин чадалд "нухлуулахааргүй" криптографыг бүтээхээр хүртэл оролдож байгаа ба тэрхүү криптографийг нь quantum-resistant algorithm буюу квантаас хамгаалагдсан алгоритм гэнэ.

Өнгөц харахад, хамгаалалтын битийн уртаа асар ихээр нэмэгдүүлэх замаар квантын аюулаас зайлсхийх боломжтой байж болох юм. Эцсийн эцэст квант компьютер ч гэсэн хязгааргүй тооцоолох чадвартай биш шүү дээ. Үүнээс гадна, lattice-based cryptography буюу сараалжин криптограф зэрэг олон өөр квантыг эсэргүүцэх шийдлүүд бас боловсруулагдаж байгаа.

Квант компьютер ба Биткойн олборлолт

Биткойнын олборлолт криптограф ашиглан хийгддэг ба олборлолтын хүчин чадлаараа өрсөлдөж, блок хаасны урамшууллаас хувь хүртдэг. Хэрэв олборлогчдын 1 нь квант компьютертэй болчихвол, тэрээр сүлжээг бараг бүхлээр нь ганцаараа захирах боломжтой болно. Өөрөөр хэлбэл тэрхүү олборлогч төвлөрсөн бус байдлыг үгүй хийж орхино гэсэн үг.

Гэвч, зарим мэргэжилтнүүд ийм аюул тулгарах аюул бага гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Учир нь тэр үед ASIC-үүдийн хүчин чадал ч өнөөгийнхтэй харьцуулахааргүй өндөр буюу кванттай өрсөлдөхүйц төвшинд хүрсэн байх боломжтой бөгөөд квант компьютер нэгэнт нийтийн хэрэглээнд нэвтэрвэл, 1 биш нилээдгүй олон олборлогч түүнийг авч хэрэглэх нь тодорхой гэж тэд үзэж байгаа юм.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!