Bollinger Bands гэж юу вэ?
Bollinger Bands (BB) буюу Боллинжерийн туузуудыг анх 1980-аад оны үед санхүүгийн шинжээч, арилжаачин Жон Боллинжер (John Bollinger) зохиосон бөгөөд уг арга нь өдгөө TA-д өргөнөөр хэрэглэгддэг болоод буй. Ерөнхийдөө, BB нь хэлбэлзэл хэмжигчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд дэгдэлтийн далайц, ханшийн хэт өөрчлөлтийг илрүүлэх зорилгоор уг аргыг ашиглаж болдог.
Уг шинжилгээний аргын гол зорилт нь, ханшийн савлалт дундаж ханшаас хэр алслагдаж байгааг илрүүлэх явдал байдаг. Дэлгэрүүлбэл, дээд шугам, доод шугам, хөдөлгөөний дунджын шугам (дунд шугам) 3-аас зураглал нь бүрдэх ба захын 2 шугам нь зах зээлийн үнэ ханшийг даган хэлбэлзэхийн хажуугаар, дэгдэлт эрчимжихийн хэрээр тэлж (дунд шугамаас холдож) байдаг. Эсрэг тохиолдолд буюу хэлбэлзэл буурахын хэрээр, дотогш шахаж, агшдаг.
Жишиг BB томъёонд, дунд шугамыг 20 хоногийн SMA-р, захын шугамуудыг SMA-тай хамааруулан, зах зээлийн ханшийн савлагаагаар тооцож (үүнийг жишиг хазайлт гэнэ) зурдаг. Жишиг BB үзүүлэлтүүд дараах шаардлагуудад нийцэж байна. Эдгээр нь:
- Дунд шугам - 20 өдрийн SMA;
- Дээд шугам - 20 өдрийн SMA + (20 өдрийн жишиг хазайлт * 2);
- Доод шугам - 20 өдрийн SMA - (20 өдрийн жишиг хазайлт * 2);
Энэ тохиргоо нь, 20 хоногийн SMA дээр тулгуурлан гүйцэтгэгдэх боловч, арилжаачид болон шинжээчид уг тоог өөрсдийнхөө төлөвлөгөө, арга барилд нийцүүлэн, өөрчилж хэрэглэж болдог.
Томъёонд жишиг хазайлтыг 2 дахин нэмж тооцож байгаа шалтгаан нь, өгөгдлийг хөдөлгөөний 85-с багагүй хувь нь захын зураасуудын дотор багтахыг (тооцоололд орох) баталгаажуулж буй хэрэг юм.
Арилжаанд BB-г хэрхэн хэрэглэх вэ?
Хэдийгээр BB нь уламжлалт болон цахим санхүүгийн зах зээлийн арилжааны аль алинд, олон янзаар, өргөнөөр хэрэглэгдэж байгаа ч, дангаараа зах зээлийн чиг хандлагыг таамаглах баталгаат хэрэгсэл болж чадахгүй гэдгийг анхаараарай. Тэр тусмаа, арилжаанд орох, гарах шийдвэрээ BB дээр үндэслэн гаргаж болохгүй. Бусад TA-тай хослуулан хэрэглэх нь илүү бодит үр дүнд хүргэдгийг ямагт санаж явбал зохино.
Дээрхийг сайтар ухамсарлаж байгаа нөхцөлд, BB-г хэрхэн хэрэглэж болохтой танилцацгаая.
Ханшийн өсөлт нь, MA-г давж, BB-ийн дээд шугамыг сэтлэсэн үед үнэлгээ хэт өссөн байна гэж үзэж болно. Түүнчлэн, доод шугамыг сэтэлвэл энэ нь ханш хэт суларсан байгааг илэрхийлнэ. Ийм огцом сэтлэлтүүд нь, дарааллан олон тохиолдож байвал, маш хүчтэй шал/таазанд тулж ирсэн эсвэл зах зээл ханаж байгааг илэрхийлж байх магадлал нэн өндөр байдаг.
Тийм ч учраас, BB-г бусад TA-тай хослуулан хэрэглэснээр, зарах болон авах цэг/бүсүүдээ тодорхойлох боломжтой. Эсвэл зүгээр л, ханш урьд нь хаа хүртэл өсч, уруудаж байсныг харахад хэрэглэж ч болно.
Мөн, BB-н агшилт болон тэлэлтээс ханшийн дэгдэлтийн оргил болон ёроол цэгүүд хаана бүрэлдэж болохыг таамаглах боломжтой ба тэлэлтийг expansion, харин агшилтыг contraction эсвэл squeeze гэж нэрлэнэ.
BB нь богино хугацааны арилжаанд илүү тохиромжтой. Зарим арилжаачид, уг аргыг хэрэглэх үед анзаарагдах хэт тэлэлтүүд нь ханаж буй эсвэл "салхи эргэхийн" дохио болж байдаг, нөгөө талаас хэт агшилтууд нь "тэсрэлт" явагдахын дохио болдог гэдэгт итгэдэг байна.
Зах зээл тогтворжиж, хажуу тийш чиглэхэд, BB-н шугамууд SMA-рүү налж эхлэх ба ихэнх тохиолдолд, энэ нь ханш огцом өөрчлөгдөж болзошгүйг зөгнөж байдаг. Тэгэхдээ, хэлбэлзэл эргээд амь орохын төдийд л хэрэгжиж эхэлнэ.
Үүнээс гадна, Bollinger Bands Squeeze буюу Боллинжерийн туузуудын базалт гэх арилжааны төлөвлөлт байдаг бөгөөд энэ нь агшилтаас үүдсэн дэгдэлт багатай үеийг олох зорилготойгоор хэрэглэгддэг арга юм. Хэдийгээр энэ арга нь зах зээлийн чиг хандлагыг таамаглахад туслах ямар ч тодорхой баримжаа олгохгүй боловч шал болон таазтай хослуулах зэрэг бусад TA-тай нэгтгэн хэрэглэж, эцсийн дүгнэлтийнхээ үр дүнг илүү боловсронгуй, оновчтой болгох ач холбогдолтой юм.
Боллинжерийн тууз ба Кельтнерийн суваг
Keltner Channels (KC) буюу Кельтнерийн сувгууд нь, SMA дээр суурилдгаараа BB-тай адил боловч, энгийн буюу жишиг хазайлтыг тооцоололдоо хэрэглэдгээрээ ялгаатай. KC-ийн орчин үеийн хувилбар нь, 20 хоногийн EMA дээр Average True Range (ATR) буюу Бодит дунджын мужыг дүрсэлдэг болсон ба дараах шинжүүдийг агуулна. Үүнд:
- Дунд шугам - 20 өдрийн EMA;
- Дээд шугам - 20 өдрийн EMA + (10 өдрийн ATR * 2);
- Доод шугам - 20 өдрийн EMA - (10 өдрийн ATR * 2);
Зарчмын хувьд, энэ арга нь BB-с илүү нягт байдаг боловч, зарим тохиолдолд BB нь илүү нарийвчлалтай шинжилгээг гүйцэтгэхэд туслах нь бий. Гэхдээ, KC нь дохионуудыг эрт илрүүлэх боломжыг олгодгоороо давуу талтай.
Агшилт болон тэлэлтийг илүү өргөн цараатайгаар дүрсэлдэг учраас BB нь дэгдэлтийг илүү тодоор харуулдгаараа онцлог. Түүнчлэн, BB нь жишиг хазайлт дээр тулгуурладаг, түүнийхээ ачаар илүү өргөн хүрээг хамруулдаг учир, KC-тай харьцуулахад, худал дохио харуулах магадлал багатай байдаг.
Энэ 2-ын хувьд, BB нь илүү төлхүү хэрэглэгддэг боловч, өөр өөрийн онцлог шинжүүдийг нь бодоод үзвэл, богино хугацаанд ашиг хийх арилжаанд адилхан үр дүнтэй аргууд юм. Эднийг хослуулан хэрэглэх нь илүү өндөр нарийвчлалтай шинжилгээг гүйцэтгэх боломжыг ч олгодог юм шүү.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation